Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0197

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “Эрхт сэнтий” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дэлгэрмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, нэхэмжлэгч “Эрхт сэнтий” ХХК-ийн өмгөөлөгч П.Батбүрэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Заантогтох, С.Энхтуяа, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд “Сорогзон” ХХК-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Батнам” ХХК, “Эрхт сэнтий” ХХК-иудын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Батнам” ХХК, “Сорогзон” ХХК-иудад холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүх энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Батнам” ХХК, “Сорогзон” ХХК-иудад холбогдох хэсэг хүчингүй болгохыг дурдаж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Батнам” ХХК, “Эрхт сэнтий” ХХК-иудын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар захирамж болон тэдгээрийг үндэслэн “Сорогзон” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт сэнтий” ХХК, “Батнам” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд болох “Сорогзон” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Батнам” ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт сэнтий” ХХК, Г.Нандинцог, “Батнам” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Чулуут рашаан” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Батнам” ХХК-ийн захирал Н.Намдан, “Эрхт сэнтий” ХХК-ийн захирал С.Мөнхбаяр нар давж заалдах гомдолдоо: “Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарласан.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжаар “Сорогзон” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын эргэн тойрны газар болох 6205 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгыг бүхэлд нь буюу 810 м.кв объектыг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар тогтоолоор түрээслэгч “Сорогзон” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. “Сорогзон” ХХК уг тогтоолыг үндэслэн газар эзэмших өргөдөл нийслэлийн Засаг даргад гаргаж, орчны газрыг авсан.

Гэтэл уг газрыг авах үндэслэл болсон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 107 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар тухайн эмнэлгийн барилгыг түрээсэлж байсан “Батнам” ХХК, “Чулуут рашаан” ХХК захиргааны хэргийн шүүхэд хандаж, Монгол Улсын Дээд шүүхийн 158 дугаар тогтоолоор Нийслэлийн өмч хувьчлах комиссын 107 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Иймд нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамж хүчингүй болсон тогтоолыг үндэслэж, хувьчлагдсан объектын орчны газрыг “Сорогзон” ХХК дангаар эзэмших эрхгүй байна.

Гэтэл шүүх шийдвэрийн 2 дугаар хэсэгт “нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх нь хуульд тусгагдсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн. Газрын тухай хуульд нийслэлийн Засаг даргын газар олгох эрх байгаа ч шийдвэрээ хууль ёсны баримтад тулгуурлаж гаргах ёстой. “Сорогзон” ХХК нь нийслэлийн Газрын албанд хандаж, 2009 оны 01 дүгээр сарын 11-нд 88 тоот албан бичгээр “Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолоор “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах эмнэлгийн байрыг хувьчилсан тул эмнэлгийн барилгын эзэмшил газрыг баталгаажуулж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасны дагуу “Сорогзон” ХХК-д газар эзэмшүүлэх нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамж гарсан.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарах үндэслэл болох 2008 оны 12 сарын 11-ны өдрийн 107 дугаар тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн 158 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд хамтран нэхэмжлэгчээр оролцож байсан “Чулуут рашаан” ХХК-ийн хавтаст хэрэгт байгаа. Иймд нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захирамж юм.

Шүүх “Сорогзон” ХХК-д анх эмнэлгийн барилгыг 100 хувь хувьчилсан 2008 оны 107 дугаар тогтоол хүчингүй болсон тухай огт дүгнэлт хийгээгүй. 107 дугаар тогтоол хүчингүй болсны дараа дахин 2015 оны 05 дугаар сарын 27-нд “Сорогзон” ХХК, “Батнам” ХХК, “Чулуут рашаан” ХХК-д хувааж хувьчилсныг огт авч үзээгүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдэгдээд хүчингүй болсон “Сорогзон” ХХК-д бүхэлд нь хувьчлах Өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэж шийдвэрлэсэн, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол эцсийн шийдвэр байна” гэсэн заалтыг зөрчиж, 2008 оны 107 дугаар тогтоол хүчинтэй, түүнийг үндэслэж олгогдсон нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж үзсэн нь байж боломгүй алдаа юм.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл

“Сорогзон” ХХК-д дангаар хувьчлуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шийдвэр Монгол Улсын Дээд шүүхийн 158 дугаар шийдвэрээр хүчингүй болсон. Үүний дагуу эмнэлгийн барилгыг түрээсэлж байсан “Сорогзон” ХХК, “Батнам” ХХК, “Чулуут рашаан” ХХК-д хувааж хувьчилсан. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Сорогзон” ХХК-д 540,9 м.кв талбай, 07 дугаар тогтоолоор “Батнам” ХХК-д189,8 м.кв талбай, 08 дугаар тогтоолоор “Чулуут рашаан” ХХК-д 101,7 м.кв талбайг тус тус хувьчлахаар шийдвэрлэсэн.

Ийнхүү эрүүл мэндийн нэгдлийн 810 м.кв талбайгаа 3 компани хувааж хувьчилж авсан тул тус тусын өмчлөх объектын харалдаах орчны газрыг авахаар “Батнам” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Батнам” ХХК-д 2656 м.кв газрыг олгосон.

“Батнам” ХХК нь уг өөрийн эзэмшлийн газраас “Эрхт сэнтий” ХХК-д 1533 м.кв газрыг худалдсан ба үүний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжаар “Эрхт сэнтий” ХХК-д 1533 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/982 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын А/561 дүгээр захирамжаар “Батнам” ХХК-д, А/586 дугаар захирамжаар “Эрхт сэнтий” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 6 тохиолдлыг заасан байдаг. Гэтэл нийслэлийн Засаг дарга дээрх 6 үндэслэлийн аль нь ч үүсээгүй байхад аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар дээрх “Батнам” ХХК, “Эрхт сэнтий” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийслэлийн Засаг дарга халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын А/982 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаа болон иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байх учир илт хууль бусад тооцох хангалттай үндэслэлтэй. Гэтэл шүүгч хууль зөрчөөгүй захиргааны акт гэж үзсэн бөгөөд үүнийгээ нотолж чадаагүй.

Шүүх шийдвэрээ гаргахдаа нийслэлийн Засаг дарга газар олгох эрхтэй талаар авч үзсэнээс биш нийслэлийн Засаг даргад “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар эрх байгаа болон нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлийн алийг нь зөрчсөн учраас нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар огт авч үзээгүй төдийгүй, энэ талаар тайлбарлаж үгүйсгэж чадаагүй.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д зааснаар “инженерийн шугам сүлжээ” гэж ус хангамж, цахилгаан дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сулжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асууддыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Эндээс харахад нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгохоор заасан. Харин инженерийн шугам сүлжээ бүхий гэж ямар газар байхыг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д тодорхойлсон. Гэтэл шүүгч эмнэлэг орчмын газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт орох эсэх талаар хуулийн тайлбар, заалтыг судлаагүй.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилга нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарахгүй. Учир нь уг газар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д заасан ус хангамж, цахилгаан. дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламж байхгүй.

Харин Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.37-д заасны дагуу тухайн эмнэлгийн орчны газар нь төвлөрсөн бус инжерийн шугам сүлжээ бүхий газарт орох тул нийслэлийн Засаг даргаас газар эзэмших зөвшөөрөл авах шаардлагагүй, Баянгол дүүргийн Засаг даргаас газрын зөвшөөрөл авсан нь хуулийн дагуу юм.

Гэтэл шүүгч эмнэлэг орчмын газрыг төвлөрсөн бус инженерийн шугам сүлжээнд хамаарч байгааг авч үзээгүй төдийгүй төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий үзэх ямар ч нотлох баримт, хуулийн заалт байхгүй байхад инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж үзэж, Барилгын тухай хуулийн заалтыг огт авч үзэлгүйгээр, Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудад дүгнэлт хийлгүй, хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

Нийслэлийн засаг дарга 982 дугаар захирамжийг гаргахдаа Улсын дээд шүүхийн 158 дугаар тогтоолыг үндэслэн түдгэлзүүлсэн байхад олгосон гэж заасан. Өөрөөр хэлбэл, 982 тоот захирамжийг "158-р тогтоолоор газар олгохыг түр түдгэлзүүлсэн байхад Баянгол дүүргийн засаг дарга олгосон алдаатай үйлдэлийг засварлаж байна" гэсэн байдлаар гаргасан. Гэтэл шүүх шийдвэртээ нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар нийслэлийн Засаг дарга олгох ёстой газрыг дүүрэг олгосон нь буруу байсан байна, үүнийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын шийдвэр зөв гэж дүгнэсэн. Гэтэл нэгэнт өөр агуулга, үндэслэл баримталж гаргасан шийдвэрийг шүүх, шүүгч өөрийн үзэмжээр өөр агуулга, хэлбэртэй байсан гэж засаж тайлбарлаж, түүнийгээ тухайн захирамжийг хүчин төгөлдөр үлдээх үндэслэл болгож болохгүй. Ийм учраас шүүх нийслэлийн Засаг даргын 982 дугаар захирамж хуульд заасан үндэслэлтэй гарсан эсэх, газрыг олгохыг үнэхээр түдгэлзүүлсэн байсан эсэх, түдгэлзүүлэх хуульд заасан ямар үндэслэл байна вэ зэргийг л шалгах ёстой байсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д газрыг дахин олгохыг түдгэлзүүлэх тухай зохицуулалт байдаг. Өөр түдгэлзүүлэх үндэслэл, эрх хэмжээг төрийн байгууллага, албан тушаалтанд Газрын тухай хууль олгоогүй. Нийтийн эрх зүйн хүрээнд эрх хэмжээ олгогдоогүй бол хориглоно гэсэн зарчим үйлчилдэг. Тийм ч учраас, тэр тусмаа Газрын тухай хуульд эрх хэмжээ нь тусгайлан заагдаагүй “зөвлөл” гэх бүлэг хүмүүс нь бусдад газар олгох эсэх асуудлыг түдгэлзүүлэх эрхийг эдлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийг ямар ч үндэслэлгүй гаргасан. Уг захирамжаар эмнэлгийн барилгын орчны 6205 м.кв газрын “Чулуут рашаан” ХХК-д 120 м.кв газар, “Батнам” ХХК-д 280 м.кв газар, “Сорогзон” ХХК-д 5235 м.кв газар тус тус хувааж эзэмшүүлсэн. Энэ захирамж нь 3 компанийн газар эзэмших талаар ямар нэг өргөдөл, хүсэлт гаргаагүй, бүрдүүлсэн баримт бичиг, газрын хувийн хэрэг байхгүй байхад гарсан тул хуулийг ноцтой зөрчсөн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой. Гэтэл ямар ч хүсэлт гаргаагүй, хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт байхгүй, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч баримт бүрдүүлэлгүйгээр газар эзэмших захирамж гаргасан талаар шүүх хурал дээр хэлсээр байхад шүүх энэхүү захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасныг зөрчсөн хууль бус акт гэж тогтоогоогүй. Эдгээр нотлох баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг дурдаагүй.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийг зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг тусган гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг тусгасан ба хоёр өмгөөлөгчийн тайлбар, хуулийн үндэслэлийн талаар огт дурдаагүй атлаа хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, өмгөөлөгчийн хэлсэн үгийг тодорхой дэлгэрэнгүй бичсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ёстой”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар тогтоолоор “Сорогзон” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгыг бүхэлд хувьчлах шийдвэр байгаа, түүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 158 дугаар тогтоолоор хүчингүй болсон тогтоол байгаа, өмч хувьчлалыг дахин явуулж Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Сорогзон” ХХК-д 540,9 м.кв талбай, 07 дугаар тогтоолоор “Батнам” ХХК-д 189,8 м.кв талбай, 08 дугаар тогтоолоор “Чулуут рашаан” ХХК-д 101,7 м.кв талбайг тус тус хувьчлахаар шийдвэрлэсэн тогтоолууд байгаа. “Батнам” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэн өөрийн хувьчилж авсан эмнэлгийн барилгын талбайн харалдаа 2656 м.кв орчны газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй талаарх газрын хувийн хэрэг хавтас хэрэгт нотлох баримтаар байгаа.

Хуулийн дагуу эзэмшиж байсан “Батнам” ХХК-ийн газраас “Эрхт сэнтий” ХХК нь 1533 м.кв газрыг худалдаж авсан. Ийнхүү шударгаар өөрсдийн өмчилж авсан объектын харалдаах орчны газрыг эзэмшиж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх 3 өмчлөгчтэй объектын гаднах орчны талбайг нэг өмчлөгчид нь дангаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь туйлын үндэслэл муутай хууль зөрчсөн, шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүх шийдвэр гаргахдаа хууль буруу тайлбарласан. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.37 дахь заалтыг авч үзээгүй бөгөөд зөвхөн талуудын гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэхээр заасан. Гэтэл шүүгч хэрэгт хамааралтай холбогдох хуулийн заалтыг судлаагүй төдийгүй, энэ талаар огт дурдаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч компаниудаас “...Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжаар “Батнам” ХХК-д газар эзэмших эрх олгох үед тухайн газар нь бусдын эзэмшилд байгаагүй, улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эзэмшил газраасаа бусдад шилжүүлснийг баталгаажуулсан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх нийслэлийн Засаг даргад байхгүй... Иймд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982, А/983 дугаар захирамж болон түүнийг үндэслэн “Сорогзон” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 дугаар захирамж, түүнийг үндэслэн гаргасан “Эрхт сэнтий” ХХК, “Батнам” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж, дахин гаргуулах, нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага,

Гуравдагч этгээд “Сорогзон” ХХК-иас Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжийн “Батнам” ХХК-д холбогдох хэсэг, А/586 дугаар захирамжийн “Эрхт сэнтий” ХХК, Г.Нандинцог нарт холбогдох хэсэг, А/711 дүгээр захирамжийн “Чулуут рашаан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гарган маргажээ.

Харин хариуцагчаас “...Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/983 дугаар захирамжаар хувьчилж авсан барилга доорх газрыг орц, гарцтайгаар “Батнам” ХХК-д 280 м.кв, “Чулуут рашаан” ХХК-д 120 м.кв, “Сорогзон” ХХК-д 5235 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн байна.

Талуудын маргах болсон үйл баримтыг дүгнэн үзвэл анх Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй барилгыг хувьчлах тухай 107 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хуучнаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилга, “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрыг түрээсийн давуу эрхээр тус компанид хувьчилж, улмаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжаар 6205 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар “Сорогзон” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэтэл “Батнам” ХХК болон “Чулуут рашаан” ХХК-иас Нийслэлийн өмч хувьчлах комиссын дээрх шийдвэртэй маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх “...нэхэмжлэгч компаниудын түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн өрөө талбайг багтаан 810 м.кв талбайтай байрыг бүхэлд нь “Сорогзон” ХХК-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь хууль бус, орон нутгийн өмчийг адил тэгш байдлаар түрээслэн ашиглаж ирсэн нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар тогтоол, 2009 оны 03 дугаар тогтоолоор “Сорогзон” ХХК-д олгосон 03/2009 дугаартай Өмчлөгчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

Нийслэлийн өмч хувьчлах комисс Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгын хувьчлалын асуудлыг дахин шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24, 25, 26 дугаар тогтоолуудаар “Сорогзон” ХХК, “Батнам” ХХК, “Чулуут рашаан” ХХК-ийн эзэмшиж байгаа хэсгүүдийг түрээсийн давуу эрхээр хувьчилж, мөн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 06, 07, 08 дугаар тогтоолуудаар “Сорогзон” ХХК-д 540,9 м.кв, “Батнам” ХХК-д 189,8 м.кв, “Чулуут рашаан” ХХК-д 101,7 м.кв талбай бүхий байрны өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосон байна.

Давж заалдах шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 захирамжаар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамжаар “Сорогзон” ХХК-д эзэмшүүлсэн эмнэлгийн зориулалттай 6205 м.кв газар эзэмших эрхийг ...түр түдгэлзүүлсэн байхад ...кадастрын зургийг устгаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжаар “Батнам” ХХК-д газар эзэмших эрх олгосон” гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 дугаар захирамжийн “Эрхт сэнтий” ХХК, иргэн Г.Нандинцог, “Батнам” ХХК-д, мөн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Чулуут рашаан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, “Сорогзон” ХХК-д Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг хувьчилсан нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч дээрх захирамж гарах үед тус компанид эмнэлгийн зориулалтаар 6205 м.кв газрыг эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамж хүчинтэй байжээ.

Иймд “Сорогзон” ХХК газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах, газраа баталгаажуулах хүсэлтийг 2013 оны 12 дугаар сар, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан боловч тус газраас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/4588 тоот албан бичгээр “...газар дээрх барилгын асуудлаар шүүхэд маргаантай байгаа, эмнэлгийн барилгыг хуваан авсан 3 иргэн, байгууллагын асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа” гэсэн хариуг өгсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржийн өрөөнд болсон “Хурлын тэмдэглэл”-ээс үзэхэд Нийслэлийн өмчөөс хувьчлагдах Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин амбулаторийн барилгын талбайн асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар шийдвэрлэхээр талуудтай тохиролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасантай нийцжээ.

Хариуцагчийн “...Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу “Сорогзон” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан ба тус асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулсан байтал Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны А/561 дүгээр захирамжаар “Батнам” ХХК-д 2656 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлж, А/586 дугаар захирамжаар тус газраас “Эрхт сэнтий” ХХК-д 1533 м.кв, иргэн Г.Нандинцогт 200 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн...” гэх тайлбар үндэслэлтэй.

Учир нь, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл газрын харилцааны талаар эрх олгогдсон захиргааны байгууллага нь газрын тухай хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах, хэрвээ хуульд нийцсэн үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтан хуульд нийцээгүй шийдвэрийг нь хүчингүй болгохоор байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай” 11/65 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Баянгол дүүрэгт байрлах Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин амбулаторийн барилгыг хувьчилсан, мөн уг объектыг Нийслэлийн өмч хувьчлах комиссын эрх мэдлийн хүрээнд захиран зарцуулсан нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрын асуудлыг нь шийдвэрлэх эрх нийслэлийн Засаг даргад байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий газар нь Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байхад Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам бүхий газарт нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт сэнтий” ХХК, “Батнам” ХХК, иргэн Г.Нандинцог нарт, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Чулуут рашаан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/983 дугаар захирамж гаргахдаа 3 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамжийн “Сорогзон” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцох”-оор шийдвэрлэсэн байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/983 дугаар захирамжийн тухайд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, газар эзэмшүүлэхдээ хувийн хэргийн бүрдэл дутуу, зарим хуулийн этгээдээс газар эзэмшүүлэх хүсэлтийг аваагүй, тодруулбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар газар эзэмших талаар аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргаагүй байхад энэхүү маргаан бүхий захирамжаар “Сорогзон” ХХК-д 5235 м.кв,  “Батнам” ХХК-д 280 м.кв, “Чулуут рашаан” ХХК-д 120 м.кв газар эзэмших эрх олгосон байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                 ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                 ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                 ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН