Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......... байрлах Г ХХК /0000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт оршин суух Б овогт Т.Б /00000000/

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ............ тоот хаягт оршин З овогт Х.Д /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 73 836 283,02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.О нар

Хариуцагч: Х.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

(Хариуцагч Т.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК нь Т.Б, Х.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 836 283,02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Т.Б, Х.Д нар нь 2018.05.04-ний өдөр Г-тай ЗГ1805131817 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 56 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.05.04-ний өдөр ЗБ1805131817 дугаарт ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн ................ тоот 54.5 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Т.Б, Х.Д нар нь ЗГ1805131817 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021.11.02-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 203 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 55 495 165,54 төгрөг, зээлийн хүү 18 244 878,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 866,30 төгрөг, даатгалын төлбөрт 88 372,20 төгрөг, нийт 73 836 283,02 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Т.Б, Х.Д нараас 73 836 283,02 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г-инд олгуулж өгнө үү. ЗБ1805131817 дугаарт ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн .............. тоот 54.5 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ1805131817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Б, Х.Д нар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хариуцагч Х.Д шүүх хуралдаанд Короновируст хадварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар 2021.01.12-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тул зээлийн хуримтлагдсан хүүнд тооцсон 11 600 553 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.04-ний өдрийн 734 дугаартай Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2021.11.03-ны өдрийн 18/01-298 дугаартай итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2018.05.04-ний өдрийн ЗГ1805131817 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн график, Баянзүрх дүүргийн ............... тоот хаягт байршилтай 54.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.05.04-ний өдрийн ЗБ105131817 дугаартай Ипотекийн гэрээ, 2021.06.07-ны өдрийн Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал, 2020.08.12-ны өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-17 ху/

 

Хариуцагч Т.Баас цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 24-25 ху/

 

Хариуцагч Х.Д-гээс 2021.01.12-ны өдийн ЗГ1805131817 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 68-70 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Т.Б, Х.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 836 283 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Т.Б, Х.Д нар нь 2018.05.04-ний өдөр Гтай ЗГ1805131817 дугаар зээлийн гэрээ байгуулж, 56 000 000 төгрөгийг 1 жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.05.04-ний өдөр ЗБ1805131817 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн ................ тоот 54.5 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Т.Б, Х.Д нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхгүй байсаар 2021.11.02-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 203 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 495 165,54 төгрөг, зээлийн хүү 18 244 878,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 866,30 төгрөг, даатгалын төлбөрт 88 372 төгрөг, нийт 73 836 283,02 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хариуцагч Х.Д нэхэмжлэлийн шаардлагын 11 600 553 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гээд Короновируст хадварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар 2021.01.12-ны өдөр банктай ЗГ1805131817 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан ба тухайн хугацаанд хүү тооцох үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч Г.Б шүүхэд ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018.05.04-ний өдөр ЗГ1805131817 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 56 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ1805131817 дугаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................ тоот хаягт байрлах 54.5 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаанд бариулсан байна.

Үүний дараа 2021.01.12-ны өдөр ЗГ1805131817 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2039.01.04-ний өдөр хүртэл сунгасан байна.

6. Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөнд төлсөн төлбөр, зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэг зөрчиж, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй талаар маргаангүй.

Харин, зээлийн гэрээний сунгасан хугацаанд нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч 2018.05.04-ний өдрийн ЗГ1805131817 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч 2021.11.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээг 2021.11.02-ний өдрөөр цуцалсан гэж тайлбарлах ба хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах талаар банк зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдлээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс барьцаалагч шаардлагаа хангуулах эрхтэй. Нэгэнт шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018.05.04-ний өдрийн ЗГ1805131817 дугаар барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн учир үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Хариуцагч Х.Д нь 2021.01.12-ны өдөр ЗГ1805131817 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тул Короновируст хадварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар зээлийн хүүгээс чөлөөлөгдөх тул хуримтлагдсан хүү 11 600 553 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Короновируст хадварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, зээлдэгчийн хүү тооцох эрхийг хязгаарлаагүй, харин төлбөр төлөх хугацааг хойшлуулсан байх тул зээлийн гэрээний сунгасан хугацаанд хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагч Х.Д-гийн тайлбар үгүйсгэгдэж байх тул хариуцагч Т.Б, Х.Д нар үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Харин, нэмэгдүүлсэн хүүг Монгол улсын Засгийн газрын 2020.11.08-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зраим арга хэмжээний тухай тухай 183 дугаар тогтоолын 8 дугаарт Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэж дурдсаныг харгалзан хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч Г ХХК даатгалын гэрээний оролцогч биш учраас нэхэмжлэлийн шаардлагын даатгалын төлбөрт 88 372 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Х.Д, Г.Б нараас үндсэн зээл 55 495 165 төгрөг, зээлийн хүү 18 244 878 төгрөг, нийт 73 740 043 төгрөг гаргуулан Г ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаан хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.Б-ын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Учир нь:

Хариуцагч Т.Б 2022.01.04-ний өдөр Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суудаг гэх Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлснээр түүний хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.04-ний өдрийн 102/ШЗ2022/00639 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус шүүх хэргийг хүлээн авч, хариуцагч Т.Б-ад эрх үүрэг тайлбарлах, хэргийн баримт танилцуулах, шүүх хуралдааныг тов хүргэх зэрэг хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүхэд мэдүүлсэн хаягийн дагуу хүргүүлэхэд дурдсан хаягт оршин суудаггүй тухай Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргад хүргүүлэхэд Т.Б уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай 2022.03.25-ны өдрийн 44 дугаар албан тоотоор мэдэгдсэн байна.

Иймд шүүх, хариуцагч Т.Б-ад нэхэмжлэлийн хувь гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, хэргийг харъяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийг мэдэгдсэн зэргийг үндэслэн түүнийг шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх эрхээсээ татгалзсан гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т.Б /00000000/, З овогт Х.Д /00000000/ нараас 73 740 043 /далан гурван сая долоон зуун дөчин мянга дөчин гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК /0000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 240 /ерэн зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б, Х.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................ тоот хаягт байрлах 54.5 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Х.Д нараас 596 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Д.ЭНХЦЭЦЭГ