Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/2022/00345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Барилгачдын 00 тоот хаягт оршин суух, Ч овогт З.Б /РД:/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхант 0 гудамж, 00 тоот хаягт оршин суух, Т овогт А.М /РД: /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Үржин, нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Мтай 2002 онд танилцаад, гэрлэлтээ батлуулсан. 2002 оны 10 дугаар сарын 21-нд том хүү Б.Е, 2005 оны 01 дүгээр сарын 03-нд хүү Б.Э, 2015 оны 06 дугаар сарын 03-нд охин Б.Ттөрсөн. Бид 2018 онд ажлын гэрээгээр Чех улс руу ажиллахаар явсан. Тухайн улсад ажиллаж байхад А.М тэнд 2 дахь амьдралаа зохиогоод үлдсэн, би хүүхдүүд дээрээ ирсэн, араас ирээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чонос овогт З.Б /РД:/, Тайжууд овогт А /РД:/ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2002 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн хүү Б.Е, 2005 оны 01 дүгээр сарын 03-нд төрсөн хүү Б.Э, 2015 оны 6 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.Тнарыг эцэг З.Б-н асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу 2005 оны 01 дүгээр сарын 03-нд төрсөн хүү Б.Э, 2015 оны 6 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.Т нарт эх А.М-иас сар бүр хүүхдийн тэтгэлэг олгуулах нь хуульд нийцнэ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чонос овогт З.Б /РД: /, Тайжууд овогт А.М /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   2005 оны 01 дүгээр сарын 03-нд төрсөн хүү Б.Э, 2015 оны 6 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.Т нарыг эцэг З.Б-н асрамжид үлдээсүгэй.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт хүү Б.Э, охин Б.Тнарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх А.Мягмардариас сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.

 

4.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-иас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ