Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01384

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       03           28   

           101/ШШ2022/01384

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.С-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 11,898,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, өмгөөлөгч У.Б, гэрч Б.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хариуцагч Ж.Б-тай утсаар ярьж, Нарантуул захын ойролцоо дэлгүүрийн зориулалттайгаар түрээслэх үйлчилгээний байр байгаа эсэх талаар асуухад тэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, 42В барилгын нэг давхар хаягт байрлах 132.2 м.кв талбайтай, үйлчилгээний байрыг түрээслэхээр тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулсан юм.

 

Гэрээ байгуулах үед гэрээг нотариатаар батлуулах гэхэд нотариатч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй гээд баталж өгөөгүй. Энэ үед миний бие хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талаар асуухад удахгүй гарна гэсэн хариуг өгсөн тул үүнд итгэсэн. Тэгээд нэг сарын түрээсийн төлбөр 3,966,000.00 төгрөгийг нэг улирлаар буюу гурван сарын төлбөрт 11,898,000.00 төгрөгийг хариуцагчийн “Х банк” ХХК дахь дансанд шилжүүлсэн.

 

Миний хувьд нийтдээ 132.2 м.кв талбайтай худалдааны байр түрээслэх учраас тухайн үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчтэй гэрээ байгуулсан эсэхээ шалгах, цаашид ашиг олох зорилгоор ажлын байр түрээслэхээр болж байгаа тул хуулийн дагуу гэрээгээ нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж үзээд түрээслүүлэгчээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардсан. Гэтэл хариуцагч Ж.Б нь тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бүртгүүлэх талаар ямар нэгэн алхам хийгээгүй.

 

Тийм учраас би, уг үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй. Талууд хуульд зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд ийнхүү бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлд байгаа нь тодорхой болж, түрээслэгчийн эрх ашиг хамгаалагдах юм. Гэтэл хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээг бүртгүүлээгүй, нотариатаар батлуулаагүй нь Иргэний хууль зөрчсөн үйлдэл болсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсч байна.

 

Би, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гарсан гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар мэдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал энэ тухай надад огт мэдэгдээгүй. Үүнээс гадна тэрээр түрээсийн зүйлийг 2021 оны 12 дугаар сард бусдад түрээслүүлсэн байсан. Миний бие дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын хил, гааль хаагдсантай холбоотой худалдах бараагаа авчирж чадахгүй байхад буюу түрээсийн зүйлийг ашиглаагүй байхад хариуцагч надаас түрээсийн төлбөрийг төлөхийг шаардсан нь шударга бус байсан.

 

Хил дээрээс ачаагаа авах гэж хариуцагчид мөнгө өгсөн боловч миний бараа ирээгүй, үүнтэй холбогдуулан хариуцагчийг цагдаад өгч шалгуулж байна. Гэвч тус хэрэг нь энэ хэрэгт хамааралгүй боловч хариуцагч нь өөрөө миний бараа ирээгүй гэдгийг мэдэж байж түрээсийн төлбөрийн хугацааг сунгаагүй, түрээсийн зүйлийг өөр этгээдэд түрээслүүлсэн байна. 

 

Иймд, талуудын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас гурван сарын түрээсийн төлбөрт өгсөн 11,898,000.00 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, нэхэмжлэгч Ц.С-тэй 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 42В байрны хаягт байрлах 132.2 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэх гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс өмнө нэхэмжлэгч нь миний үйлчилгээний талбайг түрээслэх хүсэлтэй байгаагаа удаа дараа утсаар асууж, гэрээ байгуульяа гэж хэлж байсан. Гэвч тухайн үед  түрээсийн зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, дөнгөж шинээр ашиглалтанд орохоор баригдаад дуусах гэж байгаа талаар нэхэмжлэгчид хэлсэн.

 

Ингээд нэхэмжлэгч тал ашиглалтад орон үед өөрөө ирж үзсэн ба надаас хэзээ ашиглалтанд орох талаар асууж байгаад түрээсийн гэрээгээ хийе, би түрээсийн талбай зөндөө хайсан, энэ яг миний хайсан боломжийн газар мөн байна, намайг өөр хүмүүст битгий түрээслүүлээрэй, би заавал түрээслэмээр байна гэж хэлээд нотариатч орох өдрөө өөрсдөө товлосон.

 

Нэхэмжлэгч нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгааг мэдэж байсан бөгөөд надаас хэзээ гарах уу, бас гарсан уу гэж нэг ч удаа асууж байгаагүй, миний барилгын компанитай байгуулсан захиалагчийн гэрээг үзсэнээр миний өмч гэдгийг хүлээн зөвшөөрөөд түрээсийн гэрээг байгуулсан. Харин нотариатчийн зүгээс түрээсийн гэрээг бичгээр байгуулж болно гэсэн. Би, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч Ц.С нь гэрээ байгуулахдаа хил хаалттай байгаа тул бараа татан авалт удаж байна, тиймээс гэрээний төлбөрийг 1 сараар хойшлуулж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж тооцохоор хүссэнийг зөвшөөрсөн.

 

Ингээд манай хүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг 2 хаалганы 6 ширхэг түлхүүрийн хамт хүлээлгэн өгч, мөн хэд хоногийн дараа гадна машин зогсоолын хаалтын удирдлагыг өгсөн. Үүний дараа хүү маань удаа дараа тэдний үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг асуухад өөрсдөө болноо тавилгаа захиалчихсан байгаа, бараа урдаас татан авж чадахгүй бол эндээсээ бөөний бараа татаад ч болсон үйл ажиллагаагаа явуулна аа гэж байсан.

 

 Нэхэмжлэгч Ц.С нь надтай хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр утсаар ярисан. Тэр ярихдаа түрээс тооцож эхлэх хугацаагаа 10-15 хоногоор хойшлуулж өгөөч бараа татаж авч чадахгүй байгаа тул жаахан хугацаа хэрэгтэй байна гэсэн. Гэвч би, шууд түрээсийн төлбөрийг төлөөд явах өөр хүмүүс байхад чамд за болно гээд бүтэн сар хойшлуулж өгч байхад дахиж хойшлуулах боломжгүй гэж хэлэхэд тэр уурлаж, тэгвэл гэрээгээ цуцална гэж бухимдсан. Тэгэхээр нь миний бие гэрээний нөхцлийн дагуу түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөд түлхүүр аваад цуцална гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш бид хоёр холбоо бариагүй.

 

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгч Ц.С-ийн өмгөөлөгч байна гэж нэг хүн ярьж, гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа тул түрээсийн гэрээний дагуу өгсөн мөнгийг буцаан өгөхийг шаардсан. Би, хариуд нь болно, гэхдээ гэрээний нөхцлийн дагуу төлбөр тооцно, үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөд хичнээн төгрөг болсныгоо тооцоолуулаад буцааж ав гэсэн. Уг нь нэхэмжлэгч тал түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх өдрийг тохироод түлхүүрийг минь өгөх ёстой баймаар юм.

 

Хэдийгээр Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай зохицуулалттай боловч талууд гэрээг бичгээр байгуулсан тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчинтэй гэж тооцохоос гадна энэ гэрээг хүчин төгөлдөр гэдгийг нэхэмжлэгч нь мөнгө төлснөөр хүлээн зөвшөөрсөн.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар нэхэмжлэгчээс 11,898,000.00 төгрөгийг төлсөн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд хуулийг зөрчихгүй. Бид, түрээсийн зүйлийг 2021 оны 12 дугаар сард биш, харин 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бусдад түрээслүүлсэн.

 

Иймд, гэрээний нөхцөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа бөгөөд объектыг минь хүлээлгэж өгсөн өдрөөр гэрээ дуусгавар болгож цуцалсанд тооцох тул тухайн өдөр хүртэл хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцож, үлдэгдэл мөнгийг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

            Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 275,518.00 төгрөг төлсөн баримт,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  4. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ,
  5. “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга.

 

Хариуцагчийн өгсөн баримт,

 

  1. Хариу тайлбар,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ,
  3. Түрээсийн гэрээ,
  4. Газар хамтран ашиглаж барилга барих гэрээ,
  5. Улсын бүртгэлийн гэрчилгээ,
  6. Кадастрын зураг,
  7. Хур системээс авсан хөрөнгийн лавлагаа,
  8. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

  1. Гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.С-ээс хариуцагч Ж.Б-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 11,898,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан бол, харин хариуцагчийн зүгээс гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 11,898,000.00 төгрөгийг төлснөөр уг харилцааг хүлээн зөвшөөрсөн, тиймээс хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж маргасан.

 

            Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ц.С 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Ж.Б-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, 42в байр, хаягт байрлах 132.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

            Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь тус үл хөдлөх хөрөнгөд дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар түрээсийн төлбөрт 1 /нэг/ сарын 3,966,000.00 төгрөг төлөхөөр тохирч, хариуцагчид 3 /гурав/ сарын түрээсийн төлбөрт 11,898,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, түүнчлэн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

            Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

            Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөвхөн бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр хүмүүс гарын үсэг зурснаар гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна. Энэ талаар уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан.

 

            Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Зүй нь, энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ” гэж зааснаар тухайн гэрээг бүртгүүлэх ёстой байжээ.

 

Нэгэнт талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ..................” гэж зааснаар зохигчид түрээсийг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул анхнаасаа хүчин төгөлдөр бус юм.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр биш тул хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ц.С-ээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” тухай шаардлагыг гэрээний дагуу гаргах эрхгүй, гэрээ хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэлд дурдсан хүчин төгөл бус хэлцэл гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл байх тул шүүх гагцхүү энэхүү гэрээний үр дагаврыг шийдвэрлэх учиртай.

 

  1. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, 42в байр хаягт байрлах 132.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь талуудыг гэрээ байгуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ж.Б-н нэр дээр бичигджээ /х.х-ийн ............/.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан. Тодруулбал, энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар хариуцагч Ж.Б нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна.

 

Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан өмчлөх эрхийн бүртгэлийг ийнхүү бүртгүүлснээр өмчлөх эрхтэй болно.

 

Иймд, хэдийгээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын БА-210/2021 тоот дүгнэлтээр зохигч нарын маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг ашиглахыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн боловч талуудыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулах цаг хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул зохигч нарыг түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж шууд буруутгах нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, талууд түрээсийн зүйлийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараагаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой юм /х.х-ийн ......./.

 

  1. Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ц.С-д түрээсийн гэрээний зүйлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан талаар мэдэгдээгүйгээс гадна түрээсийн зүйлийг өөр этгээдэд түрээслүүлсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч Ж.Б нь түрээсийн зүйлийг бусдад түрээслүүлснээр нэхэмжлэгч Ц.С-ийн хувьд түүнийг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосноос улбаалан нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг бүртгүүлэхээс татгалзсан агуулгатай тайлбар гаргаж байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагчид Ж.Б-д өгсөн 11,898,000.00 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэхийг шалгах хэрэгтэй болж байна. Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус учраас тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар түрээсийн гэрээний эрх, үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчид хариуцагчаас 11,898,000.00 төгрөгийг энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэх эрх байхгүй.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж, мөн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул тэдгээрт гэрээний дагуу авсан болон өгсөн зүйлийг үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй болдог учир тухайн зүйлийг харилцан буцаах үүрэг үүсдэг байна.

 

Үүнийг уг хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж, мөн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус тодорхой зохицуулсан байна.

 

Иймд, нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ж.Б-ас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 11,898,000.00 төгрөгийг шаардах эрхтэй.   

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг заавал бүртгүүлэх шаардлагагүй, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 11,898,000.00 төгрөгийг шилжүүлснээр уг харилцааг хүлээн зөвшөөрсөн, тиймээс хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар өрийг төлж хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэвч энэ нь талуудын өмнө нь үүссэн гэрээ, хэлэлцээрийн харилцааг хожим төлбөрийг нь төлснөөр үүргийг дуусгавар болгохтой холбоотой юм.

 

Тайлбарлавал, зохигчид урьд өмнө үүссэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг хожим төлснөөр тэрхүү мөнгөн төлбөр үүсэхтэй холбоотой хэдий ч хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ, хэлэлцээрийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүйгээр үүргийг дуусгавар болсонд тооцох агуулгатай бөгөөд харин талууд гэрээ, хэлэлцээрийн харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх тохиолдолд гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ.

 

Гэтэл зохигч нарын хооронд түрээсийн зүйлийг бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгчийн ашигласан хугацаа болон хариуцагч нь өөр этгээдэд түрээслүүлсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтын маргаан байгаагаас гадна хариуцагч нь энэ талаар тухайлан шаардлага гаргаж, хэргийн маргааны зүйл болоогүй учраас хариуцагчид үлдэх ёстой төлбөр гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр бус байснаас улбаалан гэрээний талууд авсан, өгсөн зүйлийг харилцан буцаахад аль нэг тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй буюу хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг тийнхүү буцаахад түрээсийн зүйлийн эзэмшил, ашиглалтыг буцаах бодит боломжгүй тул нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрт төлөгдсөн мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэхэд хариуцагч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түрээсийн зүйлийг ашигласан, мөн түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулсан болоод хариуцагч нь түрээсийн зүйлийг өөр этгээдэд түрээслүүлсэн цаг хугацаатай холбоотой тус тус үйл баримтын маргаантай байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 11,898,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Б-ас 11,898,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,518.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,518.00 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР