Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00963

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00963

 

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00581 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.А-гийн хариуцагч Н.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21 995 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Э- нь бэлнээр 9 730 000 төгрөг, 4 375 ам.долларыг тус тус 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр авах хүсэлт тавьсны дагуу бэлнээр хүлээлгэн өгч, түүний гарын үсэг бүхий баримтыг мөн өдөр үйлдсэн. Н.Э-д мөнгийг хүлээлгэж өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийг олгож байх үед зээлийг буцаан төлөх хугацааны талаар талууд тохиролцоогүй байсан. Мөнгийг буцаан авах шаардлагатай болж, буцаан өгөхийг удаа дараа шаардсан боловч буцаан төлөхгүй 3 жил болж байна. Иймд 4 375 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны ханшаар бодож тооцоход 12 265 663 төгрөг, 9 730 000 төгрөг нийт 21 995 663 төгрөгийг Н.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.А- нь жинхэнэ нэхэмжлэгч биш бөгөөд Метакиоск ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой хөрөнгө оруулалтын дагуу гаргасан зардлыг надад хүлээлгэн өгсөн болохоос А.А- гэдэг хувь иргэнээс миний бие авсан зээл байхгүй юм. Миний нөхөр Ц.Эрдэнэбат дээр А.А-гийн аав болох М.Ариунболд гэх хүн 2016 оны 9 дүгээр сард хүрэлцэн ирж, бидний бүтээсэн ТТМ \тасалбар түгээх машин\-аар орон нутгийн автобусны билет борлуулах санал тавьж, тэрхүү программаа бүтээлгэж, улмаар түүнийг үйлчилгээнд нэвтрүүлэх хэсэг дээр нь хамтран ажиллаж байсан. Миний хувьд тухайн үед нөхрийнхөө хамт хувьцаа эзэмшдэг мэдээллийн технологийн Метатек ХХК-ийг ажиллуулдаг байсан бөгөөд Метатек ХХК нь уг машины программ хангамжийг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тэрхүү программыг бүтээхэд гарсан зардлын багахан хэсэг нь А.А-гийн надад зээлсэн гэх 21 995 663 төгрөг юм. Харин билет борлуулах ажлыг Метатек компанийн охин компани Метакиоск ХХК-ийг хамтран байгуулах замаар гүйцэтгэхээр болж, А.А-гийн нэхэмжлээд байгаа мөнгө нь миний өөрийн байгуулсан охин компанийн мэдлийн мөнгө юм. Уг асуудлаар А.А-гаас гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 2850 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. А.А- нь тухайн үед хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байсан бөгөөд энэ талаарх баримт нь эрүүгийн 170901461 дугаартай хэрэгт өөрийнх нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, энэ талаарх бусад бичгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, А.А- нь хохирлын тооцоо гаргахдаа одоо надаас нэхэмжилж буй төлбөрийг мөн тухайн үед Ц.Эрдэнэбат, Н.Наранхүү нараас нэхэмжилсэн. Харин хамтран ажиллах гэрээний оюуны өмчийн асуудал нь одоо захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэж байгаа бөгөөд А.А- нь хамтран ажиллаж байх хугацаанд гарсан зардлаа манай нөхөр Ц.Эрдэнэбатаас нэхэмжилж тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зарцуулсан хөрөнгийг А.А- нэхэмжилж байна.  А.А- гэх хүнээс мөнгө авсан, хүсэлт гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Метакиоск ХХК-аас зээлж авсан мөнгийг А.А- шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21 995 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 267 929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх миний гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 995 663 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлэхгүй, зөвхөн хариуцагчийн худал тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан. Н.Э- нь надаас зээл өгөөч гэдэг хүсэлт гаргахдаа хамтарч ажиллаж байсан учраас Метакиоск ХХК-ийн хөрөнгө оруулагчдад гэх хүсэлтийг бичиж өгсөн. Уг хүсэлттэй танилцаад би өөрөөсөө 9 730 000 төгрөг болон 4 375 ам.долларыг өгье гэж хэлсэн. Түүний дараа дансаар шилжүүлж өгье гэхэд заавал бэлнээр авна гэхээр нь миний найз залуу Б.Түвшинжаргалтай хамт найман шарга валют арилжааны төв дээр ам.доллар солиулж өгсөн ба анхнаасаа намайг хуурах, зээлсэн мөнгөө өгөхгүй байх зорилготой байсныг харуулж байна. Гэрч Б.Түвшинжаргал нь Н.Э-д олгосон 21 995 663 төгрөгийг хэний хөрөнгөнөөс зээлсэн талаар сайн мэдэх учраас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Бидний нотлох баримт цуглуулах хүсэлтийг хангаагүй атлаа зөвхөн хариуцагчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Метакиоск ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу Н.Э-ын нөхөр Ц.Эрдэнэбатын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот албан бичгээр ирүүлсэн худал тайлбарыг үндэслэж, миний олгосон зээлийг Метакиоск ХХК-ийн хөрөнгө мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь Метакиоск ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат нь санаатайгаар тайлбарыг хугацаанд нь өгөхгүй 2 сар удааж, удаа дараа шаардсаны дараа худал тайлбар ирүүлсэн. Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15206 дугаар захирамжаар мөнгө олгосон баримт шаардахад ирүүлээгүй. Шүүгчийн туслах утсаар холбогдож баримт шаардахад Ц.Эрдэнэбат нь ...нотлох баримт байхгүй, тухайн үед Н.Э-д тус мөнгийг өгсөн хүмүүсээс нь мөнгө өгсөн талаар нотлох баримтыг гаргуулах хэрэгтэй гэх тайлбар өгснийг баталгаажуулсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл буюу нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх огт үнэлээгүй атлаа баримтгүй худал тайлбарыг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Н.Э-ын Метакиоск ХХК-ийн хөрөнгө оруулагчдад гэж хаягласан хүсэлт нь тус компанийн хувьцаа эзэмшигч надад хаяглагдсан байхад үндэслэлгүйгээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарласан байна. Надаас мөнгө авснаа Н.Э- хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу би мөнгийг бэлнээр хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан. Би компанийн хөрөнгөөс мөнгө гаргаж өгөөгүй, өөрөөсөө гаргаж өгсөн байхад хувьцаа эзэмшигч болон компанийн хөрөнгө тус тусдаа болохыг ялгаж салгахгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00581 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Н.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 21 995 663 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл аваагүй, Метакиоск ХХК-аас ирээдүйд ногдох ашгаасаа төлөхөөр 21 995 663 төгрөгийн зээл авсан гэж маргажээ.

Хариуцагч Н.Э-ын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Метакиоск ХХК-ийн хөрөнгө оруулагчдад гаргасан хүсэлтэд 9 730 000 төгрөг болон 4 375 ам.долларыг ирээдүйд хүртэх хувьцаанд ноогдох ашгаасаа төлөхөөр хүүгүй зээлэх хүсэлт гаргаж, уг мөнгийг бэлнээр хүлээн авсан гэсэн агуулгатай хүсэлт гаргаж байсан талаар бичмэл баримтыг үндэслэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хариуцагч Н.Э- зээл авах хүсэл зориг, саналыг нэхэмжлэгч А.А-д илэрхийлээгүй, Метакиоск ХХК-аас зээл авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн талаар дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Н.Э-д 9 730 000 төгрөг, 4 375 ам.долларыг шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А- нь Метакиоск ХХК-ийн өмнөөс зээлдүүлэгчийн үүрэг хүлээж өөрийн мөнгөн хөрөнгийг зээлсэн, эсхүл уг иргэний хувьд гэрээнд үндэслэн Н.Э-д зээл өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь хэний хөрөнгөөс зээл олгосон талаар гэрчлүүлэхээр Б.Түвшинжаргалыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн үндэслэлтэй. Зээлийн гэрээний маргаанд зээлдүүлэгчийн хөрөнгийн эх сурвалж талуудын эрх, үүргийг тодорхойлоход шууд хамааралтай үйл баримт биш юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хэт нэг талыг барьсан гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 267 929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ