Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01068

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01068

 

 

 

А.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00860 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Бгийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оноос хойш Н ХХК-д ажиллаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг алдаа дутагдал, зөрчил гаргахгүйгээр гүйцэтгэж ирсэн. 2020 оны 8 дугаар сард Н ХХК нь амралт, аялал зугаалга зохион байгуулж, оролцохгүй гэсэн ажилчдын цалин хөлсийг хасна гэсэн сануулга өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20/144 тушаалыг биелүүлээгүй, компанийн дотоод журам, ёс зүйн зөрчил гаргасан бусдыг доромжилж аашилсан, танхайрсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Үүнийг эс зөвшөөрч амралт зугаалгын үеэр ноцтой зөрчил гаргаагүй ажил олгогчийн санаачилгаар хууль бус халж байна гэж тайлбарласан. Гэтэл мөн сарын 27-ны өдөр хариуцагч компаниас нэхэмжлэгчийг дуудаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдвал танд дараагийн ажилд ороход хэцүү байдаг тул та өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд өгчих гэсэн санал тавьсан. Ингэж шаардсан учир нэхэмжлэгч аргагүй эрхэнд зөвшөөрч мөн өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. Энэ тушаал 20/117 дугаартай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тушаалтай адилхан ажилтны санаачилгаар ажилтныг халсан тушаал гарсан. Нэхэмжлэгчид өөрийн санаачилгаар ажлаас халагдах хүсэл байгаагүй. Амралтын үед ямар нэгэн зөрчил гаргаагүй, танхайрсан үйлдэл гаргаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.Б нь 2014 оноос хойш тус компанид жолоочоор ажиллаж байсан. Тэрээр 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр ажилтны өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэж хүсэл зоригоо илэрхийлж өргөдөл өгсөн. Иргэний хуульд заасны дагуу аливаа этгээдүүд хоорондын хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр болдог. Ингээд хариуцагч компани нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан А.Бг шалаанзны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 11 269 764 төгрөгийг ажил олгогч Н ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч Н ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 195 266 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Н ХХК нь нэхэмжлэгч А.Бг компанийн хөдөлмөрийн дотоод журам компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20/114 тоот тушаалыг зөрчиж мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20/86 тоот сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 20/117 дугаар тушаалаар А.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэн, тушаалыг түүнд танилцуулан хүлээлгэн өгсөн.

Гэтэл А.Б нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр компанийн төв оффист ирж өөрийн нэр хүнд, олон жил ажилласан байдлыг харгалзан үзэж өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргаж өгөөч гэж хүсэлтээ илэрхийлж, үүнийгээ өөрийн гараар бичиж өгсөн тул түүний энэхүү хүсэлтийг нь хүлээн авч тушаалын агуулгыг өөрчилж шинээр тушаал гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч сахилгын зөрчил давтан гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өмнөх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 2 сар өнгөрсөн буюу, сахилгын шийтгэлтэй байсан үедээ дахин зөрчил гаргасан нь ажлаас халах бүрэн үндэслэл болж байсан хэдий ч түүний компанид олон жил ажилласан байдлыг үнэлж хүсэлтийг нь хүлээн авсан байдаг. Тиймээс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийг үндэслэн мөн сарын 27-ны өдрийн 20/117 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнд сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байдаг. Гэвч нэхэмжлэгч ажил олгогчийн энэ итгэлийг эвдэн, бодит байдлыг өөрт ашигтай байдлаар гуйвуулж худал тайлбар хэлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн нотлох баримтаар өгсөн А.Бгийн ажлын цагийн бүртгэлээс харвал 2020 оны 8 дугаар сард А.Б нь нийт 160 цаг ажилласан /х.х-ийн 79 хуудас/, А.Бд олгосон цалингийн хүснэгтээс үзвэл тэрээр хуанлийн бүх өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, А.Б өөрийгөө сахилгын зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаагаа мэдэж, энэ талаар ямар нэг санал, гомдол гаргалгүй ажиллаж, цалин хөлсөө бүтэн хүлээн авсан байдаг юм.

Шүүх хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20/117 дугаар тушаал, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/117 дугаар тушаал, А.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, 20/117 тоот тушаалыг хүчингүй болгосон 20/118 тоот тушаал, А.Бгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл, А.Бтэй хамт сахилгын зөрчил гаргасан А.Ц, Б.Б нарт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20/115, 20/116 тоот тушаалууд зэрэг нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч Н ХХК-ийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Т.А, Г.Б нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулан хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгч тушаалын агуулгыг өөрчилж гаргуулахыг хүссэнийг, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт бичиж өгснийг нотлох чухал ач холбогдолтой, хэрэгт хамааралтай нотлох баримт байсан юм.

Мөн шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нотлох баримт эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ хүлээлгэн өгсөн атлаа мөн сарын 28-ны өдрийн 9 цаг 10 минутад гарын үсэг зурж байгаа нь ойлгомжгүй юм. Улмаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/Ш32020/13890 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжинд ... нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад.... гэж бичигдсэн байхыг харвал нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн гэж харагдахаар байна.

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэндолгор нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа бичгээр илэрхийлэн шүүхэд өгсөн байдаг. Гэтэл шүүх уг татгалзлыг баталсан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэртээ огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх зохицуулалт болон мөн зүйлийн 118.5 дах хэсэгт шүүхийн шийдвэрийн бүрдэл хэсэг ямар агуулгатай байхыг заасан. Гэтэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх болсон хууль зүйн ямар ч үндэслэлийг дурдаагүй, яг ямар хуулийн, ямар зүйл заалтыг үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд хооронд 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тэдгээрийн тайлбар, ажил олгогч компанийн Ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ асуудалд маргаангүй. /хх62-66/

Ажил олгогч Н ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/117 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйл, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн ажилтан А.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх7/

Уг тушаалд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй үндэслэлийг ажилтан эс зөвшөөрч, шүүхэд хандан гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20/117 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1.3, ерөнхий захирлын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20/144 дугаартай тушаалыг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Бг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх18/

Дээрх тушаал гарсны дараах өдөр нь буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Н ХХК-ийн хүний нөөцийн албанд нэхэмжлэгч А.Б ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг үндэслэн хариуцагч компанийн захирал 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/117 дугаар тушаал гарган нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрийн 20/118 дугаартай тушаалаар мөн сарын 26-ны өдрийн 20/117 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хэргийн 33-35 дах талд буй бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг зөв үнэлсэн боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн маргааны үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал ажлаас гарах өөрийн хүсэлт, шалтгаан байгаагүй, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдвал дараагийн ажилд ороход хэцүү байдаг гэж шаардсан учир аргагүй эрхэнд хүсэлт бичиж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх ба энэ нь талуудын маргааны зүйл болжээ. /хх102/

Энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас хүч хэрэглэсэн, хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдлээр дарамт, шахалт үзүүлэн хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлж ажлаас чөлөөлөх хүсэлт бичүүлсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбараас өөр дээрх үйл баримтын талаар нотолсон баримт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Бгийн ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Н ХХК хүлээн авч, улмаар тушаал гаргаснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасанд нийцнэ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/117 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргах эрхгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг тус тус зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч талын гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/15831 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байх тул шүүх хүсэлтийг авч хэлэлцээгүй, ... ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. /хх39-40/

Мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2021/06794 дүгээр захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, тухайн хэрэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийн заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тодорхой заасан нь хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нотлогдож байх тул энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Шүүгч дээрх нэхэмжлэлийг мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13890 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, улмаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасан хугацааг дахин шинээр тоолох нөхцөл бий болсон байна. /хх-14-15/ Уг хугацаанаас хойш 1 сарын дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч А.Б шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан ... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг зөрчөөгүй гэж үзэх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00860 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД