Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01424

 

 

 

 

 

 

2022 08 01 210/МА2022/01424

 

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09ий өдрийн 183/ШШ2022/01412 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагч Ү ХХК холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, дутуу олгосон цалин болон огт олгогдоогүй цалинд 41,674,221.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ү ХХК -тай хөдөлмөрийн байгуулж, геологичийн албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн болон ур чадварын алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс сахилгын ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн захирлын Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчиж, миний албан тушаалын орон тоо байсаар байтал надад орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлж байгаа тухай мэдэгдээгүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халж тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан. Дээрх тушаалд ямар үндэслэлээр ажлаас халсан талаар дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Мөн 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цалинг дутуу олгож байсан атлаа цалинг бүтэн олгосон мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, харьяалах нийгмийн даатгалын газарт худалд мэдээлэл өгч байсан. Иймд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс 17,798,127 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл дутуу олгосон цалин 7,156,094 төгрөг, 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл огт олгогдоогүй цалинд 16,720,000 төгрөг, нийт 41,674,221.37 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс болох 17,798,127 төгрөг нэхэмжилсэн. Уг дутуу олгосон цалин нь Ү ХХК -аас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан мэдэгдэлд ...2020 оны 03 дугаар сараас эхлэн компанийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл оффиссын ажилтнууд онлайнаар болон богиносгосон цагаар ажиллах, ингэж ажиллахдаа нийт цалингийн 50 хувиар цалинг олгохоор шийдвэрлэлээ... гэж тусгасанд Ц.С гарын үсэг зурж баталгаажуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дутуу олгосон цалин хөлс 7,156,094 төгрөгийг мөн адил нэхэмжилсэн. Энэ нь дээрх шалтгаантай адил бөгөөд цалинг 50 хувиар олгохоор шийдвэрлэсний дагуу олгосон. Мөн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх огт олгоогүй цалин хөлс 16,720,000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй. Ц.С нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх компанид учруулсан хохирол буюу 5,973,471 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх компанид илүү төлсөн 1,229,316.55 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх компанид учруулсан хохирол буюу 4,830,302 төгрөг нийт 9,574,619.55 төгрөг болсон. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх компанид учруулсан хохирлыг Ц.Сайхан- Эрдэнийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цалингаас тооцоог хааж эцсийн үлдэгдлийг дуусгасан. Харин Ц.С эс Ү ХХК нь нэхэмжлэл гаргаж, 9,724,619.15 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. Мөн Ц.С д 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хүргүүлж ажлаа цаг тухайд нь хийхийг сануулсан, мөн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлж удирдлагын зөвшөөрөлгүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.С нь гэрээнд заасан цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү хэмээн өргөдөл гаргасанд боломжгүй гэж мэдэгдсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай 04 дугаар захирлын тушаалаар ерөнхий геологчийн албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар цуцалсан бөгөөд энэ нь хуулийн үндэслэлтэй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийг Ү ХХК -ийн ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10,457,688 төгрөгийг хариуцагч Ү ХХК -аас гаргуулан Ц.С д олгож, дутуу олгосон болон олгогдоогүй цалинд нийт 41,674,221.37 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Ү ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ү ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 182,273 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ү ХХК -аас нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас нь халсан ба хөдөлмөрийн дотоод журмын 9.4.3, хөдөлмөрийн гэрээний 7.3, 7.3.10-т заасан энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/02 дугаар бүхий шийдвэр хүртэл зөрчсөн ба энэ хугацаанд нэг ч өдөр ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй нь цагийн бүртгэлээр нотлогдож байна. Мөн Үнэн бэх" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар ерөнхий геологчийн албан тушаалыг цомхотгож шийдвэрлэсэн ба тус хугацаанд нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ү ХХК -д учруулсан хохирол болох 9,724,619.15 төгрөгийг ажилдаа ирснээр тооцон суутгаж компанийн хохирлыг нөхөн төлж дуусгасан. Ингэхдээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар компанийн бүтцэд өөрчлөлт оруулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйл 40.1.1-д заалтыг үндэслэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ү ХХК -ийн зүгээс давхар хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тус хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хуульд нийцсэн. Мөн дээрх нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэх хэсэг болоогүй ч нотолбол зохих буюу дүгнэлт хийх маргаан бүхий үйл баримт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01412 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Бүтэц, орон тооны хувьд өөрчлөлт орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан схем зураг ирүүлсэн. Уг зургийг үзэхэд урьд нь хэдэн орон тоотой байсан, хэд нь хасагдсан гэдгийг хариуцагч тайлбартаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүхэд ажил тасалсан гэсэн тайлбарыг хэлсэн. Хэрэв ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага яригдах байсан. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд мөн адил гомдол гаргасан нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрд дүгнэлт хийж, нотлох баримт нэг бүрийг шинжлэн судалж үнэлэлт өгч шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

2. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар:

2.а. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ү ХХК -д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, дутуу олгосон цалин хөлс болон олгогдоогүй цалин нийт 41,674,221 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, манай компани үйл ажиллагаагаа жигдлэх хүртэл ажилтнуудаа онлайнаар болон богиносгосон цагаар ажиллуулж, цалин хөлсийг 50 хувиар тооцож олгож байсан, мөн Захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай Компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Ерөнхий геологчийн албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ц.С тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

2.б. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүсэж, нэхэмжлэгч Ц.С нь Ү ХХК -д геологичоор, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Ерөнхий геологичоор ажиллаж байсан үйл баримтын талаар маргаангүй, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нийгмийн даатгалын дэвтэр болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 6-14/

2.в. Ц.С нь хариуцагч Ү ХХК -д хөдөлмөрийн гэрээний дагуу Ерөнхий геологичоор ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх 5/

2.г. Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй талаар зохицуулсан.

2.д. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан.

2.е. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл заасан байх ба хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тушаал, Ү ХХК -ийн дотоод бүтэц зохион байгуулалтын схем /хх 36, 37/ зэргээс үзвэл хариуцагч байгууллага нь ямар бүтэц, орон тоотой байсан, Геологи, уул уурхайн албанд хэдэн орон тоо байснаас хэд болж өөрчлөгдсөн болох нь тодорхой бус байхын зэрэгцээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд орон тоо, бүтцийн өөрчлөлт хийх, эрх олгогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх ажил олгогчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг Ү ХХК -ийн Ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Ү ХХК -иас 10,457,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Ц.С нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс 17,798,127 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалин 7,156,094 төгрөг, 2021 оны 05 сараас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл олгогдоогүй цалин 16,720,000 төгрөг, нийт 41,674,221.37 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09ий өдрийн 183/ШШ2022/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,274 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН