Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/2022/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Өнөр хороолол 00 тоот хаягт байрлах, П ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 00, 0 давхарт байрлах, Н ХХК /РД:/-д холбогдох

 

Түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохирол 947 740 869 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, түрээсийн гэрээний үүрэгт 164 471 185 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан. Гал түймэр гарсны дараа манай компани хариуцагчид хэвийн ажиллах боломжоор хангаж, засварыг хийж өгөхийг хүндэтгэлтэй хандаж хүлээсэн боловч гэрээний үр шимийг хүртэх боломжоор хангахгүй. Та нар өөрсдөө засвар хийгээд орвол ор үгүй бол талбайг чөлөөл гэж хэлсэн. Мөн тухайн талбайг манай компанитай адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдэд санал болгож байснаас талбайг хүлээлгэн өгсөн. Бид 2018 онд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж, бүх даатгал болон эрсдэлийн арга хэмжээг авч байсан. Хэрвээ түрээсийн үйл ажиллагааг бүрэн явуулсан бол засвар тохижилт үйлчилгээний зардал болон ирээдүйд ашиг олох бүрэн боломжтой байсан. 2020 оны 6 сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 сарын 30-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан бол олох боломжтой байсан ашиг нь 553 099 706 төгрөг гэж шинжээч тогтоосон. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 сар хүртэл 10 ажилтны нийгмийн даатгалыг төлж ажлын байраа хадгалсан ба ажилтнуудад олгосон 98 672 309 төгрөгийн хохирол учирсан. Нийт засан сайжруулсан, засвар үйлчилгээнд 271 911 907 төгрөг зарцуулсан. Их дэлгүүрийн 7 давхрын 1044 м.кв талбайг шилжүүлж бид хариу төлбөрийг төлнө гэж тохиролцсон боловч түрээслүүлэгч үүргээ гүйцэтгээгүй. Их дэлгүүрийн 7 давхар галд өртсөн үйл баримтаас болоод бид талбайд хэмжилт хийлгэхэд тус талбай нь 1000.93 м.кв болох нь тогтоогдсон. Иймд хариуцагчийг гэрээний хугацаанд 24 056 947 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан хохирол 947 740 869 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах болсон тухайгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь 2020 оны 6 дугаар сарын 07-өдөр Улсын их дэлгүүрт гал түймэр гарч бусдад 24 023 847 554 төгрөгийн хохирол учирсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2 дугаар зүйлд зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд энэ үйл явдал нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос үл хамаарч бий болсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан байх тул түрээслэгч буюу нэхэмжлэгч нь мөн зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Хохирлыг буруутай этгээд хариуцахаар хуульд заасан. Гэвч Улсын их дэлгүүрийн барилгад гал түймэр гарсны улмаас хариуцагч Н ХХК болон бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Н ХХК нь тус хэргийн улмаас 2021 оны 03 сарын 26-ний өдрийн дугаар бүхий яллах дүгнэлтээр 3 тэрбум хохирол амссан болох нь тогтоогдсон тул хариуцах ёстой этгээд нь биш байна. Хохирол тодорхойлсон үнэлгээний тайлан үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн үүргээ биелүүлсэн цалин хөлсөө манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчид Улсын Их Дэлгүүрийн 7 давхрыг түрээслэхээр тохирсон тул зөвхөн ашигтай талбайн хэмжээгээр тооцон илүү түрээсийн төлбөр төлсөн гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай компани хариуцагч П ХХК-тай 2018 оны 12 сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүрийн барилгын 7 давхрыг бүхэлд нь ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 3.1-т түрээсийн төлбөрийг нэг сарын 41 000 000 төгрөг байхаар, 3.2-т ашиглалтын зардал цахилгаан, халуун, хүйтэн ус багтах бөгөөд тоолуурын заалтын дагуу төлөхөөр, гэрээний 3.3, 3.4-т түрээсийн болон ашиглалтын зардлыг сар бүрийн 5-ны өдрийн дотор төлж байхаар тохирсон. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 02 сараас 06 сарын 07-ны өдрийг хүртэл түрээсийн болон ашиглалтын зардал төлөөгүй тул түрээсийн төлбөр 105 467 008 төгрөг, ашиглалтын зардал 4 180 449 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. иймд гэрээнд заасан алдангийн хамт нийт 164 471 185 төгрөгийг П ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...манай компани түрээсийн бодитой талбайн хэмжээгээр тооцон 2020 оны 02 сараас 2020 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 116 хоногийн түрээсийн төлбөрт 80 395 647 төгрөг, алданги 10 058 306 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 4 180 449 төгрөг, үүний алданги 476 940 төгрөгийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээслүүлэгч гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохирол 947 740 869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлээр түрээсийн гэрээний үүрэг болох түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал, алдангийн хамт нийт 164 471 185 төгрөгийг шаарджээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан шаардлагыг хооронд нь тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...түрээслүүлэгч компанийн үйл ажиллагаанаас үүдэн 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрт гал түймэр гарсан бөгөөд уг үйл явдлаас хойш 7 сарын хугацаа өнгөрсөн ч хэвийн ажиллах боломжоор хангаагүй, түрээсийн талбайг саадгүй ашиглах боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалсантай холбогдон учирсан хохирол болох өөрийн хөрөнгөөр рестораны зориулалтаар засан тохижуулахад гарсан зардал 271 911 907 төгрөг, гал гарсан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2021 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчдынхаа ажлын байрыг хадгалах зорилгоор цалин хөлсийг олгож байсан тул ажилчдад олгосон цалин хөлсний зардал 98 672 309 төгрөг, мөн хугацаанд хамаарах олох байсан орлого 553 099 706 төгрөг, түрээсийн талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдсон тул урьд талбайн зөрүүд илүү төлсөн 24 056 947 төгрөг, нийт 947 740 864 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлав.

 

Хариуцагч ...Улсын их дэлгүүрт гал түймэр гарснаас хохирол учирсан нь түрээслүүлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос хамаараагүй тул хохирол хариуцахгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2020 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл түрээсийн болон ашиглалтын зардал төлөөгүй тул түрээсийн төлбөр 105 467 008 төгрөг, ашиглалтын зардал 4 180 449 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу алдангийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нийт 164 471 185 төгрөгийг түрээслэгч П ХХК-иас гаргуулна... гэснийг нэхэмжлэгч ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талбайн хэмжээнд ногдох түрээсийн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Илүү төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр няцаасан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 12 сарын 28-ны өдөр ТГ/18/256 дугаар түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр түрээслүүлэгч Н ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхар, 1044 м.кв талбай бүхий фүүдкорт ажлын байрыг түрээслэгч П ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч П ХХК нь түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг, нэмэх нь ашиглалтын зардлыг тоолуурын заалтын дагуу сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр тус тус тохирчээ.

 

Гэрээний зүйл болох түрээсийн талбай нь Улсын их дэлгүүрийн барилгын тусгаарлагдсан хэсэг буюу 7 дугаар давхрыг аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба эрх зүйн харилцааны хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан эд хөрөнгө биш, харин барилгын тусгаарлагдсан хэсэг тул гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй болно. Иймд талуудын хооронд бичгээр хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Улсын их дэлгүүрийн барилга нь У ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр /2-р хх-ийн 235, 236 тал/ тогтоогдож байх ба өмчлөгч нь НХХК-тай 2018 оны 01 сарын 01-ны өдөр эд хөрөнгийг дамжуулан түрээслэх эрхтэйгээр түрээсийн гэрээ байгуулсан байна. /2-р хх-ийн 229-233/

 

Хариуцагч Н ХХК нь дамжуулан түрээслэх эрх олгосон гэрээний дагуу Улсын их дэлгүүрийн барилгын талбайг аж ахуй нэгж, иргэдэд түрээслүүлэх, барилгын ашиглалтыг хариуцдаг гэж тайлбарлаж байх ба талуудын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Улсын их дэлгүүрийн барилгад 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэр бүхий этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарч, 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нийт иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдаж, эд хөрөнгө барилга байгууламжид хохирол учирсан бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.Ц, Г.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан болох нь 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 76А дугаар яллах дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Тухайн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

 

Гэрээний 5.2.4-т түрээслүүлэгчийг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлийг хангахыг түрээслэгч шаардах эрхтэй гэжээ. Хэдийгээр гал түймэр гарсан үйл явдалд хариуцагч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй боловч тухайн үйл явдал болсноос хойш /2020.06.07/ одоог хүртэл түрээсийн гэрээний зүйл болох Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхарт засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй байгаа болох нь гэрч Д.Бат-Амгалангийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н ХХК-д түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцөлөөр хангуулах талаар удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэл хүргүүлж байсан талаарх тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй ба гэрээ цуцлагдсан, түрээслүүлэгч буюу Н ХХК-д түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Н ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдийн /1-р хх-ийн 204-206, 2-р хх-ийн 79-84, 87 талд/ агуулгаас үзвэл талууд хугацаанаас өмнө гэрээ цуцлах саналыг харилцан зөвшилцсөн буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хугацааг тогтоосон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцлах шаардлага нь бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй, түрээсийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.8-д түрээслэгчийг түрээсийн байрыг гэрээний нөхцөлийн дагуу саадгүй ашиглах боломжоор хангах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

                         

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан ба мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд 227.3-н зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.

 

Нэхэмжлэгч П ХХК нь түрээсийн давхрыг рестораны зориулалтаар, өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй ба харин үнэлгээг үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр Вендо ХХК-ийн үнэлгээний тайланг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч засвар, тохижуулалтын ажилд зарцуулсан санхүүгийн анхан шатны баримтууд гал түймрийн улмаас устсан гэж тайлбарласан ба Вендо ХХК үнэлгээний тайлан гаргахдаа засвар хийхэд ашигласан интерьерийн зураг, цахилгааны зураг, таазны ажлын зураг, өөрсдийн хийсэн үзлэг, хэмжилтэд үндэслэн ажлын тооцоог барилгын төсвөөр тооцон 263 911 907 төгрөгийн үнэлгээ гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэв. Мөн сан техникийн зардал 8 000 000 төгрөг, нийт 271 911 907 төгрөг нь нэхэмжлэгчээс гарсан зардал тул хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн П ХХК-ийн Удэх салбарын 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацааны борлуулалтын орлогын мэдээ, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогыг компанийн өмнөх жилийн үйл ажиллагааны орлого болон зарлагуудын үндэслэн тооцоолж гаргасан Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан эдгээр баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь олох байсан орлогыг 553 099 706 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлтэй, тус шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцнэ.

 

Харин ажилчдад олгосон цалин 98 672 309 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүйн дээр түрээсийн гэрээний зүйл болох Удэх салбарын ажилчдад хамаарах цалин хөлс гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд талбайн үнэлгээг 1 м.кв талбайд ногдох үнэлгээгээр бус харин 7 давхрыг сарын 41 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байх тул дутуу м.кв талбайд ногдох илүү төлсөн төлбөр 24 056 947 төгрөг гаргуулах шаардлага мөн үндэслэлгүй.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 825 011 613 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 122 729 256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч П ХХК-д холбогдуулан 2020 оны 02 сараас 06 сарын 07-ны өдрийг хүртэл түрээсийн болон ашиглалтын зардал төлөөгүй тул түрээсийн төлбөр 105 467 008 төгрөг, ашиглалтын зардал 4 180 449 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу алдангийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нийт 164 471 185 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

 

Гэрээний 3.1-т ...түрээсийн байрны түрээсийн төлбөр нь нэг сарын 41 000 000 төгрөг байна. Хэрэв түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулахаар бол талууд тохиролцож, бичгээр нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийх, мөн инфляцын түвшинг харгалзаж түрээсийн үнийг шинэчилж мөрдөнө... гэж тохирсон ба талууд 2 ба 3 сард хамаарах төлбөрийг 20 хувиар, 4 сард хамаарах төлбөрийг 35 хувиар, 5 ба 6 сард хамаарах төлбөрийг 50 хувиар тус тус хөнгөлөхөөр тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэрээний 3.3-т ...түрээслэгч гэрээнд заасан сар бүрийн түрээсийн төлбөрийг урьдчилан сар бүрийн 05-нд багтаан шилжүүлнэ..., 3.7-д ...бүх нийтийн амралтын өдрийн түрээсийн төлбөрийг түрээсийн үндсэн төлбөрөөс хасч тооцно... гэж тус тус тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр шаардах эрхтэй. Н ХХК нь тохиролцсон ёсоор хөнгөлсөн үнийн дүнгээр тооцон түрээсийн төлбөр 104 467 008 төгрөг шаардсан байх ба харин бүх нийтээр амрах нэг өдөр буюу 01 сарын 01-ны өдрийн түрээсийн төлбөрийг түрээсийн үндсэн төлбөрөөс хасаагүй байгааг хасч, 104 408 944 төгрөгийн түрээсийн төлбөрийг П ХХК төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т ...түрээслэгч нь түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө... гэж тохиролцсон тул түрээслүүлэгч буюу хариуцагч нь алданги шаардах эрхтэй, 52 204 472 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

Гэрээний 3.2-т ...түрээслэгч нь түрээсийн талбайн ашиглалтын зардлыг сар бүр тоолуурын заалтын дагуу төлнө. Ашиглалтын зардал гэдэгт цахилгаан, халуун хүйтэн ус багтана. Ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөөгүй улмаас бий болох аливаа үр дагаврыг /алданги, торгууль төлөх, ус цахилгаан хязгаарлах гэх мэт/ түрээслэгч өөрөө хариуцна... гэжээ.

 

Нэхэмжлэгч П ХХК нь 2020 оны 02 сараас ашиглалтын төлбөр төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй хэдий ч хариуцагч Н ХХК нь ашиглалтын зардал 4 180 449 төгрөгийг хэрхэн тооцсон, тоолуурын заалтыг үндэслэсэн эсэхээ баримтаар нотлоогүй шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын зардал, түүнд тооцсон алдангийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас 156 613 416 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 857 769 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 156 613 416 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцож, хариуцагчаас 668 398 197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК-иас 668 398 197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5 281 856 төгрөг, хариуцагчаас төлсөн 980 306 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 499 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Д.МӨНХЦЭЦЭГ