Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2019/00106/И |
Дугаар | 142/ШШ2019/00333 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2019/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ш
Хариуцагч: М.Б
Гэм хорын хохиролд 8 758 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э , хариуцагчийн өмгөөлөгч О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах ГОК гарден хотхоны урд талын авто зам дээр согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан жолооч М.Б нь эсрэг урсгал сөрж зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж байсан намайг мөргөж баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үен доторх далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, өвдөгний үений гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, үе дотор цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, зүүн өвдөгний гадна тал 2 тооны зулгаралт, дух нуруунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл учруулсан. Гэмтэл учруулсанаас хойш одоо болтол ажлаа хийгээгүй. Байнга эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин гэж 999 000 төгрөг төлсөн. Листний мөнгийг хасаад цалингийн зөрүү болох мөнгийг төлсөн байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хэргийг хэлэлцэхэд эмчилгээний баримтаа гаргаж өгөөгүй учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. 2018 оны 06 дугаар сараас одоо хүртэл эмнэлэгт үзүүлэн тасралтгүй эм тариа авч эмчилгээ хийлгэж байгаа. Үүний зардлыг М.Б оос нэхэмжилнэ. Орхон аймгийн БОЭТ-д үзүүлэхэд гэмтлийн эмч Улаанбаатар хот руу явж үзүүл. Энд үзээд эмчилгээ хийлгэх боломжгүй байна гэсэн. Үүний дагуу Улаанбаатар хот руу 2018 оны 08 дугаар сарын 7-нд, 16-нд, 28-нд 3 удаа явахдаа машинд бензин хийж явсан. Учир нь автобусаар явах боломжгүй хүнээр өргүүлэн түшүүлэн ар талын суудалд хэвтэж явсан. 2018 оны 12 дугаар сард 2 удаа Улаанбаатар хот явж үзүүлсэн. Замын зардалд 239 000 төгрөг. Эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785 700 төгрөг. Баримтаар ийм зардал гарсан гэж байгаа боловч баримтгүй маш их зардал гарсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхдээ 1-2 өдөр болдог. Улаанбаатар хот дотор нааш цаашаа автобусаар явна. Эмнэлэгт үзүүлчихээд өдөржин юм идэхгүй явна гэж байхгүй хоол унд, ойр зуурын нойтон сальфитик гэх мэтээр баримтгүй маш их зардал гардаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Бага насны 3 хүүхэдтэй, цалингийн зээлтэй, эмчилгээний зардал байнга гарч байгаа нь манай гэрийн санхүүд маш хүндээр тусч байна. Орхон А ХХК-нд замчинаар 650 000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 8 сард группэд орсон. Эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байсан бол банкны зээлээ дараад гэр бүлийнхэн минь хүртэл санхүүгийн асуудалгүй байх байсан. М.Б ийн буруутай үйлдлээс болоод би эрүүл мэндээрээ хохироод дээрээс нь гэр бүлийнхнийгээ хүнд байдалд оруулчихсан. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УБ СОНГДО эмнэлэгт үзүүлэн МРI зураг авахуулахад өвдөгний зөөлөн эд тасарсан байна. Хагалгаанд орох шаардлагатай. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж өвдөгний зөөлөн эдний хагалгаанд ороорой гэсэн. Хагалгааны төлбөр нь 3 000 000 төгрөг. Мөнгөгүй улмаас өдий хүртэл хагалгаанд орж чадалгүй байж байна. М.Б ийг сайн дураар эмчилгээний зардал эм тарианы мөнгийг өгчих байх гэж хүлээсэн. М.Б нь эрүүгийн шүүх хуралдаан болох хүртэл холбоотой байж байгаад тэрнээс хойш холбоогүй болсон. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Хурдан эрүүл саруул болчих юм бол ажил төрлөө хиймээр байна. Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардалд 239 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785 700 төгрөг, бусад зардалд 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөг, өвдөгний зөөлөн эдний хагалгааны төлбөр 3 000 000 төгрөг нийт 7 774 700 төгрөгийг М.Б оос гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ш ын нэхэмжлэлтэй М.Б ид холбогдуулан гаргасан 7 774 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид нэхэмжлэгчид байнга мөнгө, төгрөг өгч байсан. Нэхэмжлэгчийг хагалгаанд орох гэж байгаа гээд утсаар ярихад нь эрүүл мэндийн даатгал төлдөг юм чинь заавал хувийн эмнэлэг гэхгүй улсын эмнэлэгт үзүүлж хагалгаанд орж болдоггүй юм уу гэхэд улсын эмнэлэг хагалгаанд орох шаардлагагүй гэсэн тул би хувийн эмнэлгээр явж байгаа гэж ярьсан.
Тэгээд 2018 оны 8 дугаар сард 3 удаа Улаанбаатар хот явж байсан гэж байгаа боловч 8 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурал Орхон аймагт болж нэхэмжлэгч тус шүүх хуралд орсон. Шүүх хурал болохоос өмнө огт Улаанбаатар явж байгаагүй. Бид нарыг байнга дуудаж, бид эмнэлэг рүү хүргэн өгч боолт хийлгүүлж, эм тариа авч өгөөд гэрт нь буцаагаад хүргэж өгдөг байсан.
Мөн хариуцагч М.Б нэхэмжлэгч Б.Ш т 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу битүүний өдөр сар шинэ болж байгаа учир 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Б оос ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь 10, 11, 12, 1, 2 дугаар сарууд юм. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 6, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү гэж 990 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 9 сарын листны зөрүү 330 000 төгрөг, 3 сарын цалин болох 650 000 төгрөг нийт 980 000 төгрөг, өвчин намдаах эмний 3 800 төгрөг, 983 800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 8 758 500 төгрөг болсон үүнээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 300 000 төгрөгийг хасч 8 458 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг. Тэтгэвэрийн зээл авч хохиролын мөнгө төлсөн. Эрүүгийн шүүх хурал болоход 1 156 446 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 3 000 000 төгрөгийг төлнө бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч М.Б ид холбогдуулан гэм хорын хохиролд 8 758 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М.Б оос шилжүүлсэн 300 000 төгрөгийг хасч 8 458 500 төгрөг болгон бууруулж байна.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах ГОК гарден хотхоны урд талын авто зам дээр 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан М.Б нь эсрэг урсгал сөрж, зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ улсын дугаартай ачааны авто машинаас бууж явсан зорчигч Б.Ш ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ДШМ/82 дугаартай магадлалаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт болон Б.Ш ын биед гэмтэл учруулсан, уг үйлдэлд хариуцагч М.Б гэм буруутай талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч Б.Ш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардалд 239 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 789 500 төгрөг, бусад зардалд 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4 230 000 төгрөг, өвдөгний зөөлөн эдний хагалгааны төлбөр 3 000 000 төгрөг нийт 8 758 500 төгрөг болсон боловч 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкаар шилжүүлсэн 300 000 төгрөгийг хасч 8 458 500 төгрөг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндээрээ хохирсноос болж эмчилгээний зардал байнга гарах болсон бөгөөд банкны зээлийн дарамт, зайлшгүй хийгдэх хагалгааны төлбөр байхгүйгээс хагалгаанд орж чадахгүй байна гэж тайлбарладаг.
Хариуцагч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нэхэмжлэгчид байнга мөнгө өгч байсан бөгөөд заавал хувийн эмнэлэгт хагалгаанд орох шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх хурал болохоос өмнө Улаанбаатар хот руу огт яваагүй, бид эмнэлэгт хүргэн өгч боолт хийлгүүлж байсан, эм тариа авч өгч байсан. Эрүүгийн шүүх хурал болоход 1 156 446 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг тус тус төлсөн, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Б.Ш мэдүүлэхдээ: ослоос хойш шүүгдэгч эмчилгээ, эм тариа, боолт гэх мэт бүх зүйлийг төлж байсан. 900 646 төгрөг төлсөн гэж үзэж болно, 255 800 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 990 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний төлбөр 7 000 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Б оос 990 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ш т олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ДШМ/82 дугаартай магадлалд ...шүүгдэгч тогтоол гарсны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 27-ны өдөр 500 000 төгрөгийг хохирогч Б.Ш ын Хаан банкин дахь харилцах дансанд шилжүүлж, баримтыг шүүхэд ирүүлсэн байна гэжээ.
2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Ш ын Хаан банкны 5281054276 тоот дансанд 300 000 төгрөгийг М.Б оос шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 300 000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 300 000 төгрөгөөр бууруулж, 8 458 500 төгрөг нэхэмжилж байгаа.
Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.Ш ын тулгуур эрхтэн болох хөл гэмтсэн тул түүнийг Улаанбаатар хотод онош тодруулах, эмчлүүлэхэд нь хамт дагалдан явсан н.Ганчимэгийн нийтийн тээврээр зорчих тасалбарыг /2018.08.26-ны өдрийн/ шүүх үндэслэлтэй гарсан төлбөр гэж үнэлсэн бөгөөд н.Оюунчимэгийн зорчих эрхийн тасалбар, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 40 000 төгрөгийн шатахууны баримтыг нэхэмжлэгч нотолж чадаагүй үндэслэлээр хангаагүй болно.
Шүүх хурлаас өмнө Б.Ш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээгүй, Эрдэнэтэд байсан, бид эмнэлэгт хүргэж өгч боолт хийлгэн эм тариа авч өгч байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, н.Оюунчимэгийн зорчих эрхийн тасалбарыг мэдэхгүй гэж байх тул шатахуун авсан 40 000 төгрөгийн баримт, УБТЗ-ын зорчих эрхийн 9 300 төгрөгийн баримтыг шүүх хангах боломжгүй байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч н.Найдан шүүх хуралдаанд Булган аймгаас ирэхдээ хэрэглэсэн гэх 30 000 төгрөгийн хийн түлш авсан баримт нь тухайн өдөр шүүх хуралдаанд оролцсоноор нотлогдож байна. Эмнэлэгт үзүүлсэн, эм тарианы төлбөр гаргуулахаар ирүүлсэн баримтаас хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эмийн баримт нь мөн өдрийн эмийн баримттай давхардсан тул 29 дүгээр хуудсанд байгаа баримтын төлбөрийг гаргаагүй.
Улаанбаатар хот руу явж онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт /баримтаар нотлогдсон/ нийт 960 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 500 000 төгрөгийн бусад зардлын талаар баримтгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Ш нь осолд орох үедээ Орхон А ТӨХК-д замчин хийдэг байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу амьжиргааны түвшний 409,679 босго онооноос доогуурт багтсан болох нь Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1124 дугаартай албан тоот, Яргуйт багийн ам бүлийн тодорхойлолт, ** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус нотлогдож байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч түүний өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо ...банкны зээл өдөр бүр нэхэгдэж байгаа, эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч санхүүгийн боломжгүйгээс мэс засал хийлгэж чадахгүй байгаа талаараа дурдсан байна.
УБ Сонгдо эмнэлгийн эмч М.Т баруун өвдгөний үений дурангийн мэс засал хийлгэх шаардлагатай талаар Б.Ш т зөвлөсөн бөгөөд энэхүү мэс ажилбар хийхэд 3 000 000- 5 000 000 төгрөгийн өртөгтэй байхаар тодорхойлжээ.
Хариуцагч түүний төлөөлөгч У.Э нь нэхэмжлэгч Б.Ш ыг улсын эмнэлэгт мэс ажилбар хийлгэхгүй хувийн эмнэлэгт хандсаныг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа хэдий ч нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхдээ аль эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь түүний эрх юм. Б.Ш ыг нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, шүүхэд мэдүүлсэн тайлбар, мэс засал хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 650 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн шаардлагыг группын мөнгөний зөрүү болон эмнэлгийн хуудасны зөрүүнээс хасч 2 648 933 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. /650 000-280 000*6 сар /групптэй байсан/=2 220 000 төгрөг, 650 000-221 067/ 9-р сарын листийн зөрүү/=428 933 төгрөг/
Иймд хариуцагч М.Б оос нийт 6 609 853 /960 920+3 000 000+2 648 933/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ түүний 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн 500 000 төгрөгийг хасч 6 109 853 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш т олгох нь зүйтэй байна.
Тодруулбал: 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 300 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч бууруулан тооцсон, шийтгэх тогтоолоор төлсөн 990 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч биелүүлсэн байх тул 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 500 000 төгрөгийг нийт төлөх мөнгөн дүнгээс хасч тооцсон болно.
Нотлох баримтаар судлуулахаар авсан 1825004350316 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхийн Тамгын газрын архивт хүлээлгэн өгөх, эмчлүүлэгчийн картыг Б.Ш т тус тус өгөхийг шүүгчийн туслахад даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Б оос 6 109 853 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 112 708 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Б оос 6 109 853 /зургаан сая нэг зуун есөн мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 348 647 /хоёр сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч М.Б оос 112 708 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.ХИШИГДАВАА