Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01133

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01133

 

 

 

СБЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184Ш2021/01208 дугаар шийдвэртэй СБЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, О.Б-нарт холбогдох

 

Барааны үнэ 5 145 359 төгрөг, алданги 2 572 679 төгрөг, нийт 7 718 038 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч О.Б, Б.Б-, түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь манай компанитай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр борлуулагчийн гэрээг, түүний эцэг О.Б-2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсон. Энэ борлуулагчийн гэрээний 4.1-д заасны дагуу компанийн зүгээс борлуулагчид бараа бүтээгдэхүүн өгч, борлуулагч нь уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж улмаар орлогыг компанийн дансанд өдөр бүр тушаах үүрэгтэй. Гэтэл Б.Б- нь гэрээний үүргээ биелүүлэлгүй өр хуримтлагдаж 7 239 954 төгрөгийн бараа бүтээгдэхүүний орлогыг тушаагаагүй байна. Бид уг асуудлаар хариуцагчтай удаа дараа холбоо барьж мэдэгдэл өгсөн боловч үр дүнд хүрээгүй. Мөн Б.Б-, О.Б-нар төлбөр төлөхөөс зайлсхийж, манай компанид холбогдуулан хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн борлуулахыг шаардаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б- болон харилцагч байгууллагаас 823 615 төгрөгийг төлж барагдуулсан, мөн Б.Б-эд борлуулалтын урамшуулал 1 269 980 төгрөг тооцсон тул энэ үнийн дүнг нэхэмжлэлээс хасаж барааны төлбөрт 5 145 359 төгрөг, алданги 2 572 679 төгрөг, нийт 7 718 038 төгрөгийг Б.Б-ээс гаргуулах, Б.Б- энэ үүргээ гүйцэтгэхгүй бол О.Билэгсайханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029117 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржав гудамж, 9-а байр, 101 тоот хаягт байрлах, 43,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр СБЭК ХХК-д борлуулагчаар ажилд орж 2019 оны 8 дугаар сарыг хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа борлуулалтын төлөвлөгөөг 100 хувь гүйцэтгэж ажиллаж байсан бөгөөд компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэхэд шаардлагатай байраар хангах үүргээ биелүүлээгүй атлаа бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах тоног төхөөрөмж, агуулах савгүй борлуулагч нарт борлуулах боломж хэмжээнээс хэт давуулан олон удаагийн давтамжтайгаар хэрэглэгч болон дэлгүүрүүд худалдан авах боломжгүй хугацаа нь дууссан, дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнийг борлуулагчийн захиалга дээр байнга нэмж өгдөг байсантай холбоотойгоор өр үүссэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 503 745 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 2 222 155 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Уг тооллогоор 2019 оны 7 дугаар сарын 17, 25-ны өдрүүдэд хугацаа дуусах бараа болон хугацаа дууссан бараа бүртгэгдсэн. Мөн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 2019 оны 7 дугаар сарын 17, 25 болон 8 дугаар сарын 01-ний өдөр дуусах хугацаатай бараа тоологдож нийт 3 690 685 төгрөгийн хугацаа дууссан бараа тоологдсон. Үүнээс үзвэл өдөр, сар өнгөрөх тусам компаниас хугацаа дөхсөн барааг борлуулагч нарт шахах барааны хэмжээ байнга өсөж зуны халуун, улсын их баяр наадмын амралтаар шоколадны худалдан авалт эрс буурдаг нөхцөлийг ч үл тоомсорлон хугацаа дөхсөн бараанууд өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч О.Б-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлуулагчийн ажилд орсон хүн компанийн барааг худалдан борлуулж байгаа болохоос биш борлуулагч өөрөө ашиг орлого хийх гэж худалдан авдаггүй. Нэхэмжлэгч компани хугацаа дуусах дөхсөн бараагаа борлуулагч нарыг зар гэж өгсөн. Б.Б- СБЭК ХХК-аас бараа бүтээгдэхүүн ашиглан завшсан бол барьцаа хөрөнгөөс төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Гэтэл Б.Б-ээс хугацаа дууссан бараа болон түүний алдангийг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.Б-ээс 5 145 359 төгрөгийг гаргуулан СБЭК ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 2 572 679 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029117 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржав гудамж, 9-а байр, 104 тоот хаягт байрлах, 43,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19/12 дугаартай борлуулагчийн гэрээгээр хүлээсэн Б.Б-ийн үүргийг гүйцэтгүүлэх тухай О.Билэгсайханд холбогдох, СБЭК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 97 276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СБЭК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан борлуулагчийн гэрээ нь хууль зөрчөөгүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан борлуулагчийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй тул хууль зөрчиж хийсэн гэрээний дагуу СБЭК ХХК нь шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн. Гэвч борлуулагчийн гэрээ нь хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр гэж үзэж байна.

1. Б.Б- нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан харилцан тохиролцсон бүсүүд дэх хүнсний цэгүүдэд бараа, бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг гүйцэтгэж, энэ ажлыг гүйцэтгэсний хариуд ажлын үндсэн хөлснөөс гадна борлуулсан үнийн дүнд ногдох хөлсийг олгож байсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохоор заасан. Б.Б-ийн зүгээс өөрийн хүсэл зоригийн дагуу тус компанид борлуулагчаар ажиллах хүсэлт гаргаж, гэрээ байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл, Б.Б-эд компанийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хүчээр тулгаж ажиллуулаагүй, сайн дураар гэрээ байгуулсан. Б.Б-ийн эцэг О.Б-нь тус компанид урьд нь хөлсөөр ажил гүйцэтгэж байсан тул ямар ажил гүйцэтгэдэг, ямар гэрээ байгуулах талаар мэдэж байсан. Б.Б- нь ажил үүргээ ажлын байранд бус, өөрийн боломжит цаг хугацаанд тохируулан хүссэн цаг хугацаандаа гүйцэтгэж байсан ба тухайн өдөр 08:30-18:00 хооронд ажиллах буюу борлуулах барааг хүлээн авах, борлуулсан бараа бүтээгдэхүүний тооцоог нийлэхийн тулд компанинд ирдэг байсан. Ийнхүү гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эсэхэд компанийн зүгээс тодорхой хэмжээнд хяналт тавих, мөн тээврийн хэрэгслийн шатахууны төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс олгож байсантай холбогдуулан өдөр бүр компанийн байранд ирж байхаар зохицуулалтыг оруулсан. Б.Б- нь тус гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарыг хүртэлх 3 сарын хугацаанд борлуулагчийн ажил гүйцэтгэсэн. Хэрэв Б.Б- тус ажлыг байнгын ажлын байр гэж үзэж, Хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай гэж үзсэн бол компанид аливаа байдлаар мэдэгдэх боломжтой байсан.

2. Борлуулагчийн гэрээгээр гүйцэттүүлсэн ажилтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байрны тогтсон үнэлгээ, цалингийн сүлжээ тогтоогдоогүй. Ажлын хөлс нь тухайн сард борлуулсан бараанаас хамаарч тогтоогддог байсныг хариуцагч зөвшөөрсөн. Гэвч шүүхээс байнгын ажлын байр гэж дүгнэсэн.

3. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Б-тэй байгуулсан борлуулагчийн гэрээ байгуулах болсон үйл баримт. гэрээний шинж чанар, хууль зүйн дүгнэлтийг өмнө нь өөр шүүх тогтоож байсан бөгөөд тус шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Тодруулбал, харизщагч Б.Б- нь маргаан бүхий борлуулагчийн гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01092 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19/12 тоот гэрээ нь борлуулагчийн гэрээ гэх нэртэй боловч зохигчийн тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж зэргээс үзэхэд хариуцагч СБЭК ХХК нь нэхэмжлэгч Б.Б-ээр компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг гүйцэтгүүлсэн, Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 359 дүтээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Анхан шатны шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Гэвч тус барьцааны гэрээний талаар мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээ байна гэж тогтоосон. Тодруулбал, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах замаар үндсэн гэрээг дагалдуулан барьцааны гэрээ байгуулагдсан ба талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2, 166 дугаар зуйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. борлуулагчийн гэрээний 1.4-т зааснаар борлуулагч нь 30 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулж байгаа учраас уг гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан талууд барьцааны гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсоныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх боловч тухайн хэлцлийг үр дагаврыг шийдвэрлээгүй гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс үйл баримтыг нэгэнт тогтоосон байвал энэ талаар дахин нотлохгүй гэсэн зарчимтай байхад түүний үр дагавар-ыг шийдвэрлэж байна гэж хуулийг буруу тайлбарлаж байгааг зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, Б.Б-ээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөр нэг шаардлага нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 7 718 038 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрт өөрчилж оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч СБЭК ХХК нь хариуцагч Б.Б- холбогдуулан барааны бүтээгдэхүүний үнэ 7 238 954 төгрөг, алданги 3 619 744 төгрөг, нийт 10 858 431 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Билэгсайханыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа 7 718 038 төгрөг гаргуулахаар багасгажээ. /хх-140-141, 165/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, компаниас борлуулагч нарт хугацаа нь дууссан болон дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр өгснөөс өр төлбөр үүссэн тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

СБЭК ХХК болон Б.Б- нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр борлуулагчийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, компани нь гэрээний дагуу борлуулагчид хөлс төлөхөөр тохиролцжээ. /хх-7-8/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор СБЭК ХХК нь О.Билэгсайхантай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг байгуулж Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар магсаржавын гудамж, 9а байр, 104 тоотод хаягт байршилтай О.Билэгсайханы өмчлөлийн 43,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-26-27/

 

Б.Б-, О.Б-нар СБЭК ХХК-д холбогдуулан борлуулах боломжгүй 4 670 410 төгрөгийн үнэ бүхий шоколадыг борлуулах тухай хууль бус шаардлагыг хүчингүйд тооцуулах, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/12 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01092 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-29-35/

 

Дээрх шийдвэрт СБЭК ХХК болон Б.Б- нарын байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн борлуулагчийн гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, мөн СБЭК ХХК болон О.Б-нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/12 дугаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж тус тус дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул зохигчдын хооронд байгуулагдсан борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээний талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Б.Б-ийн ажлын байр нь байнгын ажлын байр учир Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан тул борлуулагчийн гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, түүний үндсэн дээр О.Билэгсайхантай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Талууд борлуулагчийн гэрээний 1.4-т Борлуулагч нь нийт 30 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид өдөр бүр тушаах үүрэг хүлээнэ гэж заасан. Гэвч хариуцагч Б.Б- нь ажиллах хугацаандаа гэрээнд заасан үүргээ зөрчиж бараа бүтээгдэхүүний үнэ 5 145 359 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэгч СБЭК ХХК нь хариуцагч Б.Б-ээс бараа бүтээгдэхүүний үнэ 5 145 359 төгрөгийг Иргэний 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул хариуцагчаас Б.Б-ээс 5 145 359 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СБЭК ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч СБЭК ХХК нь борлуулагч нартай байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулсан тул тэдгээрийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэрээний 3.12.т Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг нэг удаа буюу зохих ёсоор гүйцэтгээгүй /хугацаа хожимдуулсан, саатуулсан, дутуу төлсөн/ бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлнө гэж заасныг хүчин төгөлдөр бус үзэв. Учир нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нөхцөлийг тодорхой бус байдлаар заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч СБЭК ХХК нь хариуцагч Б.Б-ээс алданги 2 572 679 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Харин СБЭК ХХК болон О.Б-нарын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч 5 145 359 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол уг хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс 5 145 359 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СБЭК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 572 679 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар магсаржавын гудамж, 9а байр, 104 тоотод хаягт байршилтай О.Билэгсайханы өмчлөлийн 43,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126 320 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ