Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/773

 

 

 

 

 

 

 

 

    2022         05           30                                           2022/ШЦТ/773

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б өд холбогдох эрүүгийн 1906 05594 2104 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн байранд байрлах “... ” ХХК-нд Ниссан Тийда маркийн ...  арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан борлуулан залилж “... ” ХХК-нд 9.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Прогресс транс ХХК-ийн хашаанд байх ...  ХХК-ийн эзэмшлийн 7 ширхэг автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авч 35.513.660 төгрөгийн хохирол тус тус учруулан залилсан гэмт хэрэгт холбогдожээ.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05594 2104 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б  нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-нд Ниссан Тийда маркийн ...  арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан борлуулан залилж хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч Н.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б  гэх залуу манай байгууллага дээр ирээд зээл авъя гэж хэлсэн. Өмнө нь манай байгууллагаас зээл аваад 2 удаа хааж байсан. Тэгээд ярьж байхдаа танай эхнэр чинь манай 10 жилийн найз юм байна лээ гэж хэлж байсан ба та нараас мөнгө зээлээд машин авч зараад буцаагаад өгнө гэж хэлж байсан. Уг хүн тээврийн хэрэгсэлийнхээ гаалийн бичгийг манай байгууллагад барьцаанд өгөөд Да хүрээ дээр аваачиж зараад мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлээд 9.300.000 төгрөг 2 сарын хугацаатай авсан юм. Тэгээд таг болчихоор нь уг хүнтэй холбоо бариад асуутал зарагдахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би TRANSDEP.MN рүү ороод арлын дугаараар нь шалгаж үзэхэд Нэткапитал ХХК-аар дамжуулж бусдад худалдсан байсан. Тэгээд буцааж залгаад банк бус руу шилжчихсэн байна гэж хэлтэл уучлаарай надад мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьчихсан юм та хэдийн мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй алга болчихсон. Хэрэв машиныг зарахаар бол гаалийн мэдүүлэг нь эх хувиараа манайд байсан тул зарах боломжгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141/,

 

Гэрч Б.С гийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 3 сард Б ийг машин зардаг гэдгийг мэддэг байсан тул худалдаж авах машин асуусан чинь дугааргүй гаальтай шатахуун бага иддэг ниссан тида гэсэн машин байгаа гэж үзүүлсэн. Ингээд уг машиныг 10 сая гаран төгрөгөөөр худалдаж авахаар болж Нэткапитал финанс ББСБ-аас зээлийн гэрээгээр худалдаж аваад зээлээ төлж дуусаад цааш нь хүнд зарсан. Б ийн надад зарсан машиныг барьцаанд байсан гэдгийг мэдээгүй. Надад тэр талаар хэлээгүй. Хэрэв мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тухайн үед авч байсан зээлийн гэрээг хуулбарлаж өгөв. Уг машин гаалийн бичигтэй, бичиг баримт нь бүрэн асуудалгүй байсан бөгөөд тухайн байгууллага нь зээлээ судалж гаргаж өгсөн учраас асуудалгүй гэж ойлгосон мэдүүлэг /4-р хх-ийн 1/,

 

-хохиоргчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 120-121/,

-Э.Б ийн ...  ХХК-наас зээл авсан тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1551 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээний хуулбар /хх-ийн 122-126/,

-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх-ийн 124/,

-Э.Б ийн нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллийн хуулбар /1-р хх-ийн 106-107, 128-129, 152-153/,

-урьд 2017 онд Э.Б ийн ...  ХХК-наас зээл авсан тухай зээлийн болон фидуцийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 130-137/,

- эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, баримт /4-р хх-ийн 2-6/,

- хохирол болох 9.500.000 төгрөгийг 2022 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, хохирол барагдсан учир шүүх хуралд оролцохгүй. Эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх ...  ХХК-ийн хүсэлт /4-р хх-ийн 49-50/

 

Шүүгдэгч Э.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Гааль дээр Ниссан Тийда маркийн цэнхэр өнгөтөй машин 1 ширхэг ирээд би тухайн үед нь гаалийн бичигээ барьцаалаад дээрх байгууллагаас 9.300.000 төгрөг бэлнээр зээлээр авсан. Машинаа Да хүрээ зах дээр зарах гэж байхад 1 залуу авахаар болж Нэткапитал ББСБ-д 4.500.000 төгрөг тушаачихсан, гэрээ нь бэлэн болчихсон, АТҮТөвд  гэсэн хаягтай машиныг манай дээр шилжүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг авч ирсэн байсан. Тэр албан бичгийг нь аваад би Энхбаттай уулзаад бичигээ үзүүлээд энэ байгууллагаас мөнгө орж ирэхээр нь төлбөрөө төлөөд дуусгачихнаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ өгөөч би нэрээ шилжүүлээдхий гэхэд манайх дотоод журмандаа зээлийн гэрээ хийгдсэн машиныг төлбөрөө дуусгаж байж болно гэхээр нь Нийслэлийн гаалийн газар дээр очоод гаалийн хийлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ үрэгдүүлсэн гээд өргөдөл бичиж өгөөд канондсон хувилбар дээр тамга даруулаад авчихсан. Тэр бичигээрээ Нэткапитал ББСБ-ийн нэр дээр улсын дугаар авч өгөөд 10.800.000 төгрөг авсан. Би тухайн үед Монголд машин оруулж ирэх гээд хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлчихсэн байсан. Тэрийгээ дарж чадахгүй нөхөж, энд тэндээс мөнгө зээлсээр байгаад ийм дээрээ тулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159, 170/

 

2. 2018 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Прогресс транс ХХК-ийн хашаанд байсан Ай эн лайн ХХК-ийн эзэмшлийн 7 ширхэг автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авч 35.513.660 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн талаар:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Э.Б  нь манай компанийн захирал С.М тэй 2018 оны 03 дугаар сараас эхлэн хамтран ажиллах санал тавьж эхэлсэн байдаг. Тэгээд өөрийгөө сурталчилж манай захирлын итгэлийг олж аваад 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хамтран ажиллахаар болоод Монгол Японы хамтарсан сүлжээнд Б ийн нэрээр албан ёсны бүртгэл нээж өгөөд тээврийн хэрэгсэл захиалж эхэлсэн. Зөвхөн амаараа тохиролцож, итгэлцлээр явдаг байсан, гэрээ хэлцэл огт байгуулаагүй. Ингээд эхэндээ Б  30 хувиа төлөөд машинаа захиалаад их л боломжийн залуу шиг санагдсан. Тэгж байгаад 2018 оны 10 дугаар сараас эхлэн мөнгө төгрөгөө цаг хугацаанд нь хийхээ больж, харилцаа хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уулзаж, үлдэгдэл тооцоог нийлэхэд нийтдээ 1.437.800 иен буюу 35.513.660 төгрөгийн өртэй байсан.Тэгээд Э.Б  14 хоногийн дараа төлнөгэсэн боловч утса авахгүй, хаягаар нь очиход гэртээ байхгүй, машин зардаг газрууддаа огт байхгүй, алга болсон. Ингээд залилуулчихлаа гэж ойлгоод цагдаад хандсан, одоо нийт 7 машины төлбөр буюу 35.513.660 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж авмаар байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 207-208/,

Манай байгууллага нь Э.Б д өгсөн Тоёота Приус20 маркийн 2006 он, Тоёота Королла Филдер 2009 он, Тоёота Королла Аксио 2009 он, Тоёота Королла Филдер 2009 он, Тоёота Королла Филдер 2009 он, Ниссан Тийда 2008 оны 2 ширхэг нийт автомашины төлбөрийг аваагүй байгаа. Автомашинууд тус бүрдээ тухайн үеийн Монгол банкны вальютын Японы еинийн ханш болон Монгол төгрөгөөр Тоёота Приус20 маркий-2006 он 190,000 еин буюу 4,313,000 төгрөг, Тоёота Королла Филдер 2009 он 246,000 еин буюу 5,613,720 төгрөг, Тоёота Королла Аксио 2009 он 264,000 еин буюу 5,987,520 төгрөг Тоёота Королла Филдер 2009 он 280,000 еин буюу 6,308,400 төгрөг, Тоёота Королла Филдер 2009 он 191,800 еин буюу 4,351,942 төгрөг, Ниссан Тийда 2008 он 136,000 еин буюу 3,79,040 төгрөг, Ниссан Тийда 2008 он 130,000 еин буюу 2,943,200 төгрөгийн үнэтэй юм. Тоёота Приус20 маркийн 2006 он 2018 оны 03 сарын 27-ны өдөр, Тоёота Королла Филдер 2009 он 2018 оны 03 сарын 24-ний өдөр, Тоёота Королла Аксио 2009 он 2018 оны 03 сарын 22-ны өдөр, Тоёота Королла Филдер 2009 он 2018 оны 03 сарын 20-ны өдөр, Тоёота Королла Филдер 2009 он 2018 оны 03 сарын 17-ны өдөр, Ниссан Тийда 2008 оны 2 автомашиныг 2018 оны 03 сарын 02-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 155-156 дахь тал/,

 

Гэрч С.М ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би ...  ХХК-ын дэд захирлаар ажиллаж байна. Манай компани нь хуучин машиныг Япон улсаас импортоор оруулж ирж Монгол улсынхаа хэрэглэгчидэд нийлүүлдэг. Мөн машин худалдан борлуулдаг иргэдтэй хамтарч ажилладаг. Эрдэнэбилэгийн Б  гэх залуу 2018 оны 04, 05 сараас манайхтай холбогдож эхэлсэн ба тухайн үед тохирохдоо надад Б  “би японоос танайхаар дамжуулаад машин захиалмаар байнаа надад мөнгө бол хангалттай байгаа би авах гэсэн бүх машинаа авчихаж чаднаа, би урьд жил нилээн их машин авсан намайг тээвэр зууч байгууллага хүртэл гэрчилнэ гэж байсан. Тэрнээс хойш манай компанийн менежер Эрдэнэхүү Б тэй харилцсан. Эхнээсээ Б ийн захиалсан машинууд Монгол улсад орж ирж эхэлсэн ба өмнө ярьж байсан бүх амлаж байсан амлалтаасаа буцаад мөнгө надад байгаа та нар оруулаад өгөөч гэж байснаа зээлээр оруулж ирсэн машинаа өгөөч ээ одоо санхүүгийн асуудалтай байнаа надад нэг удаа итгэчих гэж Б  хэлсэн. Эрдэнэхүү Б  нар хоорондоо тохирсон юм шиг байсан. Тэгээд би Эрдэнэхүүгээс наад хүн чинь манай компанийн оруулж ирсэн машиныг мөнгөгүй авч чадахгүй гээд байна. Тэгсэнээ зээлээр өгчих зараад мөнгийг нь өгье гэсэн юм яриад байна, чи юу гэх вэ гэхэд наад Б  чинь өмнө их олон машин оруулж ирж зарж байсан мөнгөтэй байхаа. Надад энэ талаар өөрөө ярьсан, итгэж болох байх гэсэн. Тэрний дараа би өөрөө бас Б тэй биечилж уулзахад Б  надад итгэж болноо. Би танайхаас машин аваад шууд зараад л мөнгийг нь хийчихнээ та санаа зоволтгүй. Надад найдаж болноо гэж хэлсэн. Тэгхээр нь би таньд үзүүлж харуулах юм байна уу гэж асуухад би оруулж ирж байсан машинуудынхаа гаалийн лавлагааг үзүүлнэ гэхээр нь би итгэсэн. Бас Б  машин авсан тохиолдолд би алга болно гэж байхгүй, машинаа авлаа зарлаа шууд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Ер нь бол анх машин оруулаад өгөөч гэж надад хэлсэн би тэгэж хэлсэнийх нь дагуу Б ийн захиалсан машиныг захиалаад өмнөөс нь Япон түншдээ мөнгийг нь төлөөд тэгээд машин ороод ирхэд нөгөө захисан машинуудаа авах гэхээр Б  нь надад мөнгө алга гэсэн зүйл ярьсан. Тэгсэнээ надад итгээч би машиныг зараад мөнгийг нь та нарт гаргаад өгье гэж ямар нэг бизнессийн зарчимд харшилхаар өөрөөр зөвхөн хүн хоорондын итгэлцлийн асуудлыг ярьсан. Тэгхээр нь би итгээд Б өд зөвшөөрсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210/,

 

Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Б  нь манайхтай хамтран ажиллаж эхэлсэнээсээ хойш нийтдээ 50 орчим тээврийн хэрэгсэлүүдийг Япон улсаас захиулж манай компаниар авчруулсан. Үүнээс 23 орчим машиныг нь ямар ч асуудалгүй зараад манайд мөнгөө өгөөд явдаг байсан. Харин үлдсэн 30 аад машин дээр манай компанийн 100 хувийн хөрөнгөөр захиулж авчруулсан. Учир нь манай компанитай асуудалгүй наймаа хийгээд итгэл олчихсон байсан. Тэгээд “Мөнгө байхгүй байна, машин Монголд буусан өдөр мөнгөө өгчихъе” гэж гуйхаар нь итгээд захиалдаг байсан. Тэгсэн Монголд буусан өдөр яриа нь дахиад эөрчлөгдөөд “Ерөөсөө мөнгө байдаггүй ээ би танайхаас ганц 2-оор нь зээлээр аваад зараад байя” гэж гуйгаад байхаар нь манайх зөвшөөрөөд 7 машин өгсөн. Тэгсэн сүүлрүүгээ мөнгөө өгөхгүй эрсдэлтэй санагдахаар нь бүтэхгүй юм байна гэж бодоод өөр чэнжүүдэд үлдэгдэл 20 орчим машинуудыг нь зарсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 217-219/,

 

-...  ХХК-ийн төлөөлөгч Т.А аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2-р хх-ийн 202/,

-Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, Э.Б ийн худалдаж авсан машины бүртгэл болон мөнгөө өгөөгүй 7 машины талаарх баримтууд /2-р хх-ийн 220-250, 3-р хх-ийн 1-13/,

-хамтран ажиллах гэрээ, төлбөр барагдуулах гэрээ /3-р хх-ийн 163-166/,

- Ай Эн Лайн ХХК-с шүүхэд ирүүлсэн “Ай Эн лайн ХХК нь Э.Б өөс 35.000.000 төгрөг нэхэмжилж байгаа болно. Түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаанд иргэний журмаар барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулсан учир эрүүгийн журмаар гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд манай байгууллагаас биечлэн оролцох шаардлагагүй болсон учир эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,

- Ай Эн Лайн ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М ийн шүүхэд ирүүлсэн “35.000.000 гучин таван сая төгрөгийн өр төлбөрөөс 5.000.000 таван сая төгрөгийг Э.Б өөс 2022 оны 05 сарын 30-нд бэлнээр хүлээн авав”  гэх тайлбар,

 

Шүүгдэгч Э.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Ай Эн Эл ХХК-нд учирсан хохиролыг төлж барагдуулахаар тус байгууллагын захирал Мөнх-Эрдэнэтэй тохиролцож байгаа. Би Ай Эн Эл ХХК-ийг залилсан үйлдэл байхгүй. Би урьд өмнө 50 орчим авто машин авч зарж өгч байсан. Уг 7 машины мөнгийг өгч чадаагүй байгаа бөгөөд энэ талаар Мөнх-Эрдэнэтэй байнга холбогдож учир байдлаа хэлж байсан. Би уг 7 машины төлбөрийг төлж дуусгана.

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ай Эн Лайн ХХК -тай хамтран ажилах гэрээ байгуулан хамтран ажиллах болсон. Би Япон улсад болж байгаа авто машины дуудлага худалдаанд оролцож авсан машинаа уг компаниар дамжуулан Монгол улсад оруулж ирэн зарж борлуулан ашиг олох сонирхолтой байсан юм. Ингээд би нийт 41 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлэн оруулж ирсэн бөгөөд уг машинуудыг би зардаг байсан.

Ай Эн Лайн ХХК нь миний нэр дээрээ бүртгүүлж оруулж ирсэн тээврийн хэрэгслээс хувь тооцож авах гэрээтэйгээр ажилладаг байсан юм. Ай Эн Лайн ХХК-с нэхэмжилж байгаа 7 тээврийн хэрэгслийн төлбөрөөс 2 тийда, 1 приүс, 4 королла нийт 7 тээврийн хэрэгслийн үнийг надаас нэхэмжилж байгаа юм. Үүнээс би 1 тийдагийн үнийг хариуцахгүй учир нь би уг машиныг зарж борлуулаагүй. Уг тээврийн хэрэгсэл нь гааль дээр хураагдсан. 1 короллагийн үнийг төлсөн байгаа мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгнө. Одоо миний тооцоогоор 5 тээврийн хэрэгслийн тооцоо л байгаа. 1 тийда, 1 приүс20, 3 королла нийт 5 машины үнийг би төлнө.

 Дээрх 7 машиныг Япон улсаас худалдаж авсан үнийг Ай Эн Лайн ХХК төлж байсан. Харин Гаалийн бүрдүүлэлт, тээврийн зардалын мөнгийг би өөрөө төлсөн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 159-163/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /2-р хх-ийн 191-192/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд /1-р хх-ийн 155-156, 3-р хх-ийн 154-155/, Э.Б ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

         

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч..., зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Хохирогч ...  ХХК-аас шүүгдэгч Э.Б  нь урьд нь 2 удаа зээл авч, уг зээлээ хугацаанд нь төлж өөрийгөө олон жил машин зарж борлуулсан, зээл өгөхөд буцаан төлөх боломжтой гэх итгэл үнэмшилийг тухайн байгууллагын ажилтанд төрүүлсэн, гадаад улсаас Монгол улсад оруулж ирсэн тээврийн хэрэгслийн гаалийн хийлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ үрэгдүүлсэн гэж холбогдох байгууллагад өргөдөл гарган уг баримтыг орлох хууль ёсны хүчинтэй баримт дахин олж аван бодит нөхцөлийг өөрчилж тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж байх тул,

...  ХХК-тай шүүгдэгч Э.Б  нь хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд эхний үедээ төлбөр тооцооны асуудал үүсгэхгүйгээр хамтран ажиллаж холбогдох хүмүүсийн итгэлийг олж аван итгэх боломжтой харилцагч болсон байх бөгөөд харин дараагаар нь төлбөр тооцооны хувьд доголдолтой байдал үүсгэсэн, 7 машиныг авсан боловч төлбөрийг хийгээгүй нь хуурч, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах гэмт хэргийн шинжийг тус бүртээ хангана.

 

Шүүгдэгч Э.Б ийн дээрх үйлдлүүд нь “Залилах” гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж, шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүдийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Б  нь гэмт хэргийн улмаас ...  ХХК-д 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсанаа бүгдийг төлж барагдуулжээ.

Ай Эн лайн ХХК-д 35.513.660 төгрөгийн хохирол учруулсанаас 5.000.000 төгрөгийг нь 2022 оны 05 сарын 30–ны өдөр төлсөн байх бөгөөд уг баримтыг шүүхэд гаргаж өгөн үлдэгдэл хохиролыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрчээ. Энэ талаарх баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бичгээр ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Б өөс 30.513.660 төгрөгийг гаргуулж ...  ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-н дагуу шүүгдэгч Э.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирогчийн хохиролыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Б өд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нэг хохирогчид учирсан 9.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, нэг хохирогчид учирсан 35.513.660 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулах нь зүйтэй бөгөөд түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн хамаарна ... 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн” гэж заажээ.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Э.Б ийн үйлдсэн гэмт хэрэгт нь 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд шүүхээс хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөн, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Б өд дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Шүүгдэгч Э.Б өд оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн хугацаанд түүнийг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэргийн учир шүүгдэгч Э.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хүртэл 106 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь  хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ийг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б өд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ийг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ийн цагдан хоригдсон нэг зуун зургаа хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б өөс 30.513.660 төгрөг гаргуулж хохирогч ...  ХХК /6216714/-д  олгосугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ