Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/2022/00031

 


 

 

 

2021 оны 12 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2022/00031 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 хэсэг, Их дарь эх 2 гудамж 22 тоот хаягт оршин суух, Индэрт овогт Базарсадын Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 байр, 09 тоот хаягт оршин суух Сартуул овгийн Гэрэлмаагийн А /РД: /-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 09 тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрт 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, түүний өмгөөлөгч Г.Тамир /ШТЭҮД-2571/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны 09 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөд тус орон сууцыг Г.А нь 2021 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иймд орон сууцыг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэн, түүний орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан 11 сарын хөлсийг сарын 1 000 000 төгрөгөөр тооцон 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Ц.Нандинцэцэг байсан. Г.А нь Ц.Нандинцэцэгтэй 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж эхэлсэн. Гэтэл орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаж, байранд засвар хийсний дараа өөр хүнд өндөр үнээр зарах гэж байгаа гээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараагаар уг байрыг худалдсан байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр хариуцагч Г.Аг гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж шийдсэн. Г.Агийн зүгээс 2021 оны 07 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Нандинцэцэгт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлоо шаардан нэхэмжлэл гаргасан. Шүүх иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Ц.Нандинцэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх үндэсгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.А нь уг байранд засвар хийсэн. Байрнаас салгаж үл болох хөрөнгийг үнэлүүлж хохирлоо барагдуулсны дараа хууль бус эзэмшлийн асуудал яригдах ёстой гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006568 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000838404 дугаар гэрчилгээ, нотлох баримтын шаардлага хангаагүй зарын сайтаас хэвлэсэн 6 хуудас баримт, хариуцагчаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэр, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/14696 дугаартай Г.Агийн Ц.Нандинцэцэгт холбогдуулан гаргасан 19 188 669 төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Ц.Нандинцэцэг, Г.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэл Б.Б нь хариуцагч Г.Ад холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 00 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас чөлөөлүүлж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрт 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, 11 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг чөлөөлүүлэх, шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш 11 сар хууль бусаар эзэмшиж ашигласны хөлс 11 000 000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ц.Н-ээс үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлоо барагдуулсан дараа орон сууцыг чөлөөлөх эсэх асуудал яригдах ёстой гэж тайлбарлав.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 00 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн 000838404 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.А нь иргэн Ц.Н-тэй 2019 оны 07 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр худалдагч Ц.Нандинцэцэг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006568 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан авагч Г.Ад худалдахаар, Г.А нь урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гэрээ хийснээр, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг графикийн дагуу 2020 оны 10 сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тус тус тохирчээ.

 

Улмаар дээрх гэрээ цуцлагдсан, худалдагч тал буюу Ц.Нандинцэцэг нь гэрээний дагуу хүлээн авсан 85 000 000 төгрөгийг худалдан авагч Г.Ад буцаан өгсөн үйл баримтыг дүгнэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй бөгөөд үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч Г.А нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагчид шилжүүлсэн гэрээний үнийг буцаан авсан атлаа гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшиж байгаа нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 00 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцаан өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь ...Ц.Нандинцэцэг, Г.А нарыг хооронд байгуулагдсан гэрээг цуцалж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцон 11 сар орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласны хөлс 11 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулна... гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцнаас шаардаж буй хэмжээний үр шимийг олох ёстой байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006568 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 байрны 09 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ