Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/02738

 

2021 оны 11 сарын 25 өдөр             Дугаар 183/ШШ2021/02738            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ивээл хотхоны 00А байр, 0 тоот хаягт байрлах, Ш.И СӨХ /РД:0000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ивээл, 00а байрны 000 тоот хаягт байрлах, М.ИХХК /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, чингисийн өргөн чөлөө өөрийн байрандт байрлах, У.Ц.Т.С ТӨХК /РД:0000000/-нд холбогдох

Гэм хорын хохиролд 21,685,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.И СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, М.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-Э, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, Э.Э, Э.Б, П.А, шинжээч Б.Э, Б.Д, Д.Б, гэрч Ц.Ц нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.И СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.И СӨХ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 41 А,Б,В байрны засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Ш.И хотхоны барилгыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. 2019 оны 02 дугаар сарын 15-аас 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд 41Б, 41В байрнуудын нийт 162 айлын тоолуурыг хариуцагч баталгаажуулж, буцаан угсарч өгсөн.

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим 41 Б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны шит шатаж гал гарснаас үүдэн цахилгааны босоо магестриал шугамууд шатаж 41Б байрны зүүн жигүүрийн бүх айл өрхийн цахилгаан тасарсан. Ингээд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч нар 23.20-00.50 цагийн хооронд галыг унтраасан. Гал унтраасны дараа 41Б байрны тоолуурын баталгаажуулалт хийсэн тоолууруудыг шалган үзэхэд 4 айлын тоолуурыг дутуу боосон, эрэг боолтыг чангалаагүй, тоолуур сул байсан зөрчил илэрсэн. Шинжээч Б.Д тоолуурыг сул боосноос гал гарах боломжтой гэж дүгнэсэн.Тиймээс гал түймэр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан. Тухайн орон сууцны цахилгаан шугам сүлжээний засвар үйлчилгээг Баатар дулаан хан ХХК хариуцдаг ч гал гарсан шалтгаан нь уг байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй юм.

Тоолуурыг баталгаажуулсан үйл баримтад хариуцагч маргаагүй, харин тоолуурыг баталгаажуулж холболт хийснээс гал гараагүй гэж маргасан. Хариуцагч нийт 162 айлын тоолуурыг баталгаажуулсан, ажлаа дутуу хийснээс буюу тоолуурыг зохих стандартын дагуу эрэг боолтын чангалаагүй, ажлаа доголдолтой гүйцгэсэн, ажил хүлээлцэх акт үлдээгүй байна. Ш.И СӨХ нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуримтлагдсан засвар үйлчилгээний төлбөр байхгүй байсан тул шатсан интернэт кабелийн утас, холбооны утас, галын дохиоллын утас, лифтний 2 тэжээлийн кабель, давхрын гэрэлтүүлгийн кабелууд, 27 ширхэг айлын тоолуурын автомат, цэнэг шавхагч зэрэг бусад зардлыг гаргаж, яаралтай арга хэмжээ авахын тулд Мон ивээл ХХК-тай барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, засвар үйлчилгээгээ гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд 21,685,310 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд зарлагын падаанд буруу тусгагдсан барааны үнэ 3,887,720 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 17,797,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэв.

Нэхэмжлэгч М.И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас гэм хор учирсан. Нэхэмжлэгч Ш.И ХХК-ийн хүсэлтээр оршин суугчдыг яаралтай хэвийн байдалд оруулах үүднээс Ш.И СӨХ нь М.И ХХК-аас тусламж хүсэж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А40/0 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани нь тухайн орон сууцыг барьсан компанийн хувьд Ш.И СӨХ-ны хүсэлтээр оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гэм хорыг урьдчилж төлж барагдуулсан. Хариуцагч нь эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага нь баталгаажуулсан цахилгаан тоолуурын холболтын цэгт суурилуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ үүргээ хуульд заасан стандарт нормын дагуу хийж гүйцэтгээгүйгээс болж гэм хор учирсан. Иймд 17,797,590 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.... гэв.

Хариуцагч У.Ц.Т.С ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэм хор учруулсан гэх гэм хорыг хариуцагч байгууллагын буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс учирсан болохыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогоогүй, цахилгааны тоолуурыг дутуу боосон гэдэг нь гал гарсан гэх үйл баримтыг шууд тогтоохгүй юм. Гал гарсан нь тоолуурын баталгаажуулалттай холбоотойн улмаас гарсан гэдэг баримт хавтаст хэргээс харагддаггүй, харин гал гарсан орцонд маш их тамхины иш, шитний ойролцоо цаас, шүдэнз байсан нь гадны нөлөөтэй гал гарсан гэдэг нь харагдаж байдаг. Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч хоолойнд бөмбөлөг үүсээгүй, энэ нь цахилгаанаас гал гараагүй гэдгийг дүгнэсэн дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлт нь ганцаараа шинжлэх ухааны тусгай мэдлэг, техникийн мэдлэгийг ашиглан гаргасан дүгнэлт бөгөөд бусад хоёр дүгнэлт нь үндэслэлгүй, дүгнэлт биш тайлбар гэж мөн гаргасан болно. Тоолуурын холболтоос болж уг гал гарсан гэх гэм бурууг эсэргүүцэж байгаа. Учир нь угсралтын явцад буруу боосноос богино залгаа үүссэн гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэв богино залгаа үүссэн тохиолдолд автоматууд доош унаж тоолуураа хамгаалдаг хамгаалагч байгаа, тоолуурын 4 ширхэг утсыг боож байгаа тоолуурын үүр нь өөрөө гал гарах ямар ч боломжгүй материалаар хийгдсэн байдаг. Хэрвээ сул боосон тохиолдолд аль нэг хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл тасалдах ёстой гэтэл 45 хоногийн турш цахилгаан тасалдалтай холбоотой гурван дуудлага ирсэн. Хоёр нь 4 давхрын оршин суугчаас ирсэн дуудлага, нөгөө нь орон сууцны контортой холбоотой манайд хамаагүй дуудлага байсан. Тэгвэл гал 5 давхраас дээш гарсан. Тоолуур баталгаажуулж суурилуулснаас хойш 45 хоногийн хугацаанд тоолуурын боолтын сулаас шалтгаалан, цахилгаан эрчим хүч тасалдлаа гэсэн нэг ч дуудлага байхгүй. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу хариуцагч нь эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн. Ш.И СӨХ нь тухайн барилгын цахилгааны засвар үйлчилгээг Баатар дулаан хан ХХК иас авдаг болно. Үнэлгээний компаниар хохирлын үнэлгээг 14,894,800 төгрөг гэж тогтоосон байсан. Үүнийг дурдаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Учирсан гэм хор болон хариуцагч байгууллагын үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдох байдал уг нөхцөл тогтоогдохгүй байгаа учир уг учирсан гэх гэм хорыг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул Ш.И СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

М.И ХХК нь Ш.И СӨХ-той тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан атал, гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул М.ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь мөн хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хариуцагч У.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 21,685,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.И СӨХ нь гаргасан байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.И СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 3,887,720 төгрөгийг татгалзаж, үлдэх 17,797,590 төгрөгийг, нэхэмжлэгч М.И ХХК 17,797,590 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч М.И ХХК-ийн хүсэлтээр, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаар тогтоолоор М.И ХХК нь хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Шүүх дараах үндэслэлээр Ш.И СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, М.ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.ИСӨХ шүүхэд ... Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 41 А,Б,В байрны засвар үйлчилгээг Ш.И СӨХ хариуцан ажилладаг. 2019.02.15-аас-2019.02.22-ны өдрүүдэд 41Б, 41В байрны нийт 162 айлын тоолуурыг хариуцагч У.Ц.Т.С ТӨХК баталгаажуулж, буцаан угсарч, суурилуулсан. 2019.04.03-ны өдөр 23 цагийн орчим 41Б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны шит шатаж гал гарч, цахилгааны босоо магестриал 5-12 давхар хүртэл шатаж, зүүн жигүүрийн бүх айл өрхийн цахилгаан тасарсан.Гал унтраасны дараа 41Б байрны тоолуурын баталгаажуулалт хийсэн тоолууруудыг шалган үзэхэд 4 айлын тоолуурыг дутуу боосон, эрэг боолтыг чангалаагүй, тоолуур сул байсан зөрчил илэрсэн. Шинжээч Б.Д тоолуурыг сул боосноос гал гарах боломжтой гэж дүгнэсэн.Тиймээс гал түймэр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан, ажлаа дутуу хийснээс буюу тоолуурыг зохих стандартын дагуу эрэг боолтын чангалаагүй, ажлаа доголдолтой гүйцгэсэн, ажил хүлээлцэх акт үлдээгүй. Оршин суугчдыг хэвийн байдалд нь оруулж, яаралтай арга хэмжээ авахын тулд Мон ивээл ХХК-тай барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, засвар үйлчилгээг гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч шүүхэд 21,685,310 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд зарлагын падаанд буруу тусгагдсан барааны үнэ 3,887,720 төгрөгийг хасаж, үлдэх 17,797,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч М.И ХХК шүүхэд ...М.И ХХК нь гал гарсан барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иймээс Ш.И ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А0/00 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Ш.И СӨХ-той байгуулж, гэм хорыг арилгаж, оршин суугчдыг цахилгаантай болгон хэвийн байдалд нь оруулсан. Хариуцагч нь хуульд заасан үүргээ стандарт нормын дагуу хийж гүйцэтгээгүйгээс болж гэм хор учирсан тул 17,797,590 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.... гэж тайлбарладаг.

Хариуцагч У.Ц.Т.С ТӨХК шүүхэд ... Гал гарсан орцонд маш их тамхины иш, шитний ойролцоо цаас, шүдэнз байсан нь гадны нөлөөтэй гал гарсан. Цахилгааны тоолуурыг дутуу боосон гэдэг нь гал гарсан гэх үйл баримтыг шууд тогтоохгүй юм. Тоолуурын баталгаажуулалттай холбоотой гал гарсан болохыг баримтаар тогтоогоогүй. Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулагч хоолойнд бөмбөлөг үүсээгүй, энэ нь цахилгаанаас гал гараагүй гэдгийг дүгнэсэн. Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, бусад хоёр газрын шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Тоолуурыг баталгаажуулах угсралтын явцад буруу, дутуу боосноос богино залгаа үүссэн гэдэг нь нотлогдоогүй. Хэрэв богино залгаа үүссэн тохиолдолд тоолуурын автоматууд доош унаж тоолуураа хамгаалдаг хамгаалагчтай, тоолуурын үүр нь өөрөө гал гарах ямар ч боломжгүй материалаар хийгдсэн болно. Хэрвээ тоолуур сул боосон тохиолдолд аль нэг хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл тасалдана. Тэгвэл гал гарах хүртэл цахилгаантай холбоотой 2 дуудлага ирсэн, энэ нь 4 давхрын оршин суугчдаас байсан. Галын голомт 8 давхраас гэж дүгнэсэн тул хамааралгүй байна. Иймээс гэм хор учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

М.ИХХК нь Ш.И СӨХ-той тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул М.ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

Зохигч талууд 2019.02.15-аас-2019.02.22-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 41Б, 41В байрны нийт 162 айлын тоолуурыг У.Ц.Т.С ТӨХК баталгаажуулсан, 41Б байранд 2019.04.03-ны өдөр гал гарсан үйл баримтын талаар маргаагүй.

Харин хариуцагч нь гал хэний буруутай үйлдлийн улмаас гарсан эсэх нь нотлогдоогүй гэж маргаж, Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээч Д.Б ... цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй тул цахилгааны богино хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл зэргийн аль хэсэгт хамаарахыг тогтоох боломжгүй... гээд цахилгаанаас гал гараагүй гэж дүгнэсэн. Хэрэв богино залгаа үүссэн бол тоолуурын автоматууд доош унаж тоолуураа хамгаалдаг, тоолуурын үүр нь өөрөө гал гарах ямар ч боломжгүй материалаар хийгдсэн. Хэрвээ тоолуур сул боосон тохиолдолд аль нэг хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл тасалдана. Иймээс хариуцагч гэм буруутай болох нь нотлогдоогүй, Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Б.Д гал түймэр цахилгаан дамжуулах утасны холболт, цахилгаан дамжуулах утсыг зохих стандартын дагуу чанга боох шаардлагатай ба сул боогдсон, сул орхисон тохиолдолд гал түймэр гарах боломжтой гэж дүгнэсэн тул хариуцагч тоолуурыг баталгаажуулахтай сул боосноос үүдэн гал гарч гэм хор учруулсан гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 000/0000 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 23:14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхон 41Б байрны 5-12 давхарт цахилгаан шитэнд гал түймэр гарсан...

1.    Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг материалуудаас үзэхэд гал түймэр цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт буруу хийгдсэн, дамжуулах утасны гэмтэл үүсэж богино холболт, шилжилтийн эсэргүүцэл болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй,

2.    Хувьсах гүйдлийг хэмждэг цахилгаан тоолуур болон автомат гал хамгаалагчуудыг холбохдоо цахилгаан дамжуулах утсыг зохих стандартын дагуу чанга боох шаардлагатай ба сул боогдсон эсхүл зарим цахилгаан гүйдлийн утсыг сул орхисон тохиолдолд гал түймэр гарах боломжтой,

3.    Тухайн байрны цахилгааны шитэнд гарсан гал түймэр гаднаас хүн санаатайгаар ил гал гаргаж гал түймэр гаргасан гэх нөхцөл тогтоогдоогүй. Шатлагын нөхцөл байдлыг харахад өртөгдсөн галын голомт нь тухайн давхруудын цахилгааны шитний дотор талдаа явагдсан байна. Зөрчлийн хэргийн материалд иргэн П.Уугангэрэлийн өгсөн гэрчийн мэдүүлэгт: 14 цахилгааны шит түгжээтэй байсан уу? Хариулт түгжээтэй байдаг манай жижүүр дээр шитний түлхүүр байдаг. Тухайн тоолуур баталгаажуулалт хийхдээ жижүүрээс түлхүүр авсан гжх мэдүүлгээс үзэхэд тухайн гал түймэр гарсан шитнүүдийг жижүүр болон эрх бүхий албан тушаалтнуудаас өөр хүн онгойлгох боломжгүйг илтгэж байна гэж дүгнэжээ. /1х.х-ийн 81-82 хуудас/

Гамшиг судлал хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00/00 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхон 41/Б байрны 5-12 давхрын цахилгаан хуваарилах самбар шатсан...

Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утас, цахилгаан хуваарилах самбарын цахилгаан дамжуулагч утас зэрэгт цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй байна.Хэрэв богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл болсон тохиолдолд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ.

Цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй тул цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл зэргийн аль хэсэгт хамаарахыг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. /1х.х-97-98 хуудас/

Хариуцагч У.Ц.Т.СТӨХК-ийн хүсэлтээр, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаар тогтоолын дагуу томилсон Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн гаргасан тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээр

... Цахилгааны богино холболт гэдэг нь цахилгаан дамжуулах утасны тусгаарлах бүрээс гэмтсэнээс бүрээс нь шалбарсан утасны гадаргуунууд хоорондоо хүрч их хэмжээний дулаан ялгардаг. Өөрөөр хэлбэл цахилгаан хэлхээ нь аль нэг хэрэглэгчээр дамжих биш харин өөрөө эсрэг потенциалтайгаа битүүрдэг. Үүний үр дүнд их хэмжээний дулаан ялгарч ойр орчмын шатах материалыг асах дулааныг бий болгоно. Хэт ачаалал гэдэг нь цахилгаан сүлжээний гүйдлийн хэмжээ нь техникийн үзүүлэлтээр тогтоогдсон гүйдлийн хэмжээнээс хэтрэх үзэгдэл. Өөрөөр хэлбэл хэт ачаалал бол цахилгаан шугам сүлжээний дамжуулагч, машин, аппарат дахь гүйдэл удаан хугацаагаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихсэх ослын горимыг хэлнэ. Дамжуулагч болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед хор уршиг үүсэж болохуйц халалт бий болдог. Хэт ачаалал нь ерөнхийдөө гал хамгаалагчийг тооцоот гүйдлээс нь хэтрүүлж тавьсан эсвэл түүнийг алгасан холболт хийсэн тохиолдолд үүсдэг. Хэт ачаалал үүсэх шалтгаан нь төлөвлөлтийн үед дамжуулагчийн буруу тооцоолсноос гардаг. Дамжуулагчийн голчийн хөндлөн огтлол багассанаас цахилгаан хүлээн авагчид хэт ачаалал үүсдэг. Шугам сүлжээний дамжуулагчийн тооцоолсон хүчин чадлаас илүү цахилгаан хүлээн авагч залгаснаас мөн адил хэт ачаалал үүсдэг. Шилжилтийн эсэргүүцэл гэдэг нь дамжуулагч хоорондын болон дамжуулагч, машин аппарат, төхөөрөмжийн хоорондын залгаан дээр үүсдэг. Мөн шилжилтийн эсэргүүцэл нь сул холболттой болон исэлдэлттэй авалцуур, түүний бага талбайгаар холбогдсон үед үүсдэг. Эсэргүүцэл үүссэн үед их хэмжээний дулаан ялгарч улмаар дамжуулагчийн тусгаарлагч, цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги хайлж шатах аюултай нөхцөл байдал үүсдэг. Бөмбөлөг үүсэлт гэдэг нь цахилгааны богино холболтоос болж зэс утсанд бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг нь гал гарахаас өмнө галын шалтгаан болж үүссэн үү эсвэл гал гарсны дараа тэр галын улмаас үүссэн үү гэдгийг тусгай тоног төхөөрөмжөөр шинжлэн тогтоодог. Цахилгааны богино холболтын нумны температур зэсийн хайлах температур нь 1058 цельс, энэ нь хөнгөн цагааны хайлах температур 660 цельсээс хамаагүй өндөр үзүүлэлт юм. Цахилгааны богино холболтын нумны температураас болж хайлсан зэс эргээд царцахдаа ойролцоогоор бөөрөнхий хэлбэр дүрстэй болдог. Үүнийг богино холболтын бөмбөлөг гэдэг. Цахилгаан дамжуулах утсыг буруу холбосон, сул орхисон, дутуу чангалсан нөхцөлд цахилгаан дамжуулагч утсаар гүйх гүйдэл хэвийн бус гүйх бөгөөд цахилгаан хэрэглэгчийг олноор залгасан тохиолдолд гал түймрийн аюулыг шууд үүсгэнэ. Баримтаас үзэхэд цахилгааны утас суурилуулах явцад гарсан алдааны 70 хувь нь цахилгаан дамжуулах утсыг буруу, сул холбосон, дутуу чангалсан гал түймрийн аюул үүсэх магадлалтай. Цахилгаан дамжуулах утсыг буруу холбосон, сул орхисон, дутуу чангалсан нөхцөлд цахилгаан хэмжих хэрэгсэл буюу 1 болон 3 фазын тоолуур хэвийн ажиллана. Харин цахилгаан дамжуулагч утасны холболт сул, дутуу чангалсан тохиолдолд хэт ачааллын үед цахилгаан тоолуур шатах, эсвэл цахилгаан дамжуулагч утас болон тоолуурын холбосон хэсэгт хайлах, холболт салах магадлалтай. Дифференциал тоолуур гэснийг дифференциаль автомат салгагч гэж ойлгож байна. Энэхүү дифференциал автомат салгагч нь дараах хариу үйлдэл үзүүлдэг. Үүнд: Нэгдүгээрт, Энэхүү цахилгаан төхөөрөмж нь хэт их ачаалал эсвэл богино холболтын үед үүсэх, гэмтээхээс хамгаалдаг. Хоёрдугаарт, Дифференциал автомат таслагч нь цахилгаан дамжуулах шугамын кабел, шугам гэмтсэн тусгаарлагч эсвэл гэр ахуйн цахилгаан хэрэгслийн гэмтлийн улмаас цахилгаан алдагдаж, хэрэглэгч болон цахилгаан тоног төхөөрөмжийг тус тус гэмтлээс хамгаалах зэргээр хариу үйлдлийг үзүүлдэг. Хэрэв орон сууцны цахилгаан босоо шугамд гал түймэр гарсан тохиолдолд галын шаталга физик, химийн онол арга зүйн үүднээс гал түймрийн шаталга зөвхөн доороос дээш тархалтын чиглэлтэй явагдана. Харин цахилгааны босоо шугамд гарсан гал түймрийн үед өндөр хүчдэлийн кабелын бүрээснээс дуслах халуун хайлмал нь доод давхрын цахилгаан дамжуулагч утсыг шатаах боломжтой гэж үзэж байна.

Дүгнэлт: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дс ирүүлсэн 183/ШТ2020/00000 дугаартай шүүхийн тогтоолын асуулт 6,7,8 дугаар асуултыг хариулах боломжгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасны дагуу хэргийн газар дахь гал түймрийн шаталгад өртсөн эд материал /цахилгаан тоолуур, дифференциал автомат, цахилгаан дамжуулагч утас, шитны хайрцаг/ засвар үйлчилгээ хийгдсэн, шаталгын ул мөр тодорхой бус байгаа нь дээрх асуултад хариулах боломжгүй зэрэг нь дүгнэлтийг бүрэн гүйцэд гаргах боломжгүй байна гэж дүгнэжээ. /2х.х-ийн 46-48 хуудас/

Дээрх шинжээч нарын дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонссон бөгөөд шинжээч нараас дүгнэлттэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн болон зохигчид тайлбар авсан.

Хариуцагч нь цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй тул цахилгаанаас гал гараагүй гэж шинжээч Д.Б дүгнэсэн тул гэм буруугүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, хариуцагчийн татгалзал шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан дараах тайлбараар няцаагдаж, хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-       ... 23 цагийн үед хэт ачаалал байхгүй, ачаалал буусан үе байдаг. Харин богино холболтоос үүсэж гал гарсан байх магадлал өндөр байсан. Хариуцагч шит хийсэн материал гал дэмждэггүй, шатахгүй гэж тайлбарлаж байгаа боловч, шит бүхэлдээ шатсан байсан. Хэрэв галд шатдаггүй, тэсвэртэй бол шитэнд гал гарах боломжгүй юм. Тиймээс галд шатдаггүй материалаар хийсэн гэхээсээ илүүтэй магадгүй галд тэсвэртэй материалаар хийсэн байж болох боловч, шит бүхэлдээ галд өртсөн байсан. Шитэн дотор гал гарсан учраас цахилгаанаас үүдэлтэй гэж үзэхэд бүрэн үндэслэлтэй байгаа юм. Би өөрөө тухай гал гарсан газар хоёр ч удаа очиж 5-12 давхар хүртэл бүгдийг нь үзэхэд хамгийн их магадлалтай 8 дугаар давхрыг галын голомт гэж үзээд шитийг бүхлээр нь аваад нэг бүрчлэн шинжээчид хүргүүлсэн, бөмбөлөг байхгүй гэж үзээд цахилгаанаас гараагүй ,болоогүй гэж үзэх нь учир дутагдалтай. Хэрвээ цахилгаан хоорондын нэмэх, хасах цэнэг масс үүсээд гал түймэр гараад бөмбөлөг үүсээгүй тохиолдол маш олон байдаг. Бөмбөлөг нь богино холболт шилжилтээс, нэмэх хасах 2 цэнэг хоорондоо үрэлцсэнээс болж үүсдэг. Маш жижиг хэмжээтэй үүсдэг, гал сөнөөгчид гал унтраах явцад бөмбөлгийг гэмтээх боломжтой юм. Цахилгаанд масс үүсэхэд унадаг цахилгааны автомат унаагүй байсан. Ер нь бол шитний цоожтой хаалгыг онгойлгоод тамхи хийгээд ил галаас гарах боломж туйлын бага магадлалтай...

-       ...Шүүгч Д.Энхцэцэг: Ил галын голомтоос бий болсон гал, цахилгаанаас бий болсон галын нөхцөл байдал хоёр өөр байдаг уу гэхэд

Шинжээч Б.Д: Өөр байдаг. Энэ гал бол цахилгаанаас болсон байсан...

-       ...Нэхэмжлэгч Ш.ИСӨХ-ийн өмгөөлөгч: Богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн гэмтэл үүсээд байгаа шалтгаан нь тоолуурын цахилгаан утсыг сул боосноос үүсэх боломжтой юм уу гэхэд

Шинжээч Б.Д: Боломжтой гэв.

-       Нэхэмжлэгч Ш.ИСӨХ-ийн өмгөөлөгч: Хариуцагч байгууллага тоолуурын баталгаажуулалтыг 2 сард хийсэн гэж байгаа гэтэл баталгаажуулалт хийснээс хойш 1 сар гарны дараа гал гарсан байна. Энэ нь логикоор бодож үзэхэд ямар нэгэн масс үүсээд айлуудын цахилгаан тасалдах ёстой гээд байгаа энэ талаар та хариулт өгөөч гэхэд Шинжээч Б.Д: Ямар нэгэн доргилт үүсээд эхний сард тэгшхэн байсан бол дараа сард бага хэмжээгээр хөдлөөд хоорондоо нийлэх боломжтой. Нэмэх хасах 2 цэнэг хоорондоо шүргэлцсэн тохиолдолд төв шит унтрах ёстой. Гэтэл автоматаар төв шит буугаагүй байгаа нь буруу холбосонтой л холбоотой...

-       ...Нэхэмжлэгч Ш.ИСӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Стандарт нормын дагуу тоолуурын цахилгааны утсыг чанга боох шаардлагатай сул боосон болон сул орхисон тохиолдолд гал түймэр гарах боломжтой гэсэн. Үүнийг дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбарлаад өгөөч гэв

Шинжээч Б.Д: Шитэн дотор маш олон нэмэх хасах цэнэгтэй утаснууд байгаа. Нэмэх цэнэгтэй утас заавал хажуу талын хасах цэнэгтэй утастай шүргэлцэж гал гарна гэсэн юм байхгүй аль ч утастай шүргэлцэхэд гал гарна гэв.

-      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх: Гал гарсан шалтгаан нь тоолуураас болсон юм уу? Цахилгаанаас болсон юм уу? гэхэд

Шинжээч Б.Д: Цахилгаанаас гэв...

-   ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ишжамц: Тоолуур дээр байдаг 2 утсыг сул бооход хоорондоо нийлэх боломж байдаг уу гэхэд Шинжээч Б.Д: Байдаг гэв...

Гамшиг судлал хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - ...Бөмбөлөг нь 2 хүчин зүйлээс болж үүсдэг. Нэг нь богино залгаа, нөгөө нь шаталтын улмаас үүснэ. Богино залгаа нь цахилгаан дамжуулах утсанд 1500-2000 градус температурт хүрч байж бөмбөлөг үүсдэг. Дулааны үйлчлэлээр цахилгаан дамжуулагчид цахилгаан дамжуулагчийн агууламжаас хамаарч 1085 градус хүрч байж бөмбөлөг үүснэ. Цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүссэн бол бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тогтоосноос хэт ачаалал уу, шилжилтийн эсэргүүцэл үү, богино холболт уу гэдгийг тогтоох боломжтой. Ирсэн дээжээс шинжилгээ хийхэд бөмбөлөг үүсээгүй байсан гэв...

-       ...Нэхэмжлэгч Ш.ИСӨХ-ийн өмгөөлөгч: Бөмбөлөг заавал үүсч байж гал гардаг юм уу? Үүсэхгүй байсан ч гал гарч болох уу гэхэд Шинжээч Д.Б: Цахилгаан дамжуулагч утас нь бөмбөлөг үүсэхгүйгээр гал гарах боломжтой гэв...

-       ..Даргалагчаас: Бөмбөлөг нь гал унтраах ажиллагаа явагдах үед гэмтэх, алга болох магадлал байдаг уу гэхэд

Шинжээч Д.Б: Байдаг гэв...

-       Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн шинжээч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-       ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх: Зөвхөн тоолуурын холболтын сулаас болж гал гарах нөхцөл үүссэн байх боломжтой юу гэхэд

Шинжээч Б.Э: Боломжтой. Гэхдээ систем нь өөрөө автоматаар бууж байх ёстой гэв...

-       ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх: Тоолуурын тусдаа байгаа клерийн утас нийлэх боломжтой юу гэхэд

Шинжээч Б.Э: Боломжтой гэв...

Хариуцагч нь бөмбөлөг үүсээгүй тул гал цахилгаанаас гараагүй гэх тайлбар шинжээч Д.Бын тайлбараар няцаагдаж байна. Учир нь шинжээч Д.Б цахилгаан дамжуулагч утас нь бөмбөлөг үүсэхгүйгээр гал гарах боломжтой, бөмбөлөг нь гал унтраах явцад устах, алга болох боломжтой гэж шүүхэд өөрөө тайлбарлаж байна. Мөн шинжээч нарын дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл гал гадны хүчин зүйлээс үүсэж гараагүй, цахилгааны шитэн дотор талаас цахилгаанаас гал гарсан байх бөгөөд тоолуурыг баталгаажуулахад цахилгааны утсыг сул боосноос гал гарах боломжтой гэж тайлбарлаж байх тул хариуцагч нийт 162 тоолуурыг баталгаажуулсан ажлаа айл өрхүүдэд хүлээлгэн өгснийг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тоолуур баталгаажуулж суурилуулах, цахилгааны холболттой ажлыг иргэн хүн зөв, буруу хийсэн эсэхийг нүдээр үзээд шууд мэдэх боломжгүй, тусгай мэргэжлийн хүн мэдэх боломжтой мэргэжлийн ажил тул тоолуур баталгаажуулж, суурилуулсан ажлыг тухайн орон сууцны цахилгааны засвар үйлчилгээ хариуцсан Баатар дулаан хан ХХК-нд хариуцагч хүлээлгэн өгөх үндэслэлтэй байжээ. Иймээс хариуцагч тоолуур баталгаажуулж, суурилуулсан ажлыг зохих стандартын дагуу суурилуулж, өгсөн талаарх үйл баримтыг өөрөө нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тоолуурыг баталгаажуулж суурилуулахтай холбогдуулан нэхэмжлэгч Ш.ИСӨХ нд гэм хор учруулсан гэм буруутай байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4-д зааснаар хариуцагчаас ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагчид энэ үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4-д Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар чанар муутай ажил гүйцэтгэсэн үйлдвэрлэгч хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Шинэ-ивээл СӨХ-нд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК 14,894,800 төгрөгөөр тогтоож, мөн Нийслэлийн онцгой байдлын газар Гал түймэр гарсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00/000-0000 дугаар актаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41/Б байрны 5-12 дугаар давхрын цахилгааны шит, тоолуур, самбар, цахилгаан дамжуулах утас гал түймэрт өртөж 14,894,800 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байх тул бодит учирсан хохирлын хэмжээ 14,894,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.ИСӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /1х.х-ийн 79-80, 196 -203

Нэхэмжлэгч М.ИХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч Ш.ИСӨХ-той байгуулж, гэрээний дагуу М.И ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гал гарсны улмаас Ш.И СӨХ-ны 41/Б байрны эвдрэл гэмтлийг өөрийн материалаар засварлуулах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулжээ. /1х.х-ийн 214-216 хуудас / Уг гэрээний дагуу нэхэмжлэгч М.ИХХК барилгын засвар үйлчилгээнд нийт 17,797,590 төгрөгөөр ажил үйлчилгээ үзүүлсэн гэж үзэн гэм буруутай этгээд У.Ц.Т.С ТӨХК-аас 17,797,590 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.ИХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгүүлсэн, төлбөр төлөх гэрээний үүргийн зөрчил гаргасан Ш.И ХХК-иас хуульд зааснаар шаардах эрхтэй тул хариуцагчаас шаардсан 17,797,590 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд У.Ц.Т.С ТӨХК-иас 14,894,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.И СӨХ-д олгож, нэхэмжлэгч Ш.И СӨХ нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,279 төгрөг, мөн нэхэмжлэгч М.И ХХК-ийн 17,797,590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Гамшиг судлал хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00/00дугаартай шинжээчийн дүгнэлтэд Д.Б, О.Б нар оролцсон байх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч нарыг хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 325 дугаар тогтоол гарсан. Шүүх хуралдаанд шинжээч Д.Б оролцсон, О.Б-гыг шүүх хуралдаанд оролцуулах, мөн гэрч Ц.Ц-с гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ тус тус татгалзаж хариуцагч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн,

Нэхэмжлэгч Ш-и СӨХ нь Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дүгнэлтийг шинжээч С.Б, Г.Э, Б.Э нар гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд тэднийг оролцуулах хүсэлт нэхэмжлэгч гаргасныг шүүх хангаж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаар тогтоол гарсан. Шүүх хуралдаанд шинжээч Б.Э оролцсон, Б.Б, Г.Э нарыг шүүх хуралдаанд оролцуулахаас нэхэмжлэгч Ш.И СӨХ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тус тус дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Ц.Т.С ТӨХК-иас  14,894,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.И СӨХ-д олгож, нэхэмжлэгч Ш.И СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2,902,790 төгрөг, нэхэмжлэгч М.ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 17,797,590 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.ИСӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,377 төгрөг, нэхэмжлэгч М.ИХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,938 төгрөгийг тус, тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  У.Ц.Т.С ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232,424 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.И СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ

                                              ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР

                                                                                                                             Д.ЭНХЦЭЦЭГ