Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00768

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт О-ийн М /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...хороо, ... гудамж, ... байрлах НШШГГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээг болон хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .../.../... тоот шийдвэрээр ... ХХК, иргэн А.Э, О.М нараас 206,421,343 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сан-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн ...-1.../2... тоот мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Монгол шуудан ХК-иас хүлээн авч хүлээн авч танилцаад энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. Дээрх мэдэгдэлд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.М-ийн өмчлөлийн ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хэдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 127,353,000 төгрөгөер үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдэж байна гэжээ. Нийслэлийн шийдвзр гүйцэтгэх албанаас ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 127,953,000 төгрөгөөр үнэлсэнийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Үүнд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан. Төлбөр төлөгч О.М-с үнийн санал авах, үнэлгээг мэдэгдэх ажиллагаа хийгдсэн боловч нөгөө төлбөр төлөгч болох ... ХХК-аас үнийн санал аваагүй. Шийдвэр гүйцэтгэгчээс хавтаст хэрэгт ... ХХК-д мэдэгдсэн гэх баримтуудыг ирүүлсэн. Энэ баримт нь нэгдүгээрт хаягийн зөрчилтэй нотлох баримт явуулсан байна. Тухайн хуулийн этгээдийн хаяг нь ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байр ... тоот хаягт бүртгэлтэй гэж байхад хариуцагч байгууллага ...тоот хаягаар үнийн санал авах, үнэлгээний тайлангийн талаар мэдэгдэх хуудас явуулсан байна, үүнийг мэдэгдсэн гэж үзэхгүй. Хоёрдугаарт ... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Д гэдэг хүн байдаг өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Д гэж хүн байхад түүнд ямар нэгэн байдлаар мэдэгдэж үнийн санал аваагүй, үнэлгээний дараа буюу холбогдох үнийн саналыг хүргүүлээгүй байна. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Үнэлгээг үнэлгээний компани болох ... ХХК-иар хийлгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шалгах ажиллагаагаар явахдаа эрх бүхий үнэлгээний байгууллагаар хийлгэхэд тодорхой үнийн зөрүүтэй байгаа нь нотлогдож байна. Ийм учраас тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн .../.../... тоот шийдвэрээр ... ХХК, О.М нараас 206,241,843 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сан-д олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн ... тоот тогтоолоор үүсгэж, тус газрын 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 4/18227 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч О.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22001008... бүртгэлтэй, 40м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 20250271/... дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20250271/... дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчдөд үнийн санал өгөх эрхтэйг танилцуулсан. Төлбөр төлөгч О.М өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө 250,000,000 төгрөг үнэлсэн, нөгөө төлөбөр төлөгч ... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч н.О хүнд өвчний улмаас хэвтэрт удаан хугацаагаар байгаа тул үйлдэл үзүүлэх боломжгүй байна гэдэг тайлбарыг О.М өгсөн. Төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сан, төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн саналыг танилцуулахад 2021 оны 1/913 дугаар албан бичгээр шинжээч томилох тухай хүсэлтийг ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55.2-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/321 тоот шинжээч томилох тогтоолоор ... ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь барьцаа хөрөнгө болох ... дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22001008... бүртгэлтэй, 40м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг 127,963,000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 4-148/22706, 4-148/22707, 4-148/22708 дугаартай албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Хуулийн этгээдийн хаягийн асуудал ярьж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны хаяг дээрээ байгаагүй. Энэ компани одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Яг хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч О.М-ийн аав н.Огэдэг хүн барьцаа хөрөнгийн хаяг дээр амьдарч байгаа. Тэгэхээр яг хураах ажиллагаа явуулахад тэмдэглэл дээр энэ хүн хэвтэрт байна, яриа хэл байхгүй, өөрөөр хэлбэл үнийн санал өгөх боломжгүй юм байна, үнийн санал хэрэгтэйг, хураах ажиллагаа хийж байна гэдгийг сайн тэмдэглэсэн. Төлбөр төлөгч О.М-д ... ХХК нь Иргэний хуульд зааснаар үнийн саналаа ирүүлээрэй гэдийг мэдэгдсэн. О.М болон компанид нь О.М-р дамжуулж мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байна гэдэг тайлбар өгч байна. Би шууд үнэлгээ гаргадаг этгээд биш. Хуулинд заасны дагуу шинжээч томилох ажиллагааг явуулсан. Тухайн хөрөнгийн дагуу хуулийн этгээд нь үнэлгээг гаргасан болохоор хууль бус гэж үзэхгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг шаардлага ханган хавсаргажээ. Үүнд, НШШГГ-н 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-148/22706 дугаар мэдэгдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НШШГГ-н 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-148/23936, 4-148/23937 дугаар мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/7 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, ... ХХК-ийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22/ХҮ-04 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гарган өгчээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбартаа дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-11/5 тоот тайланг хүлээлцсэн акт, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай акт, шинжээч ... ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ш-11/5 тоот дүгнэлт, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .../.../... дугаар шийдвэр, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн .../.../... тоот гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20250271 дүгээр тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20250271/223 дугаар тогтоол, Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20250271/... дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/321 дүгээр тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-148/22706, 4-148/22707 дугаар мэдэгдэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч О.М 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан үнийн санал, тайлбар, төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газар-ын итгэмжлэл, мөн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/913 дугаар албан бичиг, ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 922 дугаар албан бичгийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг болон хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, хариуцагч НШШГГ нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс санал аваагүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч ... ХХК-д үнэлгээний тайланг танилцуулаагүй, барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн .../.../... тоот шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар ... ХХК, О.М нараас 206,241,843 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сан-д олгох, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу О.М-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22001008... бүртгэлтэй, 40м/кв талбайтай 3 өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 20250271 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тус газрын 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 4/18227 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч О.М-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... дүүргийн ... хороо, ... байрны ... тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22001008... бүртгэлтэй, 40м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 20250271/223 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20250271/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч О.М 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцаа хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж буй талаарх саналаа бичгээр гаргасныг төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газар зөвшөөрөөгүй тул НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/321 дүгээр тогтоолоор ... ХХК-г шинжээчээр томилжээ. Шинжээч ... ХХК нь барьцаа хөрөнгийн 127,953,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний Ш-11/5 тоот тайлангаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж, НШШГГ-т ирүүлснийг төлбөр төлөгч ... ХХК, О.М нарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-148/22706, 4-148/22707 тоот мэдэгдлээр танилцуулсан болох нь тус тус тогтоогдож байна.

 

6. Хариуцагч НШШГГ-аас төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., мөн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байна. Нэхэмжлэгч О.М нь нэхэмжлэлийн шаардлагын ... шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгч ... ХХК-д үнэлгээг танилцуулаагүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна, мөн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн болох нь 4-148/22706, 4-148/22707 тоот мэдэгдлээр тогтоогдсон.

 

7. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР