Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1374

 

                  

 

 

 

2020          10             29                                             2020/ДШМ/1374                               

С.Б, Ц.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Ц.Зын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/747 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б, Ц.З нарт холбогдох 1805028430235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Буриад овгийн С.Б, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсныг түдгэлзүүлсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЕ82061551/,

2. Дарьганга овгийн Ц.З, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 5-г байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ88042032/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

1. С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэн Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

2. Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэн Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Буриад овогт С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Дарьганга овогт Ц.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Быг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зын цагдан хоригдсон 6 хоногийг 15 нэгжээр тооцож, торгох ялын хэмжээг нь 5.910.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З, С.Б нарын торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч Ц.З, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Цэлмэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдгийг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд тайлбарласан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэжээ.

Анхан шатны шүүх хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлгийг голлон үнэлсэн ба гэрч Э.Галбадралын мэдүүлгийг огт хайхарсангүй, илэрхий зөрүүтэй байхад түүний мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол дээрээ заасангүй.

Гэрч Э.Галбадрал мэдүүлэхдээ “...би Б.Мөнхбаяр шүүгчийг таньдаг байсан, Нарангарав надад тэр Нокиа загварын утсыг өгсөн, би явтлаа өөрийн сим картыг хийж түр барьж байгаад явахаасаа өмнө Хүүхдийн-100 дэлгүүрийн хавьд Б.Мөнхбаяр шүүгчтэй тааралдаад Батжаргалд өгчихөөрэй гэж хэлээд өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Америкийн Нэгдсэн улс руу явсан ба явахаасаа өмнө 2-оос 3 хоногийн өмнө өгсөн” /хх-53-60/ гэж байхад Б.Мөнхбаяр нь “би Э.Галбадрал гэдэг хүнийг огт танихгүй, түүнээс ямар ч Нокиа загварын утсыг аваагүй, энэ бүхэн бол гүтгэлэг” гээд нүүрэлдэн байцаалт өгөхөөс татгалздаг.

Өөрөөр хэлбэл, гэрч Э.Галбадрал нь Нарангараваас авсан 351543045732094 имей кодтой Нокиа загварын гар утсыг Монголд байх хугацаандаа түр хэрэглэж 7 хонож байгаад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орчимд Б.Мөнхбаярт өгсөн гэдгээ тодорхой мэдүүлээд байхад энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлтээ хэлсэнгүй яллалаа. Нэг бол Б.Мөнхбаяр худал мэдүүлээд байна, эсвэл Э.Галбадрал нь худал мэдүүлэг өгсөн байхаар нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэрэв анхан шатны шүүх Б.Мөнхбаярыг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байгаа бол Э.Галбадрал худал мэдүүлсэн учир үнэлсэнгүй гэж дүгнэлт хийх учиртай.

Гэрчээр мэдүүлэг авахын өмнө хууль сануулдаг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэрч худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.2 дугаар зүйлд гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн бол ял шийтгэхээр заасан байдаг.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, шалтгаан нөхцөлийг шийтгэх тогтоолд дурдаагүй.

Шалтгаан нөхцөл гэвэл Батжаргалын хувьд ийм гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байхгүй, яагаад гэвэл түүний гар утсан дээр шүүгч Б.Мөнхбаяраас ирүүлсэн, шүүгчид хууль бусаар нөлөөлсөн зурвас байсан, тэр зурвасыг явуулснаа Мөнхбаяр хүлээн зөвшөөрсөн. Тэр зурвасыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөд хууль зөрчсөн хэргээр Б.Мөнхбаяр ажлаа өгөх нь тодорхой байсан бөгөөд Батжаргал найз гэж бодсоны үндсэн дээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, мэдэгдээгүй байдаг.

Энэ хэрэгт хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлгээс өөр С.Быг гэмт хэрэг үйлдсэнийг батлах бодитой нотлох баримт байхгүй. Гэтэл хохирогч Б.Мөнхбаяр нь Ц.Зыг ч танихгүй, Э.Галбадралыг ч танихгүй, түүнтэй нүүрэлдэхгүй хэмээн зугтаж шүүх хуралд ч оролцохгүй байгааг анхан шатны шүүх анхааралдаа авалгүй 2 дахь удаагаа шийтгэх тогтоол гаргалаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь хор уршиг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Хуулийн заалт нь “...Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол” гэж заасан байна.

Энэ хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй гэдгээ хохирогч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтад 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэлсэн бөгөөд нэгэнт хохирол учраагүй шинжээрээ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байхад ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан С.Быг буруутгаж байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүн нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь, миний хувьд энэ гэмт хэргийг Б.Мөнхбаяр ах намайг “сим карт сэргээгээд өг” гэхээр нь л би түүний хүсэлтээр 3 дугаар хорооллын эцэст байрлалтай И-Март худалдааны төв дотор орж сэргээж өгсөн юм.

Энэ хэрэг 4 прокурор дамжсан, би прокурор бүхэнд Б.Мөнхбаяр ах надад иргэний үнэмлэхийн хуулбараа өгч сим карт сэргээлгэсэн юм, хэрвээ би худлаа яриад байгаа юм бол миний мэдүүлэг дээрх И-Март худалдааны төвийн гадна талын камеруудыг шүүгээд өгөөч, тэр камерт Б.Мөнхбаяр ах хөх өнгийн “Приус” загварын машинтай ирээд намайг буулгаж байгаа бичлэг, мөн би тэр хөх өнгийн “Приус” загварын машинд сууж байгаа бичлэгүүд байгаа, тэр “Приус” загварын машины дугаарыг нь шүүж үзээд л хэн гэдэг жолоочтой явж байсныг тодруулаад тэр машины жолоочоос 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим машин дотор чинь хэн хэн гэдэг хүн явж байсныг тодруулаад л асуучихад энэ хэрэг тодорхой болох байсан. Гэтэл прокурор, мөрдөн байцаагч нар “чи миний ажлыг заадаг юм уу” гээд л энэ камерын бичлэгийг шүүхгүйгээр Б.Мөнхбаяртай намайг нүүрэлдүүлэхгүйгээр чи л энэ хэргийг хийсэн, Б.Мөнхбаяр чамтай холбогдсон дуудлага алга байна гэдэг. Б.Мөнхбаяр надтай Viber-аар холбогддог. Гэтэл Б.Мөнхбаярын утсанд үзлэг хийж үзээгүй, би Б.Мөнхбаярын утсанд үзлэг хийгээд өгөөч гэж мөн л прокурорт хандсан, гэтэл үгүй гээд л бас л хийгээгүй. Б.Мөнхбаяртай холбоотой үйлдлүүдийг шалгаад өгөөч гэхээр шалгаж өгдөггүй юм билээ. Прокурорууд тэгсэн мөртлөө намайг гэмт хэргийн гүйцэтгэгч гээд ял өгөөд байгаад гомдолтой байна. Энэ хэргийг Б.Мөнхбаяр ах л зохион байгуулсан, үүнийг ганц мэдэх хүн бол тэр хөх өнгийн “Приус” загварын машины жолооч, Б.Мөнхбаяр ах тэр үед согтуу байсан юм шүү дээ. Тэгээд надад сим карт сэргээж өгсний дараа 50.000 төгрөг өгсөн.

Прокуророос хамгийн гайхалтай нь Б.Мөнхбаяр, Зоригтбаатар хоёрын хооронд ярьсан ярианы бичлэг байхгүй байгаа болохоор Зоригтбаатарын мэдүүлэг нотлогдохгүй байгаа гэж яллаад байгаад гайхаад байгаа юм. Би мэдүүлгээ эхнээсээ үнэн зөвөөр мэдүүлж явсан. Яагаад миний мэдүүлгийн эх сурвалж болох тэр таксины жолоочийг асуучихгүй байгаа юм бэ, бүхэл бүтэн прокурорын байгууллага байж, үүнээс үзэхэд би Б.Мөнхбаярыг прокурорын байгууллагад нөлөөлж үүнийг шалгуулахгүй байгаа юм байна гэж бодож байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Бодит үнэн”-ийг нотлох баримтад тулгуурлан тогтоож чадсангүй, цаашлаад тогтоогдсон гэх үйл баримтдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 730 дугаартай магадлалаараа анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгтээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсааж бичээд “гэм буруутай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй ямар ямар нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын ямар үйлдэл хангаж байгаа, ямар үйлдэл хангахгүй байгаа, ямар нотлох баримтуудад үндэслэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь тодорхойгүй бөгөөд шүүх гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь таамаглалд тулгуурласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэхээр бичигджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах...” гэсэн хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг заах тухай шаардлагуудыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн дээрх заалтуудыг хангалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж дахин хэргийг таамаглалд тулгуурлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгөлгүйгээр, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг жагсааж бичээд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоол нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоос ялгаатай, өөрчлөлт орсон ганц зүйл нь гэвэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсааж бичээд тодорхойлох хэсгийн зарим хэсэгт хохирлын талаар, эрүүгийн хариуцлагын талаар гэх мэт зөвхөн “Гарчиг өгч, түүний доогуур зураас татах” төдийд л өөрчилжээ.

Үүнд: Хэрэгт цугларсан нотлох баримтад 351543045732094 имэй кодтой гар утсыг авч явсан гэх гэрч Э.Галбадралын мэдүүлгийн аль хэсэг нь үгүйсгэгдэж, аль хэсэг нь нотлох баримт болж байгааг яагаад дүгнэхгүй байгаа юм, шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт яагаад шийтгэх тогтоолд дурьдагдаагүй, энэ талаар анхан шатны шүүх яагаад дүгнэлт хийгээгүй гэх мэт.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ С.Б намайг Ц.Зтай бүлэглэн хохирогч Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж шүүгдэгч С.Бын хамаарал бүхий этгээдүүд ашигладаг 351543045732094 имей кодтой гар утсанд 99190099 дугаарын сим картыг ашиглаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үйл баримтыг дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэжээ.

Б.Мөнхбаярын “...Би Зоригтбаатар гэж хүнийг огт танихгүй, миний иргэний үнэмлэхийн хуулбараар сим карт сэргээгээд аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг,

Ч.Чинзоригийн “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед ажил дээрээ ганцаараа сууж байхад ...хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан. ...тэгээд би сэргээгээд өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг,

Э.Одгэрэлийн “...Хяналтын камерыг ухрааж үзэхэд Б.Мөнхбаяраас өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг,

М.Нарангаравын “...Батжаргал ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад хүргүүлээд ирдэг. ...” гэх мэдүүлэг,

Э.Хандмаагийн “...Би энэ байгууллагад 5 жил ажиллаж байгаа, хүний нөөцийн ажлыг Өлзиймөнх хийдэг. ...одоо Хулан гэж хүн хийж байгаа. ...” гэх мэдүүлэг,

Д.Одхүүгийн “...Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэн хүнд өгч байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан гэрч нарын мэдүүлгүүдээр С.Б намайг гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ хэрхэн яаж оролцсон талаарх үйлдэл, эс үйлдэхүйн талаар ямар ч нотолгоо, дүгнэлт хийсэнгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна. ...” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг үл харгалзан 2 гүйцэтгэгчтэй болгож хэргийг шийдвэрлэлээ. С.Б миний бие дээрх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр яаж оролцсон нь шийтгэх тогтоолоос харагдахгүй байна.

Шүүхийн дүгнэлтээр С.Б нь Ц.Зыг таньдаг юм байна гэдгийг үндэслэсэн мэт харагдаж байна. Миний хувьд би Ц.Зыг таньдаггүй, холбогдож байгаагүй гэж нэг ч удаа тийм мэдүүлэг өгч байгаагүй, харин танина мэднэ, утсаар холбогдож байсан гэж удаа дараа мэдүүлсэн намайг Ц.Зыг таньдаг юм чинь, утсаар ярьж холбогдож байсан юм чинь энэ С.Б гэдэг хүн л энэ Ц.Зтай бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн гэж таамаглаж хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэх хүн С.Быг таньдаг учраас С.Б л гэмт хэрэг үйлдэхийг захиалсан, зохион байгуулсан гэж хохирогч гэх Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын зохиосон жүжгийг жинхэнэ гэж үзээд шүүх шийдвэрээ гаргачихлаа.

Хавтас хэрэгт маш олон зүйл тодорхой шалгагдсан байдаг. Ц.З гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Б.Мөнхбаяр иргэний үнэмлэхийн хуулбараа 50.000 төгрөгийн хамт өгөөд надаар сим картаа сэргээлгэсэн, тэгэхэд Б.Мөнхбаяр хөх өнгийн “Приус” загварын машинтай явж байсан, хажууд нь бас өөр нэг хүн байсан. ...” гэж мэдүүлдэг.

Ц.Зын энэхүү мэдүүлгийн эх сурвалжийг камерын бичлэг шүүж, тэрхүү машиныг олсноор тогтоогдох бүрэн боломжтой байсан, И-март дэлгүүрийн гадна талд дүүрэн камер байхад яагаад тэр байгууллагын болоод төв замын камерын бичлэгүүдийг аваад Ц.Зын мэдүүлгийн үнэн зөвийг шалгалгүйгээр тэрхүү бичлэгүүдийг шалгах боломжгүй болох цаг хугацааг албаар өнгөрөөсний эцэст энэ хэргийг шийдвэрлэв.

Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийг хэн, хэрхэн, хаанаас яаж авсан эсэх нь огт тогтоогдоогүй, Б.Мөнхбаярын сим картыг сэргээсэн гэх иргэний үнэмлэхийн хуулбар хуурамч биш болох нь тогтоогдсон бөгөөд яаж тэрхүү бичиг баримтын хуулбар өөр этгээдэд очсон гэх нөхцөл байдлыг шалгасан боловч тогтоогдоогүй, тэгэхээр тэрхүү жинхэнэ иргэний үнэмлэхийн хуулбарыг С.Б миний бие яаж олж аваад Ц.Зт өгчихвөө.

Нотлох баримтуудаар Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэн өөрөөс нь, эсхүл шүүхийн тамгын газрын аль алинаас хулгайлж, эсхүл нууцаар авах боломжгүй, Б.Мөнхбаяр, тамгын газрын ажилтан хэн аль нь тэрхүү бичиг баримтыг алдаагүй, хэн нэгэнд өгөөгүй гэж нотолсон байдаг.

Шийтгэх тогтоолын 15 дугаар хуудсанд “...99190099 дугаарыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 04 минутад сэргээн 351543045732094 имей кодтой гар утсанд ашиглан 99194429 дугаарын утас руу 1 удаа зурвас илгээсэн байх бөгөөд дээрх имей кодтой гар утсыг 99123885, 99113285 дугаарууд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 42 минутад ашиглаж байсан нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Дээрх дүгнэлтээс үзвэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 42 минутад 99123885, 99113285 дугааруудыг хэн, хэн ашиглаж байсан юм, дээрх дугаарууд нэг цаг хугацаанд 351543045732094 имей кодтой утсанд зэрэг орж ашиглагдаж байсан нь ямар учир шалтгаантай гэдгийг шалгаж тогтоолгүйгээр С.Б л үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр таамаглалд үндэслээд байна гэж үзэхээр байна.

М.Нарангаравын “...Зоригтбаатар гэдэг залуу чинь Б.Мөнхбаяр, С.Б нарыг ууж идэхээр нь хүргэж өгөөд яваад байдаг юм биш үү /хх-180/, мөн манай хүүхдийн утсыг Америкийн Нэгдсэн улсад консулаар суугаа Галбадрал гэдэг хүн Монголд түр барих утас байна уу гэхээр нь өгсөн. Би тэр утсаа аваагүй, Галбадрал ч өгөөгүй яваад өгсөн. ...” /хх-23/

гэрч Э.Галбадралын “...Би 2018 оны 5 дугаар сард ...Нарангаравтай уулзаад түр барьчих утас байна уу гэхэд надад ухаалаг утас байхгүй, жижиг товчтой утас байна гэж хэлсэн. Тэгээд тэр утсыг аваад би өөрийнхөө 99113285 дугаартай сим картыг хийсэн ...би тэр утсыг 7-оос 8 хоног ашигласан ...тэгээд би тэр утсыг хүүхдийн 100-ын тэнд Б.Мөнхбаяртай тааралдаад С.Бд өгчихөөрэй гэж хэлээд өгсөн. ..., ингээд л би 2-оос 3 хоногийн дараа Америкийн Нэгдсэн улс руу яваад өгсөн. ...”

Ц.Зын “...Б.Мөнхбаяр өөрөө иргэний үнэмлэхийн хуулбараа 50.000 төгрөгийн хамт өгч сим картаа сэргээлгэсэн...” гэх мэдүүлгүүдийг ерөөсөө үнэлэлгүйгээр, уг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэж, няцаалгүйгээр хэргийг дахин шийдвэрлэчихлээ.

Өөрөөр хэлбэл, Ц.З нь Б.Мөнхбаярыг таньдаг, тэр хүн өөрөө сим картаа сэргээлгүүлсэн гэж хэлээд байхад Ц.З, Б.Мөнхбаяр хоёрыг ч нүүрэлдүүлэлгүйгээр, “Үгүй ээ, чамд С.Б захиалга өгсөн байна” гээд таамаглаад байх юм, ийм байдлаар бол хэнийг ч юу ч гэж хэлсэн ямар ч үндэслэлгүйгээр хэлмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тулгаж тасална гэдэг л ийм байх болов уу гэдгийг бодсоор өдийг хүрч байна.

Б.Мөнхбаяр нь Ц.Зыг таньдаг, Ц.Заар согтуу байхдаа үйлчлүүлдэг байсныг би ч мэднэ. Ц.З ч хэлсээр байхад Б.Мөнхбаярын би танихгүй гэсэн мэдүүлэгт яагаад итгээд байгааг гайхаад байх юм.

Б.Мөнхбаяр нь шүүгч С.Б намайг цагдан хорих шүүх хуралдааныг явуулж байхад нөлөөлсөн зурвас явуулснаа хүлээн зөвшөөрсөн байдгийг түүний мэдүүлгээс тодорхой харж болох бөгөөд энэ үйлдлээ нуун далдлахын тулд намайг Ц.Зтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болгох жүжгээ зохиож, үүндээ итгүүлэх зорилгоор үйлдлүүдээ араас нь хийсэн байдаг.

Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 12 цаг 51 минутын үед Б.Мөнхбаяр өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед миний 99194429 дугаарын утас руу “юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно.

Уг зурвас ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө Б.Мөнхбаяр намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо гэж уурлаад би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад “хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан.

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цаг 00 минутад Б.Мөнхбаяр өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн 99194429 дугаарын утас руу “Том ярьж байна, хэвээрээ” гэж зурвас бичсэн.

Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Б.Мөнхбаяр дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэхэд С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон, түүнээс болж би том/Ц.Зориг дарга/-д загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “viber”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан. Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярилаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна, хэвээрэй” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн. Ингээд Б.Мөнхбаярын над руу бичсэн зурвасуудыг хадгалж авсан. /Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн/

Би бодохдоо шүүгч Б.Мөнхбаяр нь “яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвас “далдлах” зорилгоор энэ үйлдийг хийсэн юм болов уу” гэж бодож байна.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Б.Мөнхбаярын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Б.Мөнхбаярын сим картыг сэргээлгээд өөр рүүгээ зурвас бичээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ.

 Ингээд л Б.Мөнхбаяр надтай бүтэн 7 хоног юу ч яриагүй өнгөрсөн. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийнхөө сим картыг Ц.З гэж хүнээр сэргээлгэчихээд манай эхнэрийн нэр дээр байдаг гар утсыг танил Галбадралаас надад өгөөрэй гэж хэлээд өгсөн утсыг надад өгөлгүйгээр өөрийнхөө сим картыг хийчихээд одоо намайг өөрийнхөө найруулсан жүжгийн гол баатар болгож байгаад гомдолтой байна.

Энэ хуурамч, ёс зүйгүй үйлдлийнх нь эсрэг нотлох баримтууд байсаар байхад шүүх огт үнэлж дүгнэхгүй байна.

Анхан шатны шүүхийн тогтоосон баримт огт тогтоогдоогүй буюу тийм үйл баримт өнгөрсөн цаг хугацаанд гараагүй, эсхүл прокурор, мөрдөн шалгах байгууллага шалгасан боловч тогтоож чадаагүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс гэмт хэргийн шинжгүй эсхүл ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж С.Б надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Зын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч Ц.З нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч гэх Б.Мөнхбаяртай уулзаж, улмаар түүний хүсэлтээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг сэргээж өгсний төлөө өнөөдөр гэмт хэрэгтэн болоод явж байна. Гэтэл энэ талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсээр байхад мэдүүлгийг үнэлж дүгнэлгүй зөвхөн хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг барьсан нь учир дутагдалтай байна. Шийтгэх тогтоолыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь судалж дүгнэлгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1473 тоот шүүгчийн захирамж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 тоот шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээ үгүйсгэж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзсэн нь хэргийг тал бүрээс нь судлаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хавтас хэрэгт гэрч Г.Хулан, Я.Өлзиймөнх нарын мэдүүлгээр, шүүгдэгч Ц.Зын, хохирогч Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан сим карт сэргээсэн гэх хуулиар нь тухайн шүүхээс гарсан зүйл байхгүй, тухайн шүүгч өөрөө авахаас бусад байдлаар иргэний үнэмлэхийн хуулбар гарах боломжгүй гэж хэлсээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Зыг тухайн хуулбарыг шүүхээс авч ашигласан мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Ц.Зын үйлдэл нь хавтас хэрэгтээ танилцахад маш тодорхой байдаг, хохирогчийн хүсэлтийн дагуу сим карт сэргээж өгснөөр энэ зүйлийн субъект болж байгаа нь тун харамсалтай.

Анхан шатны шүүх Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа юм. Түүний үйлдэл зөвхөн хохирогчийн гуйлтаар сим карт сэргээлгэсэн үйлдэл, өөрөөр түүний сим картыг ашиглаж ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийгээд эдгээр нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс харилцан эсрэг, зөрүүтэй нотлох баримтууд гэж байгаа нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, мөрдөгчийн даалгавар, техник хэрэгсэл дээр ул мөрөө үлдээсэн имей кодтой утсанд сэргээсэн сим карт ашиглагдсан гэх бодитой нөхцөл байдал, энэ имей кодтой утас нь шүүгдэгч С.Бын эхнэрийн нэр дээрх хүүхэд нь ашигладаг утас зэрэгт бодитой нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Мөнхбаяр нь өөрийнхөө дугаарыг Зоригтбаатараар сэргээлгээд тухайн үед шүүгчээр ажиллаж байсан С.Б руу зурвас явуулсан гэж мэдүүлдэг боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар няцаагддаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг Мөнхбаяр авч ашигласан талаар яригдаагүй. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа шүүгдэгчийн эхнэрээс Галбадрал гэх хүнд өгсөн, Галбадрал нь Мөнхбаярт өгсөн гэх мэтээр мэдүүлдэг. Галбадрал гэж хүнийг шалгаж үзэхэд Ц.З, С.Б нартай хамааралтай, С.Б, түүний эхнэр болон хүүхэд рүү Америкийн Нэгдсэн улс руу эд зүйл өгч явуулдаг, Ц.З нь Галбадрал гэх хүний 9911-тэй дугаарыг сэргээн авч очиж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн сим картыг сэргээж хийсэн имей кодтой гар утсанд Галбадралын ашигладаг 99113285 болон Батжаргал, түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй 99123885 дугаар тухайн өдөр ашиглагдаж байсан болох нь эдгээр хүмүүс тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг нотолж байна. Мөн энэ сим картыг сэргээлгэж шүүгдэгч С.Бын утас руу нэг удаа зурвас явуулсан болох нь харилцаа холбооны лавлагаагаар тогтоогдсон. Харин тухайн зурвасын агуулгыг техникийн нөхцөл байдлыг улмаас гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч С.Бын хэлж байгаачлан хохирогч Мөнхбаяр нь С.Быг хорлох гээд мэдээлэл дамжуулсан юм бол С.Б нь тухайн үедээ өөрийнх нь утсанд ирсэн мэдээллээр гомдол гаргаж өгөөгүй юм бэ. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүгдэгч нарын мэдүүлж байгааг үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан байхыг шаарддаг. Хохирогч Мөнхбаярын хэвийн ашиглагдаж байсан цахим төхөөрөмж болох гар утасны сим карт нь бусдын хууль бус ажиллагааны улмаас ажиллагаагүй болж, өөрийнх нь өмнөөс бусад руу зурвас бичсэн бодит хохирол учирсан гэж дүгнэсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэг,

 Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мөнхбаярын “...2018 оны 5 дугаар сарын 17-ны орой 21 цаг 40 минутын үед манай найз Г.Мөнхбаяр “чиний утас чинь холбогдохгүй байна шүү” гэж фейсбүүк мессенжерээр захидал илгээсэн байсан. Тухайн үед би нээх тоогоогүй ба сүлжээгээ харсан чинь “no service” гэсэн бичиг гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед өөрийн 99190099 дугаарын гар утсаараа гадагш залгах гэтэл залгаж болохгүй, утасны сүлжээгээ харсан чинь “no service” гэсэн бичигтэй хэвээрээ байхаар нь ажлын ойролцоо байдаг мобикомын салбарт очиж миний сим карт ажиллахгүй байх шиг байна, яагаад ингэсэн болохыг теллерээс асуухад “өчигдөр та Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбар дээрээс энэ сим картыг хүчингүй болгож шинээр сим карт сэргээж авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 99190099 дугаарыг шинээр сэргээж аваад хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбарт очоод болсон явдлын талаар хэлсэн. Тэгтэл өчигдөр сим карт сэргээж авсан үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн хяналтын камерын бичлэгт үл таних эрэгтэй хүн сим карт сэргээгээд аваад явсан ба баримт нь гээд миний хэрэглэхээ больсон хуучин иргэний үнэмлэхийн хуулбараар үйлчлүүлж сим карт сэргээж авсан байсан. ...Мобикомоос гаргаж өгсөн лавлагаагаар 99194429 гэсэн дугаар руу нэг удаа захидал илгээсэн байсан. ...Батжаргал өөрөө хэрэгтэй мессежийг намайг бичсэн болгож зориудаар хийсэн байх магадлалтай гэж бодож байна. ...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хийж байгаад Батжаргал шүүгч тэр өдрөө ажлаа таслаад явсан, тэр болон бусад зүйлээс болоод таарамжгүй байдал үүссэн байх. ...Ц.З гэж хүнийг огт танихгүй. ...” /1хх 156-158, 159-161, 2хх 51-52/,

гэрч  Ч.Чинзоригийн “...Би Мобиком корпорацийн Соло малл гэрээт салбарын борлуулалт үйлчилгээний ажилтан. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед би ажил дээрээ ганцаараа сууж байхад 40 орчим насны эрэгтэй UFC гэсэн цагаан бичигтэй саравчтай малгайтай, хар бараан хувцастай хүн орж ирээд “сим картаа сэргээлгэх яаралтай хэрэг байна” гэхээр нь би “бичиг баримтаа” гэтэл надад үнэмлэхийн хавтас өгсөн ба үнэмлэхийн хавтаснаас нь цахим үнэмлэхийг нь авах гэтэл авагдахгүй, салгаж болохгүй байсан. Тэгсэн чинь тэр хүн “наадах чинь салдаггүй юм аа” гэхээр нь бичиг баримтыг сайн хартал өнгөтөөр цаасан дээр хэвлэчихсэн байсан. Тэгээд “ийм бичиг баримтаар үйлчилж чадахгүй, скайнердаж авч үлдэх ёстой юм аа” гэж хэлэхэд нөгөө хүн “би бүх бичиг баримтаа хаячихсан юм аа, надад яаралтай хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь “та албан ёсны үнэмлэх, ядаж жолооны үнэмлэх байх хэрэгтэй байна” гэтэл “за, тэгвэл байж байгаарай” гээд яваад өгсөн. Тэгээд дараа нь 20 цаг 50 минутын үед нөгөө ах иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр хуулбар /канондсон/ гаргаж өгөхөөр нь харсан чинь овог, нэр, регистрийн дугаар нь таарсан, хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан, гэрийн хаяг зэрэг нь байсан болохоор үйлчлүүлэгчээ гомдоогоод яахав, урьдчилсан төлбөрийн дугаар байсан учир сим картыг нь сэргээж өгөөд тооцоог нь бэлнээр 3000 төгрөг өгсөн юм. Дараа нь иргэний үнэмлэхийн хуулбарыг нь хараад байж байсан чинь цахим үнэмлэх биш хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан. ...” /1хх 165/,

гэрч М.Нарангаравын “...Ц.Зын фото зургийг харахад зүс мэдэх залуу байна. Батжаргал ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад хүргүүлээд ирдэг. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард хамгийн сүүлд нэг удаа харсан. ...Галаа л гээд байдаг Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилладаг залуу. ...Тэгээд бичиг баримт өгч, аваад хэд хэдэн удаа уулзсан болохоор “барьчих утас байна уу” гэхээр нь өгсөн юм. ...99123885 миний охин Хүслэнгийн барьж байсан дугаар. Тэр дугаар одоо ашиглалтад байдаг, манай хүү Саруулбуян барьдаг. ...Галаа гэж залуу Монголд ирсэн байхад нь Батжаргал бид хоёр хамт охин руугаа юм өгч явуулж байсан. ...” /1хх 179-180, 2хх 30, 56/,

гэрч О.Хулангоогийн “...99113285 Э.Галбадрал 7.000.000 төгрөгийн барьцаанд тавьж миний нэр дээр эзэмших эрхээ шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сард Э.Галбадрал “Монгол улсад ирлээ” гээд миний гар утас руу ярьсан. “Сим картаа сэргээлгэн авах хэрэг байна, би нэг хүнээр зээлийн хүүг өгүүлнэ” гэж хэлсэн. ...Мөн мобикомын сим картыг нь сэргээлгэн авч явсан залуу мөн байна” /1хх 191/,

гэрч Э.Галбадралын “...Батжаргалыг сайн танихгүй, шүүгч гэдгийг нь мэднэ. Батжаргалын эхнэр Нарангаравыг хальт мэднэ. ...Мөнхбаяр гэж шүүгчид явахаасаа 2-оос 3 хоногийн өмнө өгсөн. Би өөрөө 5 дугаар сарын 16-ны өдөр явсан. Түүнээс өмнө нь л өгсөн. ...Би 99113285 гэсэн сим картаа аваад явсан билүү үлдээгээд явсан билүү санахгүй байна. ...Хэд хоног гэдгээ мэдэхгүй байна, 7-оос 8 хоног ашигласан байх. ...” /2хх 59-61/,

Ц.Зын яллагдагчаар өгсөн “...Би Мөнхбаяр гэх хүнийг Батжаргалаас өмнө таних болсон. Яагаад намайг танихгүй гэж байгааг би ойлгохгүй байна. Би олон удаа түүний машиныг нь бариад гэрт нь хүргэж өгч байсан. Энэ хүмүүс яагаад хоорондын асуудалдаа намайг оролцуулаад байгааг ойлгохгүй байна. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж өөрийгөө бодож байгаа. ...” /2хх 148-149/ гэх мэдүүлгүүд,

хэрэглээний жагсаалтын лавлагаа /1хх 20/, Мобиком компанийн албан бичиг /1хх 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-32/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 33/, шүүгчдийн зөвөлгөөний тэмдэглэл /1хх 75-77/, имей кодтой гар утсанд ашиглаж байсан дугаар эзэмшигчдийн мэдээлэл /1хх 81-82/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б, Ц.З нарыг бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 30/1738 дугаартай албан бичгийн хариуд мобиком корпорациас ирүүлсэн лавлагаагаар 351543045732094 имей кодтой гар утсыг:

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 5 минут 36 секунтэнд 99123885 дугаараар,    

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 42 минут 57 секунтэнд 99113285 дугаараар,     

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 4 минут 18 секунтэнд 99190099 дугаараар тус тус ашигласан байдал тогтоогджээ.    

99113285 дугаарыг О.Хулангоо, 99123885 дугаарыг М.Нарангарав тус тус эзэмшдэг болох нь мөн дээрх лавлагаагаар тогтоогдсон бол М.Нарангарав нь шүүгдэгч С.Бтай гэр бүл буюу түүний эхнэр, харин О.Хулангоо нь 99113285 дугаарыг Э.Галбадралд түр ашиглуулсан, Э.Галбадрал нь 351543045732094 имей кодтой гар утсыг М.Нарангараваас авч ашигласан байдал тус тус тогтоогджээ.

Гэрч Э.Галбадрал нь “би 5 дугаар сарын 16-нд Америк улс руу явсан. Явахаасаа 2-4 хоногийн өмнө 351543045732094 имей кодтой гар утсыг Мөнхбаярт өгсөн” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд тэрээр “сим картаа аваад явсан билүү, үлдээгээд явсан билүү, би санахгүй байна, согтуу байсан” гэжээ.    

Харин хохирогч Б.Мөнхбаярын “...2018 оны 5 дугаар сарын 17-ны орой 21 цаг 40 минутын үед манай найз Г.Мөнхбаяр “чиний утас чинь холбогдохгүй байна шүү” гэж фейсбүүк мессенжерээр захидал илгээсэн байсан. Тухайн үед би нээх тоогоогүй ба сүлжээгээ харсан чинь “no service” гэсэн бичиг гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед өөрийн 99190099 дугаарын гар утсаараа гадагш залгах гэтэл залгаж болохгүй, утасны сүлжээгээ харсан чинь “no service” гэсэн бичигтэй хэвээрээ байхаар нь ажлын ойролцоо байдаг мобикомын салбарт очиж миний сим карт ажиллахгүй байх шиг байна, яагаад ингэсэн болохыг теллерээс асуухад “өчигдөр та Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбар дээрээс энэ сим картыг хүчингүй болгож шинээр сим карт сэргээж авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 99190099 дугаарыг шинээр сэргээж аваад хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбарт очоод болсон явдлын талаар хэлсэн. Тэгтэл өчигдөр сим карт сэргээж авсан үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн хяналтын камерын бичлэгт үл таних эрэгтэй хүн сим карт сэргээгээд аваад явсан ба баримт нь гээд миний хэрэглэхээ больсон хуучин иргэний үнэмлэхийн хуулбараар үйлчлүүлж сим карт сэргээж авсан байсан. ...Мобикомоос гаргаж өгсөн лавлагаагаар 99194429 гэсэн дугаар руу нэг удаа захидал илгээсэн байсан. ...Батжаргал өөрөө хэрэгтэй мессежийг намайг бичсэн болгож зориудаар хийсэн байх магадлалтай гэж бодож байна. ...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хийж байгаад Батжаргал шүүгч тэр өдрөө ажлаа таслаад явсан, тэр болон бусад зүйлээс болоод таарамжгүй байдал үүссэн байх. ...Ц.З гэж хүнийг огт танихгүй. ...” /1хх 156-158, 159-161, 2хх 51-52/ гэсэн мэдүүлэгт тусгагдсан үйл баримт нь Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 30/1738 дугаартай албан бичгийн хариуд мобиком корпорациас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна гэж үзэв.

351543045732094 имей кодтой гар утсыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 5 минут 36 секунтэнд шүүгдэгч С.Бын эхнэр М.Нарангарав эзэмшлийн 99123885 дугаараар,    

мөн уг гар утсыг шүүгдэгч С.Бын эхнэр М.Нарангаравын танил Э.Галбадралын эзэмшиж байсан 99113285 дугаараар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 42 минут 57 секунтэнд тус тус ашигласан байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мобиком корпорациас ирүүлсэн лавлагаагаар  351543045732094 имей кодтой гар утас нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 4 минут 18 секунтэнд хохирогч Б.Мөнхбаярын эзэмшилд байсан байдал тогтоогдохгүй байна.   

Шүүгдэгч Ц.З нь хохирогч Б.Мөнхбаярын өөрийнх нь хүсэлтээр баримт бичгийг нь ашиглан сим картыг нь сэргээсэн талаар мэдүүлсэн боловч түүний Б.Мөнхбаярын өөрийнх нь хүсэлтээр сэргээсэн гэх нөхцөл байдал дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, харин шүүгдэгч С.Бын хамаарал бүхий хүн/эхнэр/-ий 351543045732094 имей кодтой гар утас гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан, мөн уг гар утсаар түүнтэй хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг утасны дугаарууд ашиглагдсан байдал нь шүүгдэгч С.Б, Ц.З нарын бүлэглэсэн байдлыг нотолж байна.    

Гар утас нь радио долгионыг ашиглан телефон дуудлага хийх, хүлээн авах хэрэгсэл бөгөөд уг хэрэгслийн үйлчилгээ нь үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий оператор компаниудаар дамжин хэрэгждэг онцлогтой.

Гар утасны SIM карт нь тухайн хэрэглэгчийн мэдээллийг хадгалдаг, зөөврийн санах ойн чип-ний үүрэг гүйцэтгэдэг төдийгүй эзэмшигчид гар утсаар дуудлага хийх, дамжуулах, бусад үйлчилгээг ашиглах боломжийг олгодог бөгөөд гар утасны дуудлага хийх, хүлээн авах, дуут шуудан, чат зэрэг функц нь sim картгүйгээр ажиллах боломжгүй.

Гэрчүүдийн мэдүүлгээр 351543045732094 имей кодтой гар утас нь Nokia загварын товчлууртай, энгийн гар утас байсан нь тогтоогдсон бөгөөд Nokia загварын энгийн гар утас нь дуудлага хийх, хүлээн авахаас гадна уг утсанд дуут шуудан, чат, дэлгэц амраагч, сэрүүлэг, тооны машин зэрэг программуудыг суулгасан байдаг тул цахим төхөөрөмжинд хамаарна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т ”сүлжээ” гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг ойлгохоор тодорхойлжээ.

Шүүгдэгч С.Б, Ц.З нарын хохирогч Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 99190099 дугаарын sim картыг сэргээж, улмаар 99190099 дугаарын жинхэнэ эзэмшигч Б.Мөнхбаярыг /эзэмшиж байсан гар утас, уг гар утсанд байсан sim карт нь цогцоороо цахим төхөөрөмж бол хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах үүрэг гүйцэтгэх байдлаараа мэдээллийн сүлжээний техник хэрэгслийн иж бүрдэлд хамаарна/ ашиглах боломжгүй болгосон,  351543045732094 имей кодтой гар утсыг ашиглан 99190099 дугаараас 99194429 дугаар луу мессеж явуулсан байдал тогтоогдсон байна.

Дээрх үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийхэд, шүүгдэгч С.Б, Ц.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  С.Б, Ц.З нарыг тус бүр 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/747 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/747 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ