Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00972

 
 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоот хаягт оршин суух, ... овогт Э-ын Х /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас хууль бусаар халсан гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугааргүй тушаалыг хүчингүй болгуулах, хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Л.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э-н Х миний бие 2016 онд Монгол Улсын Их сургуулийийг багш-математикч мэргэжлээр, 2017 онд Монголын хүний нөөцийн цогц чадамж академи-г Хүний нөөцийн менежер мэргэжлээр тус тустөгсөж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ... ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилласанЭ.Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тус компанид хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 21-ныг хүртэл буюу тус компанийн захирлын үүрэгт ажлыг У.Б гүйцэтгэж хариуцсан байсан. Э.Х нь энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс гадна төслийн ажил, компанийн ажилтаны үүрэг, текникийн материал болон үнийн санал тооцооллын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Ингэж ажиллахдаа алдаа дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ хүлээж байгаагүй. У.Б захирал компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэх болсон үеэс Э.Х-ын ажилд дээр дурдсан ажлуудыг нэмээд харилцагч хамтран ажиллах байгууллагуудтай гэрээ байгууллах, ажлын бус цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэх мэтээр дарамт шахалтыг удаа дараалан ирүүлж ажилчдыг ажлаас хална, орон тооны цомтголоор ажлаас хална. Ажлаас өөрөө өргөдлөө өгөөд гарах хэмжээнд хүргэх арга хэмжээнүүд авах гэх мэтээр миний ажилд оролцож намайг энэ хууль бус шаардлагаа дагаж мөрдөхийг шаардаж байсан тул ажлын байрны дарамтад орж унтаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны хооронд ээлжийн амралтынхаа үлдсэн хоногуудаас авсан. Гэвч ээлжийн амралттай байхад ажлаа хий гэж шахаж дарамталж утсаар ярьж мэйл хүртэл бичиж байсан. Түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх сонирхол байгаагүй, одоо ч байхгүй байна. Ажил олгогчдын талаас удаа дараалан ирсэн ажлын байрны дарамт шахалтад автан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оройны 21 цагт ажлын бус цагаар захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б луу ажлаас гарах тухай мэйл бичсэн нь ажлын байрны дарамт шахалт албадлагын үйл ажиллагаа байснаас болсон юм. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-тай ярилцаж ойлголцохыг хүссэн боловч ойлголцолд хүрээгүй болно. Харин түүний дараа 10 дугаар сарын 25-ны өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-тай уулзаж ярилцаад албан ёсоор ажлаас гарахгүй, өргөдлөө буцаан авч байгаагаа мэдэгдээд аман тохиролцоонд хүрээд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх болсон. Дахин ажлаас гарах тухай албан ёсоор өргөдөл өгөөгүй. Захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б нь ажилчдыг яаж халах талаар байнга ярьдаг. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс менежментийн хурлаар ажилчдыг цомхотгоно, ингэхдээ хэлтсийн менежерүүдтэй зөвлөлдөх болно гэж мэдэгдсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нягтлан бодогч н.Ө миний мэйлийг хэвлээд гарын үсгээ зураа, би чиний ажлыг хүлээж авна гэж шаардсан. Мэйлээсээ татгалзсан тухайгаа тайлбартай бичээд захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-т үзүүлсэн. Гэтэл миний мэйлээр бичсэн өргөдлийг урж, хогийн саванд хийсэн. Энэ үйлдэл нь У.Б хөдөлмөрийн харилцааны асуудалд хууль зөрчсөн, ажилтны асуудалд өөрийгөө ямар хүн гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

 

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон Э.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...-ний /.../ гарын үсэг бүхий тушаал гарсныг тэрээр 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээж авсан. Уг тушаалд Э.Х-ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас халах тухай мэйлээр ирүүлсэн өргөдлийг үндэслэн хүний нөөцийн ажилтан ажилтай Э.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсүгэй гэж заасан. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 39 дүгээр зүйл болон бусад заалтыг зөрчиж байна. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэйлээр гаргасан хүсэлт бол ажлын байрны дарамт шахалтын улмаас гаргасны сацуу ийнхүү хүсэлтээсээ татгалзсанаа захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-т амаар мэдэгдсэн байсан болно. Үүний нотлох баримт энэхүү нэхэмжлэлд хавсрагдсан. Э.Х-ыг ажлаас халах тушаал нь дугааргүй, 2021 оны 12 дугаар сарын 14-нд ажлаас халсан атлаа 2021 оны 12 дугаар сарын 24-нд огноолсон зэргээр хуулиар тогтоосон журам зөрчсөн тушаал юм. Миний ажлыг огт хүлээж авах хугацааг тогтоож зохицуулаагүй зэргээр Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн, тэрээр өнөөдрийг хүртэлх ажлаа хүлээлцээгүй байна. Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмын дагуу ээлжийн амралтын тооцоо хийж 2021 оны ээлжийн амралтыг эдлүүлэх, амралтын олговрыг олгох ёстой, мөн хуулинд зааснаар ажил олгогч ажилтны ажлаас халсан тушаалаа танилцуулж, үндэслэлээ тайлбарлаж уулзалт ярилцлага зохион байгуулах ёстой атал ийм ажиллагаа хийгээгүй. Э.Х нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Санхүү эрхэлсэн захирал ... тушаалаа хүлээн авсан талаар ярилцах хүсэлт гарган 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль ...-ээр орчуулга хийлгэн ярилцсан боловч захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-тай холбогдож ярилцаад эргээд хариу өгье гэсэн боловч өдий хүртэл холбогдоогүй. Компанийн гүйцэтгэх захирал ... /.../ нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн захирлын үүрэг гүйцэтгэгч У.Б-ыг Э.Х-д ажлын байрны дарамт шахалт үзүүлж одоогийн нөхцөл байдал үүссэн тухай мэйлээр мэдэгдсэн боловч хянан, зохих хариу өгөөгүй зэргээр хариуцагчийн зүгээс Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулийг тус компанийн удирдлагууд зөрчөөд байна. Энэ явдлаас болж Э.Х нь сэтгэл санаа, бие мах бодиороо хохирч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14 дүгээрт Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэлтээр, хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч эхлээд захиралдаа мэйлээр өргөдлөө өгсөн, 5 хоногийн дараа өргөдлөө буцааж авч байгаа талаараа хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 23-наас эхлэн У.Б-аар ... ХХК-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлэх болсон талаар У.Б нь ажилчиддаа танилцуулахдаа тэрээр мэйлээр болон дотоод сүлжээгээрээ би байгууллагыг удирдан ажиллана, ийм бүтцээр та бүхнийг ажиллуулна, хална гэж хэлж байсан нь дарамт, шахалтын нэг хэлбэр юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуульд иргэдийн өргөдөл гомдлыг 1 сарын дотор шийднэ гэж байгаа. Хэрвээ 1 сар өнгөрөх юм бол өргөдөл гомдлын хугацаа сунгаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг. Энэ бүгд төрийн болон хувийн бүх байгууллагад хамааралтай талаар тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т хуульчилсан байгаа. Хэрвээ тус компани нь нэхэмжлэгч Э.Х-ыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2021 оны 10 дугаар сарын 20-нд өдөр гаргасан гэж үзэж байгаа бол Монгол улсын хуулиас гадуур буюу 2 сар гарангийн дараа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөдлийг шийдвэрлэсэн тушаал гаргана гэдэг ойлголт байж болохгүй. Үүний цаана Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг зарчим зөрчигдөж байна. Энэ тушаалын нэг ноцтой зүйл нь ямар ч дугаар байхгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны ч бай, хамтарсан ч бай бүх байгууллага албан хэрэг хэрэг хөтлөлтийн журмын дагуу бичиг баримт, эрх зүйн актаа үйлдэж тушаалаа дугаартай, номертой үйлдэх ёстой. Хөдөлмөрийн тухай /199 оны/ хуулийн 39 дүгээр зүйл, одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг зөрчөөд албан бус байдлаар гаргасан тушаал хавтаст хэрэгт байгаа. Үүний дагуу миний үйлчлүүлэгч Э.Х ын эрхийг хохироосон. Хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтаас харахад хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах гэдэг зохицуулалтууд бий. Дээрх тушаалд ... өргөдлийг үндэслэн тушаах нь, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсүгэй гэжээ, ямар ажлаас халж байгаа нь тодорхойгүй. Тушаалын 1 дэх заалт хуулиас гадуур, хүн уншаад ойлгохын аргагүй бичигдсэн байна. Зүй нь, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тийм тийм ажлаас халсугай, чөлөөлсүгэй гэж явах ёстой. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын заалтуудад ч тийм байгаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аль ч байгууллага 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Монгол улсын хуулийг нэг мөр сахин биелүүлэх ёстой. Энэ тушаалд ажил өгөлцөж авалцах, ээлжийн амралтын болон бусад тооцооны асуудлыг шийдээгүй хаясан. Ийм ойлгомжгүй, хууль бус, найруулага муутай тушаал гэдгийг дурдах нь зүйтэй байх.

 

Иймд нэхэмжлэгч Э.Х ыг ажлаас хууль бусаар халсан ... ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дугааргүй тушаалыг хууль бусад тооцуулах, Э.Х ыг тус компанийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоох, Э.Х ын ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс хойш өнөөдрийн хүртэлх хугацааны буюу 3 сар 4 хоногийн цалинд /1 өдрийн цалин 100,000 төгрөг/ 5,700,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн өмгөөлөгч С.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд гаргасан Э.Х ын нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргав. Үүнд, Э.Х нь ... ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан, Хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажпын цахим шуудангаар дамжуулан ажпаас гарах тухай өргөдлөө компанийн удирдлага болох У.Б-ын [email protected] гэх цахим хаягаар ирүүлсэн. Тэрээр ажлаас гарах өргөдөлдөө Э.Х нь өөрийн хүсэлтээр Хүний нөөцийн менежерийн албан тушаалаа өгч албан ёсоор гарч байгаа бөгөөд тус оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажиллах сүүлийн өдөр болох талаараа дурдсан байсан. Э.Х нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачилгыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ байдпыг мушгин гуйвуулж, худал гүтгэлгийг дурдаж байгаад туйлын харамсаж байна. Э.Х нь коронавирусийн хөл хорионы үед 1 жил 6 сарын хугацаанд гэрээсээ ажилласан бөгөөд компанийн зүгээс цалин хөлсийг тухай бүр хугацаанд нь олгож байсан. Цар тахлын нөхцөл байдал манай компани төдийгүй бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаанд шууд, ноцтой нөлөөлж, ажилчдаа цомхотгох хүртэл арга хэмжээ авах хүрээнд ихээхэн хэмжээний санхүүгийн хүндрэл үүссэн ч бидний хувьд ажилчдын цалингаа хоцроохгүйн тулд бусдаас зээл авч бизнесийн тогтвортой үйл ажиллагаагаа хадгалсан. Э.Х нь компанийн эсрэг ийнхүү нэхэмжпэл гаргаж байгаад бид харамсаж байна. Түүнийг ажлаас гарах өргөдлөө бичихэд ажил олгогчийн зүгээс шахалт үзүүлсэн болон ажиллах хугацаанд нь дарамталж, ялгаварлан гадуурхсан үйлдлийг огтоос гаргаж байгаагүйг онцлон дурдья.

 

Улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх Э.Х ын саналыг ажил олгогчийн зугээс хүлээн авч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ талаарх шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүнд гардуулан өгсөн нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-т заасантай тус тус нийцсэн болно. У.Б нь компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг гүйцэтгэхээс гадна 2021 оны 09 дүгээр сараас эхлэн компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг давхар гүйцэтгэж ирсэн. Улмаар гүйцэтгэх захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх ажпыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хийлгэсэн болно. Ийм учир тухайн үед улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй компанийн гүйцэтгэх захирал ...ий гарын үсэг бүхий шийдвэрийг гаргасан ба тэрээр Австрали улсад оршин сууж байсан учраас шийдвэрийг шууд нэхэмжпэгчид гардуулах боломжгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Шийдвэрийн эх хувь гадаад улсаас ирэх явц нь коронавирус халдварт өвчин, цаг үеийн нөхцөл байдал болоод улс хоорондын хилийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлийн улмаас нэлээдгүй цаг хугацаа шаардсан болохоор шийдвэрийг Э.Х д 12 дугаар сард гардуулж өгсөн болно. Хэдий хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар шийдвэрийг Э.Х ын ажлаас гарах өргөдөл өгснөөс хойш нэг сар гаран хугацаа өнгөрсний дараа гардуулсан боловч энэ нь нэхэмжпэгч Э.Х ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйл үгүй билээ. Э.Х нь нэхэмжлэлдээ ажпаас халсан тушаал дугааргүй гарсан нь хуулиар тогтоосон журам зөрчсөн тухай дурджээ. Аливаа баримт бичигт дугаар, тэмдэг тавих, бичиг хэрэг хөтлөлтийн асуудал нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжпэгчийн тайлбараар ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр, ажил олгогчоос гаргасан шийдвэрт дугаар байхгүй байгаа нь нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхпыг зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.Х ын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

 

Бид энэ асуудлыг шударга шүүхээр шийдүүлж байгаа нь үнэн. Шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэж шийдвэрээ гаргах нь ойлгомжтой. Э.Х нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө буцааж авсан гэж яриад байна. Сая төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэлээд байгаа шиг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөдлөө өгөөд 5 хоногийн дараа буюу 25-нд өргөдлөө буцаалаа гэдэг зүйл огт байхгүй. Шүүхэд гаргаж өгсөн мэйлийнхээ доор өөрөө гараараа бичээд тайлбар өгсөн, өөрөө үүнийг нотлоогүй. Яагаад ийм маргаан үүссэн гэхээр 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөр тушаал гадаадаас ирээд гардуулахад Э.Х нь ... би өмнөх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн өргөдлөө авлаа. Та нар намайг хууль бусаар ажлаас халж байна гэж хэлээд л Хүний эрхийн комисст өргөдөл, гомдол, санал хүсэлтээ бичээд явуулсан байсан. Хүний эрхийн үндэсний комисс зөвхөн ажилтны өргөдлийг үндэслээд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ёс зүйгүй, дарамт шахалт үзүүлсэн гэж шууд нотлох нь өрөөсгөл гэж үзэж байна. Нэхэмжлэгч өргөдөл гаргасан, өргөдлийг шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр маргаан үүсгээд эхлэсэн. У.Б захирал 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Х ын өргөдлөө буцаасан тухай мэйлийг урсан зүйл огт байхгүй. Э.Х ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдийг үндэслээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргасан, үнэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлдгээр 30 хоногийн дотор тушаал гаргаагүй гэдгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ хооронд ажилтны ажилласан хугацааны хувьд эрх зүйн байдал дордоогүй, 45-аас 50 хоног хэтрүүлж тушаалыг өгсөн, компанийн гадаад захирал ... /.../ Австрали улсад байсны улмаас, мөн цар тахлын улмаас хил гааль хаалттай байсан зэрэг нөхцөл байдлын улмаас хугацаа сунжирсан талаар тайлбарласан, энэ хугацаанд нэхэмжлэгч цалин хөлсөө аваад ажиллаж байсан. Нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурдаж байна. Бид үнэхээр нэхэмжлэгчийн бичсэн шиг У.Б захирал дарамтлагч уу, хувь хүн нь ямар хүн бэ, ямар харилцаатай хүн бэ гэдгийг мэдэхгүй. Нэхэмжлэгч тал дарамт, шахалтад орж Э.Х өргөдлөө бичсэн үү, үгүй юу гэдгийг анхаарах ёстой гэж Улсын Дээд шүүх тайлбарласан гээд байх шиг байна. Бид нэхэмжлэгч юу шаардаж, юуг хүсч байгаа вэ гэдгээ буюу дарамт шахалтад орж өргөдлөө бичсэн гэдгээ нэхэмжлэгч нотлох ёстой. Түүнээс биш гадаадын аж ахуйн нэгж гэдгээр нь Монгол ажилчдыг дарамталсан гэж шууд ойлгох ёсгүй. Бид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу л тушаал шийдвэр гаргасан, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хуулийн дагуу компанийн үйл ажиллагаа явуулах ёстой. Ийм ч үүрэгтэй гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийгмийн даатгалын дэвтэр, ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/20 тоот тушаал, мөн өдрийн хөдөлмөрийн гэрээ, хавсралт 2, Ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаал, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэгч Э.Х ын бичсэн гэх мэйл,  2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 тоот гүйцэтгэх захирлын тушаал, хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хүний эрхийн үндэсний комисст гаргасан тайлбар зэрэг нотлох баримтыг хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ХХК-ийн сахилгын шалгалт, шийтгэлийн хуудас, гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/90 тоот тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Э.Х ын бичсэн мэйл, ... ХХК-ийн бүтэц, схем зургийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 92 тоот тушаал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн рекрутингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.Х ын бичсэн мэйлийн орчуулгыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн. 

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2021/03... захирамжаар хариуцагчаас У.Б ыг ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эсхүл үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 21/3-75 дугаартай Харилцан нууц хадгалах тухай гэрээ-г, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/79 дугаартай тушаалаар Ч.Б-г Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2021 оны 9, 10 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 01/85, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/87, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/88 дугаартай Ц.Т, Г.Г, З.З нартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 01/90 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тушаал, Сахилгын шалгалт, шийтгэлийн хуудас, Тээврийн хэрэгсэл хөлслөх гэрээ цуцлах тухай шийдвэрийг нотлох баримтаар гаргуулсан.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-д хуралдааны тов шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан ажлаас хууль бусаар халсан ... ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугааргүй тушаалыг хууль бусад тооцуулах, хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 5,700,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Компанийн удирдлага болох захирал У.Б нь гүйцэтгэх захирлын ажлаас авсан үеэсээ эхлэн Э.Х ын ажлыг авах зорилгоор түүнийг ажлын бус цагаар, ээжлийн амралттай байхад нь ажиллуулах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаас гадна давхар ажил хийлгэх зэргээр дарамт шахалтыг байнга үзүүлж байсны улмаас тэрээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөдлөө буцаан авах болсон талаараа У.Б т мэдэгдэхэд энэ талаарх түүний и-мэйлийг урж хогийн саванд хийсэн. Хариуцагч байгууллага нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э.Х ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа түүний 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичсэн и-мэйлийг үндэслэл болгосон. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал 2 сарын дараа шийдвэрлэсэн, мөн тухайн тушаал нь дугааргүй, Э.Х ыг ямар ажил албан тушаалаас чөлөөлж байгаа, хэрхэн ажлаа хүлээлцэх талаар тушаалд дурдаагүй зэрэг нь хууль бус тушаал гэдгийг илтгэж байна. Компанийн гүйцэтгэх захирал ...ий /.../ нь гүйцэтгэх захирлын зарим эрх, үүргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн У.Б т шилжүүлэн өгсөн хэрнээ Э.Х ыг ажлаас халсан тушаалд гарын үсэг зурсан нь хууль бус юм. У.Б нь энэ үеэс эхлэн компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын албан тушаалаас гадна гүйцэтгэх захирлын ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан, ажилтнуудаас ажлаас чөлөөлөх, томилох эрх олгогдсон байсан гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: нэхэмжлэгч Э.Х ыг дарамт, шахалтанд оруулж ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлсэн гэж үзэж байгаа бол энэ үндэслэлээ баримтаар нотлох хэрэгтэй. Гадаадын компани гэдгээр нь Монгол ажилчдыг дарамталдаг гэж үзэж болохгүй. Тушаал дугааргүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Компанийн гүйцэтгэх захирал ...ий /.../ нь Автрали улсад амьдарч байсан, мөн цар тахлын улмаас хил хаалттай байсан зэрэг нөхцөл байдлын улмаас тушаалд гарын үсэг зураалахад хүндрэлтэй байсан, хугацаа алдсан. Э.Х 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрөө Б ах аа би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тухайгаа албан ёсны мэдэгдэл гэж энэхүү захидлыг хүлээн авна уу Хөдөлмөрийн гэрээний дагуу миний ажлын сүүлийн өдөр баасан гараг болно гэж өргөдлөө өгсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, 38.1.1-д ажилтан санаачилсан гэж заасны дагуу түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Манай компани хууль зөрчөөгүй гэжээ.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/20 тоот тушаал, мөн өдрийн хөдөлмөрийн гэрээ,түүний хавсралт 2, ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаал, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Э.Х ыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн хүний нөөцийнменежерийн албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.9, ажилтантай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕА2018001 тоот гэрээний 6.2, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас гарах тухай албан и-мэйлээр ирсэн өргөдлийг үндэслэн тус компанид Хүний нөөцийн ажилтан албан тушаалтай Э-ын Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон дуусгаж, ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Э.Х нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б ах аа би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тухайгаа албан ёсны мэдэгдэл гэж энэхүү захидлыг хүлээн авна уу. Хөдөлмөрийн гэрээний дагуу миний ажлын сүүлийн өдөр баасан гараг болно гэх зурвасыг цахимаар ... ХХК-д ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

6. Зохигчид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Э.Х ыг тус компанийн хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд ажиллуулж байсан, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Э.Х  Б ах аа би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тухайгаа албан ёсны мэдэгдэл гэж энэхүү захидлыг хүлээн авна уу. Хөдөлмөрийн гэрээний дагуу миний ажлын сүүлийн өдөр баасан гараг болно гэх зурвасыг цахимаар ... ХХК-д ирүүлсэн талаар, тухайн зурвасаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

7. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, мөн 38.1.1-д ажилтан санаачилсан гэж зааснаар хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч Э.Х тай 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтална, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан хуулиар тогтоосон журмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Х ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 30 хоногт багтаан шийдвэрлэх ёстой байтал 65 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

 

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Х-ыг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг урьд эрхэлж байсан ... ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар зохигчдын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1.а-д ажилтны үндсэн цалин 2,100,000 төгрөг байна гэж тохиролцсоныг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны /ажлын 57 хоног/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /2,100,000 : 21 хоног = 100,000 төгрөг нэг өдрийн цалин, 100,000 төгрөг х 57 хоног = 5,700,000 төгрөг/ 5,7000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Нэхэмжлэгч нь ажлаас хууль бусаар халсан тушаалыг хууль бусад тооцуулах тухай шаардлага гаргасан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул энэ шаардлагыг тухайлан шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

10. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ... ХХК-иас 106,150 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 46 дугаар зүйлийн 46.2 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчнэхэмжлэгч Э.Х-ыг ... ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоожажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхий хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 106,150 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР