Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2020/00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Г.О

хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь 2006 онд Г.О тай танилцсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Т төрсөн. Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0002 дугаар баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, Г.О тай гэр бүл болсон бөгөөд бидний том охин Б миний төрсөн хүүхэд биш юм. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж Г.О нь өөрийн охин болон хүүг өөрийн асрамжид авч, надаас 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгон авсан. Одоо бидний дундаас төрсөн Э.Т нь сүүлийн нэг сарын хугацаанд надтай байгаа бөгөөд энэ хугацаанд хүү Э.Т нь аавтайгаа амьдрах хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн тул 12 настай хүү Э.Т ийг миний асрамжид үлдээж эх Г.О аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.Э ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 2019 онд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/*** дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3-т охин Э.Б , хүү Э.Т нарыг Г.О миний асрамжинд үлдээж, эцэг Б.Э аар тэжээн тэтгүүлэхээр болсон. Тухайн үед Б.Э ы зүгээс хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй, ямар ч асуудал тавьж байгаагүйн дээр өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүх баталгаажуулсан. Ийм байтал ямар учраас хүүхдийн асрамж өөрчлөх талаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ер нь Б.Э нь хөдөө ээлжээр 14/7 ажилладаг ба гэр орондоо ихэнх хугацаанд байдаггүй. Хүү Э.Т орой үдшийн цагаар ганцаараа байна гэж удаа дараа ярьж байсан ба хүүхдийг орж гарах үедээ ганцааранг нь орхиод явдаг. Иймд өсвөр насны хүүхэд хараа хяналтгүй эрсдэлтэй нөхцөлд орхигдож байгаа нь хүүхдийг түүний асрамжид байлгах нь эрсдэлд өртөх аюултай байгаа учраас эцэг нь асрамжиндаа авах боломжгүй гэж үзэж байна. Хэдий бид гэрлэлтээ цуцлуулсан боловч миний бие хүүхдүүдээ аавтай нь уулзуулахыг хориглодоггүй байсан. Хүү Э.Т ийг сүүлийн нэг сарын хугацаанд надтай уулзуулахгүй, хүүхдийг элдэв тоглоом, утас зэргээр хуурч, сэтгэлийг нь эргүүлж, ээж эгч хоёрынх нь талаар эсрэг ойлголт төрүүлж байгаад гомдолтой байна. Ийм учир Д.Э ы нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Г.О д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2006 онд танилцаж, 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж хамт амьдран 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас хүү Э.Т 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн байна.

Г.О Б.Э д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр142/ШШ2019/*** дугаар шийдвэрээр Б.Э , Г.О нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Б , хүү Э.Т нарыг эх Г.О ын асрамжид үлдээж, эцэг Б.Э аас сар бүх хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд маргаж буй үндэслэлээ өмнө нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, ....хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл байхгүй гэж тайлбарласан байна.

Хүүхдийн асрамжийн асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн нь дахин хүүхдийн асрамжийн талаар маргах, шаардлага гаргах эрхийг хязгаарлахгүй юм.

Г.О Б.Э нарын гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх үед шүүх хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, зохигчдын саналыг харгалзан хүүхдүүдийг эх Г.О ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг буюу хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг, мөн хүүхдийн саналыг харгалзан үздэг.

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 настай хүү Э.Т ээс санал авахад тэрээр ...аавтайгаа хамт амьдармаар байна гэсэн санал өгсөн.

Хэдийгээр хүүхдийн санал түүний асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх нэг үндэслэл мөн боловч энэ нь дангаараа хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нотолгооны хэрэгсэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хүүхдийн асрамжийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тодруулбал хариуцагч хүү Э.Т ийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулсан, хүүхдэд хүчирхийлэл, дарамт учруулсан, эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн ...Г.О хүүгийнхээ хичээл, сурлагад анхаардаггүй, архи уудаг гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч ОТ ХХК-д ажилладаг буюу Өмнөговь аймаг руу 14 хоног ажилдаа явж 7 хоног гэртээ ирдэг, энэ хугацаанд хүү өвөөгийн асрамжид байгаа буюу хүүхдэд тавих эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоог харгалзан үзэж хүү Э.Т ийн эхийн асрамжид байгааг өөрчлөх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Э ы Г.О д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ы хариуцагч Г.О д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА