| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2020/0212/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1378 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1378
2020 10 29 2020/ДШМ/1378
Э.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
хохирогч Д.Н,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,
яллагдагч Э.Б-ийн өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/3264 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1906 0559 42104 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Б нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол, Нарны гудамжны ... дүгээр байрны ... тоот 61.63 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг найз гэх иргэн Д.Н-аас 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж “гааль дээр хураагдах гэж байгаа машинаа гарган аваад буцааж авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч улмаар Д.Ч-тэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан түүний барьцаа болгож тухайн орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Ч-д шилжүүлэн өгч 96.800.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
мөн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн байранд байрлах “А” ХХК-нд “Ниссан Тийда” загварын С... арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан борлуулан залилж “А” ХХК-нд 9.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Б-ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үйлдэлд С.Д болон Д.Н нарын хэн нь хохирсон болох, гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан болохыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй. ...Шүүх хохирогчийг тогтоох боломжтой боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6, 1.8 дахь заалт болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх учир гэмт хэргийн улмаас хэн, хэрхэн хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Д.Н-ын Э.Б-д залилуулсан гэх орон сууц нь өмчлөлийн бүртгэлийн тухайд түүний төрсөн эцэг С.Д-ийн нэр дээр бүртгэлтэй боловч дээрх байранд С.Д амьдардаггүй, мөн тухайн байрыг өөрийн төрсөн хүү Д.Н-д өгсөн байдаг бөгөөд энэ нь хавтас хэрэгт авагдсан С.Д-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Д.Н-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Мөн С.Д-ийн зүгээс байрыг “бусдад худалдах, захиран зарцуулах” эрхийг №965 дугаартай итгэмжлэлээр өөрийн төрсөн хүү Д.Н-д олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан итгэмжлэлийн хуулбараар тогтоогддог бөгөөд тус итгэмжлэлийн дагуу захиран зарцуулах эрхийг Д.Н нь өөртөө олж авснаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтад зааснаар тухайн байрны шударга эзэмшигч болох хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Э.Б-ийн хувьд залилах гэмт хэргийн гол шинж болох бусдыг хуурсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан субъектив санаа сэдэлт нь хохирогчоор тогтоогдсон Д.Н-д чиглэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас амьдрах орон байргүй болсон, мөн өөрийн төрсөн эцгээс итгэмжлэлээр захиран зарцуулах бүх эрхийг өөрт нь өгсөн орон байраа бусдад залилуулж алдсан нь Д.Н болох нь тодорхой байх тул түүнийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэв шүүх Д.Н-ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй гэж үзсэн шийдвэрээ үндэслэлтэй дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байхад хохирогчоор тогтоох эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон байтал тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/3264 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Н тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь хохирогч нь хэн болохыг тогтоо гэж буцаасан. Д-г хохирогчоор тогтоож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж байсан. Н нь эрүүгийн хэрэгт холбогдож байгаа эсэх, хохирлын үнэлгээ, итгэмжлэлд зурсан гарын үсэг Д-ийх мөн эсэх талаар 3 хүсэлт гаргахад 2 хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гарын үсэгтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч байсан. Байр Ч-ийн өмчлөлд шилжсэнээс шалтгаалаад байр буцах эсэх, үнэлгээний үлдсэн хэсгийг хохирогчид өгөх эсэх асуудал гарч ирж байгаа учир үнэлгээ нь хуульд нийцэж байгаа эсэхэд ач холбогдол өгсөн. Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “үнэлгээний тайланд гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байна” гэж заасан. Гэтэл энэ үнэлгээний тайланд тамга дарагдсан хэрнээ гарын үсэг зуралгүйгээр дардас дарсан байсан. Энэ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж үзэж байна. Мөн үнэлгээ нь гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар биш үнэлгээ гарсан цаг хугацаагаар гарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч яагаад иргэний хариуцагч болсон нь тодорхойгүй, байцаалт авалгүйгээр иргэний хариуцагчаар тооцох тогтоол үйлдсэн. Хэн гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь хавтас хэрэгт ойлгомжгүй. Тухайн байрыг Б-ийн нэр дээр яагаад шилжүүлэх болсон бэ гэхээр Н-ын нэр дээр зээл гарахгүй байсан. Б-ийн нэр дээр шилжүүлэх юм бол зээл гарах боломжтой гэдгийг Б, Н нар мэдсээр байж Ч-г залилсан гэж үзэж байна. Ч уг орон сууцыг худалдаж авсан гэх лавлагааг хараад энэ байр ямар нэг асуудалгүй юм байна гэж үзэж энэ байр нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой гэж өмчлөлийг шилжүүлсний дараа зээл олгосон. Н өөрөө Ч-г залилах хэмжээний зохиомол үйлдлийг хийсэн талаар шалгуулах хүсэлт гаргахад одоо болтол шалгаж үзээгүй.” гэв.
Яллагдагч Э.Б-ийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, хохирогч хэн болохыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Д-аас нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан ба үүнтэй холбоотойгоор Ч-г иргэний хариуцагчаар татсан. Өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлээр Н-ыг шударга эзэмшигч гэж үзсэн. Гэтэл хохирогчоор тогтоогдсон Н нь өөрийн эцэг Д-ийн орон сууцанд амьдарч ашиглаж байгаа этгээд болохоос биш шударгаар эд хөрөнгө олж авсан этгээд биш, эзэмших өмчлөх эрхгүй этгээд биш учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд прокурор, мөрдөгч нар Э.Б-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө...-д учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Аливаа этгээд өөрийн өмчлөл дэх эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг бусдад итгэмжлэлээр олгосноор эд хөрөнгөө ашиглах эрх хязгаарлагдахгүй, өмчлөх эрхэд хамаарах ямар нэгэн эрхээ алдахгүй. Хэдийгээр итгэмжлэл олгогдсон ч эд хөрөнгөө хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй захиран зарцуулах, тухайлбал худалдах, хөлслөх эрхтэй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.
С.Д нь өөрийн хүү Д.Н-д өөрийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, түүний өмчлөх эрх дуусгавар болоогүй, харин өөрийгөө төлөөлүүлэх бүрэн эрхийг хууль ёсоор олгожээ.
Улмаар Э.Б нь Д.Н-тай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж ... дүгээр байрны ... тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ /1 хх 10/-г 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулан Э.Б-д шилжүүлсэн байна.
Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх /итгэмжлэл/-ийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийж болох бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.
Өөрөөр хэлбэл, С.Д нь дээрх орон сууцыг өөрийн нэрийн өмнөөс төлөөлөн худалдах эрхийг л Д.Н-д олгосноос биш өмчлөх эрхийг шилжүүлээгүй, Д.Н Э.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг шилжүүлэхэд Д.Н-ын биш С.Д-ийн өмчлөл дэх хөрөнгийн эрх хөндөгдөж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Эд хөрөнгийн хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгодог.
Хэргийн үйл баримтаас үзэхэд дээрх үйл явдлын улмаас хохирол хүлээх этгээд нь Д.Н биш С.Д байхад прокурор, мөрдөгч нар нь С.Д-г хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүйг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Хэдийгээр хохирогчоор тогтоох бүрэн эрхийг шүүхэд хуулиар олгосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6, 1.8 дахь заалтуудад болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Энэ талаар зохих дүгнэлтийг хийж хэргийг хянаж байсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 539 дугаартай магадлал, хэргийг прокурорт буцааж байсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2332 дугаар захирамжийн заалтыг биелүүлэхгүйгээр “Тэнхлэг зууч” компаниас зах зээлийн дундаж үнэлгээний мэдээлэл авсан, С.Д-г гэрчээр асууснаас өөр ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг буцааж шүүхэд шилжүүлсэн прокурорын үйл ажиллагаа хангалтгүй байна.
Иймд “Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулгаар бичсэн прокурор Ч.Түмэн-Өлзийгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/3264 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ