Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00974

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Боржигон овогт Жаргалсайханы Үүрийнтуяа /РД:УХ85092401/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Үүрийнтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Самал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Үүрийнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хуулийн хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ингээд гүйцэтгэх захирал солигдсон тул 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдөр Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллахаар Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/191 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.1.3.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16.3, 3.16.4, 3.16.5, 3.16.23,12 дугаар зүйлийн 12.2, 12.5, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.7.3, Хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 8.1.3, 8.1.8, 8.1.9-д заасныг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байна. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, аль болох хариуцсан ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг эрмэлздэг, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Хөдөө аж ахуйг дэмжих санд ямар нэг хохирол учруулаагүй, иргэнд хүнд сурталгүй хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн. Хариуцагчийн зүгээс миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг харвал: 1.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан бол гэсэн байна. Удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тодорхой бус. Миний ажлын байрны тодорхойлолтоос харвал “Сангийн удирдах зөвлөлийн шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаал, сангийн дотоод дүрэм, журам зэрэг эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, үр дүнг нь удирдлагад тайлагнах” ажлыг хийж гүйцэтгэх ёстой байдаг. Үүний дагуу би хийх ёстой ажлуудаа цаг тухай бүр хийж байсан. Мөн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, миний ажил үүргийн хуваарьт хамааралгүй, барьцаа чөлөөлөх ажлыг мөн хийж гүйцэтгүүлж байсан. Манай сангийн хувьд газар тариалан эрхлэгчдэд газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг тодорхой хугацаанд түрээсэлдэг бөгөөд ингэхдээ барьцаа хөрөнгө авдаг. Тухайн тоног төхөөрөмж түрээсэлсэн иргэн төлбөрөө хугацаанд нь төлж дууссан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх ажлыг хийдэг. Хэдийгээр энэ ажил нь надад хамааралгүй боловч удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэдэг байсан. Өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд саад болох эсрэг үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан, хохирол учруулсан гэсэн үндэслэлийг дурдсан байна. Миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдол байхгүй. Түүнчлэн сангийн үйл ажиллагаанд саад болох ямар үйл ажиллагаа явуулж үүнээс болж хэдий хэмжээний хохирол учирсан талаар би огт мэдэхгүй байгаа бөгөөд сангийн үйл ажиллагаанд хохирол учруулсан эсэхтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй, сангийн зүгээс учирсан хохирлыг нэхэмжилсэн зүйл мөн байхгүй юм. Бусад компани, хувь хүнтэй хамтран хуйвалдаж сангийн өмч хөрөнгө, төсөл хөтөлбөрийн зээл тусламжийн зүйлийг ашигласан, ашиглах боломж олгосон гэсэн байна. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Хэн гэдэг хүнтэй хамтарч ямар төсөл хөтөлбөрийн зээл тусламжийг ашигласан нь тодорхойгүй, мөн хэнд ямар хэмжээний зээл тусламжийг хувьдаа ашиглах боломж олгосон нь тодорхой бус юм. Энэ мэт үндэслэлгүй зөрчлийг надад тулгаж, нотлох баримтгүйгээр таамаг төдий зүйлээр шалтаглан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Мөн тус сангийн гүйцэтгэх захирал солигдсоноор би төдийгүй надаас гадна олон ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь үндэслэлгүйгээр халж байгаа билээ. Миний бие дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ямар ч зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.    

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ж.Үүрийнтуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/191 дугаар “Ж.Үүрийнтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас халагдсан. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Үүрийнтуяатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн дотоод журам энэ гэрээний 8-т заасан зөрчлийг удирдлага болгон хэрэглэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.3-т “Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн газрын дарга Д.Энхбат нь Ж.Үүрийнтуяад “Иргэн О.Батбилэгийн барьцаа солиулах хүсэлтийг дур мэдэн өөрчлөн, барьцааг нь чөлөөлөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн, алдангийг нь нуун дарагдуулсан ноцтой зөрчлөө яаралтай арилгах талаар үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, хариу тайлбар авахаар хэд хэдэн удаа дуудахад очоогүй. Өөрийн удирдлага болон захирлыг худал буруу мэдээллээр ханган, үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан. Мөн гэрээний 1.2-1 заасны дагуу “Албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт тодорхойлогдсон ажил үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болно. Хөдөлмөрийн гэрээний 7.3-д заасан “ажилтны гаргасан сахилгын зөрчилд Хөдөлмөрийн дотоод журмын 12, 13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шийтгэлээс ногдуулна гэсний дагуу Ж.Үүрийнтуяад Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл 131.1.3-д заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан. Ж.Үүрийнтуяа Хөдөлмөрийн гэрээний 8.1.8-д заасан “Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны үйл ажиллагаанд саад болох эсрэг үл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан хохирол учруулсан” нь тогтоогдсон. Ж.Үүрийнтуяа нь түрээслэгч О.Батбилэгээс ирүүлсэн “барьцаа солиулах” хүсэлтийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан дур мэдэн өөрчлөн шийдвэрлэн барьцаа чөлөөлсөн. Чөлөөлөхдөө сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.3, 3.16.4-д заасан санг төлөөлөхдөө илтэд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. 3.16.5-д заасан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, О.Батбилэгийн барьцааг чөлөөлөхдөө түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон алданги болох 14.255.280 төгрөгийг нуун дарагдуулж, алданги байхгүй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн бусдыг татан оролцуулж, Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн Б.Эрхэмбаяраар нөхөн гарын үсэг зуруулж уг үйлдлээрээ байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 12.2-д заасан “Сангийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, тогтоол, тушаал шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм, албан тушаалын тодорхойлолт, бусад дүрэм заавар болон хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг зөрчсөн” нь тогтоогдсон. Хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д заасан “Удирдах албан тушаалтан болон өөрөөс нь ахмад насны ажилтантай ажлын байранд хүндэтгэлгүй харилцах, цээртэй үг хэллэг хэрэглэх, үл хүндэтгэсэн үйлдэл гаргах, өгсөн үүрэг даалгавар заавар зөвлөгөөг хугацаанд нь биелүүлээгүй, сонсоогүй дүр үзүүлэх, асуултад хариу өгөхгүй байх” заалтыг зөрчсөн. Гүйцэтгэх захирал болон Хууль эрсдэл өрийн удирдлагын газрын даргыг худал мэдээллээр хангасан. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үл тоомсорлосон, ажлын байранд хүндэтгэлгүй харилцан, үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан. Мөн Ж.Үүрийнтуяа хариуцсан ажилдаа хайнга хандаж Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 04 тоот тогтоолыг ХААДСангийн гүйцэтгэх захирал удирдлагуудад танилцуулж мэдээллээр хангаагүйгүйгээс дээрх тогтоолын биелэлт хангагдаагүй удааширсан зөрчил гаргасан. Уг тогтоолд БНХАУ-с хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр 2019 онд нийлүүлэгдсэн техник тоног төхөөрөмжийн үлдэгдлийн борлуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд гэрээг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлсэн шийдвэрийг үндэслэн худалдан авсан иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахыг гүйцэтгэх захирал Сумъяасүрэнд үүрэг болгосон тогтоол байсан. Нэхэмжлэгч нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2021.4.21- ний өдрийн А/45 дугаар тушаал, түүний гуравдугаар хавсралтад заасны дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль эрсдэл өрийн удирдлагын газрын үндсэн чиг үүргийн дагуу “хугацаа хэтэрсэн өр авлагын асуудал, Барьцаа хөрөнгө чөлөөлөх ажлыг зохион байгуулахдаа Захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ үл биелүүлж О.Батбилэгийн барьцаа солиулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Захирлын зөвлөлөөр оруулалгүй дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь илэрсэн гэх мэт зөрчлүүдийг гаргасан байна. Ж.Үүрийнтуяагийн хууль бус үйлдлүүд, зөрчлүүдийн улмаас байгууллагад 14.255.280 төгрөгийн хохирол учраад байна. Мөн О.Батбилэгийн барьцаа хөрөнгийг чөлөөлсний улмаас О.Батбилэг нь уг барьцаа хөрөнгөө Ж.Түгээмэл гэх хамаарал бүхий этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг бөгөөд тус сангийн зүгээс зөрчлийн талаар Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст албан тоот явуулсны дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 сарын 25-ны өдөр 138 дугаар албан бичгийн хариу ирүүлсэн. Уг албан бичигт “2016 оны 04 сарын 13-ны өдөр Мал хамгаалах сантай байгуулсан “Тоног төхөөрөмж”-ийн түрээсийн гэрээ буруу цахимжсан байсныг хяналтын улсын байцаагчийн 2022 оны 068 дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023264 дугаарт дахин бүртгэснийг мэдэгдье” гэсэн залруулга хариу ирүүлсэн болно. Ж.Үүрийнтуяа нь О.Батбилэгийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө О.Батбилэгийг үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр албан бичиг төлөвлөж гаргуулсан бөгөөд О.Батбилэг нь үүргээ бүрэн биелүүлээгүй, алданги төлөөгүй, түрээслэсэн трактор, өвсний хадуур, дүүжин тармуураа буцааж өгөөгүй байгаа болно. Уг түрээсийн гэрээ нь лизингийн гэрээ биш бөгөөд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 09 сарын 25-ны өдрийн А/111 дугаар тушаалын дагуу Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ыг үндэслэн олгосон түрээсийн гэрээ болно. Иймд Ж.Үүрийнтуяад Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д зааснаар “энэ журмын 12 дугаар зүйлийг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна. Мөн 13.7.3-д заасны дагуу “Ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд Ж.Үүрийнтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаар тушаал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.  

Хариуцагч талаас: Итгэмжлэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаал, түүний хавсралт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/49 дугаар тушаал, түүний хавсралт, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 138 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1601 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2183 дугаар Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай мэдэгдэл, О.Батбилэгийн гаргасан хүсэлт, Бүртгэлийн дэвтрийн хуулбар, №2016/ХИБ04 тоот зээлийн гэрээ дүгнэсэн тухай тооцоолол, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Танилцуулга, Албан тушаалын тодорхойлолт, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууцын баталгаа, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбарын нүүр, О.Батбилэгийн барьцаа хөрөнгө солиулах тухай хүсэлтийг хаасан тухай баримт, О.Батбилэгийн барьцаа хөрөнгө солиулах хүсэлтийг шийдвэрлэхдээ бүрдүүлсэн баримтууд болох ХААДСангийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, №2016/ХИБ04 тоот зээлийн гэрээ дүгнэсэн тухай тооцоолол, №2016/ХИБ04 тоот гэрээний 2-р хавсралт, ХХААЯамны харьяа мал хамгаалах санд гаргасан О.Батбилэгийн хүсэлт, О.Батбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХААХҮСайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний А-134 дугаар тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар МУ-ын Засгийн газрын тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХААХҮСайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-30 дугаар тушаал, түүний хавсралт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар тушаал, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ж.Үүрийнтуяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам холбогдох дүрэм журам зөрчсөн тул ажлаас халсан гэж маргаж байна.

 

3. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба Ж.Үүрийнтуяатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль эрдсдэл, өрийн удирдлагын газар, Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажилуулж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 тоот захирлын тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

4. Ж.Үүрийнтуяаг Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.3-т “сангийн дотоод үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, зааврыг ноцтой зөрчиж, санд хохирол учруулсан”, 3.16.4-д “санг шүүх, цагдаа, аливаа төрийн болон хувийн байгууллагын өмнө төлөөлөхдөө удирдлагын зөвшөөрөлгүйгээр гэрээ хэлцэл байгуулсан, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлага багасгах, буцаах, гомдлоо татах зэрэг илтэд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, хамаарал бүхий этгээдэд санг төлөөлсөн”, 3.16.5-д “албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтэйгээ холбогдуулан бэлэг, шан харамж, хахууль авсан, зуучилсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хамаарал бүхий этгээдэд үндэслэлгүй давуу байдал олгосон, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан”, 3.16.23-д “тухайн ажилтны эдлэх эрх, албан тушаалын онцлогийг харгалзан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан”, 12.2-д “сангийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, тогтоол, тушаал, шийдвэр, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, бусад дүрэм, журам, заавар болон хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээн үүргийг зөрчих”, 12.5-д “удирдах албан тушаалтан болон өөрөөс нь ахмад насны ажилтантай ажлын байранд хүндэтгэлгүй харилцах, цээртэй үг хэллэг хэрэглэх, үл хүндэтгэсэн үйлдэл гаргах, өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөгөөг хугацаанд нь биелүүлээгүй, сонсоогүй дүр үзүүлэх, асуултад хариулт өгөхгүй байх” заалтуудыг зөрчсөн гэжээ.

 

5. Ажилтан Ж.Үүрийнтуяа хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд 2016.04.13-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний нэг тал болох О.Батбилэгт давуу байдал бий болгон үүргээ бүрэн биелүүлээгүй, алданги төлөөгүй, түрээслэсэн трактор, өвсний хадуур, дүүжин тармуураа буцааж өгөөгүй байхад түүний барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэжээ.

 

6. Хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан барьцаа хөрөнгөөс чөлөөлөх тухай албан тоотыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн албажуулж, ХЭӨУГ-ын дарга Б.Энхбаяр, СБХОГ-ын дарга Г.Одгэрэл нар хянаж, мэргэжиллтан Ж.Үүрийнтуяа боловсруулсан, 2021.10.27-ны өдрийн 01/2183 албан тоотоор О.Батбилэг гэрээний үүргээ биелүүлсэн тул хөрөнгийг чөлөөлж байгааг гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн мэдэгдсэн байна.

 

7. Ж.Үүрийнтуяа О.Батбилэгт давуу байдал олгож, төлбөрөө бүрэн төлөөгүй байхад удирдлагадаа худал мэдээлэл тарааж, О.Батбилэгийн эд хөрөнгийг чөлөөлсөн гэх байдал нь хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн тооцоо нийлсэн актаар үгүйсгэгдэж байна.

 

8. Энэ тооцоо нийлсэн актад үндэслэж Ж.Үүрийнтуяа ажил үүргээ гүйцэтгэсэн байх бөгөөд энэ актыг СБХОГ-ын ахлах нягтлан бодогч Н.Чанцалдулам, СБХОГ-ын тооцооны нягтлан бодогч Б.Эрдэнэбат, О.Батбилэг нар үйлджээ.

Хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан 2016/ХИБ04 тоот зээлийн гэрээ дүгнэсэн тухай тооцоололыг шүүх дүгнээгүй бөгөөд энэ баримт нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, ахлах нягтлан бодогч Д.Цэцэгсүрэн, тооцооны нягтлан бодогч А.Батцэрэн, мэргэжилтан Б.Эрхэмбаяр нар үйлдсэн байна.

 

9. Гэрээний тооцоо нийлэх, алданги бодох асуудал Ж.Үүрийнтуяагийн ажлын үүргийн хуваарьт хамаарахгүй бөгөөд хэргийн 60, 78 дугаар талд авагдсан баримтаар тооцоолол хийх, тооцоо нийлэх асуудлыг ажил олгогчийн нягтлан бодогч нар хариуцдаг байна.

 

10. Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газар хугацаа хэтэрсэн өр төлбөрийн асуудлыг захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлэн гэрээ хэлцлийг хийх, барьцаа хөрөнгө чөлөөлөх ажлыг зохион байгуулах, сангийн удирдах болон захирлын зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, хуралдуулах, гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байна.

 

11. Ажилтан Ж.Үүрийнтуяа өөрт оногдсон ажил үүргийн дагуу О.Батбилэгийн асуудлыг боловсруулсан бөгөөд тэрээр барьцаа хөрөнгө чөлөөлөх, алданги тооцоолол гаргах эрх бүхий албан тушаалтан биш энэ нь түүний ажил үүргийн хуваарьт хамааралгүй байна.

 

12. Мөн Ж.Үүрийнтуяад “Иргэн О.Батбилэгийн барьцаа солиулах хүсэлтийг дур мэдэн өөрчлөн, барьцааг нь чөлөөлөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн, алдангийг нь нуун дарагдуулсан ноцтой зөрчлөө яаралтай арилгах талаар үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, хариу тайлбар авахаар хэд хэдэн удаа дуудахад очоогүй. Өөрийн удирдлага болон захирлыг худал буруу мэдээллээр ханган, үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан” гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд ажил олгогч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. 

 

13. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан байх бөгөөд 131 дүгээр зүйл ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол авах арга хэмжээ бөгөөд Ж.Үүрийнтуяа сахилгын зөрчил давтан гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

14. Иймд Ж.Үүрийнтуяаг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль эрсдэл, өрийн удирдлагын газар, Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

15. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин Ж.Үүрийнтуяагийн дундаж цалин хөлс /2021 оны 8, 9, 10 сарын дундажаар бодоход/ 1.229.830 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс /1.229.830:21.5=57.201/ 57.201 төгрөг байна.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас Ж.Үүрийнтуяагийн ажилгүй байсан хуацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 4 сар ажлын 20 хоногийн нөхөн олговорт /4х1.229.830=4.919.320, 20х57.201=1.144.020, 4.919.320+1.144.020=6.063.340/ 6.063.340 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нэхэмжлэгч Ж.Үүрийнтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овогт Жаргалсайханы Үүрийнтуяаг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хууль эрсдэл, өрийн удирдлагын газар, Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас 6.063.340 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Үүрийнтуяад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ж.Үүрийнтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд даалгасугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Үүрийнтуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 111.963 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО