Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00019

 

******* УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дүгээр шийдвэр,

  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: ******* УТҮГ /улсын төсөвт үйлдвэрийн газар/

Хариуцагч:******* ХХК

 4,393,010,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаярын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дуламсүрэн, Б.Хоролбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаяр, өмгөөлөгч Н.Наранбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:******* ХХК нь тус сантай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг байгуулсны дагуу гүйцэтгэлээрээ нийт 9,755.5 тонн хүнсний улаан буудайг худалдан авсан ч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2017-02-23-ны өдрийн АҮ/2017/13 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1,622,400,000 төгрөг, 811,200,000 төгрөгийн алданги, 2017-09-15-ны өдрийн АҮ/2017/65 дугаар гэрээний үндсэн төлбөрөөс гүйцэтгээгүй үүрэг 1,347,600,000 төгрөг, 611,810,400 төгрөгийн алданги, нийт 4,393,010,400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Манай компани нь 2017-04-р сараас эхлэн нэхэмжлэгчээс \ТЭДС\-с 9,783 тонн улаан буудай худалдан авсан. Тус улаан буудайн үйлдвэрлэлийг 4-5 дугаар саруудад болон 8, 10-р саруудад явуулж гурилын зах зээлд борлуулалт хийсэн. Борлуулалтын явц нь 40-60 хоногийн зээлийн шугамаар явдаг бөгөөд өнөөдрийг хүртэл зарим борлуулагч нараас төлбөр барагдуулалт хангалтгүй байгаа. Мөн 2017 оны намар болон 2018 оны намрын ургац хураалтаас бид эргэлтийн хөрөнгөгүйгээс улаан буудай нөөцлөн авч чадаагүй.Мөн үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар өнөөдрийг хүртэл сул зогсож байна. Бид 2018-01 сард ХХААХҮЯ-аас зарласан тэжээл нийлүүлэх сонгон шалгаруулалтад хамрагдаж дэмжлэг авч, Хэнтий, Булган, Орхон аймагт малын тэжээл нийлүүлсэн. Тэжээл нийлүүлэх хугацааны хувьд давчуу, үйлдвэрлэгч нарын захиалга давхацсантай холбогдуулан төмөр замын ачаалал ихсэж, ачааны вагоны хүрэлцээ муу, олгогдсон зөвшөөрөл 2018-05-15-нд хаагдсан зэрэг шалтгааны улмаас манай компани өөрсдийн нөөц бололцоог ашиглан өвлийн цас зудтай цаг үед Булган, Хэнтий, Орхон аймгийн 23 суманд нийт 487.7 тонн хивэг нийлүүлсэн байна. Нийлүүлэлтийн хугацаанд урин цаг залгасантай холбоотой агуулахад борлогдоогүй 350 тн хивэг үлдсэн байна. Тус хивэгний борлуулалтыг тухайлсан аймаг бүрт хүргэх явцад Булган, Хэнтий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан зэрэг нь малчдад хүргэх тэжээлийн явцыг удаан хугацаагаар хойшлуулсан болно. Бид гэрээний дагуу Креатив агро компанийн дансанд нийт 19,753,000,00 рублийг шилжүүлсэн. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 189,213 /нэг зуун наян есөн мянга хоёр зуун төгрөг/-ийн хохирол учирснаас гадна нэг ч тонн хивэг ачуулаагүй. Бид одоогийн байдлаар тухайн компаниас хохирлоо барагдуулахаар ОХУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан эрэн сурвалжлуулах хүсэлт гарган төлбөрөө нэхэмжлээд байна. Мөн УБ-18/20 тоот төлбөрт үйлчилгээний гэрээг Леонов Сергей Геннадьевичтай байгуулан дээрх компаниас төлбөр нэхэмжлэх олон талын арга хэмжээ авч байна. 2016-2018 оны хооронд үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнтэй холбоотой МҮХАҮТ-с баталгаажуулсан гэрчилгээ авсан болно. Бид ТЭДС-н төлбөрийн үлдэгдэл болох 2,970,000,000 төгрөгийг үйл ажиллагаа эхэлсэн цагт хуваарь тохирч төлөх саналтай байна. Төлбөр төлөгдөөгүй алданги гэх 1,423,010,000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа бөгөөд үндсэн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргаад байгаа билээ. Үүнд: 2019-10-25-нд нэг тэрбум төгрөг, 2019-11-25-нд нэг тэрбум төгрөг, 2019-12-25-нд 970 сая төгрөг тус тус төлөхөөр ТЭДС-д хүргүүлсэн. Энэ мэт манай компанид тохиолдсон шалтгаануудыг хүндэтгэн судалж үзэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна. ЭДС-тай төлбөр төлөх тал дээр тохиролцох шатанд явж байгаа тул ийнхүү хариу тайлбар хүргүүлж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 142/ШШ2019/00639 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч******* ХХК-с нийт 4,045,927,200 төгрөгийг гаргуулж ******* УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 347,083,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэт фүүдс ХХК-аас 20,387,586 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчаас төлсөн 5.537.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019-07-02-ны өдрийн 110 тоот шийдвэрт *******-н нэхэмжилж буй гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,970,000,000 төгрөг, алданги гэх 1,075,927,000 төгрөгийг тус тус хариуцагч манай талаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч дээрх шийдвэртэй холбоотойгоор манай компанийн зүгээс дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: 1. Шүүхийн танхимд тайлбарлахдаа манай компанийн зүгээс гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 2,970,000,000 төгрөгийг төлөх хуваарийг хүргүүлсэн. 2. Алданги гэх 1,075,927,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үүний шалтгаан нь компанийн үйл ажиллагаа доголдож 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл сул зогсолт зарлаад байгаа. Үүнтэй уялдаж цахилгаан, дулаан, НДШ, цалин хөлс зэрэг маш олон зардал хуримтлагдаж өр, авлага хуримтлагдаад байгаа хүндрэл учирсан. 3. Сул зогсолттой холбоотойгоор компанийн үйл ажиллагаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай МХАҮТ-аас давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай 2016, 2018 оны гэрчилгээнүүдийн баримтаар гаргаж өгсөн. 4. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор гадна дотны олон газартай харилцаа тогтоож эргэлтийн хөрөнгийн санхүүжилт босгох ажлыг явуулж байна. Энэ ажлын хүрээнд 2019-06-02-нд БНХАУ-с хилийн хорио цээрийн баг монгол ажиллаж гурил үйлдвэрлэгч нарийн үйлдвэрт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тус үнэлгээний шийд 60 хоногийн дараа албан ёсоор гаргах бөгөөд эрсдэлийн үнэлгээнд тэнцсэнээр манай үйлдвэрт санхүүжилт хийх боломж гарц нээгдэж байгаа билээ. Энэ бүх нөхцөл байдлын үндсэн дээр бид гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,970,000.000 төгрөг хуваарийн дагуу төлж, алданги гэх 1,075,927,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Иймээс бидний нөхцөл байдлыг дахин судалж үзэн бидний гаргаж буй гомдлыг хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* Улсын төсөвт үйлдвэрийн газар 2019-04-01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Эрдэнэт фүүдс ХХК-с нийт 4,393,010,400 төгрөг шаардахдаа .... 2017-02-23-ны өдрийн АҮ/2017/13 гэрээний үүрэгт 1,622,400,000 төгрөг, алданги 811,200,000 төгрөг., 2017-09-15-ны өдрийн АҮ/2017/65 дугаар гэрээний үүрэг 1,347,600,000 төгрөг алданги 611,810,400 төгрөг гаргуулна ... гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө ....2,970,000,000 төгрөгийг зөвшөөрч байна....харин алданги төлөх боломжгүй.... бусдад мөнгөө өгч алдсан, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн... гэсэн тайлбар гаргасан байна.

 Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 4,045,927,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 347,083,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нар 2017-02-23-ны өдөр АҮ/2017/13 дугаартай, 2017-09-15-ны өдөр АҮ/2017/65 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

 2017-02-23-ны өдрийн АҮ/2017/13 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-р 23,0-с дээш цавуулагтай 560,000 төгрөг.,20,0-22,9 хувийн цавуулагтай 520,000 төгрөг.,18,0-19,9 хувийн цавуулагтай 480,000 төгрөг нийт үнийн дүн 5,453,520,000 төгрөг байна. Гэрээний 1.5-д зааснаар буудай нийлүүлэх хугацааг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх , 3.1.1-р 272,676,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, 3.1.2, 3.1.3-р татан авсан буудайн төлбөрийг 45 хоногийн дотор барагдуулахаар тохирчээ.

2017-09-15-ны өдрийн АҮ/2017/65 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-р нийт 4946,48 тонн хүнсний улаан буудай нийт үнийн дүн 770,028,800 төгрөг байна. Гэрээний 1.5-д зааснаар буудай нийлүүлэх хугацааг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ба хуваарийг гаргаж гэрээнд хавсаргах, 3.1.1-т заасан хугацаанд нийлүүлэхээр заасан байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иймд шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

 2. Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 Нэхэмжлэгч нийт 9755.5 тн хүнсний улаан буудай нийлүүлсэн гэх бөгөөд маргаагүй энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй байна.

 Эрдэнэт фүүдс ХХК давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх боловч энэ нь тогтоогдоогүй, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон гэх гэрчилгээнд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээтэй холбоотой мэдээлэл байхгүй байна.

 Иймд шүүх нэхэмжлэлээс 2,970,000,000 төгрөгийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзсэн нь Иргэний хуулийн 243, 206 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

3. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд зааж болно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд анз төлөхөөр тохиролцсон байна.

 Зохигч нар 2017-02-23-ны өдрийн болон 2017-09-15-ны өдрийн гэрээний 4.2.8., 5.2-д алданги төлөх талаар заасан байгаа тул шүүх хариуцагчаас алданги 1,075,927,200 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00639 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 5,537,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 

   ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ