Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/1404

 

107/2020/0053/Э

 

 

   

  2020              11            05                                       2020/ДШМ/1404    

 

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/170 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбат бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Э-т холбогдох эрүүгийн 1904002470078 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 12 дугаар гудамжны 1 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Э-т холбогдох хэргийн үйл баримтыг тогтоож хэргийг шүүхэд ирүүлэхдээ Д.Амгаланбаярын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалаад явж байсан болон бусдад өгч буй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна. Хэргийн газар хамт байсан насанд хүрээгүй гурван гэрч болох М.Жавхланбаяр, С.Жавхлантөгс, Б.Билгүн нар нь мөрдөн байцаалтын шатанд Х.Амгаланбаяр гэгч нь биедээ гялгар ууттай өвс шиг зүйл авч явж байсан талаар агуулгын хувьд зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн байна. Мөн гэрийн хоймор хэсэгт байх модон авдрын ирмэгт нуусан байсан /хх 24/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь хэнд, хэрхэн хамааралтай талаар бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Э- болон гэрч Д.Амгаланбаяр нарын мэдүүлгийн үнэн зөв эсэхийг хэргийн нөхцөл байдал бусад насанд хүрээгүй гурван гэрчийн мэдүүлэгт тулгуурлан харьцуулж дүгнэх, хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан түүнээс хураан авсан гэх мансууруулах бодисыг хэрхэн хаанаас олж авсан, эх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Насанбат бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.

Жавхланбаяр, Жавхлантөгс, Билгүн нар нь мөрдөн байцаалтын шатанд “Амгаланбаяр ах халааснаасаа өвс гаргаж ирээд нөат-ын цаасанд ороогоод гадагшаа Э- ахын хамт гарсан” гэж өөрөөр хэлбэл тухайн үед Амгаланбаяр гэгч нь биедээ гялгар ууттай өвс шиг зүйл авч явж байсан талаар агуулгын хувьд зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн байна. Прокуророос Б.Э-т холбогдох хэргийн үйл баримтыг тогтоож хэргийг шүүхэд ирүүлэхдээ Д.Амгаланбаярын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалаад явж байсан болон бусдад өгч буй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Амгаланбаярын биед мансууруулах бодис байсан талаарх үйл баримт нотлогдоогүй бөгөөд гэрч М.Жавхланбаяр, С.Жавхлантөгс, Б.Билгүн нараас Д.Амгаланбаяр ах халааснаасаа өвс гаргаж ирээд нөат-ын цаасанд ороогоод сорсон, Э-, Билгүн, Амгаланбаяр гурав тэр өвснөөс сорсон талаар мэдүүлсэн байх боловч хэргийн газарт байсан нэр бүхий хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт илрээгүй, бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан байна. Энэ нь шүүхийн үндэслэсэн М.Жавхланбаяр, С.Жавхлантөгс, Б.Билгүн нарын мэдүүлэг нь эргэлзээтэй болохыг нотолж байна. Б.Э- нь мөрдөн байцаалтын шатанд ажилдаа явж байхдаа “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйл олсон талаараа мэдүүлсэн бөгөөд хэн нэгнээс авсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй тул эх сурвалжийг шалгах үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд Б.Э-ийн мэдүүлэг нь бусад мөрдөн шалгах ажиллагаагаар давхар нотлогдсон. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр гаргаж, гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцээд цагаатгах шийдвэр гаргасныг дээд шатны прокуророос эс зөвшөөрч “...анхан шатны шүүх үндэслэлгүйгээр Б.Э-т холбогдох хэргийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн...” эсэргүүцэл бичсэний дагуу Давж заалдах шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Б.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр буцаасан шийдвэр хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийн хэргиг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг, нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхийн “анхан шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлтийг дахин үгүйсгэж, цагаатгах тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэсэн заалтыг тус тус зөрчсөн бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед хэрэгт нотлох баримт авагдаагүй, хэргийн үйл баримт хэвээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/170 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч  Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Насанд хүрээгүй гэрчүүд мэдүүлэхдээ Д.Амгаланбаярыг анх “өвс” гэх ургамлыг гаргаж ирсэн тухай ярьдаг. Мөн авдарны завсар хийсэн зүйлийг хэн хийсэн болох нь тодорхойгүй. Б.Э- “би өвсийг ажилдаа явж байхдаа олсон” гэж байснаа “би Д.Амгаланбаяраас айдаг болохоороо ингэж мэдүүлсэн юм. Намайг Амгаланбаяр “хэргийг даа” гээд байсан болохоор ингэж мэдүүлсэн” гэсэн. Тэгэхээр шүүгдэгч Б.Э- өвсийг өөрөө олсон уу, хэн нэгнээс авсан уу гэдгийг шалгах шаардлагатай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дандаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө “тухайн өвс гэх бодисыг ажилдаа явж байхдаа өөрөө олж авсан. Би өөрөө биедээ хадгалж байсан. Тэнд байсан хүмүүс мэдээгүй, цагдаа нар гэнэт ороод ирэхээр нь сандарсандаа болоод нэг хэсэг өвсийг халааснаасаа аваад шидсэн. Таслаад халаасандаа хийсэн байснаа мартчихсан байсан байна лээ. Тэр нь миний халааснаас гарч ирсэн” гэж тогтвортой мэдүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөө солиод “энэ миний өвс биш Амгаланбаярын өвс” гэх асуудлыг ярьж эхэлсэн. Анхан шатны шүүх эхлээд цагаатгаж шийдвэрлэсэн, одоо болохоор Д.“Амгаланбаяр гэх хүнийг шалга” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийж Б.Э-ийн биеэс гялгар ууттай өвс мэт ногоон өнгийн эд зүйл хурааж авсан тухай болон эдгээр ажиллагааны явцыг дүрс бичлэгээр баталгаажуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт байсан нэр бүхий хүмүүсийн биеэс биологийн дээж авч шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт илрээгүй талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогчдыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э-т холбогдох хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд “гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй” гэх үндэслэлээр түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг /хх 165-168/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн /хх 195-201/ байхад анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож, 9 дүгээр сарын 16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай...” гэсэн хууль зүйн үндэслэлгүй шалтгаан зааж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/170 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН