Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 264

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201703000222 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А гаргасан гомдолдоо “...Бид 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ынд очиж тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд миний эхнэр согтоод гэрт ч гадаа ч бөгсөөрөө болон толгойгоороо унаж байсан талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлэг байдаг. Шинжээч эмч шүүх хуралдаан дээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийг 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө авсан гэмтэл байна гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт туйлширч нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэр дүгнэлт хийж, таамаглал төдий зүйлээр намайг ялласанд гомдолтой байна. Би үнэхээр эхнэрээ алаагүй тул намайг хэлмэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.А өөрийн эхнэр Л.О-г алсан гэх хэргийг үйлдээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд Л.О-г алсан болохыг ямар ч эргэлзээгүй нотолсон баримт байхгүй, мөн талийгаачийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, юугаар, яаж учруулсан талаарх асуудлыг бүрэн нотолж чадаагүй байхад Д.А-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Д.А-г хэлмэгдүүллээ гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн.

Талийгаачийн тархинд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, гэмтэл 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн байсан, үүнийг цусны бүлэгнэлтийн байдал болон бусад нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа талаар шинжээч эмч тайлбарласан. Шүүх шүүгдэгч Д.А нь талийгаач Л.О-гийн толгойн тус газарт 1 удаа цохьсон үйлдэл тогтоогдсон, уг үйлдэл болон талийгаачид үүссэн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь дээрх мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэх үндэслэлээ үгүйсгэсэн дүгнэлт болсон.

Шүүх Д.А-г хүн алсан гэдэгт эргэлзэж байгаа нь хоёр өөр дүгнэлт хийж байгаа байдлаас харагддаг. Талийгаачийн тархинд үүссэн гэмтэл 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн байх боломжтой нь шинжээч эмчийн дүгнэлтээс гадна гэрч Б.Б, А.Н, Б.Л, Б.Ш нарын мэдүүлгээс харагддаг. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлэг өөр өөр байх тул талийгаачийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ын гэрт байх үедээ болон гэрийн гадаа унахдаа толгойдоо гэмтэл авсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна гэж үзэн шууд таамаглаж дүгнэлт хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгчийн гомдолд дүгнэлт хийгээгүй, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчин Д.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж, Д.А-г цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А нь өөрийн эхнэр Л.О-г алсан болохыг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотолсон баримт байхгүй төдийгүй талийгаач Л.О-гийн биед учирсан гэмтлийг хэзээ, хэрхэн, юугаар, яаж учруулсан, өөрөөр хэлбэл, нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж чадаагүй байхад Д.А-г гэм буруутайд тооцсон нь нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль ёсны болж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.А-г цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н гаргасан гомдолдоо “...Д.А нь миний ээж Л.О-г санаатай алсан гэдэг хатуу үзэл бодолтойгоор мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж анхан шатны шүүх хурал хүртэл явсан. Анхан шатны шүүх хурал дээр хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг нарийвчлан судлахад гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн гэмтэл учирсан нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа байдал, өмгөөлөгч нарын тайлбарлаад байгаа зүйлд дүгнэлт хийхэд Д.А гэх хүн ээжийг маань алсан гэж үзэхэд эргэлзээ төрсөн ба улсын яллагч хэргийн талаар тодорхой няцаалт хийхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харахад Д.А гэдэг хүн ээжийг маань цохиж алжээ гэж шууд үзэх боломжгүй байдал үүссэн. Хуулийн байгууллага эргэлзээтэй зүйлээ нягтлан шалгаж дууссан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа бол Д.А-г цагаатгах нь хуульд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна. Хохирогч миний бие ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэдийгээр миний ээжийн амь нас хохирсон нь харамсалтай ч хүнийг хилсээр шийтгэвэл түүнээс илүү харамсалтай байх болно. Иймд Д.А-г цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь эхнэрээ зодож алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч нь анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Эхнэрээ алгадсан талаараа бусдад ярьсан яриа, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Дээрх байдлаас харахад шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой. Харин түүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.А-г 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Тэс петролиум шатахуун түгээх станцын зүүн талын задгайд байх гэртээ өөрийн эхнэр Л.О-г алсан гэм бурууг эргэлзээгүй байдлаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Тухайлбал, амь хохирогч Л.О-гийн тархинд үүссэн гэмтэл нь “нас барахаас өмнө 48 цагийн дотор үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт, тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчийн мэдүүлэг, мөн нас барахаас өмнө Л.О нь Б.Б-ын гэрт юм мөргөж унасан, гадаа унасан болохыг баталж гэрчилсэн Б.Б, Н.О, насанд хүрээгүй А.Н, Б.Л, Б.Ш нарын шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж дүгнээгүй нь шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Л.О-д учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдал мөн бөгөөд нас барахаас 48 цагийн өмнө, эсхүл дотор тархины гэмтлийг авсан эсэх, мөн ийнхүү өмнө нь гэмтэл авсан тохиолдолд сүүлд Д.А-ын хохирогчийг алгадсан гэх үйлдэл хэрхэн нөлөөлөх зэргийг тодруулахаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай ба энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлыг анхаарвал зохино.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН