Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2022/00052

 

Ч.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Д.............ид холбогдох иргэний

 хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/00337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.............ид холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 30.195.392 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч............., түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.............ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Чадраабал овогтой ............ намайг Монгема ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт жолоочоор ажиллаж байхад минь 2019 онь 5 дугаар сараас тус салбарын захирал Давааням хөргөлтийн цехэд ажил гээд ажиллуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд орж бүсэлхийн 1.2 дугаар нугалам хугарч мөн нугас гэмтэж миний биед хүнд гэмтэл учирсан юм. Энэ хэрэг 3 жил гаруй шалгагдаад эцэст нь Монгема ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамбалын ............ гэдэг хүн буруутай болох нь тогтоогдож өөрөө ч хэргээ хүлээж хохирлыг төлнө гэсэн тул 2021 онь Өршөөлийн хуульд заасны дагуу тэрээр өршөөлд хамрагдаж ял хариуцлагаас чөлөөлөгдсөн билээ. Гэвч Д............. нь осол гарснаас хойш надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Харин Монгема ХХК 3,398,719 төгрөг өгсөн. Би 2020 оны 8 дугаар сарын 13-нд энэ хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад анх гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргаж өгсөн боловч миний хохирлыг барагдуулаагүй. Ядахдаа цалин хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү ч өгдөггүй. Би энэ хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлнө гэсэн тул Д.............оос дараах хохирлыг гаргуулж өгнө үү. 2019 оны 5 сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны эм тариа, эмчилгээний хэрэгсэл худалдаж авсан, шинжилгээ оношилгоо хийлгэхэд гарсан зардал, Улаанбаатар хотод очиж ГССЗҮТ, Сонгдо эмнэлэг, Мед, Травма, Экстра мед зэрэг эмнэлгүүдэд очиж үзүүлсэн, мэс засал хийлгэхээр явсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс, цалин зэрэг 11.157.959 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлын баримтуудыг би эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан. 2020 оны 8 дугаар сарын 13-наас хойших хугацааны эм тариа, үзлэг оношилгооны зардал нийт 1.312.623 төгрөг болсон тул үүнийг нэхэмжилж байна. 3. Би сард 1.080.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Осолд 2019 оны 5 дугаар сарын 3-нд орсон бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, тэтгэвэр тогтоолгосон болохоор эхний 4 сарын цалингаа 4.000.000 төгрөгөөр тооцож 2020 оны 8 сард мөрдөн байцаалтад байхдаа нэхэмжлэлдээ оруулсан. 2019 оны 8 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 310.000 төгрөгөөр тогтоосон. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувь болгож тогтоогоод тэтгэвэр 350.000 төгрөг болж нэмэгдсэн. Үүний зөрүү нь 1.080.000-10.000=770.000*5 сар=3.850.000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр 350.000 төгрөг болсон, үүний зөрүү нь 2022 оны 2 сар хүртэл 1.080.000 350.000 = 730.000 * 12 = 8.760.000 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2022 оны 8 сарын 6 хүртэл сунгасан тул тэр хүртэлх хугацааны цалин тэтгэврийн зөрүү 730.000*7=5.110.000 төгрөг, нийт цалин тэтгэврийн зөрүү болох 17.720.000 төгрөгөөр хохирч байна гэв.

Хариуцагч Д............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны эм тариа эмчилгээний хэрэгсэл худалдаж авсан, шинжилгээ оношилгоо хийлгэхэд гарсан зардал, Улаанбаатар хотод очиж ГССЗҮТ, Сонгдо эмнэлэг, Мед Травма, Экстра мед зэрэг эмнэлгүүдэд очиж үзүүлсэн, мэс засал хийлгэхээр явсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс, цалин зэрэг 11.157.959 төгрөгийн шаардлагын тухайд: 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгема ХХК-д жолооч ажилтай Ч............. нь "Монгема ХХК-ийн хөргөлтийн цехэд гагнуур хийх гэж байгаад өндрөөс унаж эрүүл мэндэд нь хохирол учирсан асуудлаар Орхон аймгийн прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 192500322 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгасан бөгөөд Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаар тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Уг асуудлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн Д.............ийн зүгээс нэхэмжлэгч Ч.............ын эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг төлж барагдуулах талаараа удаа дараа илэрхийлж, Ч.............ын шаардсанаар эмчилгээний зардлуудыг тухай бүрт нь төлж байсан болно /эрүүгийн ХХ-ийн 2-р хавтас 240-р тал/. Тухайлбал осол гарсан даруй Ч.............ыг Орхон аймгаас Улаанбаатар хот руу түргэний машинаар тээвэрлэхэд гарсан тээвэр, эмчийн зардалд 1.000.000 төгрөгийг бэлнээр, Ч.............ын эхнэр Т.Цэвэлсүрэнгийн Хаан банкин дахь 5043017510 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмчилгээний төлбөрт 2.300.000 төгрөг /эрүүгийн ХХ-ийн 2-р хавтас 243-р тал/, мөн дансанд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эмчилгээний зардалд 600.000 төгрөг /эрүүгийн ХХ-ийн 2-р хавтас 242-р тал/ зэргээр нийт 4.977.917 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч Ч.............ын нэхэмжлэлдээ хавсаргасан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэм хорын хохирлын нэхэмжлэл гэх /эрүүгийн ХХ-ийн 1-р ХХ-ийн 236-р тал/ баримтын 1,2, 3-дугаарт заасан эм тариа, эмчилгээний хэрэгсэл зэргийн зардал нь нийлээд 6.157.957 /2.472.647 + 344.400 + 3.340.912 / төгрөг ба хариуцагчийн зүгээс 4.977.917 төгрөгийг төлсөн тул Ч.............т үлдэгдэл 1.180.040 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.............ын хувьд эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилж буй гэм хорын хохирлоо бодитойгоор тодорхойлж, нотлох баримтаар гаргаж өгөөгүй хариуцагчийн зүгээс тухайн үедээ төлж барагдуулаагүй байдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч Ч............. нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч Д.Оюунчимэгтэй хууль зүйн туслалцаа авч байгаа тул түүнд төлсөн гэх 1.000.000 төгрөг нь Иргэний хуулийн 497-д заасан хохиролд тооцогдохгүй тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн эхний шаардлагаас 1.180.040 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацааны эм тариа үзлэг оношилгооны зардал нийт 1.312.623 төгрөгийн шаардлагын тухайд: Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зарим баримтууд нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Зүй нь нэхэмжлэгч эдгээр эм, тариа, терафлю, тос, витамин, тариур, дуслын систем зэргийг осолд орсны улмаас зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон гэдгийг эмчийн бичиж өгсөн эмчилгээний баримт бичиг, амбулаторийн карт зэргээр давхар нотлох учиртай билээ. Тэгэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Хөх хот руу явуулсан рентген зургийн баримт гэх 103.000 төгрөгөөс бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Уг баримт нь Ч.............т учирсан хохирол, хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй байна. Иймд уг шаардлагаас 1.209.623 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Осолдож хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас цалин тэтгэврийн зөрүү 17.720.000 төгрөгийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ч............. нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би сард 1.080.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан... Осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас би цалин тэтгэврийн зөрүү болох 17.720.000 төгрөгөөр хохирч байна. Үүнийг Д.............оос нэхэмжилж байна хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Тодруулбал Ч............. нь тус компанид ажиллаж байх үедээ нэг сарын 1.080.000 төгрөгийн биш 320.000 төгрөгийн цалин авч байсан ба хавтаст хэрэгт авагдсан Ч.............ын тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэрт түүний сарын дундаж цалинг 184.027 төгрөг хэмээн тодорхойлсон байдаг. Түүнчлэн Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн А-д заасны дагуу цалин хөлсний дунджийг тооцож үзэхэд Ч.............ын сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 320.000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл иргэн Ч.............т улсаас олгож байгаа тэтгэмж нь түүний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингаас өндөр байх тул түүнд цалин тэтгэврийн зөрүү олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Харин Ч.............ын шүүхэд хандахын тулд бичиг баримт хуулбарлан авахад гарсан зардал гэх 4.800.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэн Ч.............ын иргэн Д.Лхагвасүрэнд холбогдуулан гаргасан 30.195.392 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 27.800.929 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс үлдэх хэсгээр буюу 2.394.463 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/00337 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Д.............оос 10.302.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.............т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19.893.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Д.............оос улсын тэмдэгтийн хураамж 179.787 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...хэргийн 9-48 дугаар хуудас.48-88 дугаар талд авагдсан баримтууд нь хэнд олгосон нь тодорхойгүй.уншигдах боломжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх боловч хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр эм тариа эмчилгээний зардлыг тооцох нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч Ч............. нь Д.............ид холбогдох эрүүгийн хэрэг эм тариа эмчилгээний баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм тариа худалдаж авсан Е баримтууд дахь бичилтүүд нь баларч арилсан байдаг.Гэвч гэм хорын нэхэмжлэл гаргах үед кассын Е баримт дээр мөнгөний дүнг балаар тодруулан бичсэн байдаг.Шүүх аймгийн Прокурорын газраас Д.............ид холбогдох 1925003220378 дугаартай эрүүгийн хэргийг татан авч иргэний хэрэгт нотлох баримтаар судлахаар шийдвэрлэсэн мөртлөө иргэний хэрэгт байгаа Прокурорын газраас хуулбарлан өгсөн баримтуудыг / арилж баларсан,каноны хор муу зэргээс шалтгаалж үнэлэх боломжгүй/ эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан судлаагүй орхигдуулжээ.Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд амбулаторийн картаа судлуулахаар шүүхэд эхээр нь өгсөн байхад түүнийг бас судалж үзэж шийдвэрлэсэнгүй.Энэ хэрэг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гарсан .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш их удсан бөгөөд хохирогч Ч............. нь 2020 оны 8 дугаар сарын13-нд эрүүгийн хэрэгт гэм хорын нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудыг өгсөн байдаг.Хэрэг хэд хэдэн мөрдөгч хэд хэдэн прокурорын гар дамжин явсаар эцэст нь 2021 оны 9 сард буюу бүтэн 2 жил 4 сарын дараа Д............. нь гэм уруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон.Энэ хугацаанд баримтууд дээрх тоо үсэг баларсан.Гэвч энд нэг ч хуурамч баримт байхгүй бөгөөд ямар эм тариа эмчилгээ хийлгэх талаар амбулаторийн карт дээр ч байгаа. Шийдвэрийн 8 дугаар заалтад Монгема ХХК нь хохирогчид 3 698 437 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хассан гэжээ.Энэ мөнгийг Ч.............т өгөөгүй юм. Тодруулбал осолд орсны дараа Ч.............ыг Улаанбаатар хот руу ГССҮ Төвд эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хүргэсэн бөгөөд үүний зардал 1.000.000 төгрөгийг Орхон аймгийн БОЭТ-д төлсөн болоод яаралтай тусламжийн төвөөс түргэн тусламжийн машин гаргаж өгсөн байх учиртай.Учир нь энэ талаар Ч.Түвшинжаргал огт мэдэхгүй бөгөөд мөн өөрөө түргэн тусламжийн мөнгө төлөөгүй учраас нэхэмжлэлд энэ талаар шаардлага гаргаагүй.Энэ 1.000.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн ГССҮТ-д эмчилгээний зардалд мөнгө төлсөн гэж Ч............. нь нэхэмжлээгүй юм.Яагаад гэвэл өөрөө энэ зардлыг гаргаагүй тул нэхэмжлэх ёсгүй учраас.Хэрэв Ч............. өөрөө төлсөн бол нэхэмжилнэ.Монгема ХХК төлсөн учраас Ч............. нь мэс засалд орсон байдаг.Үүнийг нэхэмжлэлээс хасаж тооцох ёсгүй.Түүнчлэн 164.915 төгрөг бол Ч.............ын цалин учраас хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 гэж дугаарласан хэсэгт нэхэмжлэгч Ч.............ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ажил олгогч Монгема ХХК нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын жагсаалтыг үндэслэж 2019 оны 2 сард 320.000 төгрөг. З дугаар сард 320.000 төгрөгийн цалин авч байжээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.Монгема ХХК нь Ч.............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ цалинг 1.295.000 төгрөг гэж тохиролцсон байхад шүүх хариуцагчийн гаргасан жагсаалтыг үндэслэсэн нь буруу.Үнэхээр 2019 оны 2, 3 дугаар сард тус 320.000 төгрөгийн цалин олгож байсан юм бол цалин олгосон баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөх байсан.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өөрөө олж авч шүүхэд гаргаж өгөх боломжгүй цалингийн талаарх баримтыг шүүхээр гаргуулах хүсэлт тавихад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1,38.7-д заасан үндэслэлээр хүлээж авалгүй өмгөөлөгчийг үүргээ биелүүлээгүй гэсэн. Гэтэл хариуцагч талаас цалингийн талаарх баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр гаргуулах гэхэд хүлээж аваагүй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ч............. нь 320.000 төгрөгийн цалин авч байгаагүй гэдэг юм. Хэрэв хариуцагч тал Ч.............ын цалинд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 320.000 төгрөгөөс тооцсон байвал хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байх бөгөөд үнэхээр 2019 оны 2,3 дугаар сард 320.000 төгрөгийн цалин олгосон бол цалин тавьж олгосон баримт буюу Ч.............ын гарын үсэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан.Энэ баримтыг нэхэмжлэгч тал олох боломжгүй юм. Энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй явдал шүүх нэг талд үйлчилсэн гэдгийг харуулж байна. Д.............ийн болгоомжгүй үйлдлийн улмаас Ч.............ын биед хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвараа байнгын 69 хувиар алдаж өтгөн нь мэдээгүй гардаг шээсээ катирараар гадагшлуулдаг болсон.Хэдхэн хоногийн өмнө шээс өөрөө аяндаа гарах горим алдагдсанаас болж давсагт чулуу үүсэж давсгийн чулуу авхуулах мэс засалд ороод байна. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд орж ийм байдалтай болж эрүүл мэндээрээ маш их хохирсон байхад шүүх хэтэрхий хүнлэг биш хандлаа,мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэнгүй. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангасан заалтыг шийдвэрт оруулна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, мөн шүүх хуралдаан дээр гаргасан шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг нь хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хоёр үндэслэл дурдсан байна. Эдгээр үндэслэлүүд нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ч............. нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эм, эмчилгээний зардал, замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 11.157.959 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш эм, эмчилгээний зардалд 1.312.623 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 17.720.000 төгрөг, баримт хуулбарлахад гарсан 4.800 төгрөг. нийт 30.195.382 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Ингэхдээ нэхэмжлэгч нь эхний буюу 11,157,959 төгрөгийн шаардлагаа хавтаст хэргийн 9-46 дугаар талд авагдсан баримтуудад тулгуурлан нэхэмжилдэг эдгээр баримтууд нь эх хувиараа нэхэмжлэгч Ч.............ын гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Прокурорын газраас 1925003220378 тоот эрүүгийн хэргийн 1-р ХХ-ийн 236-250, 2-р ХХ-ийн 1-24 дүгээр талд яг ижил байдлаар авагдсан байгаа. Энэ мөнгөн дүнгийн задаргаа нь хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Ч ............ын бичиж байсан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байгаа болно. Хариуцагчийн зүгээс уг шаардлагаас Ч.............ын эм тариа. эмчилгээний хэрэгсэл худалдаж авахад зарцуулсан 2.472.647 төгрөг, Улаанбаатар хот орох замын зардал 344.400 төгрөг, эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэхэд гарсан зардал 3.340.912 төгрөг, нийт 6.157.957 төгрөгийг нь хүлээн зөвшөөрдөг ба үлдэх 5.000.000 /өмгөөллийн хөлс 1,000.000 төгрөг, цалин хөлс 4.000,000/ төгрөгийг нь хүлээн зөвшөөрдөггүй билээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 1.312.623 төгрөгийн шаардлага хавтаст хэргийн 47-88 дугаар талд авагдсан баримтуудад үндэслэдэг ба хариуцагчийн зүгээс Хөх хот руу рентген зураг явуулахад гарсан 103.000 төгрөгөөс бусад эм, эмчилгээнд зарцуулсан гэх 1.209.623 төгрөгийг нь бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Ийм байдлаар хариуцагчийн зүгээс Ч.............ын эм. эмчилгээтэй холбоотой гарсан гэх бүх зардлыг өөрийнх нь нэхэмжилсэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, маргахгүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх эдгээр баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй гэж гомдоод байгааг ойлгохгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт Ч.............ын амбулаторийн картыг уншиж судалсан байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монгема" ХХК-ийн зүгээс Ч.............ын эм, эмчилгээний зардалд шилжүүлсэн мөнгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Н.............ын нэхэмжлэлдээ хавсаргасан ХХ-ийн 8-р талд авагдсан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргаж байсан гэм хорын хохирол гэх баримтад: Бүгд 11.157.959 төгрөгийн хохирол амссан тул үүнээс Монгема ХХК-ийн өгсөн 3.398.719 төгрөгийг хасаад 7.759.240 төгрөг одоогоор нэхэмжилж байна” гээд тодорхой бичсэн байдаг. Түүнчлэн “Монгема” ХХК-ийн зүгээс эм, эмчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг Ч ............ын эхнэр Н.Цэвэлсүрэн нь өөрийн дансаар хүлээн авч, эм эмчилгээнд зарцуулсан талаараа гэрчээр мэдүүлсэн ба Ч............. ч мөнгө хүлээн авч байсан талаараа маргадаггүй билээ. Иймд нэхэмжлэгч өөрөө хүлээн авсан мөнгөө хасах нь зүйтэй гэсэн байхад өмгөөлөгч нь үгүй ээ, энэ мөнгийг хасах учиргүй хэмээн маргаж, гомдол гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эм, эмчилгээний зардалд төлсөн 4.997.917 төгрөгийг хасах учиртай хэмээн маргадаг боловч анхан шатны шүүх үүнээс 732,956 төгрөгийг Н.Цэвэлсүрэнд цалин хэлбэрээр олгосон хэмээн дүгнэсэн хэсэгт гомдохгүй байгаа. Бодит байдал дээр Н.Цэвэлсүрэн осол гарснаас хойш ажиллаагүй тул түүнд энэ хугацаанд цалин олгогдоогүй ба түүнд Ч ............ыг асарч байгаа тул эмчилгээнд зарцуулахаар шилжүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.............ын цалингийн зөрүүтэй холбоотой гаргаад байгаа гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийгөө нэг сарын 1.080.000 төгрөгийн цалинтай байсан гэж, өмгөөлөгч нь гомдолдоо 1.295.000 төгрөгийн цалинтай байсан гэжээ. Үнэхээр ийм их хэмжээний цалин авч байсан бол нэхэмжлэгч нь өөрөө энэ хэмжээний цалинг авч байснаа шүүхийн өмнө нотлох үүрэгтэй, үүнийгээ огт нотлоогүй байдаг. Харин ч хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Ч.............ын тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэрт түүний сарын дундаж цалинг 184,027 төгрөгөөр тогтоосон байхад шүүх уг баримтад үндэслээд цалин хөлсний зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байсан Гэвч түүний сарын цалинг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам’’-ын 7 дахь хэсгийн А-д зааснаар 645.000 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлэснийг дурдмаар байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ч............. нь хариуцагч Д.Лхагважаргалд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 30.195.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ч............. нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Монгема ХХК-нд жолоочоор ажилд орсон ба 2018 оны 12 дугаар сараас хөргөлтийн машинистаар томилогдон хавсран ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгема ХХК-ийн хөргөлтийн цехэд гагнуур хийж байгаад өндрөөс унаж бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын шахагдсан хугарал, гэмтэл гэсэн хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч Д............. Монгема ХХК-ийн захирал бөгөөд прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3.-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн эмчилгээний болон бусад зардалд 4.977.917 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн эм эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгөнөөс төлсөн мөнгөө хасч нийт 2.389.663 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн эрүүгийн хэргийн 2 дугаар хавтасны 242-244 дэх талд авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн хохиролд төлсөн гэх 4.431.393 төгрөгөөс нэхэмжлэгчийн эхнэрийн цалинд өгсөн гэх 732.956 төгрөгийг хасч хохиролд 3.698.437 төгрөг төлсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн е-баримтууд, эмчийн жор, зарлагын баримт, өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хэнд олгосон нь тодорхойгүй, уншигдах боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй нотлох баримтууд гэж үзэж хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр эм тариа эмчилгээний зардлыг тооцож гаргуулсан нь буруу байна. Хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтууд үнэлэгдэх боломжгүй нотлох баримт байгаа боловч хэргийн нотлох баримтаар ирүүлсэн эрүүгийн хэргийн материалд тухайн үедээ эмчилгээ хийлгэж байсан эмчилгээний баримтууд эх хувиараа авагдсан байх тул түүнийг үнэлж, нэхэмжлэгч Ч.............ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан нь гэм буруугүйн гол зарчим бөгөөд хариуцагч Д............. нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх 4.431.393 төгрөгөөс /шүүх шийдвэрлэсэн 3.698.437 төгрөгөөс/ түргэн тусламжийн машины төлбөр 1 сая төгрөг, Ч.............т цалинд олгосон гэх 164.000 төгрөгийг тус тус хасч тооцоход 2.698.437 төгрөг өгсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Ч............. нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж, түүний биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон тул байнгын эмчилгээтэй байгаа байдлыг харгалзан эмчилгээ хийлгэсэн баримтуудыг үндэслэн эм эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн зардал 11.157.989 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардалд 1.312.623 төгрөг зэргийг тус бүр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 2.698.437 төгрөгийг хасч тооцсон болно.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг тооцон цалин тэтгэврийн зөрүүнд 7.280.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Шүүхийн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирол эм тариа, эмчилгээний  зардалд 3.669.143 төгрөг гаргуулсныг нэмж 8.039.189 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 14.876.203 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг ажилгүй байсан хугацааны цалингийн талаар 2019 оны 2, 3 дугаар сард 320.000 төгрөгийн цалинтай байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд 1.295.000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон байсан гэж маргаж буй боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, нотолж чадаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/00337 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Д.............оос 10.302.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.............т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19.893.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...эм эмчилгээний зардалд 8.039.189 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 7.280.000 төгрөг нийт 15.319.189 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.876.203 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Д.............оос улсын тэмдэгтийн хураамж 179.787 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Д.............оос улсын тэмдэгтийн хураамж 234.546 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ