Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01032

 

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01032

 

 

О.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2022/00139 дугаар шийдвэртэй

О.Оийн нэхэмжлэлтэй, Д.Эд холбогдох

зардалд 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Оэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Э нь миний найз Д.Энхжаргалаас сарын 5 хувийн хүүтэй, 45,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлээ буцаан төлөхийн тулд миний ихэр дүү О.Оюундариас 50,000,000 төгрөгийг барьцаагүй, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. О.Оюундарь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Новел Лизинг ХХК-д орон сууцаа барьцаалан 70,000,000 төгрөг зээлж, мөн өдөр үүнээс 50,000,000 төгрөгийг хариуцагч Д.Эд өгсөн. Д.Э нь 6,200,000 төгрөгийг хүүгийн хамт О.Оюундарьд буцаан төлсөн.

Д.Э нь 45,000,000 төгрөгийг графикаар төлөхийг тохиролцсон. Уг зээлээс Д.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 45,882,645 төгрөгийг О.Оюундарьд төлсөн. Энэ тооцоонд гэрч Д.Равсалын төлсөн 1,170,000 төгрөг ороогүй. Д.Эгийн авсан зээлийн үлдэгдэл 20,454,000 төгрөг болсон нь 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 30,000,000 төгрөг болсон.

Новел Лизинг ХХК-аас О.Оюундарийн зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг зээлийн төлбөрт хураан авна гэсэн тул О.Оюундарь надаас мөнгөө нэхсэн. Миний бие хариуцагч Д.Эгаас зээлээ төлөхийг шаардахад чи мөнгө олоод төлчих, би чамд өгье гэж гуйсан.

Ингээд миний бие В.Чулуунчимэгтэй 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж Д.Эгийн Новел Лизинг ХХК-д төлөх 30,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлж зээлийг хаасан.

Миний бие В.Чулуунчимэгийн 30,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Иймээс хариуцагч Д.Эгаас 30,000,000 төгрөг гаргуулж, хүү шаардсан 25,125,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Оюундарь нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийг Д.Эд шилжүүлсэн. Удалгүй мөнгөний хэрэг гарлаа гэж О.Оийг хэлэхээр нь би өөрийн охин Б.Халиуны Хаан банк ХХК дахь 5175050251 тоот дансаар 6,200,000 төгрөг шилжүүлсэн.

О.Оюундарь, Д.Э нарын хооронд 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Тэдний дунд зээлийн харилцаа үүссэн ч хүү, алдангийн талаар тохиролцоогүй. Д.Э нь О.Оюундарьд сар бүр бэр Э.Сайнбаярын дансаар дамжуулан нийт 50,547,645 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчтэй тооцоо нийлэхэд гэрч Д.Равсалын төлсөн 1,170,000 төгрөгийг оролцуулаад нийт 47,052,645 төгрөг төлсөн. Иймд Д.Э, О.Оюундарь нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

Харин О.Оюундарь нь зээлийн төлбөрт өөрийн төлөх төлбөр болон Д.Эгийн төлсөн төлбөрийг Новел Лизинг ХХК-д хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс хүү нэмэгдсэнийг хариуцагч хариуцахгүй.

Мөн Д.Э нь нэхэмжлэгч О.Оэ, гэрч В.Чулуунчимэг нартай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оэ хариуцагч Д.Эд холбогдох 55,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,375 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч О.Оэ нь Д.Эгийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг сайн дураар О.Оюундарь, В.Чулуунчимэг нарт төлснөөр Д.Э зээл төлөх үүргээс чөлөөлөгдсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан шаардах эрх О.Оэд үүссэн.

Гэвч шүүх нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг буруу дүгнэж, нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх үүргээ дутуу хэрэгжүүлсэн.

Хариуцагч Д.Э нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр О.Оюундарийн үл хөдлөх хөрөнгийг Новел лизинг ХХК-нд барьцаалуулж 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлснээ зөвшөөрсөн ба тэрээр үндсэн зээлээ төлсөн. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй гэх үндэслэлээр нэмж мөнгө төлөхгүй гэж маргадаг.

Хэргийн 17 дахь талд авагдсан О.Оюундарь, Д.Э нарын бичгээр байгуулсан зээлийн гэрээг шүүх үнэлээгүй. Уг баримт хариуцагчид эх хувиараа байдаг боловч хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан. Д.Э, О.Оюундарь, О.Оэ нар нь зээлийн гэрээгээр хүү, хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон ба хариуцагч Д.Э нь гэрээнд гарын үсэг зуралгүйгээр дахин нэг нягтлая гээд гэрээний эх хувийг авсан.

Хариуцагч Д.Э нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг 1 жил 2 сар буюу 14 сарын хугацаанд төлж байсан нь түүний зээл төлсөн баримтуудаар нотлогддог. Иймд Д.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний хүүг төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт зааснаар дээрх нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан. Гэтэл шүүх гэрч В.Чулуунчимэг, хариуцагч Д.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Бодит байдалд Д.Э нь О.Оээр дамжуулан О.Оюундарьд төлөх зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг В.Чулуунчимгээс зээлж төлөхөөр тохирч, гэрээнд гарын зурахаар утсаар холбогдож цаг товлож байсан боловч тухайн өдрөө ирээгүй болох нь нэхэмжлэгч О.Оийн тайлбар болон В.Чулуунчимэг, О.Оюундарь нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдсон.

Хариуцагч нь тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэл болголгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 25,125,000 төгрөгөөр багасгаж, 30,000,000 төгрөгийн зардал гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 55,125,000 төгрөг гэж алдаатай бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тайлбар: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. О.Оюундарь нь Новел лизинг ХХК-аас 70,000,000 төгрөгийг зээлсэн ба Д.Э тухайн мөнгөнөөс 45,000,000 төгрөгийг авсан. Гэтэл О.Оэ энэ мөнгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Новел лизинг ХХК-аас зээлсэн 70,000,000 төгрөгийг эгүүлэн төлөх үүргийг О.Оюундарь, С.Баярхүү нар хүлээсэн. Д.Э нь О.Оюундариас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлсөн боловч О.Оюундарь тухай бүр зээлийн эргэн төлөлтөд төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогддог.

О.Оюундарь нь Д.Эгаас төлсөн мөнгийг өөр зориулалтаар ашигласан учраас үүссэн өрийг Д.Оюундарь төлөх ёстой.

Шүүхээс уншиж сонсгосон шийдвэр нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй зөрөөгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Оэ нь хариуцагч Д.Эд холбогдуулан бусдын өмнөөс зээлийн төлбөрт төлсөн 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. О.Оюундарь нь Новел Лизинг ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 70,000,000 төгрөг зээлсэн байх ба үүнээс 50,000,000 төгрөгийг хариуцагч Д.Эд зээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Д.Э нь О.Оюундариас 50,000,000 төгрөгийг зээлэхдээ хүү төлөхөөр амаар тохиролцсон байдал нь Д.Э 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,200,000 төгрөгийг О.Оюундарьд төлж, улмаар үлдэх 45,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Д.Э зээлсэн 50,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 6,200,000 төгрөг болгон төлжээ.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч О.Оюундарийн ... Д.Э надаас 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж аваад, үлдэгдэл 20,454,000 төгрөг өгөх дутуу байсан гэснийг Д.Эгаас зээлийн хүүг хүлээн зөвшөөрч О.Оюундарьд төлж байсантай харьцуулан дүгнэвэл Д.Э нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд нийт 45,882,645 төгрөгийг О.Оюундарьд төлөхдөө үндсэн зээлд 24,546,000 төгрөг /45,000,000-20,4540,000/, зээлийн хүүд 21,336,645 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч төлсөн гэж дүгнэхээр байна. Иймд Д.Э үндсэн зээлд 20,454,000 төгрөгийг О.Оюундарьд төлөөгүй байна. /хх 167-168/

 

5. О.Оюундарь нь Новел Лизинг ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн 70,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрт 70,000,000 төгрөг, хүү 28,416,618 төгрөг, алданги 21,821,692 төгрөг, нийт 120,238,310 төгрөгийг төлсөн нь тус компанийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна. /хх98, 147/

 

Энэ төлбөрт О.Оэ нь В.Чулуунчимэгээс 30,000,000 төгрөг зээлж, Д.Эгийн зээлийг төлсөн болох нь О.Оюундарийн мэдүүлэгт ... Д.Э надаас зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учраас би ихэр дүү О.Оэд найзаасаа миний мөнгийг гаргуулж өг гэж хэлсэн, О.Оэ нь Д.Этай утсаар ярьж түүний гуйлтаар өөрийн найз В.Чулуунчимэгээс 30,000,000 төгрөгийг зээлж, [Д.Эгийн] зээлийг хааж өгсөн гэх нөхцөл

гэрч В.Чулуунчимэгийн мэдүүлэгт ... Д.Э өмнө нь надаас 7 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөгийг зээл авч, 2-3 сарын дараа төлж байсан, 2019 оны зун О.Оэ нь Д.Э О.Оюундариас зээл авч, зээлээ төлөхгүйн улмаас О.Оюундарийн байрыг банк хураах гээд байна, Д.Эд мөнгө зээлж туслаач гэж гуйхаар нь 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, барьцаагүйгээр зээлсэн ба Д.Этай зээлийн гэрээ байгуулах гэтэл янз бүрийн шалтаг хэлээд гарын үсэг зураагүй, нөхөөд гэрээ хийе гэтэл надтай уулзахгүй байсан. гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон гэж дүгнэнэ. /хх169-170/

 

6. Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл О.Оэ нь Д.Эгийн бусдад буюу Д.Оюундарьд төлөх зээлийн төлбөрийг түүний өмнөөс төлжээ. Иймд О.Оэ нь уг мөнгийг Д.Эгаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй тул хариуцагч Д.Эгаас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Оэд олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2022/00139 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эгаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Оэд олгосугай. гэж,

2 дахь заалтын ...446,375 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлого болгоусгай. гэснийг ...улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 446,375 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Оэд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ