Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00900

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... байрлах, ... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ийн Б /РД: .../,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт У.Б /РД: .../-нарт

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П,

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч У.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Б , У.Б нар нь ... ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан жилийн 35.4 хувийн хүүтэй 29 сарын хугацаатайгаар 80,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн барьцаанд ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах Ү-2205037... тоот улсын бүртгэлийн дугаартай 34.11 м/кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө барагдуулаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн төлбөрт 29,967,235.59 төгрөг, үндсэн хүүнд 33,592,039.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197,440.92 төгрөг, нийт 64,756,715.64 төгрөг болсон байна. Иймд хариуцагч нараас 64,756,715.64 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 34.11 м/к талбай бүхийн 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, У.Б , Б.Б , Н.Э нартай 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед 50,000,000 төгрөг тушаагаад Н.Э-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээд Н.Э-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. Зээлийн гэрээний 6.2-т Гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахдаа уг гэрээг анх байгуулсан журмыг баримтлан зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байх болно, Барьцааны гэрээний 5.3-т Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2105008632 тоот зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байна. Зээлийн болон барьцааны гэрээнд зээл болон зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө зээлдэгч нарт мэдээлэх үүрэг тусгагдаагүй байх тул хариуцагч У.Б од банк мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Хариуцагч У.Б нь банкнаас өөрийн авсан зээлийн талаар мэдээлэл авах эрхтэй ба энэхүү эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй байна. Зээлийн гэрээний 4-т Гэрээг дуусгавар болох түүнийг цуцлах хэсэгт зээлийн гэрээг хэрхэн дуусгавар болгох цуцлах талаар тусгасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

2. Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт... ХХК нь Б.Б , У.Б нараас 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Б нь У.Б , Н.Э нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 80,000,000 төгрөгийн зээлийг авч хувийн бизнестээ хэрэглэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж байгаад тус банктай харилцан тохиролцсоны дагуу үндсэн зээлийн төлбөрөөс 50,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж үндсэн зээлээ 30,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлүүлж зөвхөн үндсэн зээлээ төлөх хүсэлтээ ... ХХК-нд албан ёсоор өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 10-нд 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасахад 9,967,235.59 төгрөг үлдэж байгааг зөвшөөрч байна, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн ээлийн төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 10-нд 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 10-нд 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-нд 4,000,000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл 70,000,000 төгрөг гэж тооцож байгаа юм. Зээлийн хүүнд 2015 оны 11 дүгээр сарын 25-нд 2,405,500 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,327,700 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 08-нд 1,047,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 07-нд 2,589,572 төгрөг төлсөн. 2016 оны 04 дүгээр сарын 08-нд 28,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 16-нд 902,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 31-нд 872,864 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-нд 136,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-нд 902,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-нд 90,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-нд 300,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-нд 500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 902,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-нд 905,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-нд 903,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 29-нд 1,207,044 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 08-нд 556,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-нд 905,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 1,714,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-нд 400,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-нд 502,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 08-нд 872,829 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 09-нд 29,170 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 08-нд 902,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 31-нд 872,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-нд 902,000 төгрөг, нийт 23,470,799 төгрөг төлсөн байнаИймд нэхэмжлэлийн шаардлагаас 9,967,235.59 төгрөгийг зөвшөөрнө. У.Б ын барьцаа хөрөнгийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

3Хариуцагч У.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.М-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт... ХХК нь Б.Б , У.Б нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Б.Б-ийн хүсэлтийн дагуу түүний бизнесийг дэмжих зорилгоор 80,000,000 төгрөгийн зээлийг олгосон, үүргийн гүйцэтгэлд У.Б ын өмчлөлийн ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 34.11 м/к талбай бүхийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Өөрөөр хэлбэл тухайн зээлийн мөнгөнөөс У.Б нэг ч аваагүй учраас зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 2 ширхэг орон сууцыг буюу У.Б ынхоос өөр бас орон сууцыг барьцаалсан, тэр нь ... дүүргийн ... хороо, ... гэх хаягтай. Б.Б нь тухайн зээлийн хүүг буцаан төлөх хуваарийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл төлж явж байгаад 50,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулан ... дүүргийн ... хороо, ... гэх барьцааг У.Б од мэдэгдэлгүйгээр ... ХХК-тай уулзаа чөлөөлүүлчихсэн. Иймд бид шударга бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд У.Б ыг хамтран зээлдэгчээр оролцуулж, зээлдэгчийн нэгэн адил эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэхээр заасан мөртлөө зээлийн гэрээ, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн талаараа огт мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй шийдвэрлэсэн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зүй нь, талуудын санал хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгөнд өөрчлөлт оруулахдаа гэрээний оролцогч талуудад тухай бүр мэдэгдэн тэдгээрийн зөвшөөрлийн үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Зээлийн гэрээний 6.2-т зааснаар нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулаагүй, гэрээний бусад оролцогчдод мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй зэрэг нь дээрх үйлдлийг хийсэн үндсэн гэрээний заалтуудтай зөрчигдөж байна. Барьцааны гэрээний 5.3 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байгаа гэв.

 

4. Хариуцагч У.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: ... ХХК нь хариуцагч У.Б , Б.Б , Н.Э нарын хүсэлтийн дагуу тэдний бизнесийг дэмжих зорилгоор 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах Ү-2205037... тоот улсын бүртгэлийн дугаартай 34.11 м/кв 2 өрөө орон сууцаа барьцаалахыг зөвшөөрч, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн болон барьцааны гэрээнд У.Б , Б.Б , Н.Э нар үүрэг хүлээж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээгээр олгогдсон 80,000,000 төгрөгийг Б.Б тус банк дахь өөрийн дансаараа хүлээн авч хувийн бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн бөгөөд У.Б тухайн зээлээс огт аваагүй болно. ... ХХК нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, барьцаагаар хангагдах шаардлагад өөрчлөлт оруулахдаа гэрээний оролцогч, өмчлөгч тэдгээрийн зөвшөөрлийн үндсэн дээр нэмэлт өөрчлөлт, зээлийн болон барьцааны гэрээг дахин байгуулах ёстой. Энэ талаар зээлийн гэрээний 6.2-т, барьцааны гэрээний 5.3-т тодорхой заасан байгаа. Гэтэл нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулаагүй, гэрээний бусад оролцогчид энэ талаараа мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй дээрх үйлдлийг хийсэн нь ... ХХК нь гэрээний зүйл заалтуудаа өөрөө зөрчсөн төдийгүй зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж харж байна. ... ХХК өөрсдөө зээлийн гэрээний 6.2, 6.3, 6.6, барьцааны гэрээний 1.7, 5.3 дахь заалтуудаа зөрчсөн байдал нь гэрээг дуусгавар болгох үндэслэл болж байна. Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн т/41 дүгээр тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээл хүсэгчийн анкет, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... ХХК-д Б.Б эс гаргасан хүсэлтүүдийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавсаргасан. Харин Зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол гэх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулаагүй хавсаргасан.

 

6. Хариуцагч нар хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн, бусад бичгийн баримтыг гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг хүлээн авч, хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Б.Б , У.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нар нь хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч төлбөрөө төлөхгүй байна гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 70,000,000 төгрөг, хүүнд 23,470,799 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 9,967,235.59 төгрөг гэж үзэж байгаа гэж тодорхойлжээ.

 

4. Хариуцагч У.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б 50,000,000 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг болоход ... ХХК нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж энэ талаар дахиж гэрээ байгуулах ёстой байсан, энэ талаарх гэрээний заалтаа зөрчсөн. Мөн У.Б ынхоос бусад барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө У.Б од мэдэгдээгүй гэж тодорхойлжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээл хүсэгчийн анкет, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... ХХК-д Б.Б эс гаргасан хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Б.Б , У.Б нар нь ... ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан жилийн 35.4 хувийн хүүтэй 29 сарын хугацаатайгаар 80,000,000 төгрөгийг зээлж авсанзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд У.Б ын өмчлөлийн ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах Ү-2205037312 тоот улсын бүртгэлийн дугаартай 34.11 м/кв 2 өрөө орон сууц, ... дүүргийн ... хороо, ... байрны ... байрлах 48 м/к талбай бүхий газар, ... дүүргийн ... хороо, ... тоот хаягт байрлах 96 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь тогтоогдож байна.

 

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-д жилийн 35.4 хувийн хүүтэйгээр, мөн 1.11-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

8. Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 70,000,000 төгрөг, хүүнд 23,470499 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Б , У.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 29,967,235.59 төгрөг, хүүнд 33,592,039.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197,440.92 төгрөг, нийт 64,756,715.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 34.11 м/к талбай бүхийн 2 өрөө орон сууцнаас хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Хариуцагч У.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205037312 дугаарт бүртгэлтэй, 34.11 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсонд тооцож өгнө үү гэж өөрчилжээ.

 

10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу төлөлт хийсний дагуу зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан тухай нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй, мөн зарим барьцаа хөрөнгийг чөлөөлсөн талаар У.Б од мэдэгдэх үүргийг банк хүлээгээгүй гэж тодорхойлжээ.

 

11. Дараахь үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд, хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б 50,000,000 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг болоход ... ХХК нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж энэ талаар дахиж гэрээ байгуулах ёстой байсан, энэ талаарх гэрээний заалтаа зөрчсөн. Мөн У.Б ынхоос бусад барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө У.Б од мэдэгдээгүй гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1, 4.2-т зээлийн гэрээ дуугавар болох түүнийг цуцлах үндэслэлүүдийг дурдсан ба дээрх үндэслэлүүдэд хариуцагчийн сөрөг шаардлагын үндэслэлүүд хамаарахгүй, мөн Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл-д хамаарахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүдээр зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцох үндэслэлгүй. Харин зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хугацаа дууссан болохыг дурдав.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,943 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 551,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б , У.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 34.11 м/к талбай бүхийн 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч У.Б ын шүүхэд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,943 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 551,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР