Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00781

 

 

 

 

 

 

 

 

2023 04 14 210/МА2023/00781

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00029 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-д холбогдох, 947,740,869 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 164,471,185 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани 2018 оны 12 сарын 28-ны өдөр ****/*** тоот түрээсийн гэрээг Н ХХК-тай байгуулж, *** байрлах, У дэлгүүрийн 7-р давхрын 1,044 м.кв талбай бүхий фүүдкортын ажлын байрыг түрээслэн, хоосон талбайд өөрсдийн зардлаар тохижилт хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл 2020 оны 06 сарын 07-ны өдөр түрээслүүлэгч компанийн үйл ажиллагаанаас үүдэн дээврийн хэсгээс гал гарч, хэвийн ажиллах боломжгүй болсон. Гал түймрийн улмаас учирсан хохирлыг арилгах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөх талаар нөгөө талд удаа дараа мэдэгдсэн. Гэрээнд заасан 5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашиг олох зорилготой байсан. Гэтэл түрээсийн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөлөөр хангахгүй олон сараар хохироож, үйл ажиллагаа явуулж байсан талбайг хааж, зөвшөөрөл, санал, хүсэлт авалгүйгээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид талбайг түрээсэлсэн нь биднийг цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон. Иймд гэрээгээ цуцалж, хохирлоо нэхэмжилж байна. Бид түрээсийн эд зүйлийг ашиглан үр шимийг хүртэхийн тулд гэрээ байгуулснаас хойш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу Н ХХК-тай хөрөнгийн даатгалын, гэнэтийн ослын даатгалын, мэргэжлийн хариуцлагын даатгалын, байгууллагын хариуцлагын даатгалын гэрээг тус тус байгуулсан. Манай компани түрээслүүлэгчийн У дэлгүүрийн 7-р давхрын 1,044 м.кв талбайг сарын 41,000,000 төгрөгөөр тохирч, нэг м.кв-ыг 39,272 төгрөгөөр тооцож төлбөрийг 13 сар төлсөн боловч энэхүү маргаан бүхий асуудлаас болж бид үнэлгээ хийлгэхдээ түрээсийн талбайг тусгай эрхтэй этгээдээр хэмжилт хийлгэхэд бидэнд түрээсэлж байсан талбайн хэмжээ 1,006.3 м.кв болох нь тогтоогдсон. Иймд өнөөдрийг хүртэл түрээслүүлэгч компани гэрээний 1.3, 5.1.8, 5.1.10-т заасан үүргээ биелүүлэхгүй гэрээний 6.2-т зааснаар 2018 оны 12 сарын 28-ны өдрийн ****/*** тоот 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээг цуцлах, гэрээний 7.1-д зааснаар гал түймрийн улмаас учирсан хохирол 48,477,200 төгрөг, 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан ашиг орлого 553,099,706 төгрөг, 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилчдын өмнө хүлээсэн үүрэг болон ажлын байрны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажилчдын цалинг олгосоор ирсэн 98,672,309 төгрөг, гэрээний дагуу талбайд салгаж үл болох бүтээн байгуулалт тохижилтын зардал, засварын ажлын хөлс 263,911,907 төгрөг, сантехникийн зардал 8,000,000 төгрөг, нийт 972,161,122 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбайн зөрүүнд илүү төлсөн 24,056,947 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 996,218,069 төгрөг нэхэмжилснээс гал түймрээс учирсан хохирлыг Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа эрүүгийн хэрэгт 68,545,900 төгрөгөөр Х ХХК тогтоосны дагуу Н ХХК манайд 20,000,000 төгрөг өгсөн тул үлдэх 48,477,200 төгрөгийг хасч, нийт 947,740,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2020 оны 06 сарын 07-ны өдөр У дэлгүүрт гал түймэр гарч бусдад 24,023,847,554 төгрөгийн хохирол учирсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-т зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарна. Энэ үйл явдал нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос үл хамаарч бий болсон. У дэлгүүрийн барилгад гал түймэр гарсны улмаас хариуцагч Н ХХК болон бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, У дэлгүүрийн барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэж байхдаа гал алдаж бусдад 24,023,847,554 төгрөгийн хохирол учруулсан А ХХК-ийн захирал Б.Ц, ажилтан Г.Б нар яллагдагчаар татагдаж, шийдвэрлэгдсэн, Н ХХК буруутай этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. П ХХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд нийт 1,044.3 м.кв талбайг сарын 41,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Үүнд талууд нийт талбай, ашигтай талбай гэх мэтээр тохиролцоогүй. Бид ашигтай талбайг тооцолгүй, 7-р давхрыг бүхэлд нь нэхэмжлэгчид түрээсэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Талбайн хэмжээ буруу, зөрүүтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.2-т тодорхой заасан. Гэрээнд нийт талбайгаар тооцсон байхад нэхэмжлэгч тал ашигтай талбайгаар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талын буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч тал хохирсон бол олох ёстой орлого тогтоогдоно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болж үүрэг зөрчигдсөн бол шаардах эрхтэй гэж заасан. Бид түрээсийн гэрээний үүргээ зөрчөөгүй тул хохирол төлөх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын татварын тайлангаас харахад нийт салбаруудын ажилчиддаа олгосон цалин 98,672,309 төгрөг байсан гэж нэхэмжилдэг боловч яг хэдэн ажилтан У дэлгүүрийн салбарт ажилладаг байсан, үнэхээр ажилгүй байсан эсэх, ажилчид нь нөгөө 3 салбар дээрээ ажиллаж цалингаа авсан эсэх нь тодорхой бус байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Талбайн сайжруулалт, тохижилтод 271,911,907 төгрөг нэхэмжилсэн бөгөөд В ХХК-ийн засан сайжруулалт хийхээс өмнөх зурагт үндэслэж нэхэмжилж байна. Гал гарсны дараа бичлэг хийсэн Э.Г гэх хүнийг гэрчээр асуухад нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний хохирол учраагүй гэж мэдүүлсэн ба эрүүгийн журмаар галаас үүссэн хохирлыг П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул дахин дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.1-т түрээсийн төлбөрийг нэг сарын 41,000,000 төгрөг байхаар, 3.2-т ашиглалтын зардалд цахилгаан, халуун, хүйтэн ус багтах бөгөөд тоолуурын заалтын дагуу төлөхөөр, гэрээний 3.3, 3.4-т түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлж байхаар тохиролцсон. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 02 сараас 2020 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл буюу У дэлгүүрт гал гарах хүртэл хугацааны түрээсийн болон ашиглалтын зардлыг төлөөгүй. Түрээсийн төлбөр 105,467,008 төгрөг, ашиглалтын зардал 4,180,449 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн гэрээний 7.2-т заасны дагуу түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд ногдох алдангийг нэхэмжилж байна. 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг тооцоход алдангид ноогдох үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул 50 хувиар тооцож нэхэмжилсэн болно. Иймд П ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 105,467,008 төгрөг, алданги 52,733,504 төгрөг, ашиглалтын зардал 4,180,449 төгрөг, алданги 2,090,224 төгрөг, нийт 164,471,185 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тухайн цаг үед хөл хорио тогтоосонтой холбоотойгоор манай үйл ажиллагаа доголдсон. Хариуцагч тал ашиглалтын зардал 4,180,449 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа баримтаар нотлоогүй. Бүх нийтийн хөл хорионы үед зээл төлөлтийг хүртэл хойшлуулж байхад алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн талбайг хэмжүүлэхэд зөрүүтэй гарсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрүү талбайн төлбөрийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түрээсийн гэрээнд бичигдсэн талбайн хэмжээгээр ажиллаагүй хугацааны хоногийг оруулан тооцсон нь үндэслэлгүй. Бидний зөвшөөрч байгаа түрээс болон ашиглалтын зардлын хоногт Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосны хугацаа буюу 5 хоногийн хугацааг хасаж тооцсон болно гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-аас 595,771,731 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 351,969,138 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, П ХХК-аас 105,467,008 төгрөг гаргуулж, Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 59,004,177 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 5,281,856 төгрөг, хариуцагч Н ХХК-аас төлсөн 980,306 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 3,136,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, П ХХК-аас 685,285 төгрөг гаргуулж, Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Хэрэгт нотлох баримтаар өгсөн санхүүгийн тооцоолол хийсэн үнэлгээний компанийн үнэлгээчин н.Т ийг хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан олох байсан орлого ашгийг хэрхэн тооцсон талаар тодруулан мэдүүлэг авахад Ковид-19 цар тахал гарсан хугацааг буюу хөл хорио тогтоосон хоногийг ажилласан буюу орлого олох байсан хоног хугацаанд оруулаагүй, ажиллах боломжтой хоног хугацаанд олох байсан орлогыг 24,9 хувиар бууруулж буюу хасч тооцсон дүгнэлтийн дүн гэдгийг тодорхой тайлбарлан мэдүүлж, хэрэгт нотлох баримтаар авагдсан үнэлгээг буюу дүгнэлтийг гаргахад ашигласан арга хэрэгсэл үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл шүүх ямар үндэслэлээр олох байсан орлогыг үнэлгээ гаргасан тусгай мэдлэг бүхий санхүүгийн мэргэжилтэн 24,9 хувиар буруулчихсан дүнг дахин 40 хувиар бууруулж тооцон хасч шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

6.б. 2020 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш ажилчдын өмнө хүлээсэн үүрэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу олгосон нотлох баримтаар тогтоогдож буй 98,672,907 төгрөгийг олгохгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус заасныг зөрчиж, хэдэн ажилчдын, хэдэн төгрөгийг зардалд тооцон нэхэмжилж байгаа нь үнэлгээний баримтаас тодорхой харагдахгүй, У дэлгүүр дэх салбарын ажилчдад хамаарах цалин хөлс гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нийт 10 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгал төлсөн ажилчдын нийгмийн даатгалын дэвтрүүдийг нотлох баримтаар өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон 221,239,882 төгрөгийг, ажилчдад олгосон цалин 98,672,309 төгрөгийг тус тус хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч П ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг шүүх гаргуулсан. Тус тайланд П ХХК нь 2020 оны 07 сараас 2021 оны 03 сар хүртэл хугацаанд У дэлгүүрээс бусад салбар буюу 3 салбар нийтдээ 560,000,000 төгрөгийн орлоготой байсан нь тогтоогдсон. Гэтэл тухайн хугацаанд У дэлгүүрийн салбарууд дангаараа 553,000,000 төгрөгийн борлуулалтын орлого олно гэж В ХХК дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчээс 2019 оны 04 сарын 30-ны өдөр, 2020 оны 07 сарын 29-ний өдрүүдэд түрээслүүлэгч Н ХХК-д ирүүлсэн хүсэлтээс үзэхэд, бид борлуулалтын орлогын алдагдалтай байна, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байна, 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ үү гэсэн агуулгатай хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан. Үүний дагуу 2020 оны 01-03 сар хүртэл 20 хувь, 2020 оны 04 сард 35 хувь, 2020 оны 05-06 сар хүртэл 50 хувийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн. Дээрхээс үзэхэд В ХХК-ийн үнэлгээний тайлан үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үнэлгээний компанийн тайлан үндэслэлгүй байхад шүүх 221,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох бус эсрэгээрээ олох ёстой байсан орлого гэдгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. У дэлгүүрээс гадна 3 салбарт 98,600,000 төгрөгийн цалин олгосон гэх ба У дэлгүүрт хэдэн хүн ажиллаж байсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нийт ажилтны хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн гэх боловч тухайн үед ажиллаж байсан ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх тухайн үед хэн хэн ажиллаж байсан үйл баримт нь тодорхойгүй байх тул ажилчдын цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг гэрчээр асуулгаагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

8.а. Хэдийгээр түрээсийн гэрээний 5.2.4-т Түрээслүүлэгчийг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахыг түрээслэгч шаардах эрхтэй гэж заасан боловч гэрээний 1.3-т ...түрээсийн байранд түрээсийн зориулалтын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг түрээслүүлэгч хангана. Хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл гэдгийг Н ХХК, түүний нэгдэлд багтах компаниудын хэмжээнд зохион байгуулагдах шинэ жил, Номин наадам, VIP худалдаа, эдгээртэй дүйцэх бусад томоохон арга хэмжээнээс бусад тохиолдолд түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахад саад хориг, хязгаарлалт тогтоохгүй байх, ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх, инженерийн шугам сүлжээ, халуун хүйтэн ус, бохирын систем зэрэг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцөлийг ойлгоно" гэж заасан. Гэтэл шүүх түрээсийн гэрээний зөвхөн 5.2.4-т заасныг баримтлан түрээслэгчийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахыг шаардах эрхтэй гэж үзсэн бөгөөд харин Хэвийн үйл ажиллаа явуулах нөхцөл гэдгийг онцгойлон тайлбарласан заалт болох 1.3-т заасан зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

8.б. Хэдийгээр түрээслэгч нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.1.8-д зааснаар түрээслэгчийг түрээсийн байрыг гэрээний нөхцөлийн дагуу саадгүй ашиглах боломжоор хангах үүрэгтэй боловч түрээслүүлэгч буюу хариуцагч нь 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс өдийг хүртэл түрээсийн гэрээний зүйл болох У дэлгүүрийн 7-р давхарт засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, анхан шатны шүүх гал түймэр гарсан үйл явдалд хариуцагч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй гэж гал түймэр гарсан үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хариуцагч "Н" ХХК-ийг түрээсийн гэрээний зүйл болох У дэлгүүрийн 7-р давхарт засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

8.в. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг зөрчигдсөн байхыг тусгайлан шаарддаг. Үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн буруутай тохиолдолд гэрээний нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй" гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг зөрчигдсөн бол түүнтэй холбогдон гарсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, хуульд зөвхөн буруутай бол нөхөн төлнө гэсэн утга санааг тодорхой илэрхийлжээ. Мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7.1-д Талуудын аль нэг нь гэм буруутайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нөгөө талд хохирол учруулсан болох нь тогтоогдсон бол учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг гэм буруутай тал нь хариуцан төлнө заасан. Харин хариуцагч Н ХХК нь түрээсийн гэрээний үүргээ зөрчөөгүй. Тиймээс гэрээний нэг тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруугүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг шаардах эрхгүй.

8.г. А ХХК-ийн захирал Б.Ц, ажилтан Г.Б нар 2020 оны 06 сарын 07-ны өдөр газ, газан хошууг ашиглаж, элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг ил галаар халааж солих, наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдаж, У дэлгүүрийн 1-7-р давхарт үйл ажиллагаа явуулж байсан П ХХК, Н ХХК зэрэг 125 иргэн, хуулийн этгээдэд нийт 24,023,847,554 төгрөгийн хохирол учруулсан болохыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дугаар шийтгэх тогтоолоор тогтоож, шүүгдэгч Б.Ц, Г.Б нарыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Улмаар тус шийтгэх тогтоолын 5-д тус гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч П ХХК-д учирсан 68,545,900 төгрөгийн хохирол, хариуцагч Н ХХК-д учирсан 3,781,430,053 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч Б.Ц, Г.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрхээс үзэхэд У дэлгүүрийн барилгад гарсан гал түймэр нь хариуцагч Н ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гараагүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, У дэлгүүрийн 7-р давхарт засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

8.д. Нэхэмжлэгч нь түрээсийн талбайд өөрийн хөрөнгөөр засвар, тохижилтын ажил хийсэн тул энэ талаар хариуцагч маргахгүй. Гэхдээ шүүх В ХХК-ийн үнэлгээг үндэслэн салгаж үл болох тохижилтын зардалд 263,911,907 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Г ын мэдүүлэг зэргээс үзэхэд У дэлгүүрийн барилгын 7-р давхарт байрлах нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан рестораны хэсэг гал түймэрт устаж үгүй болоогүй, түрээсийн талбайн эд зүйлс галд өртөөгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь гал түймрийн улмаас санхүүгийн анхан шатны баримтууд устаж үгүй болсон гэж шүүхэд тайлбарлах боловч барилгын засварын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон ажлын хөлс төлсөн талаарх ямар ч татварын баримт, банкны зарлагын гүйлгээний хуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, хэрэгт хавсаргаагүй байхад шүүх үнэлсэн нь үндэслэлгүй юм.

8.е. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, түрээсийн гэрээний 7.2-т зааснаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Н" ХХК нь хариуцагч П ХХК-тай 2018 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээгээ цуцалж, гэрээнээс татгалзаж буй тохиолдолд алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгө авах болохоор гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгө өгөх болохоор гэрээний үүргээ зөрчөөгүй гэдэг. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээг эрх зүйн чадвартай этгээдүүд байгуулсан. Гэрээ байгуулахад олон шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, ажилчдын даатгал, энгийн даатгал гэх мэт олон шаардлагыг биелүүлж, хоосон талбай авч засан сайжруулж, тохижуулж, удаан хугацааны гэрээгээ хэрэгжүүлсэн. Гэтэл манай компанид учирсан гэрээний үүрэг буюу хэвийн ажиллах боломжийг хангаагүй, 2020 оны 06 сараас 2021 оны 07 сар хүртэл хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан буюу тасалдуулсан атлаа У дэлгүүрийн барилга гэж хууль бус, үндэслэлгүй тайлбар гаргаж болохгүй. Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Гал гарсан нь Н ХХК-ийн буруу гэж шаардаагүй. Гэрээний үүргээ биелүүлж, биднийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангаагүй гэж шаардсан. Улмаар гэрээнээс татгалзсан. Гэрээ цуцлах талаар талууд маргаагүй. Тийм учраас олох ёстой байсан орлого, ашиг гэдгийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Эдгээр шинжээчийн тайлан, аудитын дүгнэлтүүд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс гаргасан тайлантай нийцдэг. Татварын талаар маргаантай байгаа бол энэ талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах уу гэхэд үгүй гэсэн хариу өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжээч буюу үнэлгээ гаргасан тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлттэй холбоотойгоор дэлгэрэнгүй тайлбар өгсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Ажилтнуудыг У дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүс биш, ямар ажилтнууд ажиллаж байгаа нь тодорхойгүй гэж тайлбар гаргадаг. Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрүүдийг өгсөн. Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтыг гаргуулсан.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан олох ёстой байсан ашиг орлого 553,099,706 төгрөг, ажилчдад олгосон цалин 98,672,309 төгрөг, салгаж үл болох тохижилтын зардал, засварын ажлын хөлс 263,911,907 төгрөг, сантехникийн зардал 8,000,000 төгрөг, талбайн зөрүүнд илүү төлсөн 24,056,947 төгрөг, нийт 947,740,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 105,467,008 төгрөг, ашиглалтын зардал 4,180,449 төгрөг, алданги 54,823,728 төгрөг, нийт 164,471,185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-3, 220-221, 2хх 66, 77, 3хх 31-32, 43/

 

3. Талууд 2018 оны 12 сарын 28-ны өдөр *** тоот Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь П ХХК-ийн эзэмшил, ашиглалтад У дэлгүүрийн 7-р давхрын 1,044 м.кв хэмжээтэй талбайг 5 жилийн хугацаатай шилжүүлэх, П ХХК нь нэг сард 41,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 6-15/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгчийн түрээсэлж байсан 1,044 м.кв хэмжээтэй /гэрээнд туссанаар/ талбай нь У дэлгүүр ХК-ийн өмчлөлийн 12,479 м.кв талбайн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй. /2хх 237/

 

4. У дэлгүүрт 2020 оны 06 сарын 07-ны өдөр Б.Ц, Г.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан, үүнийн улмаас түрээслэгч П ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа тасалдсан, улмаар гэрээний талууд түрээсийн гэрээг цуцалсан үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

5.1. 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 553,099,706 төгрөг, 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилчдад олгосон цалин 98,672,309 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.1.1. Нэхэмжлэгч нь ашиг орлого гэж 553,099,706 төгрөгийг шаардаж байх боловч ашиг, орлого нь харилцан адилгүй тус тусдаа ойлголт. Ашиг нь орлогоос зардлуудыг хасч гарсан дүнг илэрхийлдэг бол орлого нь нийт ажил, үйлчилгээний борлуулалтыг илэрхийлдэг;

5.1.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.2 дахь хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж тус тус зохицуулжээ.

У дэлгүүрт гал гарч, үүний улмаас түрээсийн зүйлийг түрээслэгч эзэмшиж, ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, улмаар гэрээ цуцлагдсан явдалд түрээслүүлэгч буруугүй байх тул олох ёстой байсан ашиг орлого 553,099,706 төгрөг, ажилчдад олгосон цалин 98,672,309 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулах үндэслэлгүй;

5.1.3. В ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгч П ХХК-ийг 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 553,099,706 төгрөгийн ашиг орлоготой байх байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй; /1хх 42-98/

5.1.4. П ХХК-аас Н ХХК-д хандсан 2019 оны 04 сарын 30-ны өдрийн *** тоот албан бичигт ...дэлгүүрийн урсдаг шат 7 давхар хүртэл явдаггүй, үйлчлүүлэгч УИД 7 давхартай гэдэг талаар мэдээлэлгүй байдаг..., ...Харамсалтай нь 9-р сараас хойш орлого тогтмол бууралттай байж үүн дээр одоо үүсээд байгаа дэлхийг хамарсан халдварт өвчнөөс шалтгаалсан хүндрэл маш ноцтой тусч борлуулалт өмнөх сараас 60 хувиар буурсан..., ...Бид нээгдсэн цагаасаа эхлэн одоог хүртэл алдагдалтай ажиллаж байгаа... гэж дурджээ; /2хх 69-70/

5.1.5. Ажилчиддаа цалин хөлс олгох нь ажил олгогчийн хуулиар хүлээх үүрэгт хамаарна. Уг үүргийг түрээслүүлэгч Н ХХК-д хариуцуулах боломжгүй.

 

5.2. Салгаж үл болох тохижилтын зардал, засварын ажлын хөлс 263,911,907 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

5.2.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д ...хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Хэргийн баримтаар түрээсийн талбайг түрээслэгч П ХХК нь Түрээсийн гэрээ-ний 4.6-д заасны дагуу түрээслүүлэгч Н ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулсан, үүнтэй холбоотойгоор нийт 263,911,907 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдсон. /1хх 42-98/

5.2.2. Хариуцагч Н ХХК нь В ХХК-ийн үнэлгээний холбогдох хэсгийг баримтаар няцаагаагүй болно.

 

5.3. Талбайн зөрүүнд илүү төлсөн 24,056,947 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.3.1. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-нд талбайн хэмжээг 1,044 м.кв гэж тусгасан, шүүхээс томилогдсон шинжээч 1000.93 м.кв гэж тогтоосон байх боловч түрээсийн төлбөрийг талууд 1 м.кв-ын үнээр илэрхийлээгүй, харин Түрээсийн гэрээ-ний 3.1-т ...Түрээсийн байрны түрээсийн төлбөр нь нэг сарын 41,000,000 төгрөг байна... гэж тодорхойлсон байна. /1хх 6-15, 2хх 172-187/

 

5.4. Сантехникийн зардал 8,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.4.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч П ХХК-аас 8,000,000 төгрөгийн сантехникийн зардал гарсан болох нь тогтоогдоогүй.

 

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

6.1. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 105,467,008 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

6.1.1. Талууд Түрээсийн гэрээ-г 2018 оны 12 сарын 28-ны өдөр байгуулж, улмаар 2020 оны 06 сарын 07-ны өдөр гал гарснаар түрээсийн гэрээний харилцаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ;

6.1.2. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн түрээсийн төлбөрийн тооцоололд П ХХК нь 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 105,467,008 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй тухай тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгч тал уг тооцоололтой маргаагүй, ...түрээсийн төлбөрт 80,395,647 төгрөг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно. /3хх 34, 43/

6.1.3. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт дурдагдсан, нэхэмжлэгчийн тодорхойлсон 116 хоног-т ногдох түрээсийн төлбөрийг Түрээсийн гэрээ-ний дагуу тооцвол дунджаар 158,533,333 /41,000,000 : 30 х 116/ төгрөг болж байгааг дурдах нь зүйтэй.

 

6.2. Ашиглалтын зардал 4,180,449 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

6.2.1. Ашиглалтын зардал буюу Түрээсийн гэрээ-ний 3.2-т заасан цахилгаан, халуун, хүйтэн ус зэргийн зардлыг түрээслэгч эдгээрийг бодитоор хэрэглэсэн болох нь нотлогдсон тохиолдолд хангах боломжтой.

Хэрэгт түрээслэгчийн хэрэглэсэн цахилгаан, халуун, хүйтэн усны тоолуурын заалт, хангагч байгууллагаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримт авагдаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг нотолж чадаагүй.

 

6.3. Алданги 54,823,728 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

6.3.1. Түрээсийн гэрээ-ний харилцаа дуусгавар болсонд түрээслэгч тал буруугүй, мөн талууд гэрээг цуцалснаар алдангийн тохиролцоог мөн адил цуцалсан гэж үзнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00029 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 263,911,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгч П ХХК-аас 105,467,008 төгрөгийг гаргуулан хариуцагч Н ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 683,828,962 төгрөгт холбогдох шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,004,177 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 5,281,856 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 980,306 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 142,816 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н ХХК-аас 1,477,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д, нэхэмжлэгч П ХХК-аас 685,285 төгрөгийг гаргуулан хариуцагч Н ХХК-д тус тус буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,757,512 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 452,970 төгрөг болон 3,136,808 төгрөг, нийт 3,589,778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР