Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2022/00337

 

,

 

 

 

                                         

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, ******* тоот хаягт оршин суух, Буур овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1- хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 12/1-р байр 16 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага:  Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 30,195,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов. 

 

Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх  хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чадраабал овогтой ******* намайг Монгема ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт жолоочоор ажиллаж байхад минь 2019 онь 5 дугаар сараас тус салбарын захирал Давааням хөргөлтийн цехэд ажил гээд ажиллуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд орж бүсэлхийн 1.2 дугаар нугалам хугарч мөн нугас гэмтэж миний биед хүнд гэмтэл учирсан юм.  Энэ хэрэг 3 жил гаруй шалгагдаад эцэст нь Монгема ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* гэдэг хүн буруутай болох нь тогтоогдож өөрөө ч хэргээ хүлээж хохирлыг төлнө гэсэн тул 2021 онь Өршөөлийн хуульд заасны дагуу тэрээр өршөөлд хамрагдаж ял хариуцлагаас чөлөөлөгдсөн билээ. Гэвч Д.******* нь осол гарснаас хойш надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Харин Монгема ХХК 3,398,719 төгрөг өгсөн. Би 2020 оны 8 дугаар сарын 13-нд энэ хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад анх гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргаж өгсөн боловч миний хохирлыг барагдуулаагүй. Ядахдаа цалин хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү ч  өгдөггүй. Би энэ хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлнө гэсэн тул Д.*******оос дараах хохирлыг гаргуулж өгнө үү.

1. 2019 оны 5 сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны эм тариа, эмчилгээний хэрэгсэл худалдаж авсан, шинжилгээ оношилогоо хийлгэхэд гарсан зардал, Улаанбаатар хотод очиж ГССЗҮТ, Сонгдо эмнэлэг, Мед, Травма, Экстра мед зэрэг эмнэлгүүдэд очиж үзүүлсэн, мэс засал хийлгэхээр явсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс, цалин зэрэг 11,157,959 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлын баримтуудыг би эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан.

2. 2020 оны 8 дугаар сарын 13-наас хойшхи хугацааны эм тариа, үзлэг оношилогооны зардал нийт 1,312,623 төгрөг болсон тул үүнийг нэхэмжилж байна.

3. Би сард 1,080,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Осолд 2019 оны 5 дугаар сарын 3-нд орсон бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, тэтгэвэр тогтоолгосон болохоор эхний 4 сарын цалингаа 4,000,000 төгрөгөөр тооцож 2020 оны 8 сард мөрдөн байцаалтанд байхдаа нэхэмжлэлдээ оруулсан. 2019 оны 8 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрийг 310,000 төгрөгөөр тогтоосон. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувь болгож тогтоогоод тэтгэвэр 350,000 төгрөг болж нэмэгдсэн. Үүний зөрүү нь 1,080,000-10,000=770,000*5 сар=3,850,000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр 350,000 төгрөг болсон, үүний зөрүү нь 2022 оны 2 сар хүртэл 1,080,000 350,000 = 730,000 * 12 = 8,760,000 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2022 оны 8 сарын 6 хүртэл сунгасан тул тэр хүртэлх хугацааны цалин тэтгэврийн зөрүү 730,000*7=5,110,000 төгрөг, нийт цалин тэтгэврийн зөрүү болох  17,720,000 төгрөгөөр хохирч байна. Мөн прокурорын газарт баримт бичиг хуулбарлахад төлсөн 4800  төгрөг, нийт 30195392 төгрөгийг Д.*******оос гаргуулж өгнө үү. Цаашид дахиад эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардлаа ах дүү нараасаа авч байгаа. Эхнэр бид 2 хоёулаа тэр компанид ажилладаг байсан. Эхнэр бид хоёрын ажиллаж байх үеийн цалинг өгөөгүй байгаа. Би 320000 төгрөгний цалинтай ажиллаж байгаагүй.  Автобусны жолооч байхдаа 500000-600000 төгрөгийн цалин авдаг байсан, давхар машинист хийгээд 1080000 төгрөгийн цалин авдаг болсон гэв.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч нь Монгема ХХК-д ажиллаж байгаад ажлаас гараад эргээд 2018 онд ажилд орсон,  тэгээд 3 жил завсарласан байна. Тиймээс нийт ажилласан жилийн дунджаар тогтоогоод байна гэж үзэж байгаа. Гэхдээ хариуцагч тал цалин дээр маргахгүй гэсэн учир нотлох баримтаар тогтоолгох шаардлагатай гээд шүүх хуралдааныг түр хойшлуулах хүсэлт тавих гэж байгаад эднийх зөвшөөрсөн болохоор эрүүгийн хэрэгт авагдсан 66, 68, 108-р хуудсанд судлагдсан нотлох баримтад тулгуурлан Ч.*******ын цалинтай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Би дүгнэлт гаргахгүй,  хэрэв дүгнэлт гарга гэж шахаад байвал нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгийг хасаад үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулахыг дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны эм тариа эмчилгээний хэрэгсэл худалдаж авсан, шинжилгээ оношилогоо хийлгэхэд гарсан зардал, Улаанбаатар хотод очиж ГССЗҮТ, Сонгдо эмнэлэг, Мед Травма, Экстра мед зэрэг эмнэлгүүдэд очиж үзүүлсэн, мэс засал хийлгэхээр явсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс, цалин зэрэг 11,157,959 төгрөгийн шаардлагын тухайд:

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгема” ХХК-д жолооч ажилтай Ч.******* нь "Монгема” ХХК-ийн хөргөлтийн цехэд гагнуур хийх гэж байгаад өндрөөс унаж эрүүл мэндэд нь хохирол учирсан асуудлаар Орхон аймгийн прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 192500322 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгасан бөгөөд Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаар тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Уг асуудлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн Д.*******ийн зүгээс нэхэмжлэгч Ч.*******ын эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг төлж барагдуулах талаараа удаа дараа илэрхийлж, Ч.*******ын шаардсанаар эмчилгээний зардлуудыг тухай бүрт нь төлж байсан. Тухайлбал осол гарсан даруй Ч.*******ыг Орхон аймгаас Улаанбаатар хот руу түргэний машинаар тээвэрлэхэд гарсан тээвэр, эмчийн зардалд 1,000,000 төгрөгийг бэлнээр, Ч.*******ын эхнэр Т.Цэвэлсүрэнгийн Хаан банкин дахь 5043017510 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмчилгээний төлбөрт 2,300,000 төгрөг, мөн дансанд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эмчилгээний зардалд 600,000 төгрөг зэргээр нийт 4,977,917 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлдээ хавсаргасан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэм хорын хохирлын нэхэмжлэлд заасан эм тариа, эмчилгээний хэрэгсэл зэргийн зардал нь нийлээд 6,157,957 /2,472,647 + 344,400 + 3,340,912 / төгрөг ба хариуцагчийн зүгээс 4,977,917 төгрөгийг төлсөн тул Ч.*******т үлдэгдэл 1,180,040 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ч.******* нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч тэй хууль зүйн туслалцаа авч байгаа тул түүнд төлсөн гэх 1,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 497-д заасан хохиролд тооцогдохгүй тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн эхний шаардлагаас 1,180,040 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2020    оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи хугацааны эм тариа үзлэг оношилогооны зардал нийт 1,312,623 төгрөгийн шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зарим баримтууд нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Зүй нь нэхэмжлэгч эдгээр эм, тариа, терафлю, тос, витамин, тариур, дуслын систем зэргийг осолд орсны улмаас зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон гэдгийг эмчийн бичиж өгсөн эмчилгээний баримт бичиг, амбулаторийн карт зэргээр давхар нотлох учиртай билээ. Тэгэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Хөх хот руу явуулсан рентген зурагны баримт гэх 103,000 төгрөгөөс бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Уг баримт нь Ч.*******т учирсан хохирол, хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй байна. Иймд уг шаардлагаас 1,209,623 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Осолдож хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас цалин тэтгэврийн зөрүү 17,720,000 төгрөгийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч.******* нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Би сард 1,080,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан... Осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас би цалин тэтгэврийн зөрүү болох 17,720,000 төгрөгөөр хохирч байна. Үүнийг Д.*******оос нэхэмжилж байна” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Ч.******* нь тус компанид ажиллаж байх үедээ нэг сарын 1,080,000 төгрөгийн биш 320,000 төгрөгийн цалин авч байсан ба хавтаст хэрэгт авагдсан Ч.*******ын тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэрт түүний сарын дундаж цалинг 184,027 төгрөг хэмээн тодорхойлсон байдаг. Түүнчлэн Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсгийн А-д заасны дагуу цалин хөлсний дундажийг тооцож үзэхэд Ч.*******ын сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 320,000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл иргэн Ч.*******т улсаас олгож байгаа тэтгэмж нь түүний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингаас өндөр байх тул түүнд цалин тэтгэврийн зөрүү олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Харин Ч.*******ын шүүхэд хандахын тулд бичиг баримт хуулбарлан авахад гарсан зардал гэх 4,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэн Ч.*******ын иргэн Д.Лхагвасүрэнд холбогдуулан гаргасан 30,195,392 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 27,800,929 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс үлдэх хэсгээр буюу 2,394,463 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-5/, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-6,7/, эм тариа, эмчилгээний хэрэгсэл худалдаж авсан  е баримтууд болон шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-9-45, 48-88/,  өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт /хх-46/, өмгөөлөгч ийн Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт 2022 оны 01 сарын 28-нд гаргасан гомдол, гомдлын хариу /хх-130, 131/,  

 

Хариуцагчаас: Монгема ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 1, 2, 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Монгема ХХК-ийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Е-01/22 тоот тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 Шүүх: нэхэмжлэгч талын хүсэлтээр Орхон аймгийн Прокурорын газраас Д.*******ид холбогдох 192500322 дугаартай эрүүгийн хэргийг эх хувиар нь  гаргуулан авч уг хэргээс зохигчийн хүсэлтээр 1-р хавтас 66,  68, 108-109, 110, 236-р хуудас, 2-р хавтас 25, 126, 127, 128, 240, 242-244-р хуудсанд авагдсан баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан.

 

 Мөн хариуцагч талын хүсэлтээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 23-ны өдрийн 14/197  тоот Монгема ХХК-д  өгсөн Хөдөлмөрийн харилцаанд эрсдэлийг бууруулах тухай зөвлөмж, зөрчил арилгах тайлан Монгема ХХК-ийн 2018 оны 11 сарын 01-ний Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн зөвлөмжийн хариу /хх-112-118/-г шүүх бүрдүүлсэн.

            Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 30.195.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс “Монгема” ХХК-д жолоочоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс хөргөлтийн машинистаар томилогдон ажиллаж байгаад, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр жолоочийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр “Монгема” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-005 дугаартай тушаал гарсан байна. /эрүүгийн 192500322 тоот хэргийн 1-р хавтас 108-112-р тал/

 

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгема” ХХК-д хөргөлтийн машинист, жолооч ажилтай Ч.******* нь “Монгема” ХХК-ийн хөргөлтийн цехэд гагнуур хийж байгаад өндрөөс унаж эрүүл мэндэд нь хохирол учирсан асуудлаар Орхон аймгийн Прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  192500322 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаар тогтоолоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.******* “Монгема” ХХК-ийн захирал бөгөөд тэрээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хөргөлтийн цехэд ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтан Ч.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан, нэхэмжлэгч  Ч.*******т ослын улмаас  “...бүсэлхийн 1, 2-р  нугалмын шахагдсан хугарал, нугасны гэмтэл...” хүнд гэмтэл учирсан болох нь Орхон аймгийн Прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1508 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба хариуцагч болон түүний төлөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******оос эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч Ч.******* нь 2019 оны 5 сарын 3-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эм,  эмчилгээний зардал, замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд 11.157.959 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-наас хойш эм, эмчилгээний зардалд 1.312.623 төгрөг,  2019 оны 8 дугаар сарын 28-наас 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 17.720.000 төгрөг, баримт хуулбарлан авсан зардал 4.800 төгрөг, нийт 30.195.382 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчид т эмчилгээний зардал, бусад зардалд 4.977.917 төгрөг төлсөн,  нийт эм тариа, эмчилгээний хэрэгслийн зардалд хохиролд төлсөн мөнгөө хасаад 1.1800.40 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... хохиролд тооцогдохгүй тул өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2020 оны 08 сарын 13-ны өдрөөс хойшхи эм тариа, үзлэг оношилогооны зардалд Хөх хот руу явуулсан рентген зурагны баримт 103.000 төгрөгөөс бусад 1.209.623 төгрөгийг зөвшөөрч байна. ... Ч.******* тус компанид ажиллаж байх үедээ  нэг сарын 1.080.000 төгрөг биш 320.000 төгрөгийн цалин авч байсан, иймд түүнд улсаас олгож байгаа тэтгэвэр  ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингаас өндөр байх тул түүнд цалин тэтгэврийн зөрүү олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас  2.389.663 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

6. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр “СПО репоз и фиксация 21-22 оношоор, ердийн өвчний жагсаалтын 4-25Б заалтаар” Ч.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сарын хугацаатай, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр “СПО репоз и фиксация 21-22 оношоор, ердийн өвчний жагсаалтын 4-24Б заалтаар” Ч.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сарын хугацаатай, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн шийдвэрээр “СПО репопир  фиксация 23-25 оношоор, ердийн өвчний жагсаалтын 4-26 В заалтаар” Ч.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр “СПО репопир фиксация 4-22 оношоор, ердийн өвчний жагсаалтын 4-24 Б заалтаар” Ч.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сарын хугацаатай 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тогтоосон, тэрээр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эм, эмнэлгийн үйлчилгээ авдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картаар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн е баримтууд, эмчийн жор, зарлагын баримт өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн ба хэргийн 9-45, 48-88-р талд авагдсан баримтууд нь хэнд олгосон нь тодорхойгүй, уншигдах боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй  баримтууд байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр эм тариа, эмчилгээний зардлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Хариуцагчаас буюу Монгема ХХК-с нэхэмжлэгчид осол болсноос хойш хохиролд нийт 4.431.393 төгрөг төлсөн гэх тайлбар гаргаж уг тайлбараа эрүүгийн 1925003220378 .тоот хавтаст хэргийн 2-р хавтасны 242-244-р талд авагдсан баримтанд үндэслэсэн. Шүүх уг баримтуудад үндэслэн хохиролд төлсөн 4.431.393 төгрөгнөөс нэхэмжлэгчийн эхнэр Цэвэлсүрэнд цалин хэлбэрээр олгосон 732.956 төгрөгийг хасч хохиролд 3.698.437 төгрөг төлснийг, мөн нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа тул өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийн төлбөр нь гэм хорын хохиролд тооцогдохгүй тул гэм хорын хохирлын төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эм тариа, эмчилгээний зардлаас  6.157.957+1.209.623=7.367.580 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрсөн тул үүнээс хохиролд төлсөн 3.698.437 төгрөгийг хасч , эм тариа, эмчилгээний зардалд 3.669.143 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэгч Ч.******* нь “...Монгема ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа  хөргөлтийн цехэд давхар ажиллаж байсан, сард 1.080.000 төгрөгийн цалинтай байсан, цалин хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрийг сард 310.000 төгрөгөөр тогтоосон, цалин тэтгэврийн зөрүүд 2019 оны 9-12 сарын /1.080.000-310.000=770.000*5/3.850.000 төгрөг, 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр 350.000 төгрөг болж нэмэгдсэн, 1.080.000-350.000=730.000*12 сар/8.760.000 төгрөг, 2022 оны 08 сарын 06 хүртэл сунгасан тул 730.000*7 сар/5.110.000 төгрөг, нийт 17.720.000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон.

 

11. Нэхэмжлэгч Ч.*******ыг 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс “Монгема” ХХК-д жолоочоор томилж 435.000 төгрөгөөр, мөн дараа нь хөргөлтийн машинистаар  томилж 450000 төгрөгөөр, хөргөлтийн машинист, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж 1270000 төгрөгөөр тус тус цалинжуулахаар компанийн захирлын тушаал гарсан байна.

 

12. Нэхэмжлэгч тал Ч.*******ын нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...1925003220378 тоот хэрэгт Ч.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч алга болсон байна ...” гэсэн үндэслэлээр Ч.*******ын нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д зааснаар зохигч нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийн шаардлага, тайлбар,татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

13.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шинэ нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэж нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцох боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь 2019 оны 4 сард 1.295.000 төгрөг, 2019 оны 3 сард 320.000 төгрөг, 2019 оны 2 сард 320.000 төгрөгийн цалин авч байсан болох нь “Монгема” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны  2, 3, 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар тогтоогдож байгаа ба Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсгийн А-д заасны дагуу цалин хөлсний дундажийг тооцоход /1.295.000+320.000+320.000/3=645.000/ төгрөгийн сарын цалинтай байсан байна.

 

Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжилсэн 2019 оны 9-12 сарын 645.000-310.000=335.000*5/1.675.000 төгрөг, 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл 645.000-350.000=295.000*12 сар/3.540.000 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 08 сарын 06 хүртэл 645.000-350.000=295.000*7 сар/2.065.000 төгрөг, нийт дутуу авсан цалин хөлс буюу цалин, тэтгэврийн зөрүү 7.280.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

14.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******оос нэхэмжлэгч Ч.*******ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол эм тариа, эмчилгээний зардалд 3.669.143 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 7.280.000 төгрөг, нийт  10.949.143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 19.246.249 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар Ч.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 190.136 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 10.302.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19.893.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамж 179.787 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                            Б.БЯМБАСҮРЭН 

                                                                Р.ҮҮРИЙНТУЯА