Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00655

 

ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн сургалт,

эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн сургалт,

эрдэм шинжилгээний хүрээлэн

          Хариуцагч: М.У-т холбогдох

          Нийт 8,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Содболдын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагчтай байгуулсан №04 тоот төмс, хүнсний ногоо нийлүүлэх зээлийн гэрээг бичгээр хийж 2014-11-15-ны дотор 5,6 сая төгрөгийг барагдуулах байсан боловч ямар ч төлбөр хийгдээгүй. Гэрээний 3, 4 дэх заалтад алдангийн талаар тусгасан. Үндсэн төлбөр 5,6 сая төгрөгийг, алданги 2,8 сая төгрөгийн хамт, нийт 8,4 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.

     Хариуцагч тайлбартаа: 2014-05-р сард №04 тоот гэрээгээр төмсний үр худалдан авсан боловч төмсний үнэ ханш унаж 1 шуудай төмс 2000 төгрөг болж, их хэмжээний зээлийг өндөр хүүтэй ББСБ болон иргэдээс авч өрөнд орсон. Гэрээний хугацаанд, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах, 2018-08-р сар хүртэлх хугацаанд нэг ч удаа гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаагүй бөгөөд ИХ-ийн 75.2.7-д заасны дагуу хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаад 1 жил гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасан байх тул ИХ-ийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1202 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.У-аас 8.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААИС-ийн харъя Ургамал газар тариалангийн хүрээлэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.У-аас улсын тэмдэгтийн хураамж 149.350 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

      Хариуцагчийн төлөөлөгч Б.Содболд хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүйн улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан. Шүүх ИХШХШТХ-ийн 37-40-р зүйлд заагдсан нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх тухай зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөний улмаас ИХ-ийн 79.1, 79.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх дүгнэхдээ гэрч Х.Нямгэрэлийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Тунгалаг хариуцагч М.У-тай харилцаж байсан гэх цахим захидалд үндэслэн гэрээний төлбөрийг шаардаж байсан нь тогтоогдож байна гэж үзээд 2016 оноос хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт хууль зүйн үндэслэл юм. Гэрч Х.Нямгэрэл нь нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж асуулгасан гэрч бөгөөд гэрчийн мэдүүлэгт дурдагдсан үйл явдал болсон гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Гэрч Х.Нямгэрэлийн мэдүүлэгт тусгагдсан үйл баримт давхар ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй. Жишээ нь: гэрэл зураг, дүрс бичлэг, хөндлөнгийн өөр гэрч, гар бичвэр, тэмдэглэл зэрэг/ хэргийн аль нэг оролцогчийн хүсэлтээр асуусан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ гагцхүү өөр нотлох баримтаар давхар нотлогдож буйг анхаарах нь зүйтэй. Гэрч нь хэдийгээр хууль сануулсан хэдий боловч хүсэлт гаргагч талд мэдүүлэг өгөх нөхцөл байдал практик дээр түгээмэл байдаг. Иймд аливаа хэрэг маргаанд гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлж буй тохиолдолд шүүх тус гэрчийн мэдүүлгийг өөр нотлох баримтаар давхар нотлогдсон байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Нотлох баримтыг үнэлэх хууль зүйн шинжлэх ухааны үзэл баримтлал байдаг гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд гэрч Х.Нямгэрэлийн дан ганц мэдүүлгээр нэхэмжлэгч байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж шүүх дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Тунгалагийн шүүхэд гаргаж өгсөн Фэйсбүүк сүлжээн дэхь цахим захидлын талаар. Шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэхдээ цахим нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх тухай ИХШХШТХ-ын 37-40-р зүйлийг бүхэлд нь зөрчөөд зогсохгүй шаардах эрхийн үндэслэл болж буй нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 онд байгуулагдсан гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий субъектын талаар төөрөгдөж, нэхэмжлэгчийн шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа О.Тунгалагийг шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн нотлох баримтаар үнэлсэн цахим захидлын тухай баримт нь хуульд заасан арга хэлбэрээр бүрдүүлж цуглуулаагүйн дээр цахим нотлох баримттай холбоотой ямар тусгай ажиллагаа явуулж тус баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь огт ойлгомжгүй. Цахим нотлох баримтын хувьд нотлох баримтын бусад төрлөөс харьцангуй шинэлэг онцлог бүхий ойлголт юм. Мөн шүүхийн үнэлсэн тус баримт нь хариуцагч М.У-тай харилцсан цахим захидал болохыг нэхэмжлэгч болон шүүх ямар нэгэн баримтаар тогтоогоогүй, Нотлох баримт мөн хэмээн үнэллээ гэж үзэхэд нэхэмжлэгчийг төлөөлж шаардах эрхийг хэрэгжүүлж байсан гэх ямар нэгэн тодорхой утга агуулга, үг хэллэг байдаггүй. Ийм нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх нь эргэлзээтэй, хэрэг маргаантай буюу шаардах эрхтэй холбоотой эсэх нь ойлгомжгүй баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм. Ийнхүү шүүх дээрх баримтуудын талаар эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх ИХ-ийн 82.1, 82.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй тухай: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар 1 зүйл маш тодорхой ойлгомжтой байдаг. Энэ нь хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тоологдож эхлэх 2017-11-15-с даруй 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд нэгэнт өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хуулийн зохицуулалт ИХ-ийн 82.4–т байгаа. Шүүх тус заалтыг хэрэглэх учиртай хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч ямар шалтгаанаар хэтрүүлсэн болохыг тодруулаад, тус шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэж болохыг хуульчилсан байна. Гэтэл шүүх хуулийн тус зохицуулалтыг хэрэглэхийн оронд эргэлзээтэй баримтанд үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд ИХ-ийн 82.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй боловч шүүх хуулийн тус заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн 2018-08-14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, М.У-аас нийт 8,400,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...хариуцагчтай 2014-05 сард №04 дугаартай  гэрээгээр 10 тн. үрийн төмс өгсөн... гэрээний 3.4-т алданги төлөхөөр тохирсон байгаа... иймд үрийн төмсний үнэ 5,600,000 төгрөгийг алданги 2,800,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү....” гэжээ. /хх1, 29/

   Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан байна. /хх13/

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.

   Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Талууд “Төмс,хүнсний ногоо,хөрсний шинжилгээ хийх,нийлүүлэх” №04 дугаартай гэрээг 2014 онд байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч бүгд 10,0 тн төмсний үрийг цэвэрлэж худалдан авагчид хүлээлгэн өгөх, хариуцагч 2014-05-25-ны өдрийн дотор төмсний үрийг өөрийн тээврийн хэрэгслээр татаж авах, 2014-11-15-ны дотор төлбөрийг тушаах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх3/

   Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иймд хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.

   Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд худалдан авсан эд зүйлтэй холбоотой ямар нэг гомдлын шаардлагыг хариуцагч гаргаж байсан тухай баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

  М.У- үрийн төмс хүлээн авсан боловч үнийг нь төлөөгүй байна. Худалдан авагч худалдан авсан эд зүйлийнхээ үнийг төлөх үүрэгтэй тул шүүх нэхэмжлэлээс 5,600,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлээр хангасан нь зөв байна.

   2. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анзын гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

  “Төмс,хүнсний ногоо,хөрсний шинжилгээ хийх,нийлүүлэх” №04 дугаартай гэрээний  3.4-т “...хэрэв хугацаандаа мөнгөө төлөөгүй бол Иргэний хуулийн дагуу нийт мөнгөн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлнө...” гэж заасан байх тул шүүх хариуцагчаас  алданги гаргуулсан нь, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50%-иар тооцсон нь үндэслэлтэй юм.

  Иймд шүүх хариуцагчаас алдангид 2,800,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 3. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. 

Худалдан авагч үрийн төмсний үнэ 5,600,000 төгрөгийг 2014-11-15-ны дотор худалдагчид төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч 2018-08-14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.У- нь 2017 онд /хх 36/ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байснаас гадна үүргээ гүйцэтгэхийг 2016, 2017 онд шаардах үед “...маргааш төлнө...” гэх байдлаар хойшлуулж байсан тухай гэрч Х.Нямгэрэл /хх44/-н мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

 Түүнчлэн, худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа Ц.Тунгалагийг явуулж, яриулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, хэргийн 31-39 талд буй баримтад шүүх үзлэг хийсэн /хх48-49/ байх бөгөөд уг ажиллагаатай холбоотой ямар нэг хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй тул шүүх эдгээрийг үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40, 42-44 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

 Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулга бүхий гомдлоор шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 , 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 149,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ