Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00620

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00620

 

 

 

 

                                         Б.Бгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00031 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Г.Ад холбогдуулан гаргасан ...ы 09 тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрт 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Г.Агийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлж, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан 11 сарын төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б ...ы 09 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн. Гэтэл Г.А уг орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Тэрээр бусдын орон сууцыг 11 сарын хугацаанд хууль бусаар эзэмшиж, ашигласан ба сарын 1,000,000 төгрөгөөр тооцоход нийт 11,000,000 төгрөг болно гэжээ. 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Тус орон сууцны өмчлөгч нь Ц.Нбайсан. Г.А, Ц.Нандинцэцэгтэй 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцыг эзэмшиж эхэлсэн. Гэтэл орон сууцны үнийг бүрэн төлж, байранд засвар хийсний дараа өөр хүнд өндөр үнээр худалдах гэж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Г.Аг гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Г.А 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Нандинцэцэгт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлоо шаардан нэхэмжлэл гаргасан ба уг хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Иймд Ц.Нандинцэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.А тус байранд засвар хийсэн ба байрнаас салгаж үл болох хөрөнгийг үнэлүүлж хохирлоо барагдуулсны дараа хууль бус эзэмшлийн асуудал яригдах ёстой гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан .... 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1 Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

4.1.а. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00218 дугаар шийдвэрээр Ц.Ннь Г.Ад 85,000,000  төгрөгийг буцаан өгсөн, гэрээг цуцалсан үйл баримтын талаар дүгнэсэн ба уг шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Г.А нь Иргэний хуулийн 205.1, 205.7 дах хэсэгт заасны дагуу орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийг хохироож байна. Шүүх Иргэний хуулийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу үр шимийг олох ёстой байсан шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж үзэж 11,000,000 гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Г.А нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн атлаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй.  Өгсөн мөнгөө буцаагаад авсан атлаа бусдын орон сууцанд ямар ч төлбөргүй нэг жил амьдарч байгаа нь хууль ёсны өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг бусдад түрээслүүлэн ашиг олох боломжтой байсан тул анхан шатны шүүхийн гэрээ цуцалсан шийдвэр гарснаас хойш зах зээлийн дундаж үнээс доогуур үнээр буюу сарын 1,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл 11,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан.

4.1.б. Шүүх дээрх бодит байдал болон гэрээ цуцалсан шүүхийн шийдвэр, бусад үндэслэл бүхий нотлох баримтыг цаг хугацаа, үйл баримтад тулгуурлан үнэлэх хуулийн зохицуулалттай байхад хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

5.1 Үйл баримтын талаар,

5.1.а. Нэхэмжлэгч Б.Б орон сууцыг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүний орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан 11 сарын хөлсийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон 11,000,000 төгрөг нэхэмжилсэн. Харин хариуцагч нь өмнөх өмчлөгчтэй хийсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан, худалдах авах гэрээ дуусгавар болоогүй, уг маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа, тус маргаан шийдвэрлэгдсэний дараа хууль бус эзэмшилийн асуудал яригдах ёстой гэж маргадаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00331 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106.1, 95.1-д заасны дагуу .... 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд,

5.2.а. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хууль бус бупэлдэхуунээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 170.1 дэх хэсгийг зөрчсөн.

5.2.б. Шүүгч хуульд заасны дагуу захирамж гаргаагүй, хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэх эргэлзээ төрж мөн хуулийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Шүүгчээс татгалзсан татгалзлыг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, харин татгалзлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр хуульд заасан. Гэтэл шүүгч уг татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.6 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй, хүсэлтийг хууль бусаар хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх 11,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц түрээлсэх түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Мөн сарын түрээсийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нотлоогүй. Зах зээлийн үнэ ханшийн талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлттэй санал нийлж байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хэргийг түдгэлзүүлэх, өөр хэрэг шийдвэрлэгдэж байгаа гэх тайлбарыг хэлсэн боловч уг хэрэг нь Б.Бгийн нэхэмжлэлтэй хэрэгтэй ямар нэгэн хамаарал бүхий хэрэг биш байсан. Шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан үргэлжлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзсан гэх боловч гаргасан хүсэлт нь хэрэгт огт байхгүй. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны нээж, шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг тодруулж асуухад татгалзал байхгүй гэж хариулсан. Харин хүсэлт хэлэлцсэний дараа хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан гэж тайлбарладаг. Гэтэл дээрх үйл явц болоогүй нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогддог. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, агуулгын хувьд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалт хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

  1. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд,

4.а. Нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий .... 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 6-р тал дахь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглан, захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэхдээ нөгөө талын эзэмшил нь хууль бус буюу эзэмших эрхээ алдсан шударга бус эзэмшигч байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай.

4.б. Хариуцагч Г.А “тус орон сууцыг Ц.Н-с худалдан авч эзэмшиж ашиглаж байсан. Шүүхийн шийдвэрээр Ц.Н байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг цуцалсан боловч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахад нээлттэй гэсэн. Энэ байранд өөрийн зардлаар засвар хийсэн тул хохирлоо барагдуулсны дараа хууль бус эзэмшлийн асуудал яригдах ёстой” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.

4.в. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэрээр Ц.Н, Г.А нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Г.Агийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх болон .... 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Агийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, алданги 4,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх27-29/ Дээрхээс үзэхэд хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаагүй, түүний эзэмшил хууль бус байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухайд,

5.а. Нэхэмжлэгч нь “хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 11 сарын хугацаанд бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласан тул түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага ханш буюу сарын 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 11,000,000 төгрөг гаргуулна“ гэж тайлбарласан.

5.б. Хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тэрээр бусдын өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байх боловч нэхэмжлэгч нь 11,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Хэрэгт орон сууцны түрээсийн зарууд авагдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт заасан журмын дагуу бэхжигдээгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь “хэрэв орон сууцыг шүүхийн шийдвэр гарсан даруйд чөлөөлж өгсөн бол бусдад түрээслэн ашиг олох байсан” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд хуулийн дээрх зүйл хэсэг нь энэ үндэслэлд хамааралгүй байна. Шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг баримталсан нь буруу.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ..., үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаартай шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч олох байсан орлогоо алдсан гэж үзнэ. Иймд  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 гэснийг 227 дугаар зүйлийн 227.1 гэж өөрчлөв.

6. Хариуцагч нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүй орхиж, гомдол гаргах эрхгүй захирамж гарган хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ.

6.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “Г.А нь Д.Нандинцэцэгтэй байгуулсан гэрээнээс учирсан хохирлоо шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас уг хэргийг шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг шийдвэрлэх ёстой” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүх Г.Агийн нэхэмжлэлтэй Н.Нандинцэцэгт холбогдох хэрэг нь Б.Бгийн нэхэмжлэлтэй Г.Ад холбогдох хэрэгтэй хамааралтай болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв. Учир нь гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохиролтой холбоотой маргаан нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

6.б. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсгийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна. 

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хуралдаан эхлэхийн өмнө шүүгчээс талуудад шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигчдын хэн аль нь татгалзахгүй гэжээ. Шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчээс татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагч тал шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргаж хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журмыг зөрчсөн байна. Шүүгч хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлгийн анхан шатны шүүх хуралдааны дэгийн талаарх зохицуулалт, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00031 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан .... 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                         А.МӨНХЗУЛ