Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00780

 

 

 

 

"Б" ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/00499 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч "Б" ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.И -д ХХК-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28,736,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчин давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч А.И ХХК-тай 2016 оны 04 дүгээр 06-ны өдөр 41,052,000 төгрөгийн бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувь болох 12,315,700 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлж, бараа материалыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүрэн шилжүүлж дууссан боловч манай компаниас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 28,736,400 төгрөгийг илүү шилжүүлсэн байсан. Бидний зүгээс гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн зохих албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас илүү шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн хариуцагчийн гаргасан 2 дахь тайлбарт 61,000,000 төгрөг гэж бичсэн нь үндэслэлгүй. Хариуцагч урьдчилгаа 30 хувь буюу 12,315,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 12,315,000.00 төгрөг нь гэрээний нийт үнийн дүн 41,052,000.00 төгрөгийн 30 хувьтай тохирч байгаагаас үзвэл хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч А.И ХХК-аас 28,736,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтаар урьдчилгаа төлбөрт 12,315,700 төгрөг, мөн 28,736,400 төгрөг, нийт 41,052,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 28,736,400.00 төгрөгийг шилжүүлснээс хойш 5 жил, 2 сарын хугацаа өнгөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтыг өгөхдөө эх хувь буюу нотариатаар батлуулсан хувийг нь өгөх ёстой. Хэргийн 8, 9 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн хэрэгт өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэсэн баримтад гарын үсэг зурагдаагүй. Хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн дүрмийг хавсаргадаг. Гэтэл хэргийн материалд ямар нэгэн дүрэм авагдаагүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч А.И ХХК-иас 28,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Б" ХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардлагаа гаргаж байгаа гэдгээ тайлбарладаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч ""Б" " ХК нь хариуцагч "А.И " ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр андуурч шилжүүлсэн мөнгөө шаардаж байгаа тохиолдолд гэрээ хэрэгт нотлох баримтаар зайлшгүй авагдах учиртай.

Шүүх нэхэмжлэгчийг 28,736,000 төгрөгийг гэрээ хэлцэлийн үндсэн дээр шаардаагүй хоёр талын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэсэн дүгнэлтийг хийгээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэсэн заалтыг хэрэглэж гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцож байгаа явдал нь зүйд нийцсэнгүй.

Нэхэмжлэгч илүү мөнгө шилжүүлсэн болохоо 2017 оны АУДИТ-ын шалгалтаар мэдсэн бол тэр үедээ шаардах эрхтэй байсан. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ эх хувираа олдоогүй. Энэ гэрээг хуурамч эсэх талаар хариуцагч талаас маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч нар нь тайлбараа, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч талаас гэрээг хуурамч эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарын тайлбараар талуудын хооронд байгуулагдсан гэрээ мөн гэдэг нь тогтоогдсон. Үндсэн гэрээний дагуу 41,052,000 төгрөгийг 2 хувааж төлөөд дуусгасан. 2016 он 10 дугаар сарын 27-ны өдөр 28,736,400 төгрөгийг илүү шилжүүлсэн. Мөнгө илүү шилжүүлсэнд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн уг мөнгийг нэхэмжилсэн. Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, энэ маргаан нь гэрээнээс үүссэн маргаан биш. Талууд гэрээний үүргээ гүйцэтгээд гэрээ дуусгавар болсон. Илүү өгсөн мөнгө нэхэмжилсэн, түүнээс олох байсан орлого, үр шимийг нэхэмжлээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

2.Нэхэмжлэгч "Б" ХК нь хариуцагч А.И ХХК-нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28,736,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, манайд өглөгөтэй байсан учир буцааж өгөхгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэл заан маргажээ.

 

3."Б" ХК, А.И ХХК нар төмөр замын засварт ашиглах зорилгоор 41,052,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл /сэлбэг/-ийг худалдах- худалдан авахаар харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо зохигч талуудын тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна. Учир нь гэрээний дагуу худалдагч А.И ХХК нь төмөр замын сэлбэг нийлүүлсэн, худалдан авагч "Б" ХК-аас сэлбэгийн үнэд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12, 315,600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28,736,000 төгрөгийг худалдагч талын Голомт банк ХХК дахь 1901048982 тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчд талуудын тайлбарыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн тул талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаагүй байхад дээрх хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

4.Талууд худалдах-худалдан авах гэрээний үнэд илүү төлсөн мөнгийг буцаан шаардах үндэслэлийн талаар маргажээ.

4а.Нэхэмжлэгч "Б" ХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үнэд 41,052,000 төгрөг төлөхөөс 69,788,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 4-6 дахь талд авагдсан төлбөрийн даалгавар, 69,814,000 төгрөг болж байгаа, гэхдээ 41,052,000 төгрөгийн үнийн дүнгийн гэрээ байгуулсан учраас тооцоолоод дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. Нэхэмжлэгч талаас, хариуцагч талд 28,736,000 төгрөгийн өглөгтэй байсан учир суутган тооцсон гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үзээд хариуцагч А.И ХХК-ийг 28,736,000 хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн, нэхэмжлэгч илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэсэн байна.

4б.Хариуцагч А.И ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч "Б" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргийн шаардлагад хамааралгүй гэж үзээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолж, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь зөв, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/00499 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,630 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Ч.ЦЭНД