Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2022/00059/И |
Дугаар | 101/ШШ2022/01593 |
Огноо | 2022-04-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/01593
2022 04 08 | 101/ШШ2022/01593 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
43,860,519.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Д.О, өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк хариуцагч Д.О-тэй 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 30,200,000.00 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байр, хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Гэтэл хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Энэ талаар түүнд удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах боломж олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Зохигч нарын байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.
Иймд, хариуцагчаас үндсэн зээл 30,200,000.00 төгрөг, хүү 13,651,519.44 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 9,000.00 төгрөг нийт 43,860,519.44 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч “Х” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,200,000.00 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг “Е” оймсны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр авсан бөгөөд оймсны хоншоор хэсгийг оёдог 2 машин авч, нэхсэн оймсоо гадаад улс руу экспортоор гэрээ байгуулсан. Түүнчлэн ХХААЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас зээлжихээр зохих материалаа бүрдүүлээд 3,000 гаруй аж ахуйн нэгжээс 2 дугаар жагсаалтын 53 дугаар байрт шалгарч тэнцсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийг авбал банкны зээлээ эргүүлэн төлөхөөр төлөвлөж байсан юм.
Гэвч уг зээлийг санхүүжүүлэх мөнгө хүрэлцэхгүй байна, дахин санхүүжилт нэмж хийхээр өгнө гэж төрийн байгууллагаас хэлэхэд нь итгэж хүлээсэн боловч зээлийг олгоогүй. Манай “Э” ХХК нь тус төсөлд нэгэнт шалгарсан байсан тул санхүүжилтийг хүлээхээр шийдвэрлэсэн бөгөөд К улс руу бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хийсэн байсан. Миний бие хугацаа алдахгүйн тулд мөнгө хэрэгтэй байсан учраас зээл авсан нь үнэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХААЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс тавьсан шаардлагын хангаад хуваарилагдсан 10 тэрбум гаруй төгрөг нь эхний 37 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан, хэрэв ямар нэг байдлаар эх үүсвэр гарвал бусад иргэн, хуулийн этгээдийг санхүүжүүлэхээр хүлээгдэж байгаа гэж мэдэгдсэн тодорхойлолт өгсөн.
Үүнээс хойш дэлхий нийтэд корона вируст цар тахал халдварт өвчин дэгдэж үйлдвэр, бусад зүйл бүхэлдээ зогссон. Мөн 2021 оны 12 дугаар сард миний нөхөр Д.У нь цагдаагийн албанаас халагдаж өнөөдрийг хүртэл цалин мөнгөгүй ажилгүй байна. Бид хоёр 6-10 хүртэл насны 3 хүүхэдтэй, орлого муу байсан учир зээлийг төлөх боломжгүй болсон. 2021 оны 07 дугаар сард гэр бүлээрээ корона вирус тусач, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, энэ өвчний ул мөр одоо болтол арилаагүй байна. Зээлийн гэрээний дагуу төлөлтийг эхний 10 сарын хүгацаанд 11,000,000.00 гаруй төгрөг төлсөн, одоо төлбөрийн чадваргүй болоод төлж чадахгүй байна.
2020 оны эхэн үеэс хил хаагдаж, нөхцөл байдал улам хүндэрч эхэлсэн учраас би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зээлийн эдийн засагч н.Б-тай байнга уулзаж, нөхцөл байдлаа хэлээд төсөл, гэрээгээ танилцуулж, тухай бүрт нь хяналт тавьж ирсэн. Мөн салбарын захиралтай нь уулзсан. Явцын дунд Монгол банкаас над шиг зээлдэгч нарын зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой талаар тайлбар гарсны дараа миний зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, үндсэн зээлээс хасалт олгож, тодорхой хугацаа олгохыг тусгай активын ажилтан болон зээлийн эдийн засагч нарт хүслэт тавьж байсан. Гэвч нэхэмжлэгч тал энэ талаар эргээд хариу өгье гэсээр байгаад хугацаа алдаж, миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Би, өөрөө ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. 2021 оны 12 дугаар сард салбарын захирал н.Ганбаяр гэх хүнтэй утсаар яриад очиж уулзъя гэхэд намайг утсаар элдвээр хэлсэн. Та яагаад надтай ингэж харилцаж байгаа вэ, танай хоёр ажилтантай харилцаад асуудлыг шийдвэрлэхээр оролдож байна гэхэд танай нөхөр чинь цагдаа биз дээ, чамаас би айхгүй гээд хувийн дугаараас залгасан тул тухайн хүнийг ажилтан мөн эсэхэд эргэлзсэн. Миний бие цагдаагийн байгууллагад эдгээр дугаараас залгаад мөнгө нэхээд байгаа талаар хэлсэн боловч Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргаж, манай нөхөрт арга хэмжээ авахуулсан. Энэ зээлтэй холбоотой асуудалд арай өөр хэлбэрээр хандаад байдаг. Намайг 11,000,000.00 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс хасагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Нэхэмжлэгчийн өгсөн баримт,
Хариуцагчийн өгсөн баримт,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Д.О-д холбогдуулан 43,860,519.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ /х.х-ийн 3, 4 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.
Тодруулбал, Компанийн тухай хуулийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж зааснаар хувьцаа эзэмшигч, аль эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон гүйцэтгэх захирлын талаарх холбогдох мэдээллийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт тусгана.
Уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ба тэрээр компанийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох зэрэг эрхийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г-т олгожээ /х.х-ийн 6 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, мөн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр баримтаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэлээр эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг бусдад олгосон байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй /х.х-ийн 5 хуудас/.
Энэхүү гэрээг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийг төлөөлж 811 дүгээр салбарын захирал Д.Ө, ажилтан О.А, Э.Б, хариуцагч Д.О нар тус тус байгуулж, гарын үсэг зурсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөн гүйцэтгэх захирал нь байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.О-д дугаартай зээлийн данс нээж, улмаар зээлийн гэрээний зүйл болох 30,200,000.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон байна /х.х-ийн 58 хуудас/.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэгэнт талууд зээлийг олгосон эсэх талаар маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлий дансны хуулгаар хариуцагч нь зээлийн гэрээний зүйл 30,200,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч Д.О нь зээлийн хүүнд нийт 13,939,989.04 төгрөгийг төлөх ёстой байтал 7,357,751.79 төгрөгийг төлсөн байна. Тэрээр үүнийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнм 42 дугаар зүйлийн 42.2-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар маргаагүй гэж үзнэ.
Ингээд нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Д.О-д холбогдуулан үндсэн зээл 30,200,000.00 төгрөгөөс гадна ашигласан хугацааны хүүнд 13,651,519.44 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Тайлбарлавал, зээлдэгч нь зээлийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй /хэрэглээний зээлээс бусад/ бөгөөд тийнхүү ашигласан боловч хуваарийн дагуу буцаан төлөөгүй, цаашид төлөх эсэх нь эргэлзээтэй буюу ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илэрхий байх тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг буцаан дуудаж болно.
Энэ талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн 226 дугаар зүйлийн 226.1-д “Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гээд 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хариуцагч Д.О-д зээлийг төлөхийг мэдэгдэж байжээ. Гэвч үүнээс өмнө хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний болон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус нэхэмжлэгчид хандаж хугацаа хэтэрсэн зээлийн хүүг тухайн сард төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 22, 23, 71, 73 хуудас/.
Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн зээлдэгч этгээд зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй хэвээр байхад нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн нь шударга биш байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.
Тодруулбал, хэдийгээр зээлдүүлэгч гэрээнд заасан эрх буюу зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй гэрээгээ зөрчсөөр байхад нэхэмжлэгч тал гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасныг харгалзах учиртай бөгөөд нэхэмжлэгч нь зохигчдын байгуулсан зээлийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.
Иймээс дээр дурдсанаар талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Д.Оийн нэхэмжлэгч “Х” ХХК-нд төлвөл зохих зээлийг хүүг тооцвол:
30,200,000x2%=604,000 төгрөг /1 сарын хүү/, 604,000x12=7,248,000 төгрөг /1 жилийн хүү/, 7,248,000:365=19,857.53 төгрөг /1 өдрийн хүү/, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 702 өдөр байх тул 19,857.53x702өдөр=13,939,986.00 төгрөгийн хүү төлөх ёстойгоос хариуцагчийн төлсөн 7,357,751.79 төгрөгийг хасахад 6,582,237.25 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.
Харин хариуцагч нь үндсэн зээлээс ямар нэгэн төлбөр төлөөгүй тул тэрээр 30,200,000.00 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардаагүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 30,200,000.00 төгрөг, зээлийн хүүнд 6,582,237.25 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 36,791,237.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,069,282.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.О-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 17 хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нь үгүйсгээгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР