Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00860

 

2021 оны 04 сарын 05 өдөр           Дугаар 183/ШШ2021/00860        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 00г байр, 00 тоотод оршин суух, Т овогт А.Б /РД:НЫ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, Фидес тауэр, 4 дүгээр давхарт байрлах, Н ХХК /РД:0000000/-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б нь 2014 оноос хойш Н ХХК-д ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гарахгүйгээр хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг гүйцэтгэж ирсэн. 2020 оны 8 дугаар сард Н ХХК нь амралт, аялал зугаалга зохион байгуулсан. Энэ аялал зугаалгад оролцохгүй гэсэн ажилчдын цалин хөлсийг хасна гэсэн сануулга өгсөн учраас бүх ажилтнууд оролцох ёстой гэж шаардсан. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 00/000 тушаалыг биелүүлээгүй, компанийн дотоод журам, ёс зүйн зөрчил гаргасан бусдыг доромжилж аашилсан, танхайрсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр А.Б-г ажлаас халсан. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрсөн, амралт зугаалгын үеэр ноцтой зөрчил гаргаагүй ажил олгогчийн санаачилгаар хууль бус халж байна гэж тайлбарласан. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч компаниас нэхэмжлэгчийг дуудаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдвал танд дараагийн ажилд ороход хэцүү байдаг тул та өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичээд өгчих гэсэн санал тавьсан. Ингэж шаардсан учир нэхэмжлэгч А.Б аргагүй эрхэнд зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. Энэ тушаал 00/000 дугаартай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тушаалтай адилхан ажилтны санаачилгаар ажилтыг халсан тушаал гарсан. Нэхэмжлэгчид өөрийн санаачилгаар ажлаас халагдах хүсэл байгаагүй. Амралтын үед ямар нэгэн зөрчил гаргаагүй, танхайрсан үйлдэл гаргаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б нь 2014 оноос хойш тус компанид жолоочоор ажиллаж байсан. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчийн санаачлагчаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээж авч, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажилтны өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэсэн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж өргөдөл өгсөн. Иргэний хуульд заасны дагуу аливаа этгээдүүд хоорондын хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр болдог. Ингээд хариуцагч компани нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, харилцан тохиролцож хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн 0000 дугаар бүртгэлд нэхэмжлэлийг хүлээлгэн хүлээлгэн өгсөн он сар өдрийн тэмдэглэл, гарын үсгээр тогтоогдож байна. 2020 оны 9 дүгээр сарны 25-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дотоод сүлжээ 16 цаг 00 минутаас хойш тасарч, дараагийн 2 өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 26,27-ны өдөр амралтын өдөр таарч, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны 16 цаг 00 минутаас хойш шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө програмд бүртгэн, хуваарилсан байна. /х.х-ийн 55 хуудас/

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 00000 дугаар захирамж гарсан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж байна. /х.х-ийн 13 хуудас/

Иймээс нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэлээ.

Н ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай №00/000тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1.3, Ерөнхий захирлын 2020 оны 8 дугаар сарын 20-ны 00/000тоот тушаалыг тус тус үндэслэн Тус компанид жолооч албан тушаалтай Алтанцоож овогтой Б нь компанийн дотоод журмын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж архидан согтуурсан үедээ бусдыг доромжилж аашилж зандарч, танхайрсан, Ерөнхий захирлын 2020 оны 8 дугаар сарын 20-ны 00/000тоот тушаалыг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс дуусгавар болгох тушаал гарсан байна. /х.х-ийн 6, 76 хуудас/

Дээрх тушаалын дараа Н ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай №00/000тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйл, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Тус компанид жолооч албан тушаалтай А овогтой Б-гийн өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс дуусгавар болгохоор ажил олгогчоос тушаал гаргасан байна./х.х-ийн 7, 33 хуудас/

Мөн кампанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00/000тоот тушаалаар жолооч албан тушаалтай А овогтой Б-гийн өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 00/000тоот тушаалыг хүчингүй болгожээ. /х.х-ийн 35 хуудас/

Нэхэмжлэгч А.Б 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А овогтой Б Н ХХК-нд жолоочоор ажиллаж байсан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг ажил олгогч Н ХХК-нд гаргаж өгсөн талаар хэргийн оролцогч маргаагүй байна./х.х-ийн 34 хуудас/ Харин нэхэмжлэгч А.Б уг хүсэлтийг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргаагүй, ажил олгогч ёс зүйн зөрчлөөр ажлаас халагдах нь дараагийн ажилд ороход өөрт чинь саад болно, ажлаас өөрийн хүсэлтээр гарвал гарах үр дагавар байхгүй гэж ажил олгогч шахаж хүсэлт бичүүлж авсан гэж тайлбарлаж, хариуцагч түүний энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно.

Тэгвэл хэрэгт авагдсан нотлох баримтаар ажил олгогч Н ХХК нь ажилтан А.Б-г 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа ажилтан А.Б-г дахин өөрийн хүсэлтээр нь гэх үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримтыг дүгнэвэл ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дураараа ажлаас чөлөөлөх хүсэлт өгсөн гэж шүүх үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч А.Б ажлаас гарах хүсэлтийг өөрийн сайн дурын үндсэн дээр гаргаагүй, ажил олгогчийн шахалт шаардлагын дагуу гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар ажил олгогчоос гарсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тушаалуудын хуулбараар нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан, ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Ажил олгогч Н ХХК-аас ажилтан А.Б-гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, захирлын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 00/000тоот тушаалыг хүчингүй болгосон тус компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00/000 тоот тушаал гарсан байх тул шүүх 00/000тоот тушаалд эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 00 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлбол ажилгүй байсан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр /ажлын 149 хоног/-ийг хүртэлх олговорт 11,269,764 төгрөг /1 өдрийн цалин 75,636 төгрөг (1,000,000+1,420,000+1,828,552=4,878,552:3=1,626,184:21,5 хоног) х 149 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.Б-г шалаанзны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 11,269,764 төгрөгийг ажил олгогч Н ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч Н ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар хариуцагчаас 195,266 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ