Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0193

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунгэрэл, гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Энхтүвшингийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 13.10-д тус тус заасныг баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд хоорондын өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дахин бүртгэхийг даалгаж, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 30 дугаар байрын 22 тоот орон сууцны Ү-2204068936 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон гуравдагч этгээд М.Алимаагийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүх энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд тогтоосон хугацаанд захиргааны байгууллага бүртгэлийг шинэчлэн хийгээгүй бол уг бүртгэл хүчингүй болохыг дурдаж,  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Хариуцаг болон гуравдагч этгээд “Ах дүүс анд” ХХК, Д.Агваан нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “бодит” байх зарчмыг алдагдуулсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9-д тус тус тусгагдсан “үнэн, зөв” гэдгийг зөрчсөн нь шүүх хуралдааны явцад нотлох баримт болон мэдүүлгээр тодорхой болсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой. Гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн “2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны 22 тоот орон сууцанд Д.Агвааны нэр дээр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бус болох нь олон удаагийн шүүх хуралдааны явцад тодорхой болсон байхад шүүхээс Ү-2204068936 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон гуравдагч этгээд М.Алимаагийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гарахгүй бол бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь дараах нотлох баримтаар батлагдана.

Шүүх хурлууд дээр Д.Энхтүвшин нь “30 дугаар байрны 22 тоот орон сууцыг авахгүй гэдгээ Физик технологинй хүрээлэнгийн удирдлагад хэлж, өөрийн танил Д.Агвааныг дагуулж ирсэн, түүнтэй гэрээг байгуулсан, байрны мөнгийг төлөхийн тулд Д.Агваан нь манай эхнэртэй хамтран банкнаас зээл авч байрны үнийг төлсөн, төлбөр төлөгдсөн боловч бага зэргийн тооцоо байгаа гээд үлдэгдлийг 5, 8, 15 сая” гэж тайлбарлаж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

Анх 2001 онд Физик технологийн хүрээлэн энэ байрыг бариулж эхэлсэн боловч 2003 онд хөрөнгө мөнгө, хүчин чадал хүрэхгүй тул “Ах дүүс анд” ХХК-д бүх эрхээ шилжүүлсэн, төсвөөс ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй тухай баримтууд, “Ах дүүс анд” ХХК өөрийн хүч, хөрөнгө оруулалтаар тухайн байрыг барьж дуусгасан, худалдан авах гэрээний дагуу байрны мөнгөө бүрэн төлсөн иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгуулах тухай хуульд заасан бүх баримтуудыг бүрдүүлж бүртгэлийн байгуулагад хүргүүлсэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/148 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан баримтаар гуравдагч этгээд М.Алимаа миний одоо өмчилж байгаа байрны гэрчилгээ олгогдсон.

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхтүвшин “Д.Агваан байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан нь үнэн, энэ байрны тал мөнгийг хамтран зээл авсан манай эхнэр төлсөн, Д.Агваанаас одоо 15 сая төгрөгийн авах ёстой, энэ төлбөрөө төлбөл бүртгэлийн асуудлаар маргахгүй” гэж мэдүүлж байсан.

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин “Д.Агваан надтай тооцоотой байхад бүртгэлийн алба түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож хууль зөрчсөнийг нотолж байна” гэсэн тайлбар өгсөн.

Д.Агваан энэ байрыг худалдаж авсан, байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлж, байрыг 2005 оноос эхлэн өмчилж ашиглаж байхад Д.Энхтүвшин төлбөр тооцоогоо нэхэхгүй байснаа эрхийн улсын бүртгэл хийгдсэний дараа маргаан гаргаж байгаа төдийгүй захиргааны хэргийн шүүх шийддэг юм гэхэд 15 сая төгрөгийн авлага авахыг нотолсон баримтаа гаргаж ирэхгүй байхад иргэн М.Алимаа миний нэр дээр хийгдсэн улсын эрхийн бүртгэлийг өөрчлөх тухай шийдвэр гаргах үндэслэл захиргааны хэргийн шүүхэд байхгүй.

Маргах эргэлзээ үүсгэсэн асуудал нь Д.Энхтүвшингийн нэрээр байгуулагдсан гэрээ хүчингүй болгогдоогүйгээр 22 тоот байр Д.Агвааны нэр дээр гэрээ байгуулсан боловч нэр шилжсэн нөхцөл шалтгаан нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд Д.Агвааны тайлбараар харилцан уялдаатай маргаангүй тогтоогдсон. Үүнийг Д.Энхтүвшин өөрөө давхар гэрчилж, “Тиймээ, Д.Агваан худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэхдээ би бүртгэл хийлгэхийг зөвшөөрөөгүй” гэсэн үндэслэлгүй тайлбар өгсөн.

Д.Энхтүвшин нь энэ байрыг худалдаж аваагүй, мөнгийг төлөөгүй тул өмчлөх эрхээ нотлох төлбөр төлсөн баримтыг хэргийг хянан шийдвэрлэх 1 жил гаруйн хугацаанд гаргаж өгөөгүй. Харин эхнэрийнхээ нэр дээр худалдаж авсан байрны мөнгийг төлсөн баримтыг өгч шүүгчийг төөрөгдөлд оруулсан. Ийм учраас олон дансанд мөнгө шилжүүлсэн, юуны данс болох нь эргэлзээтүй баримтууд хэрэгт авагдсан.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 шийдвэрийг хүчингүй болгож, Д.Энхтүвшингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь анх “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцанд олгогдсон Ү-2204068936 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах, уг орон сууцыг Д.Энхтүвшингийн нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцны өмчлөгч нь 2015 оны 08 дугаар сард өөрчлөгдөж, иргэн М.Алимаагийн нэр дээр бүртгэгдсэнийг, мөн орон сууцыг 2014 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх дээрх маргаан бүхий бүртгэлийг хийсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

“Ах дүүс Анд” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/29 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 30 дугаар байрыг бүртгүүлэх хүсэлтийг үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын төлөв байдлын тухай” 07-208/1327 тоот дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/148 тоот албан бичиг, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, барилга барих тусгай зөвшөөрөл, Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх 2001 оны №62, 2003 оны 11/2003 дугаартай зөвшөөрөл, барилгын техникийн нөхцөлүүд, батлагдсан ажлын план болон фото зураг, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн 2011 оны 3/938 тоот албан бичгийн хуулбар гэх мэт холбогдох баримтуудын хамт гаргажээ.

Улмаар Д.Агваан нь дээрх барилгын 22 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авахаар 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбар, “Ах дүүс анд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот албан бичиг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 тоот албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг хавсарган өгснийг үндэслэн хариуцагч нь уг орон сууцыг түүний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068936 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000387440 дугаартай гэрчилгээ олгосон, үүний дараа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц арилжааны гэрээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр М.Алимааг бүртгэн 000438930 дугаартай гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчээс “тухайн байрны оршин суугчид “Ах дүүс анд” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй тул тус компани бүртгэлийн байгууллагад орон сууц өмчлөгчдийн жагсаалтыг гаргах, төлбөрийн талаар тодорхойлолт хийх эрхгүй... Харин Физик технологийн хүрээлэн нь иргэдтэй байгуулсан орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээний нэг тал учир өмчлөгч этгээдийн жагсаалтыг гаргаж өгөх үүрэгтэй” гэж маргах боловч энэ нь маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Физик технологийн хүрээлэн нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/05 дугаар албан бичгээр “Ах дүүс анд” ХХК-ийг захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцан гаргуулахад татгалзах зүйлгүй болохоо Баянзүрх дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт илэрхийлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Физик технологийн хүрээлэнгийн ахлах нягтлан бодогч Н.Оюунцоотой 22 айлын орон сууцны 6 дугаар давхрын 3 өрөө 103,8 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байх боловч иргэн Д.Агваан нь мөн орон сууцыг захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг байгуулсан, энэ талаар гэрч Н.Оюунцоо “Д.Энхтүвшин Д.Агвааны хамт ирээд 22 тоот байрыг Д.Агваанд худалдсан гэж байсан. Түүний дагуу Физик технологийн хүрээлэнгийн Ц.Баатар захиралтай уулзаж нөхцөл байдлыг тайлбарлахад Д.Агваантай “санхүүжилтээ бодож гэрээг байгуулчих гэж хэлсэн. ...Д.Энхтүвшин 22 тоот байрны урьдчилгаа төлбөр буюу 3 сая төгрөгийг төлсөн. Гэхдээ бүх төлбөрийг Д.Агваан төлсөн” гэж тайлбарлажээ.

Дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийвэл иргэн Д.Энхтүвшин, Д.Агваан нарын хооронд өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн бүртгэлүүд нь хуульд нийцсэн, эдгээр бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаж буй орон сууцыг 2014 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боловч уг бүртгэлийн улмаас түүний ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй.

Дээрхийг нэгтгэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1060 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068936 дугаарт Д.Агвааны өмчлөлд бүртгэсэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл, М.Алимаагийн өмчлөлд бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл, 2014 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Д.Энхтүвшингийн нэр дээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Энхтүвшингээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд М.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                          

     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                     ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                     ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                     ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН