Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00739

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00739

 

 

 

О.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/00768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03205 тоот шийдвэрээр ХХХ ХХК, А.Э, О.М нараас 206,421,343 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-148/22706 тоот мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол шуудан ХК-аас хүлээн авч хүлээн авч танилцаад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх мэдэгдэлд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 127,353,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж байна гэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 127,953,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч О.М эс үнийн санал авах, үнэлгээг мэдэгдэх ажиллагаа хийгдсэн боловч нөгөө төлбөр төлөгч болох ХХХ ХХК-аас үнийн санал аваагүй. Шийдвэр гүйцэтгэгчээс хавтаст хэрэгт ХХХ ХХК-д мэдэгдсэн гэх баримтуудыг ирүүлсэн нь хаягийн зөрчилтэй нотлох баримт байна. Тухайн хуулийн этгээдийн хаяг нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байр 4 тоот хаягт бүртгэлтэй гэж байхад хариуцагч байгууллага 96 тоот хаягаар үнийн санал авах, үнэлгээний тайлангийн талаар мэдэгдэх хуудас явуулсныг мэдэгдсэн гэж үзэхгүй. ХХХ ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Д гэдэг хүн байдаг бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Д байхад түүнд ямар нэгэн байдлаар мэдэгдэж үнийн санал аваагүй, үнэлгээний дараа буюу холбогдох үнийн саналыг хүргүүлээгүй байна. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Үнэлгээг үнэлгээний компани болох Виннэр вэй ХХК-аар хийлгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шалгах ажиллагаанд эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тодорхой үнийн зөрүүтэй байгаа нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03250 дугаар шийдвэрээр ХХХ ХХК, О.М нараас 206,241,843 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20250271 тоот тогтоолоор үүсгэж, тус газрын 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 4/18227 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч О.М-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 34 дүгээр байрны 96 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22001008716 бүртгэлтэй, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20250271/223 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20250271/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчдөд үнийн санал өгөх эрхтэйг танилцуулсан. Төлбөр төлөгч О.М өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө 250,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч ХХХ ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч н.О  хүнд өвчний улмаас хэвтэрт удаан хугацаагаар байгаа тул үйлдэл үзүүлэх боломжгүй гэх тайлбарыг О.М өгсөн. Төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн саналыг танилцуулахад 2021 оны 1/913 тоот албан бичгээр шинжээч томилох тухай хүсэлтийг ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/321 тоот шинжээч томилох тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000 бүртгэлтэй, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 127,963,000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4-148/22706, 4-148/22707, 4-148/22708 дугаартай албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны хаягтаа байгаагүй, энэ компани одоо үйл ажиллагаа явуулаагүй. Төлбөр төлөгч О.М д ХХХ ХХК нь Иргэний хуульд зааснаар үнийн саналаа ирүүлээрэй гэдийг мэдэгдсэн. О.М болон компанид нь О.М эр дамжуулж мэдэгдсэн. Хуульд заасны дагуу шинжээч томилох ажиллагааг явуулсан. Тухайн хөрөнгөд хуулийн этгээд нь үнэлгээг гаргасан тул хууль бус гэж үзэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч О.М-ийн өмчлөлийн Сонгикохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 00 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний Виннэр Вэй ХХК-аар 127,953,000 төгрөгөөр үнэлүүлсэн ба нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцүүлэн мөн үнэлгээний эрх бүхий Фэйрвалуэшн ХХК-аар үнэлүүлэхэд 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх хоёр мэргэжлийн үнэлгээний байгууллага өөр дүгнэлт гаргасан. Эдгээр дүгнэлт нь илт зөрүүтэй, эргэлзээтэй, энэ нь маргааны үйл баримтад хамааралтай байгаа учир шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар дахин шинжээч томилуулж мэргэжлийн үнэлгээний байгууллагуудын зөрүүтэй дүгнэлтийн эргэлзээг арилгуулах байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдаж, хэлэлцүүлэгдсэн баримтуудаар зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн нь тогтоогдохгүй гэсэн нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөгч ХХХ ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус баримтаар дээрх төлбөр төлөгч хуулийн этгээд нь 2 хувьцаа эзэмшигчтэй байх ба хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Д гэх хүн байх ба төлбөр төлөгч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээгүй, үнэлгээ тогтоохоос өмнө үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй, мөн хариуцагч нь төлбөр төлөгч хуулийн этгээдэд үнийн санал авахдаа буруу хаягаар шуудан явуулж түүнийгээ мэдэгдсэн гэж тайлбарладаг ба тус хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4 тоот хаягт бүртгэлтэй нь баримтаар тогтоогдож байхад шүүхээс хариуцагч нь төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь тогтоогдож байна хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03205 дугаар шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 2016/00 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч ХХХ ХХК, О.М нараас зээлийн гэрээний үүрэгт 205,237,703 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх60-62 дахь тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 102/ГХ2020/00197 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор О.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20250271/223 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20250271/02 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. /хх66, 69 дэх тал/

 

2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилох шаардлагагүй. Харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон үнэлгээ тогтоохоор хуульчлан зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч болон өмчлөгч О.М эс үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан /хх71/ ба уг үнэлгээний саналыг төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж /хх-74/ улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Виннэрвэй ХХК-ийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/321 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх75/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Виннэрвэй ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Виннэрвэй ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 127,953,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-36-55 дахь тал/

 

4. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-148/22706, 4-148/22707 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч ХХХ ХХК, өмчлөгч О.М нарт баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн тул дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. /хх-77-78 дахь тал/ Нэхэмжлэгч О.М-ийн ХХХ ХХК 2 хувьцаа эзэмшигчтэй тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Д д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээгүй, үнэлгээ тогтоохоос өмнө үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй, хариуцагч нь төлбөр төлөгч хуулийн этгээдэд үнийн санал авахдаа буруу хаягаар шуудангаар хүргүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

ХХХ ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаагүй байхад хэргийн оролцогч бус этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.2/

 

Иймд анхан шатны шүүх төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар тогтоосон гэх үндэслэл тогтоогдоогүй, үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн болох нь хэргийн 77-78 дахь талд авагдсан 4-148/22706, 4-148/22707 тоот мэдэгдлээр тогтоогдсон тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, тухай бүрд нь төлбөр төлөгч, өмчлөгч нарт нь мэдэгдэж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн саналыг авч, харилцан тохиролцоонд хүрээгүй тул төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.1/

 

Учир нь хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагдсан төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хураагдсан үл хөдлөх хөдлөх хөрөнгийг шинжээч томилж Виннэрвэй ХХК 127,953,000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч төлбөр төлөгч А.Мөнх-Эрдэнийн зүгээс уг үл хөдлөх Фэйрвалуэшн ХХК-аар үнэлүүлэхэд 140,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь нэг талын баримт тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ач холбогдолгүй гэж дүгнэж шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4.1/

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ