Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01282

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01384 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 11,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн, хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хариуцагч Ж.Булгын өмчлөлийн 132.2 м.кв талбайтай, үйлчилгээний байрыг түрээслэхээр тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулсан юм. Гэрээ байгуулах үед гэрээг нотариатаар батлуулах гэхэд нотариатч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй гээд баталж өгөөгүй. Энэ үед миний бие хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талаар асуухад удахгүй гарна гэсэн хариуг өгсөн тул үүнд итгэсэн. Тэгээд нэг сарын түрээсийн төлбөр 3,966,000 төгрөгийг нэг улирлаар буюу гурван сарын төлбөрт 11,898,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк ХХК дахь 5374142308 тоот дансанд шилжүүлсэн. Миний хувьд нийтдээ 132,2 м.кв талбайтай худалдааны байр түрээслэх учраас тухайн үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчтэй гэрээ байгуулсан эсэхээ шалгах, цаашид ашиг олох зорилгоор ажлын байр түрээслэхээр болж байгаа тул хуулийн дагуу гэрээгээ нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж үзээд түрээслүүлэгчээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардсан. Гэтэл хариуцагч Ж.Б- нь тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бүртгүүлэх талаар ямар нэгэн алхам хийгээгүй. Тийм учраас би уг үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй. Талууд хуульд зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд ийнхүү бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлд байгаа нь тодорхой болж, түрээслэгчийн эрх ашиг хамгаалагдах юм. Гэтэл хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээг бүртгүүлээгүй, нотариатаар батлуулаагүй нь Иргэний хууль зөрчсөн үйлдэл болсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсч байна. Би, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гарсан гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар мэдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал энэ тухай надад огт мэдэгдээгүй. Үүнээс гадна тэрээр түрээсийн зүйлийг 2021 оны 12 дугаар сард бусдад түрээслүүлсэн байсан. Миний бие дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын хил, гааль хаагдсантай холбоотой худалдах бараагаа авчирж чадахгүй байхад буюу түрээсийн зүйлийг ашиглаагүй байхад хариуцагч надаас түрээсийн төлбөрийг төлөхийг шаардсан нь шударга бус байсан. Хил дээрээс ачаагаа авах гэж хариуцагчид мөнгө өгсөн боловч миний бараа ирээгүй, үүнтэй холбогдуулан хариуцагчийг цагдаад өгч шалгуулж байна. Гэвч тус хэрэг нь энэ хэрэгт хамааралгүй боловч хариуцагч нь өөрөө миний бараа ирээгүй гэдгийг мэдэж байж түрээсийн төлбөрийн хугацааг сунгаагүй, түрээсийн зүйлийг өөр этгээдэд түрээслүүлсэн байна. Иймд, талуудын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас гурван сарын түрээсийн төлбөрт төлсөн 11,898,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгч Ц.С-тэй түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед түрээсийн зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, дөнгөж шинээр ашиглалтад орохоор баригдаад дуусах гэж байгаа талаар нэхэмжлэгчид хэлсэн. Ингээд нэхэмжлэгч тал ашиглалтад орох үед өөрөө ирж үзсэн ба надаас хэзээ ашиглалтад орох талаар асууж байгаад түрээсийн гэрээгээ хийе, би түрээсийн талбай зөндөө хайсан, энэ яг миний хайсан боломжийн газар мөн байна, намайг өөр хүмүүст битгий түрээслүүлээрэй, би заавал түрээслэмээр байна гэж хэлээд нотариатч орох өдрөө өөрсдөө товлосон. Нэхэмжлэгч нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгааг мэдэж байсан бөгөөд надаас хэзээ гарах уу, бас гарсан уу гэж нэг ч удаа асууж байгаагүй, миний барилгын компанитай байгуулсан захиалагчийн гэрээг үзсэнээр миний өмч гэдгийг хүлээн зөвшөөрөөд түрээсийн гэрээг байгуулсан. Харин нотариатчийн зүгээс түрээсийн гэрээг бичгээр байгуулж болно гэсэн. Би, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч Ц.С- нь гэрээ байгуулахдаа хил хаалттай байгаа тул бараа татан авалт удаж байна, тиймээс гэрээний төлбөрийг 1 сараар хойшлуулж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тооцохоор хүссэнийг зөвшөөрсөн. Ингээд манай хүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг 2 хаалганы 6 ширхэг түлхүүрийн хамт хүлээлгэн өгч, мөн хэд хоногийн дараа гадна машин зогсоолын хаалтын удирдлагыг өгсөн. Үүний дараа хүү маань удаа дараа тэдний үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг асуухад өөрсдөө болноо тавилгаа захиалчихсан байгаа, бараа урдаас татан авж чадахгүй бол эндээсээ бөөний бараа татаад ч болсон үйл ажиллагаагаа явуулна аа гэж байсан. Нэхэмжлэгч Ц.С- нь надтай хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр утсаар ярьсан. Тэр ярихдаа түрээс тооцож эхлэх хугацаагаа 10-15 хоногоор хойшлуулж өгөөч бараа татаж авч чадахгүй байгаа тул жаахан хугацаа хэрэгтэй байна гэсэн. Гэвч би, шууд түрээсийн төлбөрийг төлөөд явах өөр хүмүүс байхад чамд за болно гээд бүтэн сар хойшлуулж өгч байхад дахиж хойшлуулах боломжгүй гэж хэлэхэд тэр уурлаж, тэгвэл гэрээгээ цуцална гэж бухимдсан. Тэгэхээр нь миний бие гэрээний нөхцлийн дагуу түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөд түлхүүр аваад цуцална гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш бид хоёр холбоо бариагүй. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгч Ц.С-ийн өмгөөлөгч байна гэж нэг хүн ярьж, гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа тул түрээсийн гэрээний дагуу өгсөн мөнгийг буцаан өгөхийг шаардсан. Би, хариуд нь болно, гэхдээ гэрээний нөхцлийн дагуу төлбөр тооцно, үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөд хичнээн төгрөг болсныгоо тооцоолуулаад буцааж ав гэсэн. Уг нь нэхэмжлэгч тал түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх өдрийг тохироод түлхүүрийг минь өгөх ёстой баймаар юм. Хэдийгээр Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай зохицуулалттай боловч талууд гэрээг бичгээр байгуулсан тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчинтэй гэж тооцохоос гадна энэ гэрээг хүчин төгөлдөр гэдгийг нэхэмжлэгч нь мөнгө төлснөөр хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зааснаар нэхэмжлэгчээс 11,898,000 төгрөгийг төлсөн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд хуулийг зөрчихгүй. Бид түрээсийн зүйлийг 2021 оны 12 дугаар сард биш, харин 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бусдад түрээслүүлсэн. Иймд гэрээний нөхцөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа бөгөөд обьектыг минь хүлээлгэж өгсөн өдрөөр гэрээ дуусгавар болгож цуцалсанд тооцох тул тухайн өдөр хүртэл хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцож, үлдэгдэл мөнгийг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Б-ас 11,898,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,518 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.а.Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэгч, хариуцагчийн өгсөн, авсан зүйлийг буцааж шийдвэрлэх учиртай. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг удирдлага болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг хамтад нь хэрэглэж, эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх учиртай. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд түүнийг буцаах үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй. Талуудын хооронд бичгээр байгуулсан түрээсийн гэрээний үнийг талууд харилцан тохиролцсон байдаг бөгөөд энэ талаар маргадаггүй. Мөн хэлцлийг 2021 оны 11 сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсгүйгээр тус өдрөөс хойш 3 сарын түрээсийн төлбөрийг урьдчилж төлсөн ба энэ талаар маргадаггүй. Энэ хугацааг тооцож үзвэл нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хийсэн гэж үзнэ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан бөгөөд энэ мөчөөс нэхэмжлэгч тал уг үл хөдлөх эд хөрөнгийг цаашид түрээслэхгүй болсон нь нэгэнт тодорхой болсон гэж үзэж талбайг бусад этгээдэд 02 дугаар сарын 15-ны өдөр түрээсэлсэн байдаг. 02 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг дээрх хуулийн хүрээнд тооцоолох боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагч 2021 оны 12 дугаар сарын дундуур тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлсэн байсан гэдэг тайлбарыг хийсэн /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь тал/ нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар огт дурдаагүй, баримтгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

4.б.Гэрээ байгуулахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Гэрчилгээ гарсны дараа талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөр төлөхөөс зайлсхийх шударга бус байдал гаргаж байгаа, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч бодит байдалд төлбөр төлөх боломжгүй болж гэрээнээс татгалзах агуулгаар мэтгэлцэж байгааг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй бөгөөд сэргээн хамгаалагдах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа апиваа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэсэн. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар нотолж чадаагүй. Энэ нь гэрч Б.Мөнхтулгын мэдүүлэгт Хүнд мөнгө зээлснээс хойш үйл ажиллагаа явуулж эхлээгүй больё гэсэн. Үйл ажиллагааг 12 сарын 01-ний өдрөөс явуулахаар тохирсон. Уг саналыг гаргахад 12 дугаар сарын 01 болоогүй байсан. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн хөрөнгө мөн эсэх талаарх баримтаа гэрээ байгуулах үед гаргаж өгөөгүй учир хариуцагчийн хөрөнгө мөн гэдэг нь эргэлзээтэй. Хэргийн үйл баримтын хувьд түрээсэлнэ гэж хэлээд 11,898,000 төгрөг авсан. Бодит байдал дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж, ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулаагүй. Хариуцагч талаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ цуцалъя гэж хэлсэн тухайн үед гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас бодит байдлыг санаатайгаар нуун далдах зорилгоор асуудалд хандсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өөр этгээдэд түрээсэлсэн гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн учир шүүх тус асуудалд бодитой, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 11,898,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ж.Б- нь Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13336/, 42В барилгын 1 давхрын А тоот хаягт байрлах, 132.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 3 жилийн хугацаатай, сарын 3,966,000 төгрөгөөр түрээслүүлэх, нэхэмжлэгч Ц.С- нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь 3 сарын түрээсийн төлбөрт нийт 11,898,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-7, 56-57-р тал/

4.а.Нэхэмжлэгч Ц.С- нь түрээсийн зүйлийг барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.б.Нэхэмжлэгч Ц.С- нь түрээслүүлэгч тал түрээсийн гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул үйл ажиллагаа явуулаагүй, иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шилжүүлсэн 11,898,000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцно гэх агуулгатай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 1, 21-22, 32, 58-р тал/

4.в.Түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан байх бөгөөд түрээсийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсантай холбоотойгоор буюу түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.С- нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж түүнээс үүсэх үр дагварыг шаардсан байна. /хх-ийн 23-р тал/

4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг. Хариуцагч Ж.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... төлбөр тооцох хугацааг 1 сараар хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр утсаар ярьж төлбөр тооцох хугацааг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг би хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээ цуцална гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 21-22-р тал/

4.д.Дээрхээс дүгнэвэл талуудын байгуулсан гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацаагаар төлбөр тооцно гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Ж.Б-ас 11,898,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,518 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО Г.ДАВААДОРЖ