Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 7

 

ХААИС-ийн харъя Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00966/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААИС-ийн харъя Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.У-т холбогдох

“Үндсэн төлбөр 5.600.000 төгрөг, алданги 2.800.000 төгрөг нийт 8.400.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч ХААИС-ийн харъя Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалаг нараас:

Манай байгууллага нь иргэн М.У-тай галла 6 тн, импала 4 тн төмсний үрийг нийлүүлэх №04 тоот төмс хүнсний ногоо нийлүүлэх зээлийн гэрээ бичгээр байгуулж 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 5.600.000 төгрөгийг барагдуулах байсан боловч ямар ч төлбөр хийгдээгүй 2015 оноос мөнгөө шаардсан боловч одоо болтол өгөөгүй, М.У- 2016 онд ирээд төмс угаагч копатель өгнө гэж хүсэлт тавьж үзэхэд чанарын шаардлага хангахгүй байсан учраас хүлээж авах боломжгүй гэсэн. 2016 онд копатель очиж үзэхэд ганц удаа уулзсан, өөрөөр уулзаж байгаагүй, М.У-ын фейсбүүк хаягаар холбогдож төлбөрөө хийхийг шаардсан. М.У-аас төмсний үрийн үндсэн төлбөр 5.600.000 төгрөг алданги 2.800.000 төгрөг нийт 8.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Худалдан авагч тал худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232.1, 232.6-д заасан, гэрээний 2.3-т заасан 0,5%-ийн алданги тооцохоор заасан алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна. ...Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа хасагдсан бол хугацааг шинээр тооцно гэсэн байгаа тэгэхээр хариуцагч нарийн хооронд болж байгаа маргааны талаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж хуанлийн хугацаагаар тоолох биш харин хариуцагчийн шаардлага хүлээн зөвшөөрч байсан үеэс буюу 2016.10 сар, 2017.10 дугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдож байна тэгэхээр энэ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломж байхгүй буюу иргэний хуулийн ерөнхий ангийн хөөн хэлэлцэх хугацаанаас үүссэн үр дагаврыг зохицуулсан 82 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.У- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нараас:

...2014 оны 05 дугаар сард төмс хүнсний ногоо худалдаж авах гэрээ байгуулсан байдаг, гэрээнээс үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 25-ны дотор төмс хүнсний ногоогоо тээвэрлэж авахаар, гэрээний 3.3-т төлбөрийн асуудлыг зохицуулсан байгаа 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдөр төмсний үнэ 50%-ийн төлбөр 2.800.000 төгрөг шилжүүлэхээр үлдэгдэл 50%-ийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэхээр талууд тохирсон байдаг. ...мөн тодорхой тохиолдлуудад хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан заасан байдаг үүний 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн байгаа гэтэл талуудын хооронд төмс хүнсний ногоо нийлүүлэх гэрээ хийгдсэн энэ гэрээтэй холбоотой 5.600.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжлээд байна гэж ойлгож байгаагаас энэ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаар ч үзэх шаардлагатай. Тэгэхээр 75.2.1-т хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Тус хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолохыг заасан байгаа 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тэгэхээр М.У- нь төлбөрийн хамгийн сүүлд 2014 оны 11 сарын 15-ны өдөр шилжүүлэхээр заасан байгаа энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ гэж хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс тоолох юм бол 3 жилийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа бол 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр үүссэн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 10 буюу тухайн шаардах эрх үүссэнээс хойш 4 жил өнгөрсөн ийм учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар заасан байгаа 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж, 82.2, 82.3-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг тайлбар өгсөн байгаа, иргэний хуулийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.У-аас 8.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААИС-ийн харъя Ургамал газар тариалангийн хүрээлэнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.У-аас улсын тэмдэгтийн хураамж 149.350 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэл хэсэгт дүгнэхдээ гэрч Х.Н-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалагийн хариуцагч М.У-тай харилцаж байсан гэх цахим захидалд үндэслэн гэрээний төлбөрийг шаардаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзээд 2016 оноос хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй болохыг батлах дараах 2 үндэслэл байна. Гэрч Х.Н-ийн мэдүүлгийн тухайд: тус гэрч нь нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж асуулгасан гэрч бөгөөд гэрчийн мэдүүлэгд дурдагдсан үйл явдал болсон гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг, хэргийн аль нэг оролцогчийн хүсэлтээр асуусан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ гагцхүү өөр нотлох баримтаар давхар нотлогдож буйг анхаарах нь зүйтэй. Иймд гэрч Х.Н-ийн дан ганц мэдүүлгээр нэхэмжлэгч байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж шүүх дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалагийн шүүхэд гаргаж өгсөн Фейсбүүк сүлжээн дэх цахим захидлын тухайд: Шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэхдээ цахим нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх тухай ИХШХШтХ-ын 37-40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчөөд зогсохгүй шаардах эрхийн үндэслэл болж буй нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 онд байгуулагдсан гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий субъектийн талаар төөрөгдөж, нэхэмжлэгчийн шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа О.Тунгалагийг шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй тухай: Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тоологдож эхлэх 2017.11,15-ны өдрөөс даруй 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд нэгэнт өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хуулийн зохицуулалт Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгээр зохицуулагдсан байдаг. Гэтэл шүүх хуулийн тус зохицуулалтыг хэрэглэхийн оронд эргэлзээтэй баримтад үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй боловч шүүх хуулийн тус заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

            Нэхэмжлэгч байгууллага хариуцагч М.У-т холбогдуулан төмсний үр нийлүүлсний үнэ 5.600.000 төгрөг, уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй тул гэрээгээр тохирсон алданги 2.800.000 төгрөг нийт 8.400.000  төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо хариуцагч тал “... шүүх гэрч Х.Н-ийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалагийн хариуцагчтай харилцаж байсан гэх цахим захидал зэргийг нотлох баримтаар үнэлж гэрээний төлбөр шаардаж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 37-40 дүгээр зүйлд заасантай нийцүүлж үнэлээгүй.

            Мөн шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн  82.1, 82.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй,  шаардах эрх тоологдож эхлэх 2017 оны 11 сарын 15-аас хойш даруй 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад эргэлзээтэй баримтанд үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн.

Шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-ийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг  хангаагүй гэж үзэхээр байна” гэжээ.

            Маргааны талууд төмсний үр худалдах гэрээг байгуулж төлбөрийг 2014 оны 11 сарын 15-ны өдөр гэхэд 2 үе шаттайгаар төлж барагдуулахаар тохиролцож, гэрээнд заасан хугацаанд худалдан авагч төлбөрийн үүргээ  биелүүлээгүй бол төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцжээ. 

Гэрээний дагуу төмсний үрийг шилжүүлсэн харин төлбөр төлөөгүй болох нь хэргийн материалаар тогтоогдсон. Хариуцагч уг худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд хариу тайлбартаа  “үрийн төмс авч тариалалт явуулсан боловч төмсний үнэ ханш унаж их хэмжээний алдагдалд орсон гэрээний хугацаанд Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс гэрээний үүргийг шаардаж байгаагүй бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэжээ.

Талуудын байгуулсан гэрээгээр гэрээний төлбөр төлөх хугацаа нь 2014 оны 11 сарын 15 гэж тогтоосон бөгөөд энэ хугацааг хэтрүүлэн хариуцагч төлбөрөө төлөөгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талаас гэрээний үүргээ шаардаж байжээ. Нэхэмжлэгч талын  гэрээний үүргээ шаардахад 2016 онд төмс ухагч копатель өгье гэсэн очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй байсан, 2017 оны 10 сард дансаа өгчих гэсэн мөнгө шилжүүлнэ гэсэн, мөн шүүхэд өгнө гэхэд  би төрийн албанд ажилладаг битгий өгөөч  гэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хариу тайлбар гаргаж үгүйсгээгүй байна.

            Мөн нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг шаардаж хариуцагчтай харилцаж хариуцагч нь төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөх талаар санаачилга гаргаж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэнтэй нийцэж  байна.

            Иймд шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хариуцагчийн зүгээс няцаагдаагүй тайлбар, түүнийгээ нотлохоор шүүхэд гаргасан цахим баримт болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь хуульд нийцэж байна.

Хариуцагч 2016 он болон 2017 оны 10 сард төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан үйл баримт нь хөөн хэлэлцэх  хугацааг тасалдуулсан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр тоолно.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-ийг  хэрэглээгүй гэж буруутгасныг хүлээн авах боломжгүй байна. 

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                    

    

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                     ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ