Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2022/00128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ж.с

Хариуцагч: Д.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 2 568 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.С ,

Хариуцагч: Д.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Д.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 2 568 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Ж.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 05 дугаар сарын 29-нд 2 000 000 төгрөг Д.Д нь С надаас зээлдэж аваад 3 удаа сунгасан боловч хүүгээ үндсэн мөнгөө өгөхгүй 2 сар болж байна. 9 сарын 27-ноос хойш хүү өгөөгүй. 9 сарын 27-ноос 11 сарын 29 хүртэл 63 хоног. 9 сарын 27-ноос 10 сарын 27 хүртэл 31 хоногийн хүү 248 000, зээлийн гэрээний 3-т заасны дагуу алданги 10 сарын 27-11 сарын 29 хүртэл 32 хоногийн алданги 320 000 нийт 2 568 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Д.Д 1 650 000 төгрөгийг зээлж авсан. Бид гэрээ байгуулж, хүү алданги тооцохоор тохирсон. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 702 000 төгрөг төлсөн. Үүнээс 21 хоногийн хүүг 138 600 төгрөг байхаар тооцож, үндсэн зээлээс 1 563 400 төгрөгийг хасч 86 600 төгрөг үлдсэн. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөнгө нэмж авъя дансаар өгчих гээд гарын үсгээ зураад 2 000 000 төгрөг авсан. Гэрээгээ сунгаад 3 удаа хүү төлсөн. Өмнөх гэрээний үлдэгдэл төлөгдсөн тул 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн төлбөр 2 000 000 төгрөг, хүүний төлбөр 248 000 төгрөг, алданги 320 000 төгрөг, нийт 2 568 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Д гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээний дагуу хүү алдангийн төлбөрийг гаргуулах ёстой гэв.

2. Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С ын нэхэмжилж буй хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2 000 000 төгрөгийг авсан нь үнэн боловч 3 удаагийн төлөлтийг хасаад үлдэх 1 375 470 төгрөгийг төлнө. Бидний хооронд 2 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Өмнөх зээлийн гэрээний харилцаа хамааралгүй. 86 600 төгрөгийг 2 000 000 төгрөгөөс хасаад үлдэгдэл мөнгөн дээр гэрээ байгуулья гэхэд өөрөө зөвшөөрөөгүй тул хүү алданги төлөх үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-16/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэлх депозит дансны хуулга /хх 23-25/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.С ын нэхэмжлэлээс 1 375 470 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1 192 530 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Д д 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг зээлдүүлж, дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш 3 удаа хүүгээ төлсөн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос хойш нэг ч төгрөг төлсөнгүй. Иймд зээлийн үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 2021 оны 10 дугаар сарын 27 хүртэл 31 хоногийн хүү 248 000 төгрөг, зээлийн гэрээний 3-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 2021 оны 11 дүгээр сарын 29 хүртэл 32 хоног 320 000 төгрөг. Нийт 2 568 000 төгрөг гаргуулна. Бидний хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтаа тухай бүрт хийгээд явж байсан. Өөрөө ч гэсэн гэрээгээ зөвшөөрөөд хүүгээ тухай бүрт төлдөг байсан гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2 000 000 төгрөгийг Ж.С аас зээлж авсан нь үнэн. Гэхдээ бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Өмнөх зээлийн гэрээ хамааралгүй. 86 600 төгрөгөө хасаад үлдэгдэл дээр нь шинээр гэрээ байгуулья гэхэд өөрөө зөвшөөрөөгүй. Хүү, алдангийн төлбөрийг огт зөвшөөрөхгүй. 3 удаагийн төлбөрт нийт 713 130 төгрөг төлсөн байдаг. Энэ мөнгөө хасч 1 375 470 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаж, 1 650 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй байхаар тохирч, зээлдүүлэгч Ж.С аас зээлдэгч Д.Д д 10 000 төгрөгийн дэвсгэрт 165 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгч Ж.С нь 2021 оны 05 дугаар сарын 26-нд Д.Д аас дансаар 1 702 000 төгрөгийг хүлээн авсан ба 21 хоногийн хүүний төлбөрт 138 600 төгрөг тооцож, үндсэн зээлээс үлдсэн төлбөрийг хасч 86 600 төгрөг үлдсэн.

Д.Д 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг нэмж авснаар нийт зээлийн үлдэгдэл 2 086 600 төгрөг болсон. Үүнээс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 242 750 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 250 380 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 220 000 төгрөг тус тус төлсөн.

5. Талууд 1 650 000 төгрөг авсан буцаагаад 1 702 000 төгрөг төлсөн. Өмнөх зээлийн үлдэгдэл 86 600 төгрөг үлдсэн байсан. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг дансаар авсан, Д.Д аас 3 удаагийн төлөлтөөр 713 130 төгрөг төлсөн талаар маргадаггүй.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ж.С шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан байдаг.

Зохигчдын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 1 650 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай сунгалт хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл: Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, эсвэл хугацаагүй байх эсэх, анз тооцох, эс тооцох, зэрэг нөхцлийг талууд хүлээн зөвшөөрсөн талаар зааж, гарын үсэг зурсанаар зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хойшлуулж байсан байдал нь сунгалт гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хүү алдангийн хамт шаардсан ба хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байх тул хүү, алдангийн төлбөр болон 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 3 удаагийн гүйлгээ болох 713 130 төгрөгийг хасч үлдэх 1 286 870 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Д 1 375 470 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбараа гарган мэтгэлцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Шүүх зохигчдын ирүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 56 038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д аас 36 958 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С т олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Д аас 1 375 470 /нэг сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 192 530 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга таван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 56 038 /тавин зургаан мянга гучин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д аас 36 958 /гучин зургаан мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ