Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00873

 

 

 

 

 

 

 

 

2022 05 09 210/МА2022/00873

 

 

 

Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн

Улаанбаатар хотын салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00971 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын хариуцагч ДЖК ХХК-д холбогдуулан гаргасан

22,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г хариуцагчийн төлөөлөгч Ц.З хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2019-2020 оны хичээлийн жилд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар сургуулийн 2-11 дүгээр ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд хүүхдүүдийн хичээлийн ба явцын шалгалтын дүн, хичээлд суусан байдал, хичээлд бэлтгэсэн байдлын талаарх мэдээллийг мэдэгдэх зорилгоор ДЖК ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд үйлчлэх ба захиалагчаас гэрээний төлбөрт 44,560,000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний нөхцөлийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын хурлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тэмдэглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот тушаалаар шинэ төрлийн короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоосон.

Монгол Улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот тогтоолоор 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, цаашид 2020 оны 06 дугаар сарыг дуустал танхимын сургалтыг хориглосон хорио цээр үргэлжилснээс салбар сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

2020 оны эхний хагас жилд сурагчдын ар гэрийн бололцоо, санхүүгийн байдлаас хамаарч сурагч бүр иж бүрдэн компьютергүй, өндөр үзүүлэлт чадалтай гар утасгүй, интернетэд холбогдох хурд хүрэлцэхгүй зэргийн улмаас сурагчдад хичээлийг бүрэн агуулгаар зааж, мэдлэг чадварыг бодитой үнэлэх, бололцоо олгоогүй.

Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасны дагуу тус салбар сургууль нь 19/19 тоот гэрээний үнийн дүнгийн тал болох 22,280,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэн тооцож, цахим журнал системд нэвтэрч үйлчлүүлэх хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэгч талд гаргасан.

Гэвч гүйцэтгэгч компани нь компьютерын сервер, үйлчилгээний тусгай дугааруудын түрээсийн зардал, мөн захиргааны зардал, татвар төлөлт зэрэг зардлууд гаргасан гэж тайлбарлаж манай хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 тоот хариу албан бичгээр мэдэгдэж, түүндээ цахим системийг ажлын горимд байлгах зардал, сервер ба тусгай дугааруудыг түрээслэх зардал, захиргааны зардал зэрэг орох ба 2019-2020 оны хичээлийн жилд нийт 34,623,000 төгрөгийн зардал гарсан, хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлуудын мэдээлэл хүлээн авах ба мессеж илгээх зардал болох 5,886,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилээр байгуулах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож, ирээдүйн гэрээний үнээс суутгаж болохыг илэрхийлсэн.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талын санаачилгаар зохион байгуулсан уулзалтад хариуцагч ДЖК ХХК-ийн захирал Ц.Зоригт шинэ хичээлийн жилийн үйлчилгээний зардалд 5,886,000 төгрөгийг суутган тооцохыг зөвшөөрсөн. Цахим үйлчилгээний зардал 34,623,000.00 төгрөг болсныг баримтаар нотолж чадаагүй.

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус салбар сургууль дээр болсон уулзалтын үеэр салбар сургуулийн захирлаас хариуцагч компанийн захиралд өмнөх гэрээний нөхцөлтэйгөөр үүргийн гүйцэтгэлийг шинэ хугацаанд шилжүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй тул гэрээний үнийн дүнгийн тал үнэ буюу 22,280,000 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан.

Үүний дараа хариуцагч ДЖК ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/08 тоот албан бичиг илгээж, түүндээ гэрээний үнээс 14,370,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн цахим үйлчилгээний үнэд шилжүүлэн тооцож болохоо илэрхийлсэн.

Гэвч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг үндэслэн манай сургууль 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/433 тоот албан бичгээр 2020-2021 оны хичээлийн жилд тус компанийн цахим үйлчилгээг авахгүй болохоо мэдэгдэж, 19/19 тоот гэрээний дагуу өмнөх хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилд захиалагч аваагүй үйлчилгээний төлбөр болох 14,370,000 төгрөгийг буцаан өгөхийг мэдэгдсэн. Тус албан мэдэгдлийн хариуд гүйцэтгэгч компаниас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2020/09 тоот албан бичгээр хариу өгөхдөө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлсэн, цахим үйлчилгээг явуулах нөхцөлийг бүрдүүлэх, техник хэрэгслийн найдвартай байдлыг хангах, тухайн үйлчилгээг хариуцсан ажилчдыг хэвийн горимоор ажиллуулах, оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний үнэ төлбөр, үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай хөрөнгө мөнгө, урсгал зардалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба хэмнэгдээгүй хэмээн дурдаж, 14,370,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болохоо мэдэгдсэн.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн хорио цээрийн үед гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцох үндэслэл болохгүй бөгөөд тухайн хорио цээр, хязгаарлалтын хугацаа дууссанаар өмнөх гэрээний нөхцөлүүдээр талууд өөрийн хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой. Мөн гүйцэтгэгч нь 19/19 тоот гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зардал 34,623,000 төгрөг болсныг оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний дагуу төлсөн төлбөр, ажилчдын цалин, урсгал зардал, татвар төлөлт зэргээр тооцож байгаа нь гэрээний нөхцөлүүдэд хамаарахгүй.

Интернетэд байгаа цахим журнал систем нь гүйцэтгэгчийн эзэмшилд байдаг, зөвхөн манай салбар сургуульд зориулж үйлчилгээ үзүүлэхээр бүтээгдээгүй, бусад ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг ашигладаг тул тус цахим системийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг захиалагч шууд хариуцах үүрэг хүлээхгүй.

Мөн 19/19 тоот гэрээний 2.4.10-т зааснаар гүйцэтгэгчийн оператор компаниудтай байгуулсан сервер болон тусгай дугаар түрээслэх жилийн хугацаатай гэрээний дагуу төлсөн төлбөрийн зардлыг захиалагч төлөх үүрэггүй. Сервер ба тусгай дугаарууд түрээслэх гэрээнүүд нь хариуцагч ДЖК ХХК ба үүрэн холбооны оператор компаниудын хооронд байгуулсан гэрээ бөгөөд манай сургуулиас хамтран түрээслэгч буюу давхар түрээслэгчээр оролцоогүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ДЖК ХХК нь сервер ба тусгай дугааруудын түрээсийн төлбөртэй холбоотой зардлыг өөрөө хариуцах учиртай.

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээний үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр түүний сөрөг үр дагавар, хохирлыг арилгах ба багасгах зардал гаргаагүй, түүнд ийм үйлдэл хийх шаардлага бий болоогүй, энэ хугацаанд гүйцэтгэгч тал эцэг, эхчүүдэд мессеж илгээх, бланк маягтууд хэвлэх, хүргэх ба сурагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад хөрөнгө мөнгө бодитойгоор хэмнэсэн тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 08-ны 2020/07 тоот албан бичигтээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлын мэдээлэл хүлээн авах, мессеж илгээхэд зарцуулах зардал 5,886,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн гэрээний урьдчилгаа төлбөрт оруулж, гэрээний үнээс хасаж тооцуулах гэж илэрхийлсэн.

Гэрээнд заасан цахим системд үйлчлэх үйлчилгээг үзүүлэх нэгж үйлчилгээ 1,114 хүүхэд, нэгжийн үнэ 40,000 төрөг буюу нэг хүүхдэд 40,000 төгрөгийн мессеж явуулах үйлчилгээний дүн ба нийт 44,560,000.00 төгрөг юм. Энэ үйлчилгээг бүтэн хичээлийн жил буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд нэг хүүхдэд 40,000 төгрөгийн мессежийг эцэг, эх рүү нь явуулах үйлчилгээг явуулах ёстой гэх агуулгыг илэрхийлж байна.

Ерөнхий боловсролын сургууль нийт хичээлийн 32 долоо хоногтой, хичээлийн жил 4 улиралтай байдаг, үүнээс нэг улиралд 8 хичээлийн долоо хоног байдаг, 32 долоо хоногийг ажлын 5 өдрөөр аваад үзэх юм бол нийт 160 ажлын өдөр болж байгаа ба 160 өдөр 1,114 хүүхдэд өдөр болгон мессежийг эцэг, эх рүү нь мэдээллийг явуулах ёстой. Бид нар 19/19 тоот гэрээний дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн 2 дугаар хагаст үйлчилгээг бүтэн аваагүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хариуцагч хууль, бусад эрх зүйн акт ба үйлчилгээ үзүүлэх 19/19 тоот гэрээгээр тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийн 22,280,000.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг эзэмшиж, манай мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах үндэслэлгүй болохыг хариуцагч мэдсэн буюу мэдэх үүрэгтэй байсан үеэс эхлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгийг буцаах үүрэгтэй. Иймд хариуцагчаас 22,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр тайлбарлаж 22,280,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 19/19 тоот гэрээгээр захиалагч талаас гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гүйцэтгэгчид ирүүлэх, нөгөө талаас ирүүлсэн мэдээллийг системд хадгалан, мэдээллийг боловсруулж эцсийн хэрэглэгчдэд хүргэх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

Гэрээний 4.1-т заасны дагуу манай компани 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл системийг ажиллагаатай байлгах ба ашиглах эсэх нь сургуулийн асуудал, сургууль мэдээллийг оруулж, оруулсан мэдээллийг цааш нь боловсруулж хадгалаад эцэг, эх рүү нь зурвасаар явуулах зохицуулалттай. Бид сурагчдын эцэг, эх рүү 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эцсийн дүнг явуулсан.

2020 оны 06 дугаар сард хичээлийн жил дууссан тул гэрээг үргэлжилнэ гэж бодож байтал нэхэмжлэгч сүүлийн мэдэгдэлдээ 2020-2021 оны хичээлийн жилд танай үйлчилгээг авахгүй гэдэг ба тухайн үед 2021 оны хичээлийн жил эхэлсэн байсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөл байдал өөрчлөгдөж зайны сургалт явагдсаны дагуу гэрээнээс татгалзана гэдэг. Зайны сургалт явуулсны улмаас дүн, хичээлийн ирц явуулах суурь харилцаа дуусгавар болохгүй, харин ч зайны сургалт явуулснаар энэ үйлчилгээ хэрэгтэй, энэ үйлчилгээг авч чадаагүйд хариуцагч талыг буруугүй. Нэхэмжлэгч нь мэдээллээ системд оруулж байж бид нар цааш нь дамжуулан явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний 2.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч нь мэдээллийг явуулах боломжгүй, 2020 оны 1, 2, 5 дугаар саруудад үйлчилгээ авч байсан тул маргаангүй гэж ойлгож байна, харин 3, 4 дүгээр сард үйлчилгээ аваагүй.

Нэхэмжлэгч талаас мэдээллээ явуулаагүй тул бид мэдээлэл ирвэл сурагчдын эцэг, эх рүү мессеж явуулахын тулд системийг ажиллагаатай байлгасан. Тухайн ажиллаж байсан ажилчдын цалин хөлсийг өгч байсан нь баримтаар тогтоогддог. Гэтэл хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй.

Гэрээний 7.1-т зааснаар гэрээг дуусах хугацаанаас 30 хоногийн өмнө мэдэгдээгүй бол дараагийн жилд сунгагдсанд тооцогдоно. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдэл, санал нэхэмжлэгч тал өгч байгаагүй. 4 дүгээр сарын 14-ний өдрийн албан мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай компани хүлээн авсан нь үзлэгээр тогтоогдсон. Нэхэмжлэгчээс ирүүлсэн мэдэгдэлд гэрээг цуцлах, татгалзах санал байгаагүй, зөвхөн үйлчилгээг авч чадаагүй байх тул 2020-2021 оны хичээлийн жилд суутгуулж тооцуулна гэдэг мэдэгдэл явуулж байсан.

Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 3 тоот зөвлөмжид гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналыг зөвхөн хүчин төгөлдөр байгаа гэрээний хувьд гаргах боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч ДЖК ХХК-аас 14,370,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,910,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,350.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.а.Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах саналыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болохоос өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаргах үүрэгтэй ба 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19/19 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 7.1-т хэрэв энэхүү гэрээний хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө аль нэг тал цуцлах талаар мэдэгдээгүй бол гэрээг дараагийн жилд сунгасанд тооцно гэж заасан.

Гэрээнд зааснаар ДЖК ХХК-ийн 2019-2020 оны хичээлийн жилд гүйцэтгэх үүрэг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах саналыг гаргаагүй тул бид гэрээний харилцааг үргэлжилж байгаа хэмээн ойлгож, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл системийг байнгын ажиллагаатай байлгах, мэдээлэл ирсэн тохиолдолд боловсруулах, хадгалах, дамжуулах бүх нөхцөлийг бүрдүүлж гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж байсан.

Нэхэмжлэгч талаас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ДЖК ХХК-ийг 2019-2020 оны хичээлийн жилийн эцэс хүртэл үйлчилгээ үзүүлээгүй тул гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22,800,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэх утга бүхий хүсэлтийг хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өдөр хүлээж авсан ба энэ нь гэрээнээс татгалзах, цуцлах санал биш бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байсан.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн байр сууринаас тайлбар, дүгнэлт гаргаж, гэрээнээс татгалзах эрхтэй мэтээр үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Манай компани зөвхөн нэхэмжлэгч байгууллагад зориулж дээрх үйл ажиллагааг явуулж байсан ба давхар өөр байгууллагад үйлчилгээ үзүүлдэггүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх эдгээр нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн 2 дахь хэсэгт Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

 

4.б.Шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар талуудын гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөр хүчин зүйлсийн улмаас илт өөрчлөгдөж, тэр нь нэхэмжлэгч талд ашиггүй байдлыг бий болгосон буюу энгийн үед илгээж байснаас даруй бага хэмжээний зурвасыг сурагчдын эцэг эхэд илгээж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээний 1.1-д зааснаар манай компани цахим журнал цахим системд лимитгүй, олон ашиглагчтайгаар нэвтрэх эрхийг олгох үйлчилгээг үзүүлэх, гэрээний 2.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг гүйцэтгэгчид гаргаж өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний хэрэгжилтийн явцад ковид-19 цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа цахим системд шилжсэн ба нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал танхимын сургалтын үйл ажиллагаа явуулаагүй нь энгийн үед илгээж байснаас даруй бага хэмжээний зурвас эцэг эхчүүдэд илгээх, эцэг эхчүүдэд өгөх мэдээлэл багассан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь эцэг, эхчүүдэд өгөх мэдээлэл, энгийн үед илгээж байсан зурвас эрс багассан нь цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй шалтгаант холбоогүй, харин нэхэмжлэгч нь гэрээний 2.2.1-д зааснаар үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл явуулаагүй тул цахим журнал үйлчилгээг 2020 оны 3, 4 дүгээр сард авч чадаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

 

4.в.Шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн хариуцагчаас 14,370,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон.

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хариуцагчаас 14,370,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар нь буцааж өгөх боломжгүй бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

4.г.Мөн хариуцагч компани урьд үзүүлсэн үйлчилгээнээс 14,370,000 төгрөгийг буцаах буюу дараа улирал руу шилжүүлэхийг зөвшөөрч, тохиролцож байсан, үүнд хариуцагчийн үзүүлээгүй үйлчилгээ, бусдад төлөх зардал зэрэг багтсан, ийм хэмжээний төлбөрт үйлчилгээ үзүүлээгүй гэсэн тооцооллыг гаргаж байсан гэж буруу дүгнэсэн.

Энэ нь хариуцагчийн хүсэл зориг биш бөгөөд шүүх хариуцагчийн өмнөөс тооцоо гаргаж, хариуцагчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн мэтээр буруу дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

Учир нь хариуцагч тухайн үед 19/19 тоот гэрээг 2020-2021 оны хичээлийн жилд үргэлжлүүлэх, хэвээр авч үлдэх зорилгоор нэхэмжлэгч талын тавьсан саналын дагуу 14,370,000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож суутгахыг зөвшөөрч байсан.

Харин нэхэмжлэгч тал тус гэрээг үргэлжлүүлэхгүйгээр гэрээнээс татгалзсан тохиолдолд 14,370,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ талаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/09 тоот албан бичгээр нэхэмжлэгч талд хариу хүргүүлж байсан баримт хэргийн 1 дүгээр хавтасны 48 дугаар талд авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан боловч шүүх анхаарч үзээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тайлбар: Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаанд үргэлжилсэн ба анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх бүх боломжоор хангасан. Хариуцагч талын тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна ба хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2. Нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь хариуцагч ДЖК ХХК-д холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь цахим журнал системд нэвтрэх үйлчилгээ авахаар, ДЖК ХХК нь тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдэд шалгалтын дүн, хичээлд бэлтгэсэн болон оролцсон байдлын мэдээллийг тусгай дугаар ашиглан хүргэх үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4.Уг гэрээгээр 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч ДЖК ХХК нь тус сургуулийн 1,114 сурагчийн сурлагын болон бусад мэдээллийн нэг бүрийг 40,000 төгрөгөөр тооцон тусгай дугаар ашиглан тэдний эцэг, эхэд мессежээр илгээх үйлчилгээг нийт 44,560,000 төгрөгөөр үзүүлэх, нэхэмжлэгч нь дээрх үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн зөв байна.

4.а.Нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч ДЖК ХХК-д 44,560,000 төгрөгийг төлсөн ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

4.б.Талууд гэрээний төлбөр тооцогдох хугацаа, гэрээний дагуу үйлчилгээ авах боломжгүй болсон нөхцөл байдлын талаар маргаантай байна. Гэрээг цуцалсан хугацаа, үүнтэй холбоотой төлбөрийн тооцооллыг анхан шатны шүүх алдаатай хийсэн байх тул залруулах шаардлагатай.

 

4.в.Гэрээ хэрэгжих хугацаанд ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэр болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарч, ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуустал зогсоосныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт, дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь зөв.

 

4.г.Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал ковид-19 цар тахлын улмаас өөрчлөгдсөнөөс гэрээний нэг талд ашиггүй байдлыг бий болгож улмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг цуцлахыг шаардах эрхийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлж байсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4.д.Хариуцагч ДЖК ХХК нь 153316 тусгай дугаараас сурагчдын Мобиком корпораци ХХК-ийн дугаар эзэмшигч эзэмшдэг эцэг, эхчүүдэд илгээсэн зурвасын тоон мэдээллээс үзвэл 3, 4, 6 дугаар саруудад цахим журнал үйлчилгээг аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, харин ДЖК ХХК нь Скайтел ХХК, Жимобайл ХХК-ийн дугаар эзэмшигч эцэг, эхчүүдэд зурвас илгээсэн талаар баримтгүй байна. Шүүх дээрх баримтыг үндэслэн ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосны улмаас урьд нь илгээж байснаас бага хэмжээний зурвасыг тус сургуулийн сурагчдын эцэг эхэд илгээсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн тул буруутгах боломжгүй.

 

4.е.Талууд гэрээний 8.4-д ...гэрээний гүйцэтгэлээс дангаар татгалзах тухай мэдэгдлийг захиалагч зохих ёсоор гүйцэтгэгчид мэдэгдсэн огнооноос хойш 10 хоногийн дараа гэрээ цуцлагдсанд тооцно... гэж гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тодорхой заажээ.

 

Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цахим программыг хүлээн авч, ашиглах боломжгүй тул үлдэх төлбөр болох 22,280,000 төгрөгийг дараа жилийн үйлчилгээний төлбөрт шилжүүлэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч талд өгсөн байна. Талууд энэ асуудлаар эцэслэн тохиролцож чадаагүй тул гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй, харин гэрээ цуцлах тухай санал хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.ё.Зохигчид гэрээнд өөрчлөлт оруулахын тулд тэдгээрийн хүсэл зориг тодорхой агуулгаар нэгдэх учиртай. Нэхэмжлэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэхээр талууд хэлэлцээ хийж байсан гэж үзэхээр баримт хэрэгт байгаа боловч уг нөхцөлийн талаар хүсэл зориг нэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулсан гэх баримтгүй байна. Гэрээг 2020-2021 оны хичээлийн жилд сунгасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч талын 14,370,000 төгрөгийг дараа жилд нь шилжүүлж болно гэх агуулга бүхий хүсэл зоригийн илэрхийллийг гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг хариуцагч зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь маргааны зүйлд шууд хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй дүгнэлт болсон.

 

Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тодорхойлохдоо үгийн шууд утгыг анхаарах ба агуулгаар нь тодорхойлох боломжгүй маргаантай үед гэрээ байгуулах болон хүсэл зоригоо илэрхийлэх үеийн хэрэгцээ шаардлагыг харгалзан тодорхойлно. Хариуцагч 14,370,000 төгрөгийг дараа жилийн төлбөрт шилжүүлнэ гэх хүсэл зориг илэрхийлсэн болохоос гэрээ цуцалсны үр дагаварт дээрх төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн хүсэл зориг илэрхийлээгүй болно. Хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй тул хангав. /4.г./

 

4.ж.Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу үйлчилгээ авах болсон талаар мэдэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 10 хоног буюу мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах саналыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаргаагүй тул гэрээг дараагийн жилд сунгасанд тооцно гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /4.а./

 

4.з.Талууд ковид-19 цар тахлын улмаас өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээнд нийцүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй, эсхүл боломжгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах, хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр татгалзах, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байгааг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний төлбөрийг эргүүлж өгөх боломжгүй, өөр зүйлд зарцуулагдсан гэх нөхцөл байдал байгаа бол гарсан зардал, хохирлоо нотлох үүрэгтэй. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн цар тахлын нөхцөл байдлын улмаас зурвас багасаагүй, нэхэмжлэгч нь гэрээний 2.2.1-д зааснаар үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл явуулаагүй тул үйлчилгээг 2020 оны 3, 4 дүгээр сард авч чадаагүй гэх тайлбар болон давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй болно. /4.в./

 

Гэрээ цуцлах үндэслэл нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн хохирол гэх агуулгаар бус сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэх нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь зөв байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /4.в./

 

4.и.Гэрээнд цахим программыг ашиглах хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тодорхойлсон нь 9 сар 7 хоног буюу 9,25 сар байна. Гэрээний нийт үнийн дүн болох 44,560,000 төгрөгийг 9,25 сараар тооцвол нэг сарын төлбөр нь 4,817,297 төгрөг болох ба нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 10 хоног буюу 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан гэж үзэж, энэ өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 2 сар 7 хоног буюу 2,25 сараар тооцвол нэхэмжлэгч нь 10,838,918 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч ДЖК ХХК-аас 10,838,918 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,441,082 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00971 дугаар шийдвэр тогтоох хэсгийн

1 дэх заалтын 14,370,000 төгрөг гэснийг 10,838,918 төгрөг гэж, 7,910,000 төгрөг гэснийг 11,441,082 төгрөг гэж,

2 дахь заалтын 229,800 төгрөг гэснийг 188,373 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ДЖК ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ