Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/01004

 

 

 

 

 

 

2022 05 25 210/МА2022/01004

 

Ж.Ү нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00974 дугаар шийдвэртэй, Ж.Ү нэхэмжлэлтэй хариуцагч Х холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хуулийн хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдөр Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тус байгууллагад ажиллах хугацаанд алдаа зөрчил гаргаагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй ажилласан. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх боловч ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тодорхой бус. Ажлын байрны тодорхойлолтод заасан хүрээнд ажлаа цаг тухай бүр хийсэн. Харин ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, ажил үүргийн хуваарьт хамааралгүй, барьцаа чөлөөлөх ажлыг хийлгэж байсан. Хэдийгээр энэ ажил нь надад хамааралгүй боловч удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажил үүргээ гүйцэтгэх явцад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдол байхгүй. Түүнчлэн, сангийн үйл ажиллагаанд хохирол учруулсан эсэхтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй, нэхэмжилсэн зүйлгүй. Бусад компани, хувь хүнтэй хамтран хуйвалдаж сангийн өмч хөрөнгө, төсөл хөтөлбөрийн зээл тусламжийн зүйлийг ашигласан, ашиглах боломж олгосон гэсэн нь тодорхой бус, нотлох баримтгүйгээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ямар ч зөрчил гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь ХХ ны Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ж.Ү нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ХХ ны гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар ажлаас халсан. ХХ ны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Ү тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5, 8.1.3-т заалтыг зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, өөрийн удирдлага болон захирлыг худал буруу мэдээллээр ханган биелүүлэхээс татгалзсан. Мөн гэрээний 1.2-1 заалтыг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 7.3-д заасан шийтгэлээс ногдуулна гэсний дагуу Ж.Ү д Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ж.Ү Хөдөлмөрийн гэрээний 8.1.8-д заасан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, түрээслэгч О.Б ээс ирүүлсэн барьцаа солиулах хүсэлтийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан дур мэдэн өөрчлөн шийдвэрлэж барьцааг чөлөөлсөн бөгөөд О.Б түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон алданги болох 14,255,280 төгрөгийг нуун дарагдуулж, алданги байхгүй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн бусдыг татан оролцуулж байгууллагад 14,255,280 төгрөгийн хохирол учруулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 12.2-д заасан үүргийг зөрчсөн нь тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д заалтыг зөрчсөн. Мөн Ж.Ү хариуцсан ажилдаа хайнга хандаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолын биелэлт хангагдаагүй удаашруулсан зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нь ХХ ны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаал, түүний гуравдугаар хавсралтад заасны дагуу хугацаа хэтэрсэн өр авлагын асуудал, барьцаа хөрөнгө чөлөөлөх ажлыг зохион байгуулахдаа захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлэх үүргээ биелүүлэхгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зөрчлүүдийг гаргасан. Мөн О.Б барьцаа хөрөнгийг чөлөөлсний улмаас О.Б нь уг барьцаа хөрөнгөө Ж.Түгээмэлд өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг бөгөөд тус сангийн зүгээс зөрчлийн талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст албан тоот явуулсны дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 138 дугаар албан бичигт дахин бүртгэснийг мэдэгдье гэсэн залруулга хариу ирүүлсэн. Ж.Ү нь О.Б барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө О.Б үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр албан бичиг төлөвлөж гаргуулсан бөгөөд О.Б нь үүргээ бүрэн биелүүлээгүй, алданги төлөөгүй, түрээслэсэн трактор, өвсний хадуур, дүүжин тармуураа буцааж өгөөгүй байгаа болно. Иймээс Ж.Ү д Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1, 13.7.3-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Ж.Ү гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овогт Ж.Ү ХХ ны Хууль эрсдэл, өрийн удирдлагын газар, Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ наас 6,063,340 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ү д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ж.Ү нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХ наас улсын тэмдэгтийн хураамжид 111,963 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хэт нэгийг талыг баримталж, хуулийг буруу тайлбарласан. Анхан шатны шүүх хавтас хэрэгт бичгийн хэлбэрээр авагдсан баримтуудыг үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн ...барьцаа хөрөнгө чөлөөлөх асуудал нь миний ажил үүргийн хуваарьт хамааралгүй ажил мэтээр тайлбарласан тайлбарыг үндэслэн дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ж.Ү албан тушаалын тодорхойлолт болон, Хууль эрсдэл өрийн удирдлагын газрын үндсэн чиг үүрэгт мэргэжилтнүүд барьцаа хөрөнгө чөлөөлөх үүрэг нь тодорхой тусгагдсаныг шүүх үнэлээгүй.

Иргэн О.Б нь барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх хүсэлт биш харин солиулах хүсэлт ирүүлсэн байхад Ж.Ү нь дур мэдэн уг асуудлыг захирлын зөвлөлөөр оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн Санхүү хөрөнгө оруулалтын газар болон Мал хамгаалах сангийн мэргэжилтнүүдээр гэрээ дүгнүүлж, алданги бодуулалгүй, алданги байхгүй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн удирдлагыг худал мэдээллээр ханган, төсөл төлөвлөн барьцааг нь чөлөөлснөөс санд 14,255,280 төгрөгийн хохирол учруулсан. Ж.Ү уг үйлдлээс болж алданги төлөгдөөгүй, түрээслэсэн техникээ буцааж аваагүй мөн барьцаа хөрөнгө чөлөөлснөөс үүдэн уг барьцаа хөрөнгө өөр өмчлөгчийн нэр дээр шилжин очсон гэх мэт хохиролтой үр дагаварууд гарсан байна.

Мэргэжилтнүүдэд барьцаа солиулах, чөлөөлөх хүсэлт иргэн аж ахуйн нэгжээс ирэхэд гэрээ болон өр төлбөрийг судлан үзээд, өр төлбөртэй холбоотой асуудал байвал төсөл бэлдэн Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, харин өр төлбөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд удирдлагадаа танилцуулан шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл Ж.Ү нь О.Б үүргээ бүрэн биелүүлсэн, үндсэн төлбөрөө төлсөн, алданги байхгүй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн удирдлагаа худал мэдээллээр хангасан. Энэ зөрчлийг нь нотолсон баримтууд болох Санхүү бүртгэл хөрөнгө оруулалтын газраас гаргасан 14,255,280 төгрөгийн алданги бодсон баримт, өмнө нь алданги байхгүй мэтээр хуурамчаар үйлдсэн баримт гэх мэт бүх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгө солиулах хүсэлтийг барьцаа хөрөнгө чөлөөлөх болгон өөрчилсөн үйлдэл нь өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл бөгөөд О.Б барьцааг чөлөөлөхдөө О.Б үүргээ бүрэн биелүүлсэн, алданги байхгүй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн албан бичгийн төсөл төлөвлөсөн үйлдэл нь удирдлагыг буруу мэдээллээр хангасан үйлдэл юм. Анхан шатны шүүхээс гэрээг дүгнэж, алданги үүссэнг тодорхойлсон баримтыг үнэлэхгүй орхигдуулсан нь шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна. Ж.Ү нь гэрээг дүгнүүлж алданги үүссэн асуудлыг нуун дарагдуулснаас байгууллагад хохирол учирсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй байдал нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагчийн гаргасан гомдолд ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гэж тусгасан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр үзүйлийн 40.1.3 болон 131 дүгээр зүйлийг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээнд заасан гэх зөрчлүүд тогтоогдоогүй гэдгийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Мөн хариуцагчйин гомдолдоо дурдаад байгаа алдангитай холбоотой зохицуулалтад нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарьт алданги тооцох алдангийг бодох талаар заалт байхгүй. Алдангийг санхүү аж ахуйн нэгж тооцоод тухайн хүн ямар нэгэн алдангигүй гэх албан бичиг ирсний үндсэн дээр ажиллагаа хийгдсэн. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаад алдангийг чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарласан энэ нь хариуцах байгууллагын удирдах албан тушаалтнууд албан тоотын төсөлтэй танилцаад албажаад, гарын үсгээр баталгаажих бөгөөд удирдлагын зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагаанууд юм. Иймд хариуцагчийн тайлбарласан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ү нь хариуцагч Х холбогдуулан Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Ж.Ү нь хариуцагч байгууллагын Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн /1хх-5/ байх ба дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус нийцсэн, талууд энэ талаар маргаангүй.

4. Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.3, 3.16.4, 3.16.5, 3.16.23, 12.2, 12.5, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.7.3, Хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 7.3, 8.1.3, 8.1.8, 8.1.9 дэх хэсгийн заалтуудыг тус тус баримтлан Ж.Ү г хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх5/

5. Нэхэмжлэгч Ж.Ү нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил үүргээ гүйцэтгэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гүйцэтгэдэг, зөрчил гаргаагүй, байгууллагад хохирол учруулаагүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон, Сангийн ажлын албанд үйл ажиллагаанд саад болох, эсрэг үйл ажиллагаа явуулж хохирол учруулсан, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу байгууллагын тоног төхөөрөмжийг О.Б т түрээслэхдээ давуу байдал бий болгож гэрээний үүргээ биелүүлээгүй байхад нь барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх1-2, 21, 49, 128-131, 133-137/

6. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн байна. Хариуцагч байгууллага нь Ж.Ү г О.Б т давуу байдал бий болгож түүний барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь ажлаас халах үндэслэл болсон гэж маргадаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаар тушаалын үндэслэл нь хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйн яамны тооцоо нийлсэн актаар үгүйсгэгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, хэргийн баримтаас үзэхэд Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан, О.Б нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Талууд гэрээг дүгнэж 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр акт үйлдсэн /хх79/, улмаар барьцаа хөрөнгийг чөлөөлсөн /хх55-56/ үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс ажилтан гүйцэтгэвэл зохих ажил үүргээ биелүүлээгүй, барьцааны зүйлийг чөлөөлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг ахлан нягтлан бодогч Н.Чанцалдулам, тооцооны нягтлан бодогч Б.Эрдэнэбат болон О.Б нар үйлдсэн байна. Улмаар барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2183 дугаар албан бичгийг Ж.Ү боловсруулж, ХЭӨУГ-ын дарга Б.Энхбаяр, СБХОГ-ын дарга Г.Одгэрэл нар хянаж, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн гарын үсэг зурж баталсан байна. Уг албан бичгийг Ж.Ү боловсруулсан нь түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, О.Б т давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх гэрээний тооцоо нийлэх, алданги бодох асуудал Ж.Ү ажил үүрэгт хамаарахгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш гэж дүгнэлт хийхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

О.Б гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад худал мэдээлэл өгч О.Б барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/191 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэл болгосон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ж.Ү г сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийн үр дагавар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор юм. Нэхэмжлэлийн цалин хөлстэй холбогдох шаардлагын тухайд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 6,063,340 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцжээ.

9. Мөн хариуцагч Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албанд Ж.Ү нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7