Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01208

 

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01208

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт бүртгэлтэй, С ХХК/регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Т овогт Б-ы Б /регистрийн дугаар: ..../,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо... байрны ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Т овогт О-ийн Б /регистрийн дугаар: ..../ нарт холбогдох,

Өр төлбөрт 7.718.038 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,  хариуцагч О.Би, О.Б, түүний өмгөөлөгч М.А, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь гадаадаас импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд худалдан борлуулдаг компани билээ. Бид хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүнээр таслахгүй байх, харилцагч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих үүднээс зарим тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр зээлээр нийлүүлдэг. Хариуцагч О.Б нь манай компанитай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Борлуулагчийн гэрээ-г, түүний аав О.Би 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Барьцааны гэрээ-г тус тус байгуулж манай бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсон. Энэ Борлуулагчийн гэрээ-ний 4.1-д заасны дагуу компанийн зүгээс борлуулагчид бараа бүтээгдэхүүн өгч, борлуулагч нь уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж улмаар орлогыг компанийн дансанд өдөр бүр тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч О.Б нь дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлэлгүй өр хуримтлагдаж, өнөөдрийн байдлаар 7.239.954 төгрөгийн бараа бүтээгдэхүүний орлогыг тушаагаагүй байна. Бид уг асуудлаар хариуцагчтай удаа дараа холбоо барьж мэдэгдэл өгсөн боловч үр дүнд хүрээгүй болно. Мөн хариуцагч О.Б, О.Би нар нь төлбөр төлөхөөс зайлсхийж, манай компанид холбогдуулан хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн борлуулахыг шаардаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд О.Бтэй байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19/12 дугаартай Борлуулагчийн гэрээ-ний 1.4, 3.12 дахь заалтын дагуу бараа бүтээгдэхүүний өр дутагдал 7.238.954 төгрөг, алданги 3.619.477 төгрөг, нийт 10.858.431 төгрөгийг хариуцагч О.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани шүүхэд хандаж О.Бээс барааны төлбөрт 7.238.954 төгрөг, алданги 3.619.477 төгрөг нийт 10.858.431 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Б болон харилцагч байгууллагаас 823.615 төгрөгийг төлж барагдуулсан, мөн бид О.Бэд борлуулалтын урамшуулал 1.269.980 төгрөг тооцсон тул энэ үнийн дүнг нэхэмжлэлээс хасаж барааны төлбөрт 5.145.359 төгрөг, алданги 2.572.679 төгрөг нийт 7.718.038 төгрөгийг О.Бээс гаргуулах, О.Б энэ үүргээ гүйцэтгэхгүй бол хариуцагч О.Биы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .. дугаар хороолол ... байр, ... тоот хаягт байрлах, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С ХХК-д борлуулагчаар ажилд орж 2019 оны 8 дугаар сарыг хүртэл ажилласан. Би ажиллах хугацаандаа өөрт өгөгдсөн борлуулалтын төлөвлөгөөг 100 хувь гүйцэтгэж ажиллаж байсан бөгөөд компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэхэд шаардлагатай байраар хангах үүргээ биелүүлээгүй атлаа бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах тоног төхөөрөмж, агуулах савгүй борлуулагч нарт борлуулах боломж хэмжээнээс хэт давуулан олон удаагийн давтамжтайгаар хэрэглэгч болон дэлгүүрүүд худалдан авах боломжгүй хугацаа нь дууссан, дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнийг борлуулагчийн захиалга дээр байнга нэмж өгдөг байсантай холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан өр дутагдал үүссэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 503,745 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 2,222,155 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Уг тооллогоор 2019 оны 07 дугаар сарын 17 болон 25-ны өдрүүдэд хугацаа дуусах бараа болон хугацаа дууссан бараа бүртгэгдсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 2019 оны 07 дугаар сарын 17, 25 болон 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах хугацаатай бараа тоологдож нийт 3,690,685 төгрөгийн хугацаа дууссан бараа тоологдсон. Үүнээс үзвэл өдөр, сар өнгөрөх тусам компаниас хугацаа дөхсөн барааг борлуулагч нарт шахах барааны хэмжээ байнга өсөж зуны халуун, улсын их баяр наадмын амралтаар шоколадны худалдан авалт эрс буурдаг нөхцөлийг ч үл тоомсорлон хугацаа дөхсөн бараануудаа зогсолтгүй шахсаар байсан. Ийм учраас зарж, идэж, хадгалж ч болохгүй их хэмжээний компаниас хүчээр тулган шахаж өгсөн хугацаа дууссан устгах ёстой барааны төлбөрийг би хариуцах ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч О.Би шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлуулагчийн ажилд орсон хүн компанийн барааг худалдан борлуулж байгаа болохоос биш борлуулагч өөрөө ашиг орлого хийх гэж худалдан авдаггүй. Нэхэмжлэгч компани хугацаа дөхсөн бараагаа борлуулагч нарыг зар гэдэг байсан. Манай хүүхэд "С" ХХК-иас бараа бүтээгдэхүүн ашиглан завшсан байвал барьцаа хөрөнгөөс гаргахад асуудал байхгүй. Гэтэл О.Бээс хугацаа дууссан бараа болон түүний алдангийг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХКнь шүүхэд хандаж өр дутагдлын төлбөр болон алдангид 10.858.431 төгрөгийг хариуцагч О.Бээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, төлбөр болон алданги 7.718.038 төгрөг гаргуулах, мөн О.Битай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/12 дугаартай барьцааны гэрээний дагуу түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг.. дүгээр хороо,... байр, ... тоот хаягт байрлах, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс О.Бийн өр төлбөрийг хангуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч О.Б, О.Би нар бараа бүтээгдэхүүний дутагдал болон өр төлбөр үүссэн явдалд гэм буруугүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч С ХХКболон хариуцагч О.Б нар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Борлуулагчийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр О.Б нь тус компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компани сар бүр тогтмол 500.000 төгрөгийн цалин хөлс болон борлуулалт, төлөвлөгөөний бонус тооцож сард хоёр удаа О.Бэд олгохоор харилцан үүрэг хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул энэ гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХКнь шаардлага гаргах эрхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн тухай хуулийн энэ хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн ажлын байранд, түүний багаж хэрэгслийг ашиглан, тогтоосон горимын дагуу, түүний удирдлагад, тодорхой үнэлгээ хөлс авч, ажлын өдрийн болон ээлжийн давтамжтайгаар ажиллах орон тоог хэлдэг.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч С ХХК-ийн машин, техник хэрэгслийг ашиглаж, тухайн байгууллагын хяналт дор ажилладаг, тухайлбал С ХХК-иас баталж өгсөн гэрээний маягтыг ашиглан компаниас хуваарилсан бүс нутагт буй жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийг түгээх, гэрээ байгуулах ажлын хийж гүйцэтгэж байжээ. Мөн ажил олгогчоос тогтоосон сар бүрийн 500.000 төгрөгийн тогтмол цалинг 2 хувааж тухайн сарын 8, 20-ны өдрүүдэд ажилтанд олгодог байх ба ажил олгогчоос ажлын цагийг Даваа-Бямба гарагт, өглөө 8.30 цагаас 18.00 цагаар тогтоож, хурууны хээний мэдээллээр ажлын цагийг бүртгэдэг болох нь зохигчдын тайлбар Борлуулагчийн гэрээ баримтаар тогтоогдож байна. /хх 7-8 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч С ХХКнь бараа бүтээгдэхүүний бөөний худалдааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд болох нь зохигчдын тайлбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагч О.Бийн ажлын байр нь байнгын ажлын байранд тооцогдоно. /хх 4-8 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч С ХХКнь О.Бэд шилжүүлэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнэ болон алдангийг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах боломжгүй ч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй ба энэ төрлийн шаардлагыг гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Хариуцагч О.Б нь Борлуулагчийн гэрээ-ний дагуу С ХХК-иас хүнсний бараа бүтээгдэхүүн шилжүүлэн авсан, шилжүүлэн авсан зүйлийн үнэ болон буцаан хүлээлгэж өгөөгүй барааны үнэд нийт 7.238.954 төгрөг төлөөгүй байгаа нь түүний гарын үсэг зурж баталгаажуулсан тооцоо нийлсэн акт, бараа шилжүүлэх зөвшөөрөл зэрэг баримтууд болон хариуцагчийн өөрийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч С ХХКнь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, барааны үндсэн төлбөрт 5.145.359 шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нийцнэ.

Хариуцагч О.Б нь бараа бүтээгдэхүүнийг С ХХКхүлээж авалгүй хугацаа хэтрүүлсэн гэх боловч түүний тайлбар гэрч Б.Б-н мэдүүлэг болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 183/ШШ2020/0.... дугаар шийдвэрээр үгүйсгэгдэж байна. /хх 29-35, 147-148 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагч О.Б болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Борлуулагчийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул энэ гэрээний үүргийг талууд биелүүлсэн эсэх, үүргийн зөрчилд гэм буруутай эсэх ач холбогдолгүй ба гагцхүү гэрээний дагуу шилжүүлж өгсөн эд зүйл, үнийн асуудал яригдах юм. Ийнхүү бараа бүтээгдэхүүнийг анх баримтаар хүлээж авсан О.Б эд хөрөнгө болон түүний үнийг буцаан төлөх үүрэгтэй тул гэрч Ц.Бм болон О.Би нарын мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй. Иймд О.Бээс 5.145.359 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С ХХКнь О.Битай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/12 дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу О.Биы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ..., ... байр, ... тоот хаягт байрлах, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс О.Бтэй байгуулсан Борлуулагчийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С ХХКболон хариуцагч О.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/12 дугаартай Борлуулагчийн гэрээ хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул түүний үндсэн дээр О.Битай байгуулсан, дагалдах шинж бүхий гэрээ болох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/12 дугаартай Барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч С ХХКнь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/0... дугаар шийдвэрээр С ХХКболон О.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 19/12 дугаартай Борлуулагчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул уг гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй хэмээн маргасан.

Хариуцагч О.Б болон О.Би нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 4.670.410 төгрөгийн үнэтэй шоколадыг борлуул гэж тулган шаардсан хууль бус шаардлагыг хүчингүйд тооцуулж, О.Би болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн № 19/12 дугаартай Барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх О.Би, О.Б нарын нэхэмжлэлтэй дээрх хэргийг хянаад, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/0... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн шийдвэр буюу шийдлийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг ижил шатны шүүхэд хуулиар олгоогүй боловч шүүхүүдийн хийсэн эрх зүйн дүгнэлт-үүд өөр өөр байхыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх О.Биаас шүүхэд гаргасан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх боловч тухайн хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй байна. Энэ тохиолдолд, С ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу барьцааны гэрээний үр дагавар-ыг өөр шүүх шийдвэрлэх нь эхний шүүхийн шийдэл-ийг дараагийн шүүх өөрчлөх юм уу хүчингүй болгож байгаа явдал биш юм. Харин барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх нь өөр өөр шүүхийн, өөр өөр дүгнэлт-үүд юм. Мөн учир зүйн хувьд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх барьцааны гэрээний үр дагаврыг шийдвэрлээгүй тул үр дагаврыг шийдвэрлүүлэхээр С ХХКСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх О.Би болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-тэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн ба О.Б болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Борлуулагчийн гэрээ-ний үүргийг шийдвэрлээгүй байна. Хариуцагч О.Б болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан Борлуулагчийн гэрээ-г шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар энэ гэрээний үндсэн дээр байгуулагдсан дагалдах гэрээ болох барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зөрчилдөхгүй юм.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт-ыг дахин нотлохгүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Бээс 5.145.359 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар О.Бээс 5.145.359 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 2.572.679 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205...дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ..байр, ... тоот хаягт байрлах, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Борлуулагчийн гэрээ-ээр хүлээсэн О.Бийн үүргийг гүйцэтгүүлэх тухай О.Бид холбогдох, С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бээс 97.276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР