Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00030

 

Ж...........ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д...........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/00128 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж...........ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д...........д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 2.568.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ж...........ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж..........., түүний өмгөөлөгч С.Намжилмаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2021 оны 05 дугаар сарын 29-нд 2.000.000 төгрөг Д........... нь .......... надаас зээлдэж аваад 3 удаа сунгасан боловч хүүгээ үндсэн мөнгөө өгөхгүй 2 сар болж байна. 9 сарын 27-ноос хойш хүү өгөөгүй. 9 сарын 27-ноос 11 сарын 29 хүртэл 63 хоног. 9 сарын 27-ноос 10 сарын 27 хүртэл 31 хоногийн хүү 248.000, зээлийн гэрээний 3-т заасны дагуу алданги 10 сарын 27-11 сарын 29 хүртэл 32 хоногийн алданги 320.000 нийт 2.568.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Д........... 1.650.000 төгрөгийг зээлж авсан. Бид гэрээ байгуулж, хүү алданги тооцохоор тохирсон. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.702.000 төгрөг төлсөн. Үүнээс 21 хоногийн хүүг 138.600 төгрөг байхаар тооцож, үндсэн зээлээс 1.563.400 төгрөгийг хасч 86.600 төгрөг үлдсэн. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөнгө нэмж авъя дансаар өгчих гээд гарын үсгээ зураад 2.000.000 төгрөг авсан. Гэрээгээ сунгаад 3 удаа хүү төлсөн. Өмнөх гэрээний үлдэгдэл төлөгдсөн тул 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн төлбөр 2.000.000 төгрөг, хүүний төлбөр 248.000 төгрөг, алданги 320.000 төгрөг, нийт 2.568.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д........... гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээний дагуу хүү алдангийн төлбөрийг гаргуулах ёстой гэв.

Хариуцагч Д........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч ..........ын нэхэмжилж буй хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2.000.000 төгрөгийг авсан нь үнэн боловч 3 удаагийн төлөлтийг хасаад үлдэх 1 375 470 төгрөгийг төлнө. Бидний хооронд 2.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Өмнөх зээлийн гэрээний харилцаа хамааралгүй. 86.600 төгрөгийг 2.000.000 төгрөгөөс хасаад үлдэгдэл мөнгөн дээр гэрээ байгуулъя гэхэд өөрөө зөвшөөрөөгүй тул хүү алданги төлөх үндэслэлгүй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/00128 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан хариуцагч Д...........аас 1.375.470 /нэг сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж...........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.192.530 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга таван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 56.038 /тавин зургаан мянга гучин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........аас 36.958 /гучин зургаан мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж...........т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж........... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/00128 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах үндэслэл нь: Шүүх Ж...........ын нэхэмжлэлээс 1.375.470 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 1.192.590 төгрөгийн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.  Хариуцагч Д........... бидний хооронд 2021 оны 05 сарын 06-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Д...........аас 1.702.000 төгрөгийг хүлээн авсан ба 21 хоногийн хүүгийн төлбөрт 138.000 төгрөгийг тооцож үндсэн зээлээс үлдсэн төлбөрийг хасаж 86.600 төгрөг үлдсэнийг ..........ын хүссэний дагуу 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг нэмж өгч, зээлийн үлдэгдэл 2.086.600 төгрөгийг 2021 оны 05-р сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлийг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож 2021 оны 06 сарын 29-ний өдөр 242.750 төгрөг, 2021 оны 08 сарын 02-ны өдөр 250.380 төгрөг, 2021 оны 10 сарын 12-ны өдөр 220.000 төгрөг, 3 удаагийн төлөлтөөр 713.130 төгрөгийг Д........... төлсөн хэр нь хүү алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ Д........... гэрээний дагуу хүү, алданги төлөхгүй гэсэн бол би түүнд 2.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлэхгүй байх байсан. Иргэний хуулийн 195.3-т "Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнд нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан тул Д........... бидний хооронд гол нөхцөл хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хүү алданги тооцохоор тохиролцож Д...........ын хүссэнээр гэрээг 3 удаа сунгалт хийсэн байхад шүүх ийнхүү дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хэрнээ гэрээний гол нөхцөл болох хүү алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүх  2021 оны 05 сарын 29-ний өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд хамааралтай сунгалт хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэжээ. Бидний хооронд хийгдсэн 2021 оны 05 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөл болох сунгалт хийх талаар харилцан тохиролцож тодорхой үйлдэл хийсэн байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн шуух гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үнэлж гэрээнд байгаа нөхцөл хэвээр байгаа эсвэл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж бангаа болох, эсвэл хугацаагүй байх, хүү тооцож, эс тооцож зэрэг нөхцөлүүдийг талууд хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурснаар сунгагдсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хойшлуулж байсан байдал нь сунгалт гэж үзэж үндэслэл болохгүй юм гэжээ. 2021 оны 05 сарын 06-ны өдөр хийгдсэн гэрээ нь хуульд заагдсаны дагуу хүчин төгөлдөр гэрээ, гэрээний нөхцөл өөрчлөгдөөгүй талуудын хүсэл зоригийн дагуу хугацаа, хүү, алдангийг гэрээнд тусгагдсан. Д...........ын хүсэлтээр хугацааг сунгасан байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ. Иргэний хуулийн 196АЦ-Д " Эд хөрөнгөө шилжүүлэхээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно “ гэж заасан байхад шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 05 сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр гэрээний сунгалтын талаар тайлбарлаад байхад шүүх гэрээ хийгдээгүй болно гэж үзээд байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс тэдгээртэй адилтгах баримт бичгийг  нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор хуульчилсан байгаа Д........... бидний хооронд удаа дараа бичигдсэн сарын зээлийн хугацаа хэтэрсэн, хүүг төлөх, төлүүлэх талаар захидал, мессеж нь бодит үйлдлээ илэрхийлж хэлцэл хийж болно гэж хуулийн заалтад нийцэж байхад шүүх хүү алдангийн төлбөр, 3 удаагийн гүйлгээ болох 713.130 төгрөгийг хасаж, 1.280.870 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаас ..........ын 1.350.470 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 1.192.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч  Ж........... нь хариуцагч Д...........д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт  2.568.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх  хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан хариуцагч Д...........аас 1.375.470 гаргуулан нэхэмжлэгч Ж...........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.192.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Зохигчид 1.650.000 төгрөгийг  2021 оны 05 дугаар сарын 06 ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай сарын 12 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч  Ж...........аас хариуцагч Д...........д 10.000 төгрөгийн дэвсгэрт 165 ширхгийг хүлээлгэн өгчээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ж........... нь хариуцагч Д...........аас 2021 оны 05 дугаар сарын 26-нд дансаар 1.702 000 төгрөг  хүлээн авсан ба 21 хоногийн хүүний төлбөрт 138.600 төгрөг тооцож, үндсэн зээлээс үлдсэн төлбөрийг хасч 86.600 төгрөг үлджээ.

Хариуцагч Д........... нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг  нэмж авснаар нийт зээлийн үлдэгдэл 2.086.600 төгрөг болсон. Үүнээс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 242.750 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 250.380 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 220.000 төгрөг тус тус төлсөн байна.

Хариуцагч нь 1.650. 000 төгрөг зээлж  аваад зээлийн гэрээний үүрэгт 1.702. 000 төгрөг төлсөн. Өмнөх зээлийн үлдэгдэл 86. 600 төгрөг дээр 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэмж  2.000.000 төгрөг дансаар авсан, хариуцагчаас 3 удаагийн төлөлтөөр нийт 713.130 төгрөг төлсөн талаар зохигчид маргаангүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Д...........аас 1.375.470 гаргуулан нэхэмжлэгч Ж...........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.192.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ж........... нь шүүхэд давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь анх зээлсэн 1.650.000 төгрөгийн зээлийн гэрээнд үйлчлэх ба 05 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн зээлэнд сунгалт хийсэн  гэж үзэх боломжгүй юм. Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэгэн  адил бичгээр үйлдэж, гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурснаар зээлийн гэрээг сунгагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан байх тул 2.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж...........ын давж заалдсан гомдол  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй болно.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ж...........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  33.171 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж...........ын гаргасан давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ж...........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.171 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР