Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

  2020         3             30                                            305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Б.Бүжинлхам,

иргэдийн төлөөлөгч Ч.Навч, А.Болд,

шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

  шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, С.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Ц.З-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.М-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, .... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.М-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, .... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З мэдүүлэхдээ:

“...М ах надруу залгаад намайг ирээд машин бариад өгчих гэж хэлсэн. Хороололын эцсийн И-мартын гадаа намайг ахын дүү ороод ахынхаа утсыг сэргээгэд өгөөч ах нь архи үнэртүүлчихээд гадуур явж болдоггүй ажилтай юмаа гэж надад жолооны үнэмлэхээ өгөөд намайг оруулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байна. Энэ хэргийн өдөр өвчтэй аавыгаа сахиад эмнэлэгт байсан. Прокуророос намайг энэ хэргийг удирдан зохион байгуулсан гэсэн. Хэн зохион байгуулсныг би мэдэхгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тасалсан гэж байна. Шүүгч нарын зөвөлгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болох байсан ба урд өдөр нь мэдэгдэх ёстой байдаг. Би 2018 оны 5 дугаар сарын 10-наас хойш Мтай харьцахаа больсон. Тухайн үед шүүхийн тамгын газрын дарга Одхүүд хэлсэн хурал байхгүй учир би эмнэлэгт аавыгаа сахиж байна гэж хэлсэн. Эмнэлгээс гарахдаа шүүгчийн туслах над руу шүүгчээ Ерөнхий шүүгчид хэлчихлээ шүүгчийн зөвлөгөөнийг хойшлуулчихлаа гээд ярьсан. 13 цагийн үед дахиад ярьсан шүүгчийн нарын зөвлөгөөн маргааш болохоор болсон гэж хэлсэн. Гэтэл орой нь 16:30 цагт хийсэн байсан энэ талаар мөрдөн байцаагч асууж тодруулаагүй. Би З- гэдэг хүнийг танина гэж хэлж байсан. Утасны дугаар нь энэ байна гэж хэлж байсан. Мөрдөн байцаагчийн зүгээс нэг хүсэлт тавьсан. Бид нарын утсыг авахгүй байна. Та нэг холбогдоод өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би З-тай холбогдох  гэж хичээсэн, зөндөө залгасан энэ бол үнэн. Шинжээчийн дүгнэлтэн дээр шинжээч нар Мын иргэний үнэмлэхний хуулбар тохирч байна гэж л гарч ирж байгаа. Гэтэл Б нь тэр иргэний үнэмлэхний хуулбарыг үйлдсэн үү үгүй юу гэдгийг тодруулаагүй. Утасны жагсаалтыг ярьж байна. Би З-тай холбогдох гэж зөндөө хичээсэн. Яагаад З-, Б нарыг маршрутыг шалгаагүй, мөн камерийн бичлэгийг шалгаагүй юм. З-ын мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаагүй юм эдгээр ажиллагааг шалгаж тогтоогоогүй. Намайг энэ ажиллагааг зохион байгуулсан гээд байдаг. Хэзээ яаж зохион байгуулсныг шалгаж тогтоогоогүй байдаг. Н-ын утсаар хэн мэдээлэл дамжуулсан ямар утгатай мэдээлэл дамжуулсан бэ энэ мэдээллийг дамжуулснаар хэнд ямар хохирол учирсан юм. Эдгээр ажиллагаануудыг сайн шалгаж тогтоогоогүй байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Зын өгсөн:

“...2016 оноос хойш би өөрийн цагаан өнгөтэй AVENTI маркийн машинаар таксинд явах, дуудлагын жолоочоор ажиллах болсон. 2018 оны 3 дугаар сарын орчим юм болов уу даа. Гадуур явж байгаад Хүүхдийн 100 дээрээс 2 согтуу хүнийг авсан. Тэр хоёр хүн Хүүхдийн урлан бүтээх төв чиглэлд яв гэсэн. Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим очиход буцаад хүүхдийн 100 чиглэлд явуулсан. Циркийн хажуугийн Их Монгол дээр нэг хүн нь буусан, нөгөө хүн нь ХУД-ийн нутаг дэвсгэр Оргил рашаан сувиллын ойролцоо буусан. Надтай хамт явж байхдаа ойр зуур зүйл ярилцсан. Би хийдэг ажлынхаа талаар ярихад дүүг дуудаж машинаа бариулж байнаа гэж хэлээд хоёулаа миний 91117570 гэсэн дугаарыг бичиж авсан. Үүнээс хойш миний гар утас руу залгаад хэд хэдэн удаа дуудаж машинаа бариулсан. Энэ үедээ Viber гэж мэдэх үү. Одоо энэ технологи ашиглан ярьж бай гэж хэлсэн. Тэгээд би Viber гэх зүйлийг мэддэг болсон. Үүнээс хойш надруу Viber луу залгаж дуудаж машинаа бариулах болсон. Энэ хоёр хүн байнга хамтдаа явдаг байсан. Ярианы өнгө нь их захирангуй болохоор нь компаний захирал юм болов уу гэж ойлгож байсан. Ажил хэргийнхээ талаар ярьдаггүй, их л мөнгө хөрөнгөтэй хүмүүс шиг харагддаг.

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр танихгүй Viber миний дугаар луу залгасан. Утсаа авахад ах нь байнаа. Ах нь жаахан архи уучихлаа гэж хэлсэн. М ахын дуу байсан. Тэгээд Бичил хороололд хүрээд ирэх үү гэсэн. Машин бариулах гэж байгаа юм байна гэж бодоод БГД-ийн нутаг дэвсгэр Элбэг нэртэй дэлгүүрийн хажуугийн орон сууцнуудын зогсоол дээр цэнхэр өнгийн приус маркийн машин дотор сууж машиныг нь нэг залуу барьж байсан. Тэгээд ахынхаа гар утасны сим картыг сэргээгээд ирээч, ах нь жаахан согтуу гадуур явж болохгүй гэж хэлсэн. Та өөрөө ороод сэргээлгээч гэхэд М надад хандан ах нь гадуур явж болдоггүй ажилтай хүн, чамд мөнгө өгнөө гэсэн. Орой болсон байна, маргааш сэргээлгээч гэхэд одоо утсаараа ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Одоо Сим карт сэргээх газар байхгүй шүү дээ гэхэд хороололын эцсийн И-март ажиллаж байгаа гэж хэлээд Өргөөгийн ар талын гэр хорооллын дунд орж зогсоод такси бариад яв гэсэн. Тэгээд надад 50,000 төгрөг өгөхөөр нь надад өгөх юм уу гэхэд өгнөө гэж хэлээд жолооны үнэмлэх гэрчилгээ хийдэг хавтас өгсөн. Би гэрчилгээ бичиг баримтыг нь аваад эзэн нь ирэх хэрэгтэй гэх байхдаа гэхэд М надад хандан би М байна гэж хэлээд авчих гэсэн. Тэгээд И-Март дэлгүүр ороод бичиг баримтыг нь Мобиком ХХК-ийн ажилтанд өгсөн чинь бичиг баримт чинь гарахгүй байна, чи өөрөө гаргаад өг гэсэн. М ах надад бичиг баримтаа өгөх үедээ хавтаснаасаа гардаггүй гэж хэлснийг санаад шууд хавтастай нь хуулбарлаад авчих гэхэд энэ бичиг баримтаар үйлчлэхгүй гэсэн. Тэгээд М ах дээр очоод энэ бичиг баримт чинь болохгүй гэнээ гэхэд надад иргэний үнэмлэхний хуулбар баримт өгсөн. Би буцаад Мобиком дээр ороод энэ бичиг баримтаар болох уу гэхэд болноо гэж хэлээд хуулбарлан аваад сим картыг сэргээж өгсөн. Сэргээж өгсөн сим картыг М ахад хүргэж өгөөд явсан. Энэ хүмүүс ямар асуудал үүсгээд байгааг мэдэхгүй байна. Байнга л хамт явж байдаг найз хүмүүс байсан шүү дээ. Өчигдөр би нүүрэлдье гэхэд намайг танихгүй гэсэн, чи цаад хүнээ хэл гэх мэтээр дарамталсан өнгөөр ярьсан. Тэгэхээр нь уур хүрээд мөнгийг чинь буцааж өгнөө гэж хэлсэн. Сим картаа сэргээлгэх үедээ надад өгсөн 50,000 төгрөгийг нь буцааж өгөх талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 225-226/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бын өгсөн:

“...Миний хувьд энэ хэргийг мэдэх зүйл алга. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хавдар судлалын эмнэлэг дээр өвчтэй аавыгаа сахиад байж байсан. Намайг байхгүй өдөр ийм байдал гаргасан байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна. Миний хувьд Авлигатай тэмцэх газрын байцаагч Жт гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ үед Ж нь та З-ыгаа байгаа газраас нь олж өгч туслаарай. Хэргийн хугацаа хэцүүдэж байна. Хамтарч энэ хүнийг олох арга хэмжээ авъя гэсэн. Үүний дагуу миний хувьд З-ын надад байдаг утас руу удаа дараа залгаж хаа байгаа газрыг нь асуухад хэлэхгүй, би мөнгөө авъя гэхэд удахгүй өгнө ах гэж хэлээд алга болсон. Би нийтдээ З-ыг баригдах хүртэлх хугацаанд өөрийн чадах чинээгээр хайсан. Олдоогүй юм. Нэг сураг гарахад нь Ж байцаагчид хэлсэн. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байх үед циркийн хойно баригдсан асарт явж байна гэж сонсоод Жт хэлсэн. Ж нь тухайн үед тэр хавийн камерийн бичлэгийг шүүх гэсэн боловч бичлэг гаргаж өгөх боломжгүй гэсэн байсан. Ер нь энэ Мын .... дугаартай утасны сим картыг сэргээж өөрийнхөө утас руу мессеж бичих ямар ч шаардлага надад байхгүй. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй дугаар орж байсан утсанд дээрх сим картыг хийж мессеж бичсэн гэж байгаа нь ямар ч шалтгаант холбоогүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 143-144/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-ын өгсөн:

“...Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны орой 21 цаг 40 минутын үед манай найз Г.М чиний гар утас чинь холбогдохгүй байна шүү гэж фэйсбүүк мессенжерээр захидал илгээсэн байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй ба сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичиг гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө 09 цаг 30 минуын үед өөрийн .... дугаарын гар утсаараа гадагш залгах гэтэл залгаж болохгүй, утасны сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичигтэй хэвээрээ байхаар нь ажлын ойролцоо байдаг Сансарын тунелийн тэнд байдаг Мобикомын салбарт очиж миний сим карт ажиллахгүй байх шиг байна яагаад ингэсэн болохыг теллерээс асуухад өчигдөр та БГД-ийн 13-р хороо хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбар дээр энэ сим картыг хүчингүй болгож шинээр сим карт сэргээж авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ..... дугаарыг шинээр сэргээж аваад хорооллын эцсийн И-март худалдааны төвийн Мобикомын салбарт очоод болсон явдлын талаар хэлэхэд өчигдрийн сим карт сэргээж авсан үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн хяналтын камерийн бичлэгт үл таних эрэгтэй хүн сим карт сэргээгээд аваад явсан байсан ба баримт нь гээд миний хэрэглэхээ больсон хуучин иргэний үнэмлэхийн хуулбараар үйлчлүүлж сим карт сэргээж авсан байсан. Энэ нь миний нэр болон албан тушаалыг ашиглаж нэр хүндэд халдах юм уу хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад хандсан.

Мобикомын үйлчилгээний ажилтнуудын хэлснээр 20 цагт хаахаас 2 минутын өмнө үл таних эрэгтэй хүн миний сим картыг сэргээж авсан байсан. Иргэний үнэмлэхийн хуулбар нь миний ажил дээр байдаг миний хувийн хэрэгт хавсаргагдсан байдаг хуулбартай яг адилхан байсан юм. Үүнийг би өдөр ажил дээрээ очиж өөрийн хувийн хэрэгт байдаг хуулбартай харьцуулж үзсэн. Уг хуулбарыг би өргөдөлтэйгөө хавсаргаж өгсөн байгаа.

Мобикомын гаргаж өгсөн лавлагаагаар .... гэсэн дугаар луу нэг удаа захидал илгээсэн байсан. Бусдаар өөрөө ашигласан ямар нэгэн юм харагдахгүй байсан. Мобиком ХХК-н гаргаж өгсөн жагсаалтаар хамт ажилладаг Б гээд шүүгчийн 9919-4429 дугаарын утас руу 1 удаа мессеж бичсэн байсан. Тэгэхээр Б өөртөө хэрэгтэй мессежийг намайг бичсэн болгож зориудаар хийсэн байх магадлалтай гэж бодож байна. 2018 оны 05-р сарын 10-ны өдөр ажлаа хийж байгаад Б шүүгч тэр өдрөө таслаад явсан болон бусад зүйлээс болоод таарамжгүй байдал үүссэн байх. Би хэн гэж хүн сим картыг сэргээсэн эсэхийг нь мэдэхгүй. Мобикомоос ирсэн лавлагаагаар Б шүүгч хийлгэсэн байх гэж бодож байгаа. Мобикомоос авсан мэдээллээр зураг төрх нь тодорхой болсон Цагдаагийнхны ярьснаар тэр сим картыг сольсон хүн хэний хэн болох нь тодорхой болчихоод байхад барихгүй байгаад гайхаад байна. Түүнээс биш тэр хүнийг би танихгүй. Миний дугаар сим карт сэргээхэд ашигласан иргэний үнэмлэхийг хэн хаанаас яаж олсон, Б энийг ямар санаа зорилгоор хийсэн, хэнтэй бүлэглэж хийснийг хурдан тодруулж өгөөч ээ. Энэ явдал болсноос хойш сарын хугацаа өнгөрлөө.

Ц.З гэж хүнийг огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний эзэмшлийн сим картыг хууль бусаар сэргээсэн болохыг Мобиком ХХК-н ажилтнаас мэдсэн. Тэгэхэд миний сим картыг сэргээн авч байгаа зураг үзүүлсэн. Тэр хүнийг би одоо яриад байгаа Ц.З юм байна гэж ойлгож байна. Би урьд өмнө Ц.Зтай уулзсан, асуудал байхгүй. Намайг гүтгэж байна. Би 2018 оны 5 дугаар сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд шүүгч нарын туслахуудыг дуудаж урд өдөр нь болсон шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж, хийх ажлуудыг нь хуваарилан өгсөн. Ингээд өөрийн гар утсаар залгах гэтэл no service гэсэн бичиг гараад ажиллахгүй байсан.

Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ярианы хуулгаа гаргуулж аваад харахад миний холбогдоогүй нэг дугаар байсан. Тэр нь 21 цагт С.Б шүүгчийн .... дугаарт мессеж илгээсэн байсан. Ингээд энэ асуудлыг шалгаж өгөөч, Б ямар шалтгаанаар бусадтай бүлэглэж миний дугаарыг хаалган, ямар мессеж бичив, хуучин бичиг баримтын хуулбарыг хаанаас авав, мобиком журмаа зөрчиж бусдын сүлжээ, дугаарыг өөрчлөв гэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газарт хандан өргөдөл гаргасан. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэрэг.

Миний бичиг баримтын хуулбарыг олж аваад, миний оронд жүжиглэх этгээд олоод, нөгөөх нь журмаа зөрчиж мэдэн будилаж сим картыг маань хүчингүй болгон нөгөөхдөө өгөөд, нөгөө жүжигчин нь захиалагчдаа өгөөд, захиалагч нь хэн нэгний утсанд миний дугаарыг хийж мессеж бичээд тэгээд олдохгүй зугтаагаад тэрнийг нь та бүхэн олохгүй удаан явлаа шүү дээ. Иймэрхүү гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тэр даруй барьж авч чадахгүй удсан. Тэр журам гэдэг нь мобиком утсаар хаалгах, сэргээлгэх зэрэг тохиолдолд номер эзэмшигчийг нь өөрийн биеэр, хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэж хийдэг юм билээ. Захиалагч гээд байгаа нь Б байх. Учир нь тэрээр өмнөх өдөр нь буюу 5 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа лав үдээс хойш ирээгүй, бид шүүгчдийн зөвөлгөөн хийхээр дуудахад аавын бие өвчтэй, эмнэлэгт үзүүлж явна гэж хэлээд ирээгүй зөвөлгөөнөө бага багаар хойшлуулсаар байгаад ажил тарах үед Бгүй хийсэн. Бодвол энэ ажлаа зохион байгуулж явсан юм байлгүй гэж харагдаж байна.

Тэр иргэний үнэмлэхийн хуулбар манай шүүхийн тамгын газарт байдаг хувийн хэрэг гээч юманд байдаг юм билээ. Би цагдаад өргөдөл, тайлбараа өгөөд буцаад ажил дээрээ ирсэн. Ингээд шүүгч Б, Б нарын хамт байхдаа тэр хувийн хэргийг авчруулаад үзэхэд яг тэр Мобиком дээрхитэй адил байсан. Анх үнэмлэхийг хуулбарлахдаа нүүр хэсгийг А4 цаасны дээхэн, нилээд хойно байрлуулж, үнэмлэхний ар хэсгийг харалдаа доод талд нь хуулбарласан нүүр байсан.

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би ажлаа тараад гэрлүүгээ явсан. Шүүгчдийн зөвөлгөөн бараг 18 цаг гээд дууссан байх, манай охин ажлын хажууд өдөр өнжүүлэхэд явдаг түүнийгээ аваад харьсан. Хэр удаан явж гэртээ хүрснийг санахгүй байна. Түгжрэл бага бол 1 цаг орчим яваад л хүрдэг. Тэгээд гэртээ байсан. Яагаад үүнийг тод санаж байна гэхээр манай 1 найзын хүүхдийн үсийг маргааш нь авна гээд урьсан байсан. Энэ талаар бас нэг найзтайгаа фэйсбүүкийн мессенжерээр бичиж байсан. Тэр үед л миний утас унтарсан байсан юм билээ. Фэйсбүүк мессенжер бол гэрийн wifi-аар холбогдсон.

Би албан хэрэгцээндээ Сонота 7 маркийн машин унадаг. Энэ машиныг албаны жолооч барьдаг. Бусдаар бариулах шаардлага байхгүй. Миний хуулбар бичиг баримтыг олоод авч байгаа хүмүүс, ажлын машины марк дугаар олоод авчих байх. Би өөрийнхөө гар утасны дугаарыг хүчингүй болгуулан дахин сэргээн авах ямар шаардлага байхгүй. С.Б тэр мессежээ гаргаж ирээд шалгуулах хэрэгтэй. Би Бд мессеж бичихээр бол шууд л өөрийнхөө гар утаснаас бичнэ. Ямар ч үнэн үг З- мэдүүлээгүй, би З-аар машинаа бариулж байгаагүй. С.Б нь .... гэсэн дугаарыг байнга барьдаг. Энэ дугаараас гадна 80004477, 94110151 гэсэн дугаар ашиглаж байсан.

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С.Б руу “Том ярьж байна Хэвээрээ” гэж бичсэн нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болсон миний сим картыг хууль бусаар сэргээсэн асуудалтай хамааралгүй юм. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мессежийг би бичсэн нь үнэн гэхдээ энэ өөр тусдаа асуудал юм. Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөөд оролцоод байгаа зүйл байхгүй. Быг тэд хоног хорь гарга гээд байх шаардлага байхгүй. Би ерөнхий шүүгчийн хувьд Бын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх юм бол өөрчилж шийдвэрлэх хууль зүйн боломжтой. Б бид нарын хооронд бичиж байсан хувийн мессеж их бий тэр болгоныг энэ хэрэгт хамааруулж шалгах нь ач холбогдолгүй гэж бодож байна. Жишээ нь Б ажил таслаад уучлалт гуйж надад бичсэн мессеж олон бий энэ болгоныг би шалгуулна гэж хүсэлт гаргаагүй хэрэгт ч хамааралгүй. Гол нь миний ашиглаж байсан сим картыг хүчингүй болгож шинээр аваад намайг бичсэн болгож өөр рүүгээ мессеж биччихээд тэрийгээ гаргаж өгөөгүй байж цаг хожих гэж худлаа янз бүрийн хүсэлт гаргаж өгч байна гэж бодож байна. Үүнийг нь бас прокурор нь хүлээж авч байгааг гайхаж байна.

Монгол Улсаас АНУ-д суугаа ерөнхий консул Гыг огт танихгүй, царайг нь мэдэхгүй. Миний сим картыг хүчингүй болгуулсан З- гэх залуу намайг таньдаг гэрт хүргэж өгч байсан гэж ярьдаг. Бүгд намайг таньдаг гээд миний нэрийг бариад байвал өөрсдийнхөө хэргээс мултарчихна гэж аргаа барсан хулгайч нарын зан л байх. Би Г гэж хүнээс гар утсыг авсан зүйл огт байхгүй. Надад хохирол учраагүй боловч гомдолтой...” гэх мэдүүлэг /1-р хх-н 157-161, 2-р хх-н 51-52/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Чинзоригийн өгсөн:

“...Би Мобиком корпорацийн Соло малл гэрээт салбарын борлуулалт үйлчилгээний ажилтан байгаа юм. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед би ажил дээрээ ганцаараа сууж байхад 40 орчим насны эрэгтэй UFC гэсэн цагаан бичигтэй саравчтай малгайтай, хар бараан хувцастай хүн орж ирээд сим картаа сэргээлгэх яаралтай хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа гэтэл надад үнэмлэхний хавтас өгсөн ба үнэмлэхний хавтаснаас нь цахим үнэмлэхийг нь авах гэтэл авагдахгүй, салгаж болохгүй байсан. Тэгсэн чинь тэр ах наадах чинь салдаггүй юм аа гэхээр нь бичиг баримтыг сайн хартал өнгөтөөр цаасан дээр хэвлэчихсэн байсан. Тэгээд ийм бичиг баримтаар үйлчилж чадахгүй, скайнардаж авч үлдэх ёстой юм аа гэж хэлэхэд нөгөө ах би бүх бичиг баримтаа хаячихсан юм аа надад яаралтай хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь та албан ёсны үнэмлэх, ядаж жолооны үнэмлэх байх хэрэгтэй байна гэтэл за тэгвэл байж байгаарай гээд яваад өгсөн. Тэгээд дараа нь 20 цаг 50 минутын үед нөгөө ах иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр хуулбар /канондсон/ гаргаж өгөхөөр нь харсан чинь овог нэр, регистрийн дугаар нь таарсан, болон хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан, гэрийн хаяг зэрэг нь байсан болохоор үйлчлүүлэгчээ гомдоогоод яахав урьдчилсан төлбөртийн дугаар байсан учир сим картыг нь сэргээж өгөөд тооцоог нь бэлнээр 3000 төгрөг өгсөн юм. Дараа нь иргэний үнэмлэхний хуулбарыг нь хараад байж байсан чинь цахим үнэмлэх биш хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан.

Би өгсөн бичиг баримтыг нь программ дээр дуудаж шалгахад бүх зүйл нь таарч байсан ба зургийг нь үйлчлүүлж байсан хүнтэй харьцуулж үзээгүй. Би тэр сим карт сэргээсэн хүнийг танихгүй хүн байсан. Тэр хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 165/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Х-гийн өгсөн:

“...Би орон сууц, гар утасны дугаар зэргийг барьцаалсан зээл олгох ажил хувиараа хийдэг. 2 жилийн өмнө шиг санагдаж байна. Эийн Г гэж хүн .... гэсэн дугаарыг 7 сая төгрөгийн барьцаанд тавьж миний нэр дээр эзэмших эрхээ шилжүүлсэн. 2-3 сард зээлийн хүүгээ хүнээр надад өгүүлсэн. 2018 оны 5 дугаар сард Э.Г Монгол улсад ирлээ гээд миний гар утас руу ярьсан. Сим картаа сэргээлгэн авах хэрэг байна, би нэг хүнээр зээлийн хүүг өгүүлнэ гэж хэлсэн. Г явууллаа гээд нэг залуу ирж уулзсан. Зээлийн хүүний мөнгийг төлөөд сим карт шинээр Макс моллын Мобикомын салбар дээрээс авсан. 2 өдрийн өмнө тухайн дугаарын төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Би Гын мэйл хаягаар нь төлбөрөө төлөөрэй гэсэн мэйл явуулсан. Ок гэсэн хариу илгээсэн байсан. Г З- гэх залууг над руу явуулж зээлийн хүүг төлүүлсэн. Мөн З- нь мобикомын сим картыг нь сэргээлгэн авч явсан залуу байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 191/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Одгэрэлийн өгсөн:

“...Би 2004 онд оноос хойш Мобиком ХХК-д ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус гэрээт салбар шинээр байгуулагдаж захирлаар нь томилогдсон. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ байж байхад Б.М- гэж хүн надтай уулзсан. Тэр хүн ярихдаа өчигдөр танай салбараас миний гар утасны сим картыг сэргээсэн байна. Ямар хүнд миний сим картыг сэргээн өгсөн бэ гэж асуусан. Би хяналтын камер шүүж үзье. Манай үйл ажиллагааны журамд иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн биеэр ирэх, иргэний үнэмлэх, түүний хуулбар баримтаар нь үйлчлэх журамтай. Мөн өөрөө ирж чадаагүй итгэмжлэл бүхий хүмүүст үйлчилдэг талаар хэлээд .... дугаарын сим карт сэргээлгэх үед манай ажилтан хуулбарлан авсан иргэний баримт бичгийн хуулбарыг үзэхэд хуучин иргэний үнэмлэхний хуулбар хувь байсан. Цахим иргэний үнэмлэх ашиглаж эхлэхээс өмнөх хугацаанд ашиглаж байсан.

Дээрх дугаар дээр ашиглагдаж байсан сим картыг сэргээсэн цаг хугацаагаар байгууллагын хяналтын камерыг ухрааж үзэхэд Б.М- гэж хүнээс өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсан. Бичлэгт бичигдсэн сим карт сэргээлгэн авсан хүнийг таних эсэх талаар нь Б.М- гэж хүнээс асуухад танихгүй хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 168-169/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Н-ын өгсөн:

“...С.Б бид хоёр 2012 онд танилцсан. С.Б талийгаач эхнэрээ, би талийгаач ахыгаа сахиж байгаад танилцсан 2013 онд гэр бүлээ батлуулсан. С.Быг шүүгчээр томилогдсон цаг хугацаанаас хойш Б.М- гэж хүнийг таних болсон. Манай гэрээр ирээд идэж уугаал явдаг, С.Бын дотны найз нарын нэг. Бидний дунд өш хонзон, өглөг авлага бол байхгүй. Б гэртээ ажлынхаа талаар ярьдаггүй. Сүүлийн үед найз шүүгч Б.М-тай таарамжгүй байгаа зүйл яригдаад байсан. Яг ямар асуудал болов гэхээр миний ажилд битгий оролц гэдэг. Тэгээд энэ талаар дахин ярилцаагүй байна. З- гэх хүнийг зүс таних залуу байна. С.Б ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад, хүргүүлээд ирдэг. Нэг удаа орцонд С.Быг согтуу аваад ирэхэд нь таарсан, 2 удаа хаалга цохиж С.Быг хүргэж өгөөд явсан юм байна. 2018 оны 3 дугаар сард хамгийн сүүлд нэг удаа ирсэн санагдаад байна. Түүнээс хойш энэ залууг хараагүй. О.Х- гэж хүнийг танихгүй. Би ... гэсэн дугаарыг 2001 оноос хойш ашиглаж байна. Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хаана байснаа ёстой санахгүй байна. Ажил дээрээ байсан байх, орой гэртээ ирсэн байх. Би ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ хоолоо хийдэг.

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 04 минутад С.Бын .... дугаарын гар утас руу Б.М-ын .... дугаараас мессеж бичсэн талаар мэдэх зүйл байхгүй. Би хүүхдүүддээ ухаалаг утас авч өгдөггүй. ..... дугаар 2018 оны 5 дугаар сарын 17-нд товчтой утсанд л байсан байх. Эийн Гыг Галаа л гээд байдаг АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ажилладаг залуу. Тэр Галаа гэж залуу Монголд ирсэн байхад нь Б бид 2 хамт охин руугаа юм өгч явуулах байсан. Манай хүү 1-р сургууль дээр формоо алдахдаа халаасандаа байсан утсаа алдсан. Манай жижиг товчтой утас 2 ширхэг байсан. Гд хүүхдийн бичиг баримт өгч байхдаа хэд хэдэн удаа уулзсан болохоор барьчих утас байна уу гэхээр нь товчлууртай утсаа өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 179-180, 2-р хх-н 30, 56/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Х-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-н 184-185, 2-р хх-н 64-65/,  

Мөрдөн байцаалтад гэрч Я.Ө-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-н 188/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.А-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-н 189/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Х-ийн өгсөн:

“...2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ..... гэж нэгтгэгдэж байгуулагдснаас хойш одоог хүртэл 5 жил ажиллаж байна. Би одоо сууж байгаа өрөөндөө 2018 оны 01 дүгээр сараас эхлэн сууж байгаа. Уг нь энэ 1 өрөө гэхдээ голоор нь хаалт хийгээд үүдэн талын хэсэгт нярав О бид 2 суудаг. Хүний нөөц Ө 2018 оны 4 дүгээр сард жирэмсний амралтаа аваад явсан. Түүний ажлыг Х гэж хүн хийж байгаад 2018 оны 8 дугаар сард жирэмсний амралтаа аваад явсан. Одоо ажлыг нь архивч П.Туул хийж байгаа. Туул архивынхаа өрөөнд тусдаа суудаг энэ өрөөнд  суудаггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 53-54/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д-ын өгсөн:

“....... дугаар Эийн Г гэж манай ахын дугаар. Энэ дугаарыг хураагдахаас сэргийлж төлбөрийг нь төлж байхгүй бол хаагдах гээд болохгүй байгаа болохоор би одоогийн байдлаар сим картыг түр барьж байгаа юм. 3 сар хүртэл төлбөрийг нь төлөөгүй тохиолдолд хураадаг заавал эзэмшигч нь байж байгаа үед хадгалдаг үйлчилгээ байдаг гэсэн. Одоо ашиглаж байгаа сим картыг 2019 оны 01 дүгээр сарын 11-нд ах Ц-аас авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 55/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-ын өгсөн:

“....... гэсэн дугаар нь Эийн Г гэж манай ахын дугаар байгаа юм. Энэ дугаарыг ашиглаж байхгүй бол хураагдах гээд байгаа болохоор манай дүү Д- түр барьж байсан. Энэ дугаар нь над дээр байдаг бөгөөд ах ирэхээрээ надаас авч барьдаг. 2017 оны сүүлээр орой юм уусан явж байгаад дуудлагын жолооч дуудаад тэр Зоригоо гэж хүн ирээд салахдаа би нэрийн хуудсаа өгсөн байсан. Дараа нь над руу яриад ах машин тэрэг бариулах бол хэлээрэй гэж хэлж байсан. Г ах ирээд машин бариулах хэрэг гардаг болохоор би холбож өгч байсан. .... гэсэн дугаар барьцаатай байгааг мэднэ хаана хэдэн төгрөгийн барьцаанд байгаа талаар мэдэхгүй. Би З-ыг Г ахад танилцуулж өөрийн 18-38 УНБ улсын дугаартай хар өнгийн Кровн маркийн машинаа З-т бариулж ах нааш цааш явдаг байсан. Г ахыг 2018 оны 5 сард ирэхэд нь машин бариулж байсан. З- 91-тэй дугаар барьдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Гын өгсөн:

“...Би .... дугаарыг 2012 онд аваад, 2017 онд явахдаа мөнгөний хэрэг гараад 7 сая төгрөгийн зээлд тавиад сар бүр 350,000 төгрөг төлөөд явдаг юм. Быг сайн танихгүй шүүгч гэдгийг нь мэднэ. Бын эхнэр Н-ыг хальт мэднэ яагаад гэвэл Америкийн баруун эрэгт олон Монголчууд байгаа намайг энд ирээд явахад хүмүүс жижиг сажиг юм дайдаг. Тэгээд 2-3 удаа ирэхэд дугтуйтай бичиг баримт дайсан. Тэрийг нь авч ирж өгсөн юм. Би ерөнхий консул болоод 2017 оны сүүлээр л тэгэж танилцсан. Н-аас авсан гар утсаа М гэж шүүгчид явахаасаа өмнө 2-4 хоногийн өмнө өгсөн. Би өөрөө 5 сарын 16-нд явсан. Түүнээс өмнө л өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 10-наас хойш л Мт өгсөн байх. Би АНУ-аас ирээд 2-3 хоног аав, ээж дээрээ очиж байж байгаад Гадаад хэргийн яаман дээр байж байгаад Н-тай ярьж тэр хавьцаа ирж надаас бичиг баримтаа аваад, гар утас асуухад энэ утсыг голохгүй бол авч хэрэглэхгүй юу гэж хэлээд өгсөн. Тэр утас ямар маркийн утас байсныг хэлж мэдэхгүй байна. Нокиа байсан байх гэж бодож байна. Жижиг дөрвөлжин хар утас байсан. Н- тэр утсыг надад өгөхдөө симтэй байхад нь салгаж өгсөн шиг санаж байна. Би симээ тэр утсанд орсон гэж бодохгүй байна. Тэр үед тэр симийг ашиглаагүй.

З- гэж хүнийг сайн мэдэхгүй. Ирэх болгондоо л Ц- дүү рүүгээ машин явуулаач гэхэд заримдаа таньдаг хүн заримдаа танихгүй хүн ирдэг. Ямар ч байсан 3-4 удаа З- ирж авч байсан. Түүнээс хойш viber-аар холбогдоод би танд үйлчилж явж байсан хүн байна надад гаргуулаад өгөөчээ гэж байсан. Би Ц- гэж дүүдээ Хгоотой ярьчихлаа сим ажиллахгүй байна Симээ авмаар байна гэхэд Ц- өөрөө завгүй З-ыг явуулж хүүг нь төлүүлээд сим авч ирүүлсэн байсан. Миний хувьд З-аас авлуу Ц-аас авлуу гэдгээ санахгүй байна. 9911-тэй дугаараа шалгахын тулд Н-тай уулзахдаа өгсөн утсанд хийж үзсэн. Би тэр товчлууртай утсыг 7-8 хоног л ашигласан байх. Би 5 дугаар сарын 15 хавьцаа явсан байх түүнээс 2-3 хоногийн өмнө хүүхдийн 100-ийн тэнд М гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчтэй тааралдсан. Би түүнийг таньдаг. Тэгээд Н-ыг утсыг өөрт нь өгөхөөсөө залхуураад Мт Бд өгчихөөрэй гээд өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 60-61/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Одхүүгийн өгсөн мэдүүлэг /2-р хх-н 62-63/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 743 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн Шүүхийн хүний нөөцөд хадгалагдаж буй үнэмлэхийн хуулбар” гэж хаягласан хуулбар болон “Мобикомд өгсөн хуулбар” гэж хаягласан хуулбар нь хуулбарлагдсан объектын төрөл болон цаасны гадаргууд үүссэн хэвлэлийн тонер хорон хэлбэрээр дүрслэгдсэн бохирдлуудын харилцан байрлал, хэлбэр, хэмжээ зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна.

            2. Шинжилж буй “Чингэлтэй дүүргийн Шүүхийн хүний нөөцөд хадгалагдаж буй үнэмлэхийн хуулбар” гэж хаягласан иргэний үнэмлэхийн хуулбараас шинжилж буй “Мобикомд өгсөн хуулбар” гэж хаягласан иргэний үнэмлэхийн хуулбарыг хуулбарласан байна гэх дүгнэлт /2-р хх-н 78-79/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 243/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

           Нийслэлийн прокурорыг газраас шүүгдэгч С.Быг Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.М-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, .... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэж яллах дүгнэлт ирүүлжээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг нь шүүгдэгч Ц.З нь М ах хөх приустэй ирээд намайг авч яваад сим сэргээлгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б нь зохион байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй, ямар хохирол учирсан нь тодорхойгүй байх тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

             Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь .... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...сүлжээг ашиглах боломжгүй болгосон...” буюу хохирогчийн Мобиком ХХК-н сүлжээг ашиглах эрхийг хязгаарлаагүй. Мөн шүүгдэгчийг “...компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэх боловч Мобиком ХХК тухайн мессежний утга агуулгын талаарх мэдээллийг гаргаж өгөх боломжгүй мөн шүүгдэгч С.Быг тухайн гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэхгүй. Шүүгдэгч Ц.З нь хохирогч Б.М-ыг өөрөө сим картаа сэргээлгүүлсэн гэж мэдүүлдэг боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

             Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг харгалзан үзэхэд Шүүгдэгч С.Б, Ц.З нар нь бүлэглэн хохирогч Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, шүүгдэгч С.Бын хамаарал бүхий этгээдүүд ашигладаг 351543045732094 имей дугаартай гар утсанд .... дугаарын сим картыг ашиглаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

-Шүүгдэгч С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, .... дугаарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Б.М-ын “...Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орой 21 цаг 40 минутын үед манай найз Г.М нь чиний гар утас чинь холбогдохгүй байна шүү гэж фэйсбүүк мессенжерээр захидал илгээсэн байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй ба сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичиг гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө 09 цаг 30 минутын үед өөрийн .... дугаарын гар утсаараа гадагш залгах гэтэл залгаж болохгүй, утасны сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичигтэй хэвээрээ байхаар нь ажлын ойролцоо байдаг Сансарын тунелийн тэнд байдаг Мобикомын салбарт очиж миний сим карт ажиллахгүй байх шиг байна яагаад ингэсэн болохыг теллерээс асуухад өчигдөр та БГД-ийн 13-р хороо хорооллын эцсийн Е-март худалдааны төвийн Мобикомын салбар дээр энэ сим картыг хүчингүй болгож шинээр сим карт сэргээж авсан байна гэж хэлсэн. ...Тэгсэн хяналтын камерын бичлэгт үл таних эрэгтэй хүн сим карт сэргээгээд аваад явсан байсан ба баримт нь гээд миний хэрэглэхээ больсон хуучин иргэний үнэмлэхийн хуулбараар үйлчлүүлж сим карт сэргээж авсан байсан.

...Ц.З гэж хүнийг огт танихгүй... Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ярианы хуулгаа гаргуулж аваад харахад миний холбогдоогүй нэг дугаар байсан. Тэр нь 21 цагт С.Б шүүгчийн .... дугаарт мессеж илгээсэн байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ч.Ч-н “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед би ажил дээрээ ганцаараа сууж байхад 40 орчим насны эрэгтэй UFC гэсэн цагаан бичигтэй саравчтай малгайтай, хар бараан хувцастай хүн орж ирээд сим картаа сэргээлгэх яаралтай хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа гэтэл надад үнэмлэхний хавтас өгсөн ба үнэмлэхний хавтаснаас нь цахим үнэмлэхийг нь авах гэтэл авагдахгүй, салгаж болохгүй байсан...Тэгээд дараа нь 20 цаг 50 минутын үед нөгөө ах иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр хуулбар /канондсон/ гаргаж өгөхөөр нь харсан чинь овог нэр, регистрийн дугаар нь таарсан, болон хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан, гэрийн хаяг зэрэг нь байсан болохоор үйлчлүүлэгчээ гомдоогоод яахав урьдчилсан төлбөртийн дугаар байсан учир сим картыг нь сэргээж өгөөд тооцоог нь бэлнээр 3000 төгрөг өгсөн юм. Дараа нь иргэний үнэмлэхний хуулбарыг нь хараад байж байсан чинь цахим үнэмлэх биш хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Одгэрэлийн “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ байж байхад Б.М- гэж хүн надтай уулзсан...Би хяналтын камер шүүж үзье. Манай үйл ажиллагааны журамд иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн биеэр ирэх, иргэний үнэмлэх, түүний хуулбар баримтаар нь үйлчлэх журамтай. Мөн өөрөө ирж чадаагүй итгэмжлэл бүхий хүмүүст үйлчилдэг талаар хэлээд .... дугаарын сим карт сэргээлгэх үед манай ажилтан хуулбарлан авсан иргэний баримт бичгийн хуулбарыг үзэхэд хуучин иргэний үнэмлэхний хуулбар хувь байсан. Цахим иргэний үнэмлэх ашиглаж эхлэхээс өмнөх хугацаанд ашиглаж байсан.

Дээрх дугаар дээр ашиглагдаж байсан сим картыг сэргээсэн цаг хугацаагаар байгууллагын хяналтын камерийг ухрааж үзэхэд Б.М- гэж хүнээс өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Н-ын “...З- гэх хүнийг зүс таних залуу байна. С.Б ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад, хүргүүлээд ирдэг. Нэг удаа орцонд С.Быг согтуу аваад ирэхэд нь таарсан, 2 удаа хаалга цохиж С.Быг хүргэж өгөөд явсан юм байна...Манай хүүхдүүдийн утасны дугаар бүгд миний дээр байдаг юм. ..... миний охин Хүслэнгийн дугаар барьж байсан дугаар юм. ” гэх мэдүүлэг, 

 

гэрч Э.Х-н “...2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ..... гэж нэгтгэгдэж байгуулагдснаас хойш одоог хүртэл 5 жил ажиллаж байна. Би одоо сууж байгаа өрөөндөө 2018 оны 01 дүгээр сараас эхлэн сууж байгаа. Уг нь энэ 1 өрөө гэхдээ голоор нь хаалт хийгээд үүдэн талын хэсэгт нярав О бид 2 суудаг. Хүний нөөц Ө 2018 оны 4 дүгээр сард жирэмсний амралтаа аваад явсан. Түүний ажлыг Х гэж хүн хийж байгаад 2018 оны 8 дугаар сард жирэмсний амралтаа аваад явсан. Одоо ажлыг нь архивч П.Туул хийж байгаа. Туул архивынхаа өрөөнд тусдаа суудаг энэ өрөөнд  суудаггүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Одхүүгийн “...Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Ерөнхий шүүгч Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэн хүнд өгч байгаагүй. Шүүгч нарын хувийн хэрэг манай тамгын газрын хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтний сэйфэнд хадгалагддаг. Тухайн хүн нь өөрийнхөө юмыг үзэж байгаа тохиолдолд өөрөө мэдээллээ авдаг. Хэн нэгэн хүн өөр хүний мэдээллийг авах боломжгүй. Ер нь манай тамгын газарт хандаж байж бид шийдвэрлэх ёстой. Гэхдээ одоогийн байдлаар манайд тэгж хандаж шүүгч нарын хувийн мэдээллийг авсан тохиолдол алга байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 743 тоот дүгнэлт “...Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах газрын мөрдөгчийн....... дугаарыг 2018 оны 5-р сарын 17-ны 21 цаг 04 минутад сэргээн 351543045732094 имей кодтой гар утсанд ашиглан .... дугаарын утас 1 удаа мессеж илгээсэн байх бөгөөд дээрх имей кодтой гар утсыг ....., .... дугаарууд 2018 оны 2018 оны 5-р сарын 17-ны өдрийн 16 цаг 42 минутад ашиглаж байсан нь тогтоогдсон...” гэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, .... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.М-ын эзэмшиж байсан .... дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, .... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Б.М-ын “... Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орой 21 цаг 40 минутын үед манай найз Г.М нь чиний гар утас чинь холбогдохгүй байна шүү гэж фэйсбүүк мессенжерээр захидал илгээсэн байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй ба сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичиг гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө 09 цаг 30 минуын үед өөрийг .... дугаарын гар утсаараа гадагш залгах гэтэл залгаж болохгүй, утасны сүлжээгээ харсан чинь no service гэсэн бичигтэй хэвээрээ байхаар нь ажлын ойролцоо байдаг Сансарын тунелийн тэнд байдаг Мобикомын салбарт очиж миний сим карт ажиллахгүй байх шиг байна яагаад ингэсэн болохыг теллерээс асуухад өчигдөр та БГД-ийн 13-р хороо хорооллын эцсийн Е-март худалдааны төвийн Мобикомын салбар дээр энэ сим картыг хүчингүй болгож шинээр сим карт сэргээж авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ..... дугаарыг шинээр сэргээж аваад хорооллын эцсийн Е-март худалдааны төвийн Мобикомын салбарт очоод болсон явдлын талаар хэлэхэд өчигдрийн сим карт сэргээж авсан үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн хяналтын камерын бичлэгт үл таних эрэгтэй хүн сим карт сэргээгээд аваад явсан байсан ба баримт нь гээд миний хэрэглэхээ больсон хуучин иргэний үнэмлэхийн хуулбараар үйлчлүүлж сим карт сэргээж авсан байсан.

...Ц.З гэж хүнийг огт танихгүй... Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ярианы хуулгаа гаргуулж аваад харахад миний холбогдоогүй нэг дугаар байсан. Тэр нь 21 цагт С.Б шүүгчийн .... дугаарт мессеж илгээсэн байсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Ч.Чинзоригийн “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед би ажил дээрээ ганцаараа сууж байхад 40 орчим насны эрэгтэй UFC гэсэн цагаан бичигтэй саравчтай малгайтай, хар бараан хувцастай хүн орж ирээд сим картаа сэргээлгэх яаралтай хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа гэтэл надад үнэмлэхний хавтас өгсөн ба үнэмлэхний хавтаснаас нь цахим үнэмлэхийг нь авах гэтэл авагдахгүй, салгаж болохгүй байсан. Тэгсэн чинь тэр ах наадах чинь салдаггүй юм аа гэхээр нь бичиг баримтыг сайн хартал өнгөтөөр цаасан дээр хэвлэчихсэн байсан...Тэгээд дараа нь 20 цаг 50 минутын үед нөгөө ах иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр хуулбар /канондсон/ гаргаж өгөхөөр нь харсан чинь овог нэр, регистрийн дугаар нь таарсан, болон хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан, гэрийн хаяг зэрэг нь байсан болохоор үйлчлүүлэгчээ гомдоогоод яахав урьдчилсан төлбөртийн дугаар байсан учир сим картыг нь сэргээж өгөөд тооцоог нь бэлнээр 3000 төгрөг өгсөн юм. Дараа нь иргэний үнэмлэхний хуулбарыг нь хараад байж байсан чинь цахим үнэмлэх биш хуучин иргэний үнэмлэхийг бичгийн цаасан дээр канондсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Одгэрэлийн “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ байж байхад Б.М- гэж хүн надтай уулзсан. Тэр хүн ярихдаа өчигдөр танай салбараас миний гар утасны сим картыг сэргээсэн байна. Ямар хүнд миний сим картыг сэргээн өгсөн бэ гэж асуусан. Би хяналтын камер шүүж үзье. Манай үйл ажиллагааны журамд иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн биеэр ирэх, иргэний үнэмлэх, түүний хуулбар баримтаар нь үйлчлэх журамтай. Мөн өөрөө ирж чадаагүй итгэмжлэл бүхий хүмүүст үйлчилдэг талаар хэлээд .... дугаарын сим карт сэргээлгэх үед манай ажилтан хуулбарлан авсан иргэний баримт бичгийн хуулбарыг үзэхэд хуучин иргэний үнэмлэхний хуулбар хувь байсан. Цахим иргэний үнэмлэх ашиглаж эхлэхээс өмнөх хугацаанд ашиглаж байсан.

Дээрх дугаар дээр ашиглагдаж байсан сим картыг сэргээсэн цаг хугацаагаар байгууллагын хяналтын камерыг ухрааж үзэхэд Б.М- гэж хүнээс өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Н-ын “...З- гэх хүнийг зүс таних залуу байна. С.Б ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад, хүргүүлээд ирдэг. Нэг удаа орцонд С.Быг согтуу аваад ирэхэд нь таарсан, 2 удаа хаалга цохиж С.Быг хүргэж өгөөд явсан юм байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Я.Өийн “...надаас Б.М- шүүгчийн иргэний үнэмлэхний хуулбар хувийг авсан хүн байхгүй. Албан хэрэг хөтлөлтийн журмаар шүүгч өөрийнхөө хувийн хэрэгтэй танилцах эрхтэй. Өөр хүн танилцах эрхгүй байдаг. Өөр хүнд би танилцуулж байгаагүй. Бичиг хэргийн архивын шүүгээ байнга цоожтой байдаг. Аюулгүй байдал талаасаа өвдсөн, чөлөө авсан хэдий ч архивын шүүгээний түлхүүрээ би биедээ авч явдаг. Ц.Зын фото зургийг харлаа. Би танихгүй хүн байна...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 743 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.З, С.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.З, С.Б нарыг цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч Б.М- нь нэхэмжилэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд хохирлын талаар баримтгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлэх саналтай. Мөн шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Зын цагдан хоригдсон 6 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тооцон оруулах саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.З, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зын цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялаас хасаж, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Быг 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зыг 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Зын цагдан хоригдсон 6 хоногийг 15 нэгжээр тооцож, торгох ялын хэмжээг нь 5,910,000 төгрөгөөр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З, С.Б нарын торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.З, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

   ШҮҮГЧИД                                                  А.АЛТАНХУЯГ

 

 

      Ц.ЭРДЭНЭЧИМЭГ