Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/00971

 

 

 

 

 

                             

 

 

 

                  2022       03           03   

           101/ШШ2022/00971

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П сургуулийн гаргасан,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

 

22,280,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, хариуцагчийн төлөөлөгч Ц.З, өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

П салбар нь өөрийн сургуульд элсэн орсон хүүхдүүдэд 11 жилийн сургалтаар анхан шат, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрүүдийн дагуу ерөнхий боловсрол олгодог. 2019-2020 оны хичээлийн жилд тус салбар сургуулийн 2-р ангиас 11-р ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд цаг тухайд нь мэдэгдэж байх зорилгоор тэдний гар утасны дугааруудад 3 төрлийн мэдээлэл буюу хүүхдүүдийн хичээлийн ба явцын шалгалтын дүн, хичээлд суусан байдал, хичээлд бэлтгэсэн байдлын тухай мэдээлэл илгээж байхаар хариуцагч “Д” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан.

 

Тус гэрээний үйлчлэх хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үйлчлэх бөгөөд захиалагч сургуулийн зүгээс гэрээний мөнгөн дүн 44,560,000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн харилцах дансанд бүрэн шилжүүлсэн. Энэхүү гэрээний нөхцлийн дагуу талууд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд захиалагч сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийн эхний хагас жил дэхь сурагчдын сурлагын дүн, явцын шалгалтын дүн, тэдний ирц, хичээлийн бэлтгэл зэрэг мэдээллийг хариуцагч компаниас өмнө нь олгосон бланк маягтууд дээр оруулж, хуулбарлаад тус компанийн цахим хаягт илгээж, улмаар уг компани нь сурагчдын эцэг, эхчүүдийн гар утасны дугааруудад тухайн мэдээллийг мессежээр илгээж байсан юм.

 

Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн талуудын гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөж, Улсын онцгой комиссын хурлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 01 тоот тэмдэглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот тушаалаар шинэ төрлийн короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоосон. Дараа нь, Монгол Улсын Засгийн Газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, цаашид 2019-2020 оны хичээлийн жил дуустал буюу 2020 оны 06 дугаар сарыг дуустал танхимийн сургалтыг хориглосон хорио цээр үргэлжилснээс шалтгаалж, манай салбар сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

 

Ийнхүү танхимын сургалтыг хориглосноос шалтгаалж багш нар онлайнаар хичээл заах болж, боловсролын хөтөлбөрүүдийн хэрэгжилт хоцрох асуудал бий болсон. 2020 оны эхний хагас жилийн турш сурагчдын ар гэрийн бололцоо, санхүүгээс хамаарч сурагч хүүхэд бүрт иж бүрдэл бүхий компьютер, өндөр үзүүлэлт чадалтай гар утас байхгүй, интернетэд холбогдох хурд хүрэлцэхгүй зэрэг нь сурагчдад хичээлийг бүрэн агуулгаар зааж, мэдлэг чадварыг бодиттой үнэлэх, бататгах бололцоо бүрэн олгоогүй.

 

Дээр дурдсан нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг харилцан шаардах эрхтэй гэж заасныг удирдлага болгон тус салбар сургууль нь 19/19 тоот гэрээний үнийн тал мөнгөн дүн болох 22,280,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэн тооцож, Tsahimjurnal цахим системд нэвтэрч үйлчлүүлэх хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэгч буюу хариуцагчид гаргасан.

 

Гэвч гүйцэтгэгч компани нь компьютерийн сервер, үйлчилгээний тусгай дугааруудын түрээсийн зардал, мөн захиргааны зардал, татвар төлөлт зэрэг их зардлууд гаргасан хэмээн тайлбарлаж манай хүсэлтийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, энэ тухайгаа тус компани 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 тоот хариу албан бичгээр мэдэгдэж, түүндээ цахим системийг ажлын горимд байлгах зардалд сервер ба тусгай дугааруудыг түрээслэх зардал, захиргааны зардал орох ба 2019-2020 оны хичээлийн жилд нийт зардал 34,623,000.00 төгрөг болсон, хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлуудын мэдээлэл хүлээн авах ба мессеж илгээх зардал болох 5,886,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилээр байгуулах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож, ирээдүйн гэрээний үнээс суутгаж болохыг илэрхийлсэн.

 

Ийнхүү 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус салбар сургуулийн санаачлагаар зохион байгуулсан уулзалт дээр хариуцачг “Д” ХХК-ийн захирал Ц.З өөрийн байр сууриа бататган илэрхийлж, шинэ хичээлийн жилд үйлчилгээний тооцоонд зөвхөн 5,886,000.00 төгрөгийг суутган тооцож болохыг зөвшөөрсөн. Гэхдээ тус компаний захирал нь цахим үйлчилгээний нийт зардал 34,623,000.00 төгрөг болсныг баримтаар нотлож чадаагүй, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус салбар сургууль дээр болсон уулзалтын үеэр салбар сургуулийн захирлаас хариуцагч компанийн захиралд өмнөх гэрээний нөхцөлтэйгээр үүргийн гүйцэтгэлийг шинэ хугацаанд шилжүүлэх талаар тохиролцол зөвшилцөлд хүрч чадаагүй тул гэрээний нийт мөнгөн дүнгийн тал үнэ буюу 22,280,000.00 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан.

 

Үүний дараа хариуцачг “Д” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/08 тоот албан бичиг илгээж, түүндээ гэрээний үнээс 14,370,000.00 төгрөгийг шинэ буюу 2020-2021 оны хичээлийн жилийн цахим үйлчилгээний үнэд шилжүүлэн тооцож болохоо илэрхийлсэн.

 

Гэвч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн манай сургууль 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/433 тоот албан бичгээр шинэ        2020-2021 оны хичээлийн жилд тус компаний цахим үйлчилгээг авахгүй болохоо мэдэгдэж, 19/19 тоот гэрээний дагуу өмнөх хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилд захиалагч аваагүй үйлчилгээний төлбөр болох 14,370,000.00 төгрөгийг буцаан өгөхийг мэдэгдсэн юм. Гэтэл манай сургуулийн албан мэдэгдлийн хариуд гүйцэтгэгч компаниас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2020/09 тоот албан бичгээр хариу өгөхдөө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлсэн, цахим үйлчилгээг явуулах нөхцлийг бүрдүүлэх, техник хэрэгслийн найдвартай байдлыг хангах, тухайн үйлчилгээг хариуцсан ажилчдыг хэвийн горимоор ажиллуулах, оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний үнэ төлбөр, үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай хөрөнгө мөнгө, урсгал зардалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба хэмнэгдээгүй хэмээн дурдаж, 14,370,000.00 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болохоо мэдэгдсэн.

 

Манай сургуулийн зүгээс цар тахалаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн хорио цээрийн үед гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал нь гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцох үндэслэл болохгүй бөгөөд тухайн хорио цээр, хязгаарлалтын хугацаа дууссанаар өмнөх гэрээний нөхцлүүдээр талууд өөрийн хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой. Мөн гүйцэтгэгч нь 19/19 тоот гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зардал 34,623,000.00 төгрөг болсныг оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний дагуу төлсөн төлбөр, ажилчдын цалин, урсгал зардал, татвар төлөлт зэргээр тооцож байгаа нь 19/19 тоот гэрээний нөхцлүүдэд хамаарахгүй байна. Интернетэд байгаа “Tsahimjurnal”цахим систем нь гүйцэтгэгчийн эзэмшилд байдаг, энэ систем нь зөвхөн манай салбар сургуульд зориулж цахим үйлчилгээ үзүүлэхээр бүтээгдээгүй, тодруулбал бусад ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг ашигладаг тул тус цахим системийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг захиалагч шууд хариуцах үүрэг хүлээхгүй.

 

Мөн 19/19 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.10-д гүйцэтгэгч хүлээсэн үүргээ, тухайлбал гүйцээж хийх, засах, догодлыг арилгах зэргийг оролцуулан, өөрийн хүч ба материалаар энэхүү гэрээнд дурдсан хугацаанд чанартай биелүүлнэ хэмээн заасан учир гүйцэтгэгчийн оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний дагуу төлсөн төлбөрийн зардлыг захиалагч төлөх үүрэггүй.

 

Түүнчлэн сервер ба тусгай дугаарууд түрээслэх гэрээнүүд нь хариуцагч “Д” ХХК ба үүрэн холбооны оператор компаниудын хооронд байгуулсан гэрээнүүд болно. Энэхүү гэрээнүүдэд манай сургуулиас хамтран түрээслэгч буюу давхар түрээслэгчээр оролцоогүй. Иймд, Иргэний Хуулийн 318 дугаар зүйлийн 318.8-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө пшлжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хулээнэ гэж заасны дагуу хариуцагч “Д” ХХК нь сервер ба тусгай дугааруудын түрээсийн төлбөртэй холбоотой зардлыг өөрөө хариуцах учиртай.

 

Үүнээс гадна гүйцэтгэгч нь 19/19 тоот гэрээний дагуу захиалагчийн шилжүүлсэн мөнгөнөөс татвар төлсөн хэмээн тайлбарлаж байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлөхөөс чөлөөлсөн Монгол Улсын хуулиудын заалттай зөрчилдөж байна.

 

Гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гүйцэтгэгч нь гэрээний үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр түүний сөрөг үр дагавар, хохирлыг арилгах ба багасгах зардал гаргаагүй, түүнд ийм үйлдэл хийх шаардлага бий болоогүй, энэ хугацаанд гүйцэтгэгч тал эцэг, эхчүүдэд мессеж илгээх, бланк маягтууд хэвлэх, хүргэх ба сурагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад хөрөнгө мөнгө бодитойгоор хэмнэсэн. Энэ тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 08-ны 2020/07 тоот албан бичигтээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч, тус албан бичигт мэдээлэл хүлээн авах зардал ба 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлын мессеж илгээхэд зарцуулах зардал 5,886,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн гэрээний урьдчилгаа төлбөрт оруулж, гэрээний үнээс хасаж тооцуулах” гэж илэрхийлсэн байдаг.

 

Гэрээнд заасан цахим системд үйлчлэх үйлчилгээг үзүүлэх нэгж үйлчилгээ 1,114 хүүхэд, нэгжийн үнэ 40,000.00 төрөг буюу нэг хүүхдэд 40,000.00 төгрөгийн мессеж явуулах үйлчилгээний дүн бөгөөд 1,114 хүүхдийн тоог 40,000.00 төгрөгөөр үржүүлэхээр гэрээний дүн болох 44,560,000.00 төгрөг гарч ирж байна. Энэ үйлчилгээг бүтэн хичээлийн жил буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд нэг хүүхдэд 40,000.00 төгрөгийн мессежийг эцэг, эх рүү нь явуулах үйлчилгээг явуулах ёстой гэх агуулгыг илэрхийлж байна. Бид нар 19/19 тоот гэрээний дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн 2 дугаар хагаст үйлчилгээг бүтэн аваагүй гэж маргаж байгаа юм. Учир нь, ерөнхий боловсролын сургууль нийт хичээлийн 32 долоо хоногтой, хичээлийн жил 4 улиралтай байдаг, үүнээс нэг улиралд 8 хичээлийн долоо хоног байдаг, 32 долоо хоногийг ажлын 5 өдрөөр аваад үзэх юм бол нийт 160 ажлын өдөр болж байгаа ба 160 өдөр 1,114 хүүхдэд өдөр болгон мессежийг эцэг, эх рүү нь мэдээллийг явуулах ёстой.

 

Өөрөөр хэлбэл, 160 өдөр тогтмол 1,114 хүүхэд рүү явуулж байх ёстой болж байна. Үүнээс гадна 1, 2, 3, 4 дүгээр улирлын дүнг явуулах 4 мессеж нэмэгдэж нэг хүүхдэд 164 мессеж явах ёстой. Уг 164 мессежийг 1114 хүүхдээр үржүүлэх юм бол 182,696 мессежийг явуулсан байх ёстой болж байна. 182,696 мессежийг явуулахад бусад үүрэн телефонуудтай харилцуулан авч үзэхэд хамгийн үнэтэй 55 төгрөг байдаг юм байна. Гэтэл хариуцагч “Д ХХК нь бизнесийн байгууллага учир ашгаа бодож ажилладаг байх, гэхдээ бүтэн жил 10 гаруй сая төгрөгийн мессеж явуулж байж манайхаас 44,560,000.00 төгрөг авсан. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд 1,114 хүүхэд байсан боловч жилийн эцэс гэхэд 1,091 хүүхэд болсон. 2020 оны 2, 3 дугаар сард явуулсан мэдээлэл дээр бодиттойгоор явуулсан байх магадлалтай, гэхдээ нийт 44,560,000.00 төгрөгийн хэмжээнд хүрэх мессежийг явуулаагүй, 5 дугаар сард явуулсан мессеж нь өмнө явуулсан 2 дугаар улирлын дүнг давтан явуулсан байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1,1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч хууль, бусад эрх зүйн акт ба үйлчилгээ үзүүлэх 19/19 тоот гэрээгээр тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийн 22,280,000.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг эзэмшиж, манай мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах үндэслэлгүй болохыг хариуцагч мэдсэн буюу мэдэх үүрэгтэй байсан тэр цаг үеэс эхлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгийг буцаах үүрэгтэй. Иймд, хариуцагчаас 22,280,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани тус сургуультай анх 2012 оноос эхлэн цахим журнал системийг нэвтрүүлэх гэрээг байгуулж, 2013 оноос хойш 2020 он хүртэл найман жилийн турш хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэрээний хугацаанд захиалагч талаас нэг ч удаа гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гомдол, санал гаргаж байгаагүй бөгөөд гэрээний нөхцөл болон гэрээний үнийг нэг ч удаа нэмэгдүүлээгүй, өөрчлөлт оруулаагүй, үнэ тогтвортой байх зарчмыг баримталж ирсэн гэдгийг үүгээр дурдах нь зүйтэй юм. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэж 22,280,000.00 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 19/19 тоот гэрээний дагуу захиалагч талаас гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гүйцэтгэгчид ирүүлэх, нөгөө талаас ирүүлсэн мэдээллийг системд хадгалан, мэдээллийг боловсруулж эцсийн хэрэглэгчдэд хүргэх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Бид нар зөвхөн сургалтын мессежнээс гадна сургууль өөр ямар мессежийг явуулах боломжтой гэнэ тэр мэдээллээ сургуулиас явуулж байж тэрхүү мэдээллийг явуулдаг. Сургалтын мэдээлэл нь тусгай бланк дээр бүртгэгдэг ба үүн дээр зөвхөн тэр сургуулийн нэр, анги, хүүхдийн нэрс байдаг. Тухайн бланкийг дахин ашиглах боломжгүй. Учир нь, он, сар, өдөр нь өөр, өөрөөр гарч ирэх бас бланкийг багш нар бөглөж, скайнераар систем рүү оруулж байж мэдээлэл нь явдаг ба эцэг, эх рүү очиж байгаа мессеж бол хамгийн сүүлд хийгдэж байгаа жижигхэн ажиллагаа юм. Үүнээс өмнө систем нь өөрөө боловсруулаад датаг нь хадгалахаар боловсруулдаг 

 

Гэрээний дагуу манай компани 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл системийг ажиллагаатай байлгах ба тэрийг ашиглах үгүй нь сургуулийн асуудал, сургууль мэдээллийг оруулж, оруулсан мэдээллийг цааш нь боловсруулж хадгалаад эцэг, эх рүү нь мессежээр явуулах зохицуулалттай. Бид нар хүүхдүүдийн ээж, аав руу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эцсийн дүнг явуулсан. Энэ хугацаан талууд байнга харилцаж байсан. Тухайн үед манай компанитай харилцаж байсан хүнээс хичээл заахад хүндрэлтэй байна, багш нарын тал нь гэрээсээ ажиллаж байна, тал нь ажил дээр байгаа гэдэг зүйлийг хэлж байсан, харин үүнээс өөр зүйл хэлж байгаагүй. Гарч байгаа хүндрэл нь дулааны мөнгөө төлж чадахгүй байна, захирал тантай ярих байх гэдэг зүйлийг л ярьж байсан.

 

Тэгэхээр нь би, яаж та нарт туслах уу, тийм эрсдэлтэй байгаа бол дараа жилийн тариф дээр ярилцъя гэдэг бичгийг явуулж байсан. Манай компани 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл системийг ажиллагаатай байлгах ёстой байсан тул энэ үүргээ гүйцэтгэж л байсан. Гэрээний 4.1-т үйл ажиллагаанд юу орж байгааг заасан ба гэрээний хугацааг дуусахаас сарын өмнө аль нэг тал нь мэдэгдэхгүй бол дараа жил автоматаар ашиглана гэсэн заалт ч бий. Тийм болохоор 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хичээлийн жилийн эцсийн дүнг явуулчихаад мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл системийг ажиллагаатай байлгасан тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал бид нарт мэдэгдэл явуулсан гэж хэлж байна. Гэхдээ хуулийн зөвлөх н.Т гэж хүн утсаар яриад тань руу мэдэгдэл явуулсан гээд и-мэйл хаягаар акттай хамт явуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь надтай холбогдох боломж зөндөө байсан. Бид нар хоорондоо холбогдохгүй нөхцөл байдалд байгаагүй, ингэж тодорхой бус явсаар байгаад 2020 оны 06 дугаар сар болж хичээлийн жил дууссан. Бид гэрээгээ цааш үргэлжилнэ гэж бодож байтал нэхэмжлэгч нь сүүлийн мэдэгдэл дээрээ 2020-2021 оны хичээлийн жилд танай үйлчилгээг авахгүй гэсэн байсан. Тэгэхэд аль хэдийн 2021 оны хичээлийн жил эхэлсэн байсан.

 

Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, нөхцөл байдал өөрчлөгдөж зайны сургалт явагдсаны дагуу гэрээнээс татгалзал нөхцөл байдал байгаа гэсэн. Гэтэл гэрээний суурь харилцаа өөрчлөгдсөн тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж ойлгоно гэвэл нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь хүүхдийн хичээлийн ирц, даалгаврыг явуулдаг гэж байна. Хавтаст хэргийн 112-221 дүгээр талд авагдсан баримтаас харахад зайны цахим сургалт явуулж байсан нь захирлын тушаалаас харагдаж байна. Тэгэхээр зайны сургалт явуулсны улмаас дүн, хичээлийн ирц явуулах суурь харилцаа дуусгавар болохгүй, харин ч зайны сургалт явуулснаар энэ үйлчилгээ хэрэгтэй, энэ үйлчилгээг авч чадаагүйд хариуцагч талыг буруу байхгүй.  Нэхэмжлэгч нь мэдээллээ системд оруулж байж бид нар цааш нь дамжуулан явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний 2.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч нь мэдээллийг явуулах боломжгүй, 2020 оны 1, 2, 5 дугаар саруудад үйлчилгээ авч байсан тул маргаангүй гэж ойлгож байна, харин 3, 4 дүгээр сард үйлчилгээ авч байгаагүй.

 

Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хичээл тарсан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Ингэхээр мөн оны 06 дугаар сард нэхэмжлэгч сургууль үйл ажиллагаа явуулаагүй байна. 3, 4 дүгээр сард үйлчилгээ аваагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн. Өөрсдөө явуулаагүй зүйлийг бид нар яаж явуулах вэ, мэдээлэл ирвэл мессеж явуулахын тулд системийг ажиллагаатай байлгаж байсан. Тухайн ажиллаж байсан ажилчдын цалин хөлсийг өгч байсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний 7.1-т зааснаар бол 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусаж байгаа. Гэрээг дуусах хугацаанаас 30 хоногийн өмнө мэдэгдээгүй бол дараагийн жилд сунгагдсанд тооцогдоно. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдэл, санал нэхэмжлэгч тал өгч байгаагүй. 4 дүгээр сарын 14-ний өдрийн албан мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай компани хүлээн авсан нь үзлэгээр тогтоогдсон байгаа. Хариуцагчийн хаяг байхгүй байсан гэдэг бол зүгээр шалтаг, цахимаар байнга манайхтай холбоотой байсан. Уг мэдэгдэл дээр гэрээг цуцлах, татгалзах санал байгаагүй. Зөвхөн үйлчилгээг авч чадаагүй байх тул 2020-2021 оны хичээлийн жилд суутгуулж тооцуулна гэдэг мэдэгдэл явуулж байсан.

 

Иймээс Иргэний хуулийн 236.1-т зааснаар хариуцагч талын гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 3 тоот зөвлөмж дээр тодорхой заасан байгаа. Гэрээнээс цуцлах, татгалзах саналыг зөвхөн хүчин төгөлдөр байгаа гэрээний хувьд гаргах боломжтой. 2020 оны 10 дугаар сараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний харилцаатай байхад үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Манай тохиолдолд тодорхой хугацаанд үүргийг биелүүлсэн явдал нь тогтоогдож байна, хэрэв мэдээллээ явуулсаар байхад тэр мэдээллийг цааш явуулаагүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж болох юм. Гэтэл энэ талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 496.1, 496.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд мөнгийг санамсаргүй байдлаар төлсөн бол шаардах боломжто, бид гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн хариуцагч компани нь ашигтай ажиллах эсэх нь нэхэмжлэгчид огт хамааралгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 269,350.00 төгрөг төлсөн баримт,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл /Орос-Монгол хэл дээр/,
  4. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19/19 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт /Орос-Монгол хэл дээр/,
  5. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албаг бичиг /Орос-Монгол хэл дээр/,
  6. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг /Орос-Монгол хэл дээр/,
  7. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг /Орос-Монгол хэл дээр/,
  8. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/433 тоот мэдэгдэл,
  9. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хариу мэдэгдэл,
  10. Ц.Пүрэвжаргалын бичгээр олгосон зөвшөөрөл,

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  2. Хариу тайлбар,
  3. Харилцаа холбооны зохицуулах хорооны мессежний тусгай дугаар эзэмшигчийн мэдээлэл,
  4. “Мобиком корпораци” ХХК-ийн үйлчилгээний тухай,
  5. И-мэйл,
  6. Гар утас руу илгээсэн үүрэн холбоотой операторуудын зурвасууд,
  7. Цахим файл,
  8. Зохиогчийн эрхийн гэрчилгээ,
  9. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19/19 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт,
  10. Орос хэлний орчуулга
  11. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан,
  12. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Юнивишион” ХХК-ийн хэрэглэгчийн мэдээлэл, тусгай дугаарын үйлчилгээний гэрээ, хавсралт,
  13. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тусгай дугаар ашигласан мессежний үйлчилгээнд зориулан сүлжээ ашиглуулах гэрээ,
  14. Мөнгөн шилжүүлгийн баримт,
  15. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

  1. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 923 тоот албан бичгийн хариу тайлбар,
  2. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар боловсролын үйл ажиллагааны зохион байгуулалтыг түр зогсоох тухай албан бичиг, Орос-Монгол хэл дээр
  3. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48, 03 дугаар сарын 20-ны өдрийн 58, 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар хорио цээрийн хугацааг сунгах тухай мэдэгдэл,
  4. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар 2019/2020 оны хичээлийн жилийг төгсгөх журам,
  5. Ажлын цаг ашиглалтын бүртгэл,
  6. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/490 тоот тушаал, хавсралт
  7. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/1396 тоот “Мобиком корпораци” ХХК-ийн албан бичиг,
  8. Үзлэгийн тэмдэглэл,
  9. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/452 тоот Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичиг,
  10. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21/9583 тоот “С” ХХК-ийн албан бичиг,
  11. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4/3723 тоот “М” ХХК-ийн албан бичиг, хавсралт
  12. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04/2371 тоот “Ю” ХХК-ийн албан бичиг, хавсралт,
  13. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/7165 тоот албан бичиг,
  14. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/2601 тоот “Ю” ХХК-ийн албан бичиг, хавсралт,
  15. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/7107 тоот “М” ХХК-ийн албан бичиг, хавсралт
  16. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22/179 тоот “С” ХХК-ийн албан бичиг,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П салбараас хариуцагч “Д” ХХК-нд холбогдуулан 22,280,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна” гэж, мөн 189.2-т “Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гээд 189.2.1-т “нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг” гэж тус тус заажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь П салбар, хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд болох “Д” ХХК нар бөгөөд тэдгээрийн хооронд үүссэн маргааныг дээр дурдсан хуульд зааснаар Монгол Улсын шүүх харьяалан шийдвэрлэнэ /1-р х.х-ийн 14, 56 хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ” гэж, мөн 29.6-т “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч П салбар нь хуулийн этгээдийн удирдах эрх бүхий этгээдээс авсан итгэмжлэлийг үндэслэн тухайн нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК байна /1-р х.х-ийн 15-18 хуудас/.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П салбар нь хариуцагч “Д” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан “цахим журнал” системд нэвтрэх үйлчилгээ авахаар тохиролцсон байна /1-р х.х-ийн 19-31 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд суралцах 1,114 хүүхдүүдийн хичээлийн ирц, дүн, гэрийн даалгавар хийсэн байдал болоод бусад мэдээ, мэдээллийг тэдгээрийн эцэг, эхийн гар утсанд тусгай дугаар ашиглан хүргэх үйлчилгээг үзүүлэ бөгөөд 1 /нэг/ хүүхдийн мэдээллийг хүргэх зардлыг 40,000.00 төгрөгөөр тооцож, нийт 44,560,000.00 төгрөгөөр тухайн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заасан. Тайлбарлавал, хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч П салбартай харилцан тохиролцсоны дагуу урьдчилан бэлдэж боловсруулсан техник технологи, мэдээллийн системийг ашиглаж ирүүлсэн суралцагч хүүхдүүдийн мэдээллийг эцэг, эхийнхэн гар утсанд компанийнхаа эзэмшдэг үүрэн холбооны тусгай дугаараас хүргэх энэхүү үйлчилгээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, мөн шинээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцаа бус харин хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргийг агуулсан шинжтэй байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

        1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П салбар нь хариуцагч “Д” ХХК-нд 44,560,000.00 төгрөгийг бүрэн өгснийг хариуцагч тал үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар тухайн үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн танхимын сургалтыг зогсоосон тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд авах үйлчилгээний хөлсөнд ногдох төлбөрөөс 22,280,000.00 төгрөгийн үйлчилгээг авах боломжгүй болсон тул буцаан шаардах эрхтэй гэж маргасан.

 

“COVID-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус хөл хорио тогтоосон. 

 

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нотлох шаардлагагүй тул энэ талаар зохигчид маргахгүй юм.

 

Харин энэхүү нөхцөл байдал нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, үүний улмаас аль нэг талд илт хохиролтой байх тохиолдолд тэрхүү нөхцөл байдалд тохирлуулан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, аль эсхүл гэрээг цуцлах үндэслэл бий болсон эсэхийг тогтоох шаардлагатай болж байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Тайлбарлавал, нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг нь гэрээ байгуулсны дараа тухайн нөхцөл байдал үүссэн, эсхүл талууд энэ талаар хожим мэдсэн, мөн гэрээний талууд урьдчилан таамаглах боломжгүй байсан, уг нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тийм хүнд хэцүү байдал /hard ship/-ыг ойлгох ба энэ нь гэрээний талуудаас үл хамаарсан шинжтэй байдаг тул тэдгээрийн гэм бурууг шаардахгүй.

 

Нөгөө талаар нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэгт талуудын гэрээг байгуулах үеийн төсөөлөл нь анхнаасаа илт хайхрамжгүй хандсан буруу ташаа байсныг хамааруулахгүй бөгөөд харин гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал хожим өөр хүчин зүйлсийн улмаас илт өөрчлөгдөж, тэр нь гэрээний аль нэг талд ашиггүй байдлыг бий болгох тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг цуцлах шаардах эрхийг үүсгэдэг байна.

 

Энэ тохиолдолд аль нэг нь нөгөө талаасаа үүрэгтээ үнэнч байхыг шаардах нь хүнд нөхцөл байдлын улмаас эрх ашигт нь сөргөөр нөлөөлсөн тэр этгээдэд огт өөр нөхцөл байдалд байгуулагдсан гэрээг хүнд хэцүү нөхцөл байдлын үед дагаж мөрдөхийг шаардах нь шударга биш байдаг тул хэрэв талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд байсан, эсхүл мэдэж байсан бол гэрээг ямар нөхцлөөр байгуулах боломжтой байсан тэрхүү нөхцлөөр байгуулах боломжийг олгох ёстой болдог. Үүнийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасан байна. 

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “Д” ХХК нь 153316 тоот тусгай дугаарыг эзэмшдэг бөгөөд “С” ХХК, “М” ХХК, “Ю” ХХК нартай тус тус гэрээ байгуулж, дээрх тусгай дугаарыг ашиглаж нэхэмжлэгч Псалбарт суралцдаг хүүхдүүдийн эцэг, эхүүдэд зурвас илгээж байжээ /2-р х.х-ийн 219-228 хуудас/.

 

Ингээд хариуцагч “Д” ХХК-ийн 153316 тоот тусгай дугаараас нэхэмжлэгч Псалбарт суралцдаг хүүхдүүдийн “Ю” ХХК-ийн дугаар эзэмшдэг эцэг, эхчүүдэд илгээсэн зурвасын тоон мэдээллийг үзвэл:

 

  • 2019 оны 09 дүгээр сард 861 зурвас буюу 45,677.50 төгрөг,
  • 2019 оны 10 дугаар сард 3,192 зурвас буюу 109,780.00 төгрөг,
  • 2019 оны 11 дүгээр сард 2,982 зурвас буюу 104,005.00 төгрөг,
  • 2019 оны 12 дугаар сард 2,763 зурвас буюу 97,982.50 төгрөг,
  • 2020 оны 01 дүгээр сард 762 зурвас буюу 42,955.00 төгрөг,
  • 2020 оны 02 дугаар сард 471 зурвас буюу 33,467.50 төгрөг,
  • 2020 оны 05 дугаар сард 225 зурвас буюу 28,187.50 төгрөгийг тус тус төлсөн бол 2020 оны 3, 4, 6 дугаар саруудад зурвас илгээгүй байна. Мөн “М” ХХК-ийн дугаар эзэмшдэг эцэг, эхчүүдэд илгээсэн зурвасын тоон мэдээллийн хувьд:
  • 2019 оны 09 дүгээр сард 2,513 зурвас буюу 113,085.00 төгрөг,
  • 2019 оны 10 дугаар сард 9,447 зурвас буюу 425,115.00 төгрөг,
  • 2019 оны 11 дүгээр сард 8,674 зурвас буюу 390,330.00 төгрөг,
  • 2019 оны 12 дугаар сард 7,815 зурвас буюу 351,675.00 төгрөг,
  • 2020 оны 01 дүгээр сард 2,047 зурвас буюу 92,115.00 төгрөг,
  • 2020 оны 02 дугаар сард 1,252 зурвас буюу 56,340.00 төгрөг,
  • 2020 оны 05 дугаар сард 663 зурвас буюу 29,835 төгрөгийг тус тус төлж, 2020 оны 3, 4, 6 дугаар саруудад зурвас илгээгүй байна.  

 

Харин хариуцагч “Д” ХХК нь “С” ХХК болон “Ж” ХХК-ийн дугаар эзэмшигч эцэг, эхчүүдэд ийм төрлийн зурвас илгээсэн талаарх баримт ирээгүй бөгөөд зохигчид хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан тоон мэдээлэлтэй маргаагүй, тухайн зурвасыг боловсруулсан, илгээхэд ашигласан програм хангамж, техникийн нөхцлийн талаарх үйл ажиллагааг тодруулах шаардлагагүй гэсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр баримтаас үзвэл хариуцагч “Д” ХХК нь “COVID-19” цар тахлын үед Монгол Улсад нийтийг хамарсан хөл хорио тогтоосон буюу цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн танхимын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор энгийн үед илгээж байснаас даруй бага хэмжээний зурвасыг нэхэмжлэгч Псалбарт суралцдаг хүүхдүүдийн эцэг, эх нарт илгээж байсан гэж дүгнэхэд буруутахгүй юм.

 

Тодруулбал, Улсын онцгой комиссын хурлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1 тоот шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот тушаалаар шинэ төрлийн коранвирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот тогтоолоор мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан боловч 2020 оны 06 дугаар сарыг дуустал тус тус сунгасантай холбогдуулан танхимын үйл ажиллагаа явагдаагүй, үүнтэй холбоотой суралцаж буй хүүхдүүдийн эцэг, эхүүдэд өгөх мэдээлэл багассан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Энэ тохиолдолд уг хүнд нөхцөл байдлыг талууд урьдчилан мэдэж байсан, эсхүл таамаглах боломжтой байсан бол ийм нөхцлөөр гэрээ байгуулахгүй байсан гэсэн аль нэг талын тайлбарыг харгалзах учиртай. Тийм ч учраас Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3-т тус тус зааснаар  талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг нөгөө талаасаа харилцан шаардах эрхтэйгээс гадна холбогдох арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй билээ.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П салбараас хариуцагч “Д” ХХК-нд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр албан тоот хүргүүлж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд авах цахим журнал үйлчилгээний төлбөрт төлсөн 44,560,000.00 төгрөгөөс 22,280,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байна /1-р х.х-ийн 41, 42 хуудас/.

 

            Гэвч хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч П салбарт хариу өгөхдөө 5,866,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч хожим 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 14,370,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлж тооцох боломжтой гэснийг нэхэмжлэгч нь тэр үед зөвшөөрч байжээ /1-х.х-ийн 43-48 хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, зохигчид дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахал гарахаас өмнө байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг тухайн цар тахал гарсны дараагаар үүссэн нөхцөл байдалтай нийцүүлэн ийнхүү өөрчлөх талаар харилцан санал солилцож байснаас үзэхэд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж байсан байна. Гэтэл нэхэмжлэгч П салбар нь хариуцагч “Д” ХХК-нд холбогдуулан 14,370,000.00 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэхээс татгалзаж, 22,280,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Тодруулбал, гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй, эсхүл тийм боломжгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Энэ талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хүнд нөхцөл байдал /hard ship/-ын улмаас талууд тийнхүү гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх боломжгүй, эсхүл тохиролцоонд хүрээгүй тохиолдолд татгалзаж болно.

 

Гэвч урт хугацаанд үргэлжлэх гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч П салбар нь хариуцагч “Д” ХХК-нд өгсөн 44,560,000.00 төгрөгийг бүгдийг нь буцааж авна гэсэн утга биш, талуудын урьд өмнө үзүүлсэн үйлчилгээг буцаах боломжгүй байх тохиолдолд үүнийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх ёстой.

 

Тиймээс  хөлсөөр ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 44,560,000.00 төгрөгөөс 22,280,000.00 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэлийн хувьд зохигчид урьд өмнө өөрчлөгдсөн нөхцөл байдлын хүрээнд 30,190,000.00 төгрөгийн үйлчилгээг авсан, 14,370,000.00 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэхийг зөвшөөрч байсан байна.

 

Өөрөөр хэлбэл, гагцхүү гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх үүргийнхээ хүрээнд 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд үзүүлсэн үйлчилгээнээс 14,370,000.00 төгрөгийг буцаах буюу дараа улирал руу шилжүүлэхээр тохиролцож байсан, үүнд хариуцагчийн үзүүлээгүй үйлчилгээ, бусдад төлөх зардал зэрэг багтсан, ийм хэмжээнийн төлбөрт үйлчилгээ үзүүлээгүй гэсэн тооцооллыг гаргаж байсан боловч зохигчид 2020-2021 оны хичээлийн жилд хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч нь 22,280,000.00 төгрөгийн үйлчилгээ аваагүй гэсэн үндэслэлээр тэрхүү хэсгээс татгалзаж байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 14,370,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,910,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “Д” ХХК-иас 14,370,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,910,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,350.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯ