Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТДС 

Хариуцагч: ЭФ ХХК

4 393 010 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТЭДС  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ТЭДС нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих, улаанбуудайн үнийг тэнцвэржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт ТЭДС г бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам-аар тус тус зохицуулдаг. Уг журамд заасны дагуу санд худалдан авах болон борлуулах хүнсний улаанбуудайн үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тогтоодог ба уг үнээр тариаланчдаас хүнсний улаанбуудайг худалдан авч зохих стандартын дагуу цэвэрлэгээ, хатаалга, сэлгэлтийг хийн гурил үйлдвэрлэгчидэд борлуулах үйл ажиллагааг сан үзүүлдэг. Өөрөөр хэлбэл тариаланчдаас авсан буудайн үнийг уг буудайг борлуулсан орлогоор төлж барагдуулдаг юм. ЭФ ХХК нь тус сантай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг байгуулсны дагуу гүйцэтгэлээрээ нийт 9 755.5 /есөн мянга долоон зуун тавин тав аравны тав/ тонн хүнсний улаан буудайг худалдан авсан ч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөлгүй санг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Тодруулбал:

1.ЭФ ХХК болон сангийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар гэрээ байгуулагдсан ба тус гэрээг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2 , 3, 4 мөн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай Хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу ЭФ ХХК-д нийт 5 000 /таван мянга/ тонн буудайг олгосон. Буудайн төлбөрийг татан авалт хийснээс хойш 45 хоногт багтаан төлөхөөр гэрээнд тохиролцсон боловч 1 147 200 000 /нэг тэрбум нэг зуун дөчин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж, 1 622 400 000 /нэг тэрбум зургаан зуун хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги нь нэг хоногийн 1 622 400 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг байна. ЭФ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн БУ- 2017/40 зөвшөөрлийн хуудасны дагуу татан авалт хийснээс хойш 45 хоногт багтаан буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлбөрөө барагдуулах байсан ч үүргээ зөрчсөн тул 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 570 хоногийн алданги тооцоход 924 768 000 /есөн зуун хорин дөрвөн сая долоон зуун жаран найман мянга/ төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1 622 400 000 төгрөгний тавин хувь болох 811 200 000 /найман зуун арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт,

2. Мөн ЭФ ХХК болон сангийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн6  дугаартай гэрээг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7 , 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8 , Б8  дугаартай Хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу ЭФ ХХК нийт 4 755.5 /дөрвөн мянга долоон зуун тавин тав аравны тав/ тонн буудайг худалдан авсан байна. Дээрх буудайн төлбөрт 2 663 068 800 /хоёр тэрбум зургаан зуун жаран гурван сая жаран найман мянга найман зуу/ төлөхөөс 1 315 468 700 /нэг тэрбум гурван зуун арван таван сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун / төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1 347 600 000 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая зургаан зуун мянга/ төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан төлбөрийн нөхцлийн дагуу буудайн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор заасныг үндэслэн нэг хоногийн 1 347 600 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 454 хоногийн алданги 611 810 400 /зургаан зуун арван нэгэн сая найман зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийн алдангийг үндсэн төлбөр болох 1 347 600 000 /нэг тэрбум гурван зуун дөчин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн хамт 1 959 410 400 /нэг тэрбум есөн зуун тавин есөн сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1 622 400 000 төгрөг, 811 200 000 төгрөгийн алданги, 2017 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн АҮ/2017/65 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1 347 600 000 төгрөг, 611 810 400 төгрөгийн алданги, нийт 4 393 010 400 /дөрвөн тэрбум гурван зуун ерэн гурван сая арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байна. Сан нь улсын төсөвт газар бөгөөд тариаланчдийг дэмжиж, тариалсан буудайг худалдан авч төлбөрийг хугацаатай буцаан төлөх, санхүүгийн түрээсийн гэрээгээр техник тоног төхөөрөмжийг тариаланчдад олгохдоо гуравдагч этгээдээс хүүтэй авч буцаан төлбөрийг төлөх, валютын ханшны өөрчлөлт зэргээс хамаарч хохирол учирч байгаа. ЭФ ХХК нь хугацаа хэтрүүлсэнээс болж сан нь борлуулсан буудайн төлбөрийг авч чадалгүй бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж их хэмжээний хохирол учраад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ЭФ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн ТЭДС-аас 9 783 тонн улаанбуудай худалдан авсан. Тус улаанбуудайн үйлдвэрлэлийг 4-5 дугаар саруудад болон 8, 10-р саруудад явуулж гурилын зах зээлд борлуулалт хийсэн. Борлуулалтын явц нь 40-60 хоногийн зээлийн шугамаар явдаг бөгөөд өнөөдрийг хүртэл зарим борлуулагч нараас төлбөр барагдуулалт хангалтгүй байгаа. Мөн 2017 оны намар болон 2018 оны намрын ургац хураалтаас бид эргэлтийн хөрөнгөгүйн улмаас улаанбуудай нөөцлөн авч чадаагүй бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар өнөөдрийг хүртэл сул зогсолт хийгээд байна. Бид 2018 оны 1-р сард ХХААХҮЯ-аас зарласан тэжээл нийлүүлэх сонгон шалгаруулалтанд хамрагдаж дэмжлэг авч, Хэнтий, Булган, Орхон аймагт малын тэжээл нийлүүлсэн. Тэжээл нийлүүлэх хугацааны хувьд давчуу, үйлдвэрлэгч нарын захиалга давхцсантай холбогдуулан төмөр замын ачаалал ихэсч, ачааны вагоны хүрэлцээ муу, олгогдсон зөвшөөрөл 2018 оны 5-р сарын 15-нд хаагдсан зэрэг шалтгааны улмаас манай компани өөрсдийн нөөц бололцоог ашиглан өвлийн цас зудтай цаг үед Булган, Хэнтий, Орхон аймгийн 23 суманд нийт 487.7 тонн хивэг нийлүүлсэн байна. Нийлүүлэлтийн хугацаанд урин цаг залгасантай холбоотой агуулахад борлогдоогүй 350 тн хивэг үлдсэн байна. Тус хивэгний борлуулалтыг тухайлсан аймаг бүрт хүргэх явцад Булган, Хэнтий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан зэрэг нь малчдад хүргэх тэжээлийн явцыг удаан хугацаагаар хойшлуулсан болно. Бид гэрээний дагуу Креатив агро компанийн дансанд нийт 19 753 000.00 /арван есөн сая долоон зуун тавин гурван мянга/-н рублийг шилжүүлсэн. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 189 213. 36 /нэг зуун наян есөн мянга хоёр зуун төгрөг/-ийн хохирол учирснаас гадна нэг ч тонн хивэг ачуулаагүй. Бид одоогийн байдлаар тухайн компаниас хохиролоо барагдуулахаар ОХУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан эрэн сурвалжлуулах хүсэлт гарган төлбөрөө нэхэмжлээд байна. Мөн УБ-18/20 тоот төлбөрт үйлчилгээний гэрээг Леонов Сергей Геннадьевичтай байгуулан дээрх компаниас төлбөр нэхэмжлэх олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. 2016-2018 оны хооронд үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнтэй холбоотой Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталгаажуулсан гэрчилгээ авсан болно.

Бид ТЭДС-н төлбөрийн үлдэгдэл болох 2 970 000 000.00 /хоёр тэрбум есөн зуун далан сая төгрөг/-г үйл ажиллагаа эхэлсэн цагт хуваарь тохирч төлөх саналтай байна. Төлбөр төлөгдөөгүй алданги гэх 1 423 010 000 /нэг тэрбум дөрвөн зуун хорин гурван сая арван мянган төгрөг/-ийг төлөх боломжгүй байгаа бөгөөд үндсэн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргаад байгаа билээ. Үүнд: 2019 оны 10-р сарын 25-нд 1 000 000 000.00 /нэг тэрбум төгрөг/2019 оны 11-р сарын 25-нд 1 000 000 000.00 /нэг тэрбум төгрөг/2019 оны 12-р сарын 25-нд 970 000 000.00 /есөн зуун далан сая төгрөг/ тус тус төлөхөөр ТЭДС-д хүргүүлсэн. Энэ мэт манай компанид тохиолдсон шалтгаануудыг хүндэтгэн судалж үзэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна. ТЭДС-тай төлбөр төлөх тал дээр тохиролцох шатанд явж байгаа тул ийнхүү хариу тайлбар хүргүүлж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТЭДС  Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч ЭФ  ХХК-д холбогдуулан гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2 970 000 000 төгрөг, алданги 1 423 010 400 төгрөг нийт 4 393 010 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ЭФ  ХХК нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, ОХУ-д байдаг компанид мөнгөө өгч алдсан, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн зэрэг эрсдэлт байдлын улмаас хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй, алдангийн төлбөрөөс чөлөөлүүлэх талаар тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр АҮ/2017/65 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан нийт 9 755.5 тн улаан буудайг, нэг тонныг нь худалдан авсан буудайн ангиллаас хамаарч ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-80 дугаар тушаалын хавсралтаар баталсан үнээр тооцохоор, гэрээний 2.3-т зааснаар Булган салбараас 23-аас дээш хувийн цавуулагтай 7 116 тн, 20-22.9 хувийн цавуулагтай 2 106 тн, 18-19.9 хувийн цавуулагтай 778 тн буудайг ЭФ  ХХК нь хүлээн авч өөрийн агуулахад өөрийн зардлаар тээвэрлэн авах, гэрээний 3.1.1-д гэрээ байгуулагдсан өдөр худалдан авагч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувь буюу 272 676 000 төгрөгийг худалдагч талд төлөх, Буудай худалдан авах таталт бүрт буудайн ангиллаас хамаарч гэрээний 1 дүгээр зүйл 1.3-т заасан үнээр төлбөрийг бүрэн төлж буудайг авахаар, гэрээний 5.2-т Худалдан авагч тал нь гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хоёр удаагийн гэрээгээр нийт 9 755.5 тн хүнсний улаан буудай нийлүүлсэн, улаан буудайн жингийн хэмжээ гэрээнд тодорхойлсноор зөрүүтэй байгаа боловч талууд энэ талаар маргаагүй, мөн гэрээ байгуулсан, татан авалт хийсэн талаар болон үндсэн төлбөрийн талаар маргаагүй.

Хариуцагч ЭФ  ХХК нь 2016-2018 онд үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнтэй холбоотой Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гэрчилгээ олгосон гэж тайлбарлаж байгаа боловч гэрчилгээнд дээрхи гэрээтэй холбоотой харилцаа байхгүй, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээ, Мал хамгаалах сантай байгуулсан гэрээ, Өвс тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээнүүдийг дурдсан байна.

Нэхэмжлэгч ТЭДС нь гэрээний хариуцлага болгож төлбөрөө төлөөгүй бол хоногийн 0.1 хувиар алданги тооцохоор гэрээнд заасны дагуу шаардаж байна. Талуудын байгуулсан Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ хүчин Т гэрээ байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ТЭДС  Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч ЭФ  ХХК-д холбогдуулан 4 045 927 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд үндсэн төлбөр 2 970 000 100 төгрөг, алдангийн төлбөр 1 075 927 200 төгрөг гэж тодорхойлжээ. Товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан нь хариуцагчийн буруугаас болоогүй тул шүүх анх нэхэмжлэл гаргасан алдангийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч ЭФ  ХХК-аас хүнсний улаан буудайн үлдэгдэл төлбөрт 2 970 000 000 төгрөг, алданги 1 075 927 200 төгрөг, нийт 4 045 927 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТЭДС  Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347 083 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ТЭДС  Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ЭФ  ХХК-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ЭФ  ХХК-аас хүнсний улаан буудайн үлдэгдэл төлбөрт 2 970 000 000 төгрөг, алданги 1 075 927 200 төгрөг, нийт 4 045 927 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТЭДС  Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347 083 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭФ  ХХК-аас 20 387 586 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ