Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/00499

 

 

 

 

 

 

 

 

            2022        02          08

                                 101/ШШ2022/00499

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

28,736,400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч “А” ХХК-тай 2016 оны 04 дүгээр 06-ны өдөр 41,052,000.00 төгрөгийн бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувь болох 12,315,700.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлж, бараа материалыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүрэн шилжүүлж дууссан боловч бид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 28,736,400.00 төгрөгийг илүү шилжүүлсэн байсан.

 

Ингээд уг мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар тус компанид удаа дараа хандсан боловч үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч компани энгийн нэг хуулийн этгээд биш, үндэсний аюулгүй байдлыг хангадаг бөгөөд нийслэлийн буюу та бүхний ажиллаж амьдрах гол чиг үүргийг гүйцэтгэдэг төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний нөөцийн 70 хувийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг дурдсан байна. Гэтэл энэ хэргийн тухайд гэрээтэй холбоотой асуудлыг хөндөөгүй.

 

Үндсэндээ гэрээний харилцаа дуусгавар болж, манай компани төлбөрийг шилжүүлж, хариуцагч компани тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Дээрх асуудалд бид нар хариуцлагагүй хандсан ба түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч илүү шилжүүлсэн 28,736,400.00 төгрөгийг хариуцагч нь буцааж өгөх ёстой. Иймээс Иргэний хуульд заасан гэрээний бус үүрэг буюу хуулийн дагуу үүссэн үүргийн харилцаа байх тул 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэхтэй холбоотой 3 жилийн хугацаа үйлчлэхгүй, харин ерөнхий хугацаа үйлчлэх учраас шаардах эрхтэй.

 

Мөн талуудын байгуулсан гэрээний үүрэг нь манай компаниас шилжүүлсэн 2 дахь гүйлгээгээр дуусгавар болж, зохигчид тохирсон ёсоор төлбөр, бараа бүтээгдэхүүнээ тус тус хүлээн авсан. Дахин хэлэхэд талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн зохих албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас илүү шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл, буцаан шаардах шаардлагад өөр этгээдээс орсон хөрөнгө, орлого, үр шим, тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн, хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс олох ёстой байсан орлого, үр шимийг эзэмшигчид буцаан төлөх боломжгүй бол үнийг нь төлөх үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалтаар нэхэмжлэгчид шаардах эрх олгогдсон.

 

Түүнчлэн хариуцагчийн гаргасан хоёр дахь тайлбарт 61,000,000.00 төгрөг гэж бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хариуцагч нь хариу тайлбартаа урьдчилгаа 30 хувь буюу 12,315,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 12,315,000.00 төгрөг нь гэрээний нийт үнийн дүн 41,052,000.00 төгрөгийн 30 хувьтай тохирч байгаагаас үзвэл хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, хариуцагч “А” ХХК-иас 28,736,400.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдахдаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. Уг гэрээнд заасан ёсоор хариуцагч тал үүргээ биелүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар урьдчилгаа төлбөрт 12,315,700.00 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж, дараа нь 28,736,400.00 төгрөгийн төлбөрийг мөн шилжүүлсэн бөгөөд нийт 41,052,000.00 төгрөг болсон. Тийм учраас хариуцагч талд ямар нэгэн буруу үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 28,736,400.00 төгрөгийг шилжүүлсэн ба энэхүү хугацаанаас хойш 5 жил, 2 сарын хугацаа өнгөрсөн.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан өөрийн тайлбартаа гэрээнээс үүссэн маргаан биш гэж тайлбарлаж байгаа бол хариуцагчид холбогдуулан ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд тайлбар мэдүүлгээ үнэн зөв гаргах ёстой.

 

Нэхэмжлэгч нь тухайн үед яагаад хуульд заасан журмын дагуу шаардаагүй байж одоо ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийг дурдаж, төрийн компани учраас аудитын шалгалт жил бүр, сар бүр хийгддэг гэж тайлбарласан. Гэтэл уг гүйлгээг 10 дугаар сард хийсэн тул 2016 оны жилийн эцсийн тайланд өр төлбөр болоод гарч ирэх ёстой. Компани бүр жилд 2 удаа тайлан гаргадаг учраас 4 дүгээр улирлын тайлан болон жилийн эцсийн тайлангаар тухайн төлбөрийг тооцож гаргасан эсэх нь тодорхойгүй, яагаад 5 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа вэ гэдгийг тодруулах хэрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтыг өгөхдөө эх хувь буюу нотариатаар батлуулсан хувийг нь өгөх ёстой. Хэргийн материалтай танилцахад 8, 9 дэхь талд авагдсан баримтыг харвал нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувийг өгсөн байна. Уг гэрээний холбогдох зүйл заалтыг уншиж, үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй буюу бичгийн нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч нь тайлбартаа 600 гаруй гэрээг жил бүр байгуулж, тэрбум гаруй төгрөг эргэлдүүлдэг гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс ямар ч үндэслэлээр, ямар ч байдлаар ярьж байж болно. Нэхэмжлэгч компани өөрийн гэсэн хуульчтай бол санхүүгийн тайланг сайтар шалгах хэрэгтэй байсан.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэсэн баримтыг гаргаж өгсөн байна. Тус тайланд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэсэн байгаа тайланг гаргасан хүний гарын үсэг нь байдаггүй. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй нөхцөл байдал хэргийн материалаас харагдаж байна. Намайг хариуцагч компанийн захирал н.П-той уулзаж ярилцахад “...Б” ХК-нд нийлүүлсэн сэлбэг нь 100,000,000.00 гаруй төгрөгийн үнэтэй байсан ба энэ үед  би уг компанитай тохиролцоод шилжүүлж өгсөн...” гэж хэлдэг. Нэгэнт сэлбэг нь үнэтэй байсан учраас нэхэмжлэгч нь өөрсдөө өндөр дүнгээр үнэлж төлбөрийг шилжүүлсэн байна.

 

Үүнээс гадна анхан шатны санхүүгийн баримтыг үндэслээд тайлан мэдээг гаргадаг. 2016 оноос 2017 онуудад аудитын шалгалт хийлгэж байсан бол нотлох баримтаар өгөх ёстой байсан гэж бодож байна. Нэхэмжлэгч тал өөрсдийгөө төрийн өмчит компани гэж тайлбарлаад байгаа боловч төрийн өмчит компанид сэтгэл зүрхнээсээ ажилладаг бол өнөөдрийн нөхцөл байдал яригдах уу, бусдад өөрийн хөрөнгөөс үндэслэлгүйгээр өгсөн гэж үзэж байгаа бол хэзээ ч ийм байдалд хүргэхгүй. Үндэслэлтэй өгсөн учраас тухайн мөнгийг шилжүүлснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн удирдлага нь улсын бүртгэлд бүртгэгддэг.

 

Гэтэл “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал гэх н.Н нь 5 жилийн хугацаанд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсэн бол яагаад улсын бүртгэлээс лавлагаа авч хэргийн материалд өгөөгүй вэ, хэрэв улсын бүртгэлийн лавлагаа авагдсан тохиолдолд н.Н гэх хүн “Б” ХК-ийн захирал мөн эсэхийг харах байсан. Хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн дүрмийг хавсаргадаг. Гэтэл хэргийн материалд ямар нэгэн дүрэм авагдаагүй. Тийм учраас хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх гэж бодтол 493 дугаар зүйлээр шаардаж байгаа юм байна гэж ойлголоо. Тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлаж чадахгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч Б ХК-ийн шилжүүлсэн тус төлбөр хариуцагч “А” ХХК-ийн дансанд ороход хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй, хуулийн этгээд, иргэд хоорондын гүйлгээний баримт нь заавал нэхэмжлэл очсоноор гүйлгээ хийгддэг тул хэний буруутай үйл ажиллагааны үндсэн дээр уг асуудал үүссэн талаар шүүх анхаарч үзэх хэрэгтэй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 301,632.00 төгрөгийг төлсөн баримт,

 

  1. “Б” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

  1. 513, 1288, 1144 тоот төлбөрийн даалгавруудын хуулбар,

 

  1. 6 тоот нэхэмжлэхийн хуулбар,

 

  1. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ,

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

 

2.  Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,

 

3.  Хариуцагчийн хариу тайлбар,

 

4.  “А” ХХК-ийн дүрэм,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.  Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад   

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХК-иас хариуцагч “А” ХХК-нд холбогдуулан 28,736,400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 28,736,400.00 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

  1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “Б” ХК 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч “А” ХХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, төмөр замын засварт ашиглах зорилгоор 41,052,000.00 төгрөгийн үнэтэй эд зүйл /сэлбэг/-ийг худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

 

Хэдийгээр талууд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хэрэгт өгсөн боловч тус гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т ”Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....... заасан шаардлагыг хангаагүй хэдий ч зохигчид тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулсан эсэх талаар маргаагүй.

 

Тодруулбал, дээр дурдсан хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ........................... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зааснаар талуудыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 41,052,000.00 төгрөгийн үнэтэй эд зүйлийг худалдах, худалдан авахаар тохиролцсон эсэх үйл баримтын талаар маргасан гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч “А” ХХК нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагч “Б” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийг тохирсон хугацаанд худалдагчид бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тус компани худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас эрхийн болоод биет байдлын доголдолгүй 41,052,000.00 төгрөгийн үнэтэй эд зүйлийг хүлээн авсан байна.

 

  1. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Б” ХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12,315,600.00 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28,736,000.00 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 28,736,400.00 төгрөг, нийт 69,788,000.00 төгрөгийг хариуцагч “А” ХХК-ийн “Голомт банк” ХХК дахь 1901048982 тоот дансанд төлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн авсан гэсэн /х.х-ийн 4-6 хуудас/.
  2.  

Тодруулбал, нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “А” ХХК-нд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 41,052,000.00 төгрөг /12,315,000+28,736,400/-ийг төлөх ёстой байтал 28,736,000.00 төгрөгийг илүү төлсөн байна. Гэвч хариуцагч нь энэхүү 28,736,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн манай компанид төлбөл зохих өглөг байсан тул буцааж өгөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, уг хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 28,736,000.00 төгрөгийг авах авлагатай байсан гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна. Иймд, хариуцагч “А” ХХК-нд 28,736,000.00 төгрөгийг тус үндэслэлээр үлдээх боломжгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулсан, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсноор иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХК, хариуцагч “А” ХХК нарын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар 41,052,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байсан.

 

Гэвч нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “А” ХХК-нд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 41,052,000.00 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байхад илүү 28,736,000.00 төгрөгийг төлсөн нь гэрээ, аль эсхүл хуульд заасан үндэслэлээр үүссэн буюу төлбөл зохих үүрэг биш юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар зохигчид анхнаасаа 69,788,000.00 төгрөгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авахаар тохиролцоогүй, ийм хүсэл зоригийг харилцан илэрхийлээгүй байх тул нэхэмжлэгчийг “хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй”-ээр 28,736,000.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд харин үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүсдэг.

 

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХК-ийг үүрэг байхгүй байхад андуурч /condictio in debiti/ хариуцагч “А” ХХК-нд 28,736,000.00 төгрөгийг гүйцэтгэсэн гэж үзэх ба хэрэгт авагдсан баримтаар тус мөнгийг хариуцагчид үлдээх зөвтгөх буюу хууль зүйн үндэслэл байхгүй байх тул хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй юм.

 

Энэ талаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тодорхой заажээ. Иймд, нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “А” ХХК-иас 28,736,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

 

  1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээ, хэлэлцээр болон хуульд заасан үндэслэлээр үүссэн үүргийг нөгөө талаасаа биелүүлэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг маргааны зүйл болох 28,736,000.00 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хариуцагчид шилжүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасны дагуу тоолоход дуусгавар болсон гэж маргасан.

 

Гэтэл нэхэмжлэгч “Б” ХК нь тус 28,736,000.00 төгрөгийг хариуцагч “А” ХХК-нд төлөх үүргийг гэрээ, аль эсхүл хуулиар хүлээгээгүй, зохигчид зөвхөн 41,052,000.00 төгрөгийн үнийн дүнтэй бараа худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байсан тул нэхэмжлэгчийг хариуцагчаас гэрээ, хэлэлцээрийн үүргийг шаардаж байна гэж үзэхгүй.

 

Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан журмын дагуу тоолох бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, түүнчлэн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаар тоолоход хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болоогүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 28,736,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “А” ХХК-иас 28,736,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,632.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,630.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР