Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 474

 

М.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0651 дүгээр магадлалтай, М.О-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5 болон 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “... Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 484 634 төгрөгийг М.О-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0651 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.О-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 651 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжаар газрын харилцааны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо цалингийн сан, баримт, эд хөрөнгийн хамт нийслэлийн Газрын албанд шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Өмчийн харилцааны газрын даргад даалгасан байхад нэхэмжлэгчид тэтгэлэг олгон, төрийн албанаас чөлөөлсөн нь дээрх тушаал, шийдвэрүүд болон Төрийн албаны хуулиар тогтоосон хуульд зааснаас бусад тохиолдолд халагдахгүй байх, төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа зэргийг зөрчсөн тул М.О шүүхэд нэхэмжлэл гаргаж,

Нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг нийслэлийн Газрын албанд даалгах” гэж тодорхойлсон. Ингэхдээ нэхэмжлэлийн нэг үндэслэлээ “маргаан бүхий Б/340 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хууль бус” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн, “нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дэмжсэн” гэж давж заалдах шатны шүүхээс түүнийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэлийн “даалгах” шаардлага нь хууль бусаар ажлаас халагдаж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх агуулгатай байхад, “хариуцагчаас шалгаруулалт явуулахыг даалгах” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэсэн.

Мөн шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон тохиолдолд энэ хугацааны цалин олговрыг энэхүү зохицуулалтын дагуу ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тусгайлан олгосон нэмэлт баталгааг зөрчиж, бүтэц өөрчлөгдсөн нэрээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг нэгэнт шүүхээс тогтоосон атлаа, төрийн албанд эгүүлэн тогтоогоогүйгээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээж, хамгаалаагүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнээс гадна нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжийг биелүүлэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар “...газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан ... нийслэлийн Газрын албаны мэдэлд шилжүүлсэн” атлаа үүнэзс өмнө Б/340 дүгээр тушаалаар М.О-ыг ажлаас чөлөөлсөн байгаа нь уг тушаал хууль бус болохыг баталж байна.

Иймд, шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргааны үйл баримтуудад хамааралтай готлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

            Нэхэмжлэгч М.О-аас анх “нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын “...урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” гэсэн хэсгийг “...урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах” гэж “тодруулсан” байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч М.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “... Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “... нэхэмжлэлийн шаардлагын ... агуулгыг буруу /тодорхойлж/, хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

            Хэрэгт авагдсан, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хуралдаан даргалагчаас тавьсан “... нэхэмжлэгчээс тодруулъя. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулан хэлнэ үү” гэх асуултад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу ... /маргаан бүхий/ актыг хүчингүй болгуулах..., ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасны дагуу ... захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах...” гэж хариулсан, энэ нь нэхэмжлэгч “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн”, “тодруулсан” гэх агуулгагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Тодруулбал, тухайн тохиолдолд “...сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус эсэх” талаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байхад анхан шатны шүүх “... хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн “...урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж дүгнэлт хийгээгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэгчээс “... Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... заасан” үндэслэл дурдаж маргасан байхад уг үндэслэлд холбогдуулж шүүх дүгнэлт хийгээгүй  байх тул анхан шатны шүүх шийдвэрлээгүй, дүгнэлт хийгээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.    

Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа “дүйцэхүйц албан тушаал” гэж ямар албан тушаалыг нэрлэн зааж байгааг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0651 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяраас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА