Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2022/00018/И |
Дугаар | 104/ШШ2022/00139 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2022/00139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Буга 1 дүгээр гудамж, 12-6а тоотод оршин суух, Лхагважав Орсоогийн Оюун-Эрдэнэ /РД:ШВ68042203/
Хариуцагч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 77 дугаар байр, 14 тоотод оршин суух, Данзан Данзаны Энхмаа /РД:МЮ68060769/-д холбогдох
Зардал 55,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар,
Гэрч О.Оюундарь, В.Чулуунчимэг, Д.Равсал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Т.Баясгалан нарын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Би хариуцагч Д.Энхмаад мөнгө зээлдүүлж байсан болохоос мөнгө зээлж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүхэд худал тайлбар өгч байна.
Хариуцагч Д.Энхмаа Д.Энхжаргалаас хүүтэй, 45,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө буцааж төлөхийн тулд миний ихэр дүү О.Оюундариас 50,000,000 төгрөг барьцаагүй, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн.
Ингэхдээ О.Оюундарь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Новел Лизинг” ХХК-нд орон сууцаа барьцаалан 70,000,000 төгрөгийн зээл авч, 50,000,000 төгрөгийг хариуцагч Д.Энхмаагийн бэр Э.Сайнбаярын дансаар нь шилжүүлэн өгснөөс 6,200,000 төгрөгийг хүүгийн хамт буцааж төлсөн.
Хариуцагч Д.Энхмаа 45,000,000 төгрөгийн зээлээс 45,882,645 төгрөгийг хүүгийн хамт графикийн дагуу төлсөн. Энэ тооцоонд гэрч Д.Равсалын төлсөн 1.170.000 төгрөг нэмэгдэж ороогүй нь үнэн байна.
Харин үлдэх зээлээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш төлөөгүй учир 30,000,000 төгрөг болсон. Гэтэл “Новел Лизинг” ХХК О.Оюундарийн орон сууцыг зээлийн төлбөрт хураан авна гэсэн.
Би О.Оюундарьд хэлж байж найз Д.Энхмаад мөнгө зээлдүүлсэн учир надаас мөнгөө нэхсэн. Хариуцагч Д.Энхмаагаас зээлээ төлөхийг шаардахад “чи мөнгө олоод төлчих, би чамд өгье” гэж гуйсан.
Иймд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр В.Чулуунчимэгээс 30,000,000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, гэрээ байгуулсан.
Тэгээд Д.Энхмаагийн “Новел Лизинг” ХХК-д төлөх байсан 30,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж зээлийг хаасан.
Би В.Чулуунчимэгт 30,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Иймээс хариуцагч Д.Энхмаагаас 30,000,000 төгрөг гаргуулж, хүү шаардсан 25,125,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Энхмаа шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ 2017 оны 7 дугаар сард хариуцагч Д.Энхмаагаас машины урьдчилгаанд өгөх 15,000,000 төгрөг, өмнө нь зээлсэн мөнгөтэй нийлээд 20,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Д.Энхмаа О.Оюун-Эрдэнэд зээлсэн мөнгөө авч чадахгүй жил гаран болсон.
2018 онд О.Оюун-Эрдэнэ “...ихэр дүү О.Оюундарь шүүхийн шийдвэрт өр төлөхийн тулд банкнаас зээл авч байгаа. Би дүү О.Оюундарьд хэлээд түр мөнгө олж өгье” гэж хэлсэн.
Тэгээд 50,000,000 төгрөгийг Д.Энхмаагийн бэр Э.Сайнбаярын дансанд шилжүүлсэн. Удалгүй мөнгөний хэрэг гарлаа гэсэн учир охин Халиуны ХААН банкан дахь 5175050251 тоот дансаар 6,200,000 төгрөг шилжүүлэн өгсөн.
О.Оюундарь, Д.Энхмаа нарын хооронд 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Тэдний дунд зээлийн харилцаа үүссэн ч хүү, алдангийн талаар тохиролцоогүй.
Д.Энхмаад 50,547,645 төгрөгийг хуваарийн дагуу сар бүр бэр Э.Сайнбаярын дансаар дамжуулан төлсөн.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч талтай тооцоо нийлж үзэхэд гэрч Д.Равсалын төлсөн 1,170,000 төгрөгийг оруулаад нийт 47,052,645 төгрөг төлсөн байна. Иймд Д.Энхмаа, О.Оюундарь нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
Харин О.Оюундарь нь өөрийн төлөх зээлийн төлбөр болон Д.Энхмаагийн төлсөн төлбөрийг “Новел Лизинг” ХХК-нд төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хүү нэмэгдсэнийг хариуцагч тал хариуцах ёсгүй.
Мөн Д.Энхмаа нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ, гэрч В.Чулуунчимэг нартай ямар ч зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр В.Чулуунчимэг, О.Оюун-Эрдэнэ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон төлөлтийн график, В.Чулуунчимэг, О.Оюун-Эрдэнэд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, Д.Энхмаагийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээлэл, В.Чулуунчимэг, Д.Энхмаа нарын зээлийн гэрээ, “Новел лизинг” ХХК-ийн ХААН банкны дансны хуулга, О.Оюун-Эрдэнийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дүнгийн тооцоо, Д.Энхжаргалын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, С.Баярхүүгийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 70,000,000 төгрөгийг төлсөн тооцоолол, О.Оюундарийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, О.Оюун-Эрдэнийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/15227 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, “Новел лизинг” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1103-01 дугаар албан бичиг, “Новел лизинг” ХХК, О.Оюундарь нарын хооронд хийсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18/06/14-303 дугаар зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, ХААН банкны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5030/583 дугаар тодорхойлолт, О.Оюун-Эрдэнийн ХААН банкны дансны хуулга, О.Оюун-Эрдэнийн Төрийн банкны дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг, Хариуцагч Д.Энхмаагаас “МКС price” ХХК О.Оюундарьтай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, Э.Сайнбаярын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулбар, О.Оюун-Эрдэнээс В.Чулуунчимэгт 30,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. /хх-4-31, хх-42-45, хх-57/
Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч О.Оюундарийн ХААН банкны дансны хуулга, зохигчдийн хүсэлтээр гэрч О.Оюундарь, гэрч В.Чулуунчимэг, гэрч Д.Равсал нараас мэдүүлэг авч бүрдүүлсэн болно. /хх-60-116,148-161/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ хариуцагч Д.Энхмаа холбогдох зардал 55,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгон багасгаж, 25,125,000 төгрөгөөс татгалзсан.
2.Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Гэрч О.Оюундарь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Новел лизинг” ХХК-нд үл хөдлөх хөрөнгөө барьцаалан, 70,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч Д.Энхмаад 45,000,000 төгрөг зээлсэн.
Хариуцагч Д.Энхмаа 45,000,000 төгрөгийн зээлээ 47,052,645 төгрөг болгож төлсөн. Харин үлдэх үндсэн зээл, хүүг төлөхгүй байсны улмаас гэрч О.Оюундарь үл хөдлөх хөрөнгөө алдахад хүрсэн.
Иймд хариуцагч Д.Энхмаа намайг хүнээс мөнгө зээлээд гэрч О.Оюундарьд өгчих гэсний дагуу гэрч В.Чулуунчимэгээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй авч, “Новел лизинг” ХХК-нд тушаасан.
Хариуцагч Д.Энхмаагийн өмнөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрч В.Чулуунчимэгт төлсөн гэсэн.
4.Хариуцагч Д.Энхмаа нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Гэрч О.Оюундарь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Новел лизинг” ХХК-иас 70,000,000 төгрөгийн зээл авсан. Би 45,000,000 төгрөг зээлсэн. Буцааж 47,052,645 төгрөг болгож төлсөн.
Харин гэрч О.Оюундарь миний төлсөн мөнгийг болон өөрт ногдох зээлээ “Новел лизинг” ХХК-нд хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэлт үүргийг хариуцахгүй. Би нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ, гэрч В.Чулуунчимэг нараас ямар ч мөнгө зээлээгүй. Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь дүү О.Оюундарийн өрийг “Новел лизинг” ХХК-нд төлсөн болохоос миний өрийг төлөөгүй гэж маргасан.
5.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэр хэрэгт хамааралгүй, “МКС price” ХХК гэрч О.Оюундарьтай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Д.Энхмаагийн төлбөр төлөх хуваарь нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Гэрч О.Оюундарь, хамтран зээлдэгч С.Баярхүү нар “Новел лизинг” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгөнөөс хариуцагч Д.Энхмаад 45,000,000 төгрөг зээлдүүлсэн.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ гэрч В.Чулуунчимэгээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг зээлэн авч гэрч О.Оюундарьд өгсөн.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрч В.Чулуунчимэгт 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. /хх-53/
Иймд нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Энхмаагийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гэрч О.Оюундарьд, эсхүл гэрч В.Чулуунчимэгт сайн дураар буюу андуурч төлсний улмаас хариуцагч Д.Энхмаа уг үүргээс чөлөөлөгдсөн бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрх үүснэ.
Гэхдээ хариуцагч Д.Энхмаа бусдын өмнө үүрэг хүлээсэн, уг үүргээс чөлөөлөгдсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ баримтаар нотлох ёстой.
Шүүх хуралдааны шатанд гэрч В.Чулуунчимэг “...гэрч О.Оюундарийн орон сууц зээлийн барьцаанд хураагдах гээд байсан болохоор О.Оюундариас зээлсэн хариуцагч Д.Энхмаагийн өрийг нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ төлөх үүднээс 30,000,000 төгрөгийг түүний зөвшөөрлөөр зээлэн авч, гэрээнд гарын үсэг зурсан ...нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ уг мөнгийг төлсөн” гэж мэдүүлсэн.
Гэрч В.Чулуунчимэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргийн дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагч Д.Энхмаад шилжүүлж өгөөгүй тул буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.
Мөн зохигчид шүүх хуралдааны шатанд хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны дансны хуулга, гэрч Д.Равсалын “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.170,000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэн тооцоо нийлж үзээд, гэрч О.Оюундарьд 47,052,645 төгрөг төлсөн талаар маргалгүй зөвшөөрсөн.
Гэрч О.Оюундарь нь нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн зээлсэн 30,000,000 төгрөгөөр “Новел лизинг” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөрөө төлсөн гэж мэдүүлсэн.
Иймд “Новел лизинг” ХХК-ийн өмнө хүлээсэн гэрч О.Оюундарийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ төлсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймээс нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнээс гарсан зардлыг хариуцагч Д.Энхмаа хариуцах үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,375 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ хариуцагч Д.Энхмаа холбогдох 55,125,000 /тавин таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,375 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС