Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/00581

 

2021 оны 03 сарын 11 өдөр           Дугаар 183/ШШ2021/00581             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0-0000, 00-0 тоотод оршин суух, М овогт А.А /РД: УХ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай хотхон, 44а байр, 9 дүгээр тоотод оршин суух Х овогт Н.Э /РД:УШ00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,995,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Г-О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.Э нь бэлнээр 9,730,000 төгрөг, 4,375 ам.долларыг тус тус 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр, бэлнээр авах хүсэлт тавьсны дагуу бэлнээр хүлээлгэн өгч, түүний гарын үсэг бүхий баримтыг мөн өдөр үйлдүүлсэн. Н.Э-д мөнгийг хүлээлгэж өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийг олгож байх үед зээлийг буцаан төлөх хугацааны талаар талууд тохиролцоогүй байсан. Мөнгийг буцаан авах шаардлагатай болж, буцаан өгөхийг удаа удаа дараа шаардсан боловч буцаан төлөхгүй 3 жил болж байна. Иймд валютаар 4,375 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар бодож тооцоход 12,265,663 төгрөг, 9,730,000 төгрөг нийт 21,995,663 төгрөгийг Н.Эаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Н.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... А.А нь жинхэнэ нэхэмжлэгч биш бөгөөд М ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой хөрөнгө оруулалтын дагуу гаргасан зардлыг надад хүлээлгэн өгсөн болохоос А.А гэдэг хувь иргэнээс миний бие авсан зээл байхгүй юм. Миний нөхөр Ц.Э дээр А.А аав болох М.А-д гэх хүн 2016 оны 9 дүгээр сард хүрэлцэн ирж, бидний бүтээсэн ТТМ \тасалбар түгээх машин\-аар орон нутгийн автобусны билет борлуулах санал тавьж, тэрхүү программаа бүтээлгэж, улмаар түүнийг үйлчилгээнд нэвтрүүлэх хэсэг дээр нь хамтран ажиллаж байсан. Миний хувьд тухайн үед нөхрийнхөө хамт тус тус 50% эзэмшдэг мэдээллийн технологийн М  ХХК-ийг ажиллуулдаг байсан бөгөөд М ХХК нь уг машины программ хангамжийн хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тэрхүү программыг бүтээхэд гарсан зардлын багахан хэсэг нь А.А надад зээлсэн гэх 21,995,663 төгрөг юм. Харин билет борлуулах ажлыг М компанийн охин компани М компанийг хамтран байгуулах замаар гүйцэтгэхээр болж, А.А нэхэмжлээд байгаа мөнгө нь миний өөрийн байгуулсан охин компанийн мэдлийн мөнгө юм. Уг асуудлаар А.А гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 2850 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. А.А нь тухайн үед хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байсан бөгөөд энэ талаарх баримт нь эрүүгийн 170901461 дугаартай хэрэгт өөрийнх нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, энэ талаарх бусад бичгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл А.А нь хохирлын тооцоо гаргахдаа одоо надаас нэхэмжилж буй төлбөрийг мөн тухайн үед Ц.Э, Н.Н нараас нэхэмжилсэн. Харин хамтран ажиллах гэрээний оюуны өмчийн асуудал нь одоо захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэж байгаа бөгөөд А.А нь хамтран ажиллаж байх хугацаанд гарсан зардлаа манай нөхөр Ц.Э-аас нэхэмжилж тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зарцуулсан хөрөнгийг А.А нэхэмжилж байна. Нөгөөтээгүүр А.А гэх хүнээс мөнгө авсан, хүсэлт гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. М ХХК-аас зээлж авсан мөнгийг А.А шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн баримтыг үндэслэн хариуцагч Н.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 21,995,663 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч А.А гэх хувь хүнээс миний бие зээл аваагүй, зээлийн харилцаанд оролцоогүй. Харин М ХХК-иас ирээдүйд ногдох ашгаасаа төлөхөөр 21,995,663 төгрөгийн зээл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч А.А-ийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэсэн огноотой хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан баримтад М.К ХХК-ийн хөрөнгө оруулагчдад хүсэлт гаргах нь:

 

Тус компанид 11 хувь эзэмших Н овогтой Э миний бие өөрт шаардлагатай 9,730,000 төгрөг болон 4,375 ам долларыг ирээдүйд хүртэх хувьцаанд ноогдох ашгаасаа төлөхөөр хүүгүй зээлэх хүсэлтээ байгаа тул шийдвэрлэж өгнө үү.

Хүсэлт гаргасан: Н.Э 2017.07.05

Н.Э миний бие 9,730,000 төгрөг, 4,375 ам.доллар бэлнээр тоолж авлаа. Н.Э (2017.07.05) гэх агуулгатай нотлох баримтыг үндэслэн хариуцагч Н.Э-аас нийт 21,995,663 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж заажээ.

А.А хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан баримтыг үндэслэн Н.Этай зээлийн гэрээ байгуулсан, мөнгө зээлсэн гэж тайлбарлаж, хариуцагч Н.Эзээл авах хүсэл зориг, саналыг нэхэмжлэгч А.А-д илэрхийлээгүй, М ХХК-иас зээл авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж талууд хүсэл зоригийн илэрхийллийн агуулга дээр маргаж байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан хүсэл зоригийн агуулга нь нэхэмжлэгч А.А-аас зээл хүссэн хүсэл зоригийн илэрхийллийг агуулаагүй, М ХХК-ийн хөрөнгө оруулагчдад хариуцагч Н.Э хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулах санал санал гаргасан болох нь уг хэлцлийн үгийн шууд утгаар тайлбарлагдаж байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр М ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 00000 дугаар захирамжийн дагуу М ХХК-иас нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. /х.х-ийн 69, 70 хуудас/

Шүүхэд ирүүлсэн уг албан бичиг ... М компани нь тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Э-д компанийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготойгоор 9,730,000 төгрөг, 4,375 ам.доллар бэлнээр олгосон. Манай компанийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн алдагдал, өр авлага, ашиг орлого зэрэгтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй байгаа тул одоогоор уг төлбөрийг Н.Э буцаан төлөх асуудал шийдвэрлэгдээгүй байна...-ээр хариуцагчийн татгалзал тогтоогдож байна.

Иймд Н.Э-ын өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг А.А шилжүүлсэн болох нь нотлогдоогүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй, байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,995,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 267,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ