Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01011

 

 

 

 

 

                             

 

 

 

                  2022       03           0 

           101/ШШ2022/01011

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т ХХК-т холбогдох,

 

27,482,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч “Т” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, “HIMOINSA SPAIN” (Химоинса испани) брендийн АS4006 моделийн 1 ширхэг гэрэлт цамхагийг түрээслүүлж байгаад тус компаниас худалдаж авах хүсэлт гаргасан тул худалдсан. Уг барааны үнэ 25,821,400.00 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн түрээсийн хөлсөнд төлсөн 5,000,000.00 төгрөгийг хасч тооцвол 20,821,400.00 төгрөг үлдсэн бөгөөд хариуцагч тал 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000.00 төлсөн бөгөөд одоогийн байдлаар 18,321,400.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т зааснаар хариуцагч нь барааны төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон боловч тус компани гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй, манай компаниас төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар ярьж, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг төлөөгүй учир арга буюу шүүхэд хандсан. Мөн гэрээний 7.1 дүгээр зүйлд “худалдан авагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан буюу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд тийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэж зааснаар гэрээний хугацаа буюу төлбөр төлөх хугацаа 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусаж байгаа ба 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 184 хоногийн алданги төлөөгүй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18,312,400.00 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцоход нэг өдрийн 91,607.00 төгрөг буюу 16,855,688.00 төгрөг болно. Үүнээс алдангийн хэмжээг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар бодоод 9,160,700.00 төгрөгийг гэрээний үлдэх төлбөр 18,321,400.00 төгрөгийн хамт нийт 27,482,100.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанитай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,821,400.00 төгрөгөөс урьд өмнө түрээсийн төлбөрт төлсөн 5,000,000.00 төгрөгийг хасаад мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000.00 төгрөг, нийт 7,500,000.00 төгрөгийг төлж, одоогийн байдлаар 18,321,400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн.

 

Бид цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, эдийн засгийн хямралд орж одоогоор зогсонги байдалд байна. Үүнтэй холбогдуулан алданги 9,160,700.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэв нэхэмжлэгч талаас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 18,321,400.00 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 295,508.00 төгрөг төлсөн баримт,
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм
  4. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ,
  5. Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ, хавсралтын хамт,
  6. Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт,
  7. Депозит дансны хуулга
  8. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19/05 тоот албан бичиг,
  9. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 24/165 тоот албан бичиг,
  10. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16560 тоот болон мөн 11 дүгээр сарын 19-ний өдрийн 20100 тоот, 10 дугаар сарын 22-ны өдрийн 18014 тоот захирамжууд.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2.    Хариу тайлбар,

3.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан 27,482,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч “Т” ХХК-тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Испани улсад үйлдвэрлэгдсэн “Himoinsa” брендийн AS4006 загварын 1 ширхэг гэрэлт цамхагийг 25,821,400.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна /х.х-ийн 15-19 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд тухайн худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө нь хариуцагч “Т” ХХК нь энэхүү гэрэлт цамхагийг нэхэмжлэгч “А” ХХК-иас түрээслэж байсан бөгөөд хариуцагчийн түрээсийн төлбөрт төлсөн 5,000,000.00 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс хасаад нийт 20,821,400.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч “Т” ХХК нь тус гэрэлт цамхагийг түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байх үед талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улмаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гээд 111.2.2-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар” гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

  1. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгоно.

 

Гэхдээ талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний зүйлийг доголдолтой байсан гэж маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагч буюу худалдан авагчийг гэрээний төлбөрийг төлөөгүй гэж мэтгэлцсэн. Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Гэтэл хариуцагч “Т” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 20,821,400.00 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,821,400.00 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 9,000,000.00 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9,000,000.00 төгрөгийг тус тус төлж барагдуулах үүрэгтэй байхад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000.00 төгрөгийг төлж, үлдэх 18,321,400.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

Энэ талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээгээр төлбөл зохих төлбөр нь 18,321,400.00 төгрөг гэж байна гэж үзэв.

 

  1. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаах зүйлийн 7.2-т зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Ингээд хариуцагч “Т” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зөрчсөн хугацааг үндэслэн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж зааснаар алдангийн хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

 

Тодруулбал, хариуцагчийн төлбөл зохих алдангийн дээд хэмжээ болох  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 9,160,700.00 төгрөг нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны 100 өдрийн хугацаа хэтрүүлсэн алданги бөгөөд мөн өдрөөс хойш алдангийн хэмжээ нэмэгдэхгүй юм.

 

Гэвч зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “Холбогдох хууль тогтоожинд заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно” гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй бол тэрхүү хугацаагаар үүргийг хойшлуулахыг зөвшөөрсөн байна.

 

Зүй нь, гэрээний үүргээ биелүүлээгүй тал ийнхүү үүргээ биелүүлээгүй нь түүний хяналтаас гадуур болсон бөгөөд гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй буюу давж туулах боломжгүй байснаас болсон гэдгийг нотолвол хариуцлагаас чөлөөлөгддөг. Гэхдээ зохигчид нэгэнт давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэхэд саад учирвал тэрхүү хугацаагаар үүрэг гүйцэтгэхийг хойшлуулахаар тохирсон байх тул үүнийг харгалзах нь шударга юм.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т “Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн төлбөрийн үүрэг нь төрлийн шинжээр тодорхойлогдох хэдий ч мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасныг шалгах учиртай.

 

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус хөл хорио тогтоосон. 

 

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нотлох шаардлагагүй юм.

 

Ингээд хариуцагч “Т” ХХК-ийн төлөх ёстой алдангийн хэмжээ болох 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны 100 өдрийн алданги 9,160,700.00 төгрөгийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 40 хоног нь нийтийг хамарсан хөл хорио тогтоосон үе таарсан байх тул 9,160,700.00 төгрөгөөс 40 хоногийн буюу 3,664,280.00 төгрөгийг хасвал 5,496,420.00 төгрөг болж байна /18,321,400x0.5%=91,607x100=9,160,700-3,664,280=5,496,420/.

 

Харин хариуцагч нь нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй бусад үед гэрээгээр хүлээсэн үүргээ ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй байсан талаар тодорхой баримтаар нотлоогүй тул 5,496,420.00 төгрөгийн алдангиас чөлөөлөх боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 18,321,400.00 төгрөг, алданги 5,496,420.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,664,280.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “Т” ХХК-иас 23,817,820.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,664,280.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,361.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 277,039.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР