Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 750

 

 

 

 

                                 “Ш И” сууц өмчлөгчдийн холбооны

                                      нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02753 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ш И” СӨХ-ны хариуцагч “У Б” ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, өмгөөлөгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Ш И” СӨХ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж Ивээл хотхоны 41А, 41Б, 41В байрнуудын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Ивээл хотхоны орон сууцууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглалтад орсон. 2016 онд “У Б” ТӨХК-д барилга байгууламжийн эрчим хүчний 240 ширхэг тоолуурыг бүрэн хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш эрчим хүч цахилгаантай холбоотой ямар нэгэн доголдол, асуудал үүсч байгаагүй. 2019 оны 2,3 дугаар саруудад “У Б" ТӨХК-ийн Хан-Уул дүүргийн хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс цахилгааны тоолуурын ээлжит баталгаажуулалт явагдаж байгаа талаар оршин суугчдад удаа дараа зарласан. Энэ зарлалын дагуу “У Б" ТӨХК 2019 оны 02 дугаар сарын 15-аас 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд 41Б, 41В байрнуудын нийт 162 айлын тоолуурыг баталгаажуулалтад оруулж буцаагаад тавьж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 23.00 цагийн үед 41Б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны шит гэнэт шатаж гал гарснаас үүдэн босоо мегастрал шугамууд шатаж 41Б байрны зүүн жигүүрийн бүх айл өрхийн цахилгаан тасарсан. Ингээд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах 14 дүгээр ангид дуудлага өгснөөр гал унтраах ангийн бүрэлдэхүүн 23:20-00:50 цагийн хооронд галыг бүрэн унтраасан. Гал унтраасны дараа 41Б байрны тоолууруудыг шалган үзэхэд 4 айлын тоолуурыг “У Б” ТӨХК, Хан-Уул ХҮТ нь ээлжит баталгаажуулалтад оруулаад буцааж тавихдаа сайн бэхлээгүй, эрэг боолтыг чангалаагүй, тоолуур сул байсан, хэвийн ажиллагааг алдагдуулсан зөрчил илэрсэн. Иймд энэ зөрчлийг “У Б” ТӨХК, Хан-Уул ХҮТ-д мэдээлж дуудлага өгснөөр тоолуурын инженер гэх хүн ирж “Ш И” СӨХ-ны цахилгаанчин н.А-тай хамт цахилгаан щитний  тоолууруудыг дахин шалгахад 41В байрны 4 айлын тоолууранд мөн л дээрх зөрчил илэрсэн. Манай “Ш И” СӨХ нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар,  Нийлэлийн онцгой байдлын газар, “У Б” ТӨХК-ийн Хан-Уул ХҮТ-д гал гарсан шалтгаан, галын голомт хаанаас эхэлсэн, мөн нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлж байсан. Нийслэлийн онцгой байдлын газраас гал гарсан шалтгааны талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. “У Б” ТӨХК нь айл өрхийн тоолуурыг ээлжит баталгаажуулалтад оруулан буцаан тавихдаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг, аюулгүй ажиллагааны норм, стандарт, холбогдох дүрэм журмыг зөрчиж  хэвийн ажиллагаа, оршин суугчдын эрүүл аюулгүй байдлыг алдагдуулж нийт 27 айлын тоолуур цаашид дахин ашиглах боломжгүйгээр шатаж, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд гэм хор учруулаад байна. “Ш И” СӨХ нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуримтлагдсан засвар үйлчилгээний төлбөр байхгүй байсан тул шатсан интернэт кабелийн утас, холбооны утас, галын дохиоллын утас, лифтний 2 тэжээлийн кабель, давхрын гэрэлтүүлгийн кабелууд, 27 ширхэг айлын тоолуурын автомат, цэнэг шавхагч зэрэг бусад зардлыг яаралтай арга хэмжээ авахын тулд “М И” ХХК-тай барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, засвар үйлчилгээгээ хийлгээд байна. Иймд “У Б” ТӨХК-аас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд учруулсан хохирол 21 685 310 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барилга байгууламжид 4 утас хоолойгоор явж давхар бүрийг тогоор хангадаг. Тоолуур нь орон сууцны өмчлөгчийн өмч юм. Баатар дулаан хаан ашиглалтыг хариуцдаг. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр орон сууцанд тоолуурыг баталгаажуулж суурьлуулсан. Манайх сул боосноос болж гал гараагүй. Хэрэв буруу холболт хийсэн бол тог ирэхгүй, тог буудна. Сул боовол тог очихгүй. Хэрэглэгчийн босоо магистрал 8 давхраас гал гарсан. Барилга байгууламжид хоолоогойр 4 утас явдаг бөгөөд аль утаснаас гал гарсныг нь тодорхойлоогүй. Кабелийн, холбооны, цахилгааны утасны алинаас гал гарсныг мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр “тоолуурын холболт буруу хийснээс гал гарсан” гэж гараагүй.  Шитэд байгаа дамжуулах утсыг манайх хариуцахгүй, дамжуулах утасны аюулгүй байдал, засвар үйлчилгээг Баатар дулаан хаан хариуцдаг бөгөөд дамжуулах утасны элэгдэл чанар, засвар үйлчилгээ хийгээгүйтэй холбогдон утас хоорондоо маасалж гал гардаг, тэгэхээр аль утаснаас гал гарсан талаар дүгнэлт байхгүй, тоолуурыг баталгаажуулснаас хойш 2 сарын дараа масс үүсч гал гарах боломжгүй. Мөн  дамжуулах цахилгаан утаснаас хоорондоо хамгаалсан пускаталнууд шууд унтардаг. Баталгаажуулсан тоолуурыг хүлээлгэн өгөхдөө акт үйлддэг. Цахилгаан эрчим хүчний дүрэм 2001 оны №263 дугаар тогтоол. Утасны аюулгүй байдал хангасан, хэвийн байсан, урсгал засвар хэрхэн хийсэн талаар баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “У Б” ТӨХК-д холбогдох гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Ш И” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 377 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг зөвхөн “М И” ХХК-тай холбоотой мэтээр үнэлж, бусад баримтыг үнэлээгүй. Тухайлбал Нийслэлийн онцгой байдлын газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/268-1023 дугаар гал түймэр гарсан тухай актын 5 дахь хэсэгт “... Ивээл хотхоны 41/Б байрны 5-12 дугаар давхрын цахилгааны шит, тоолуур, самбар, цахилгаан дамжуулах утас гал түймэрт өртөж 14 894 800 төгрөгийн хохирол учирсан байна” гэх , мөн “Монь ивээл” ХХК болон “Ш И” СӨХ-ны хооронд хийгдсэн 21 685 310 төгрөгийн засвар хийлгэсэн, барилгын бараа материал зээлээр авсан гэх нотлох баримтуудыг үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэрэг хэлэлцэх явцад шүүх нэхэмжлэгчээс гарсан зардалтай холбоотой өөр нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан...” гэсэн байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн нотлох баримт байхгүй учир “М И” ХХК-ийн захирал гадаад улсад зорчиж байгаа. “Ш И” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан үнэлгээний тайлан эх хувиараа түүнд байгаа талаар шүүх хурал эхлэхээс өмнө нэхэмжлэгч мэдэгдсэн. “М И” ХХК-ийн захирал Ц.Ц-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. “М И” ХХК-ийн захирал Ц.Ц нь “Ш И” СӨХ-ны дундын эд хөрөнгөд учирсан хохирлын талаар мэдэж байсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд н.А-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан боловч гэрч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах шүүхийн захирамжийн биелэлтийг хангуулах талаар хүсэлт гаргасан, гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар захирамжийн биелэлтийг хангахаас татгалзсан. Уг гэм хорыг учруулсан этгээдийг хариуцагч “У Б” ТӨХК гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тоолуурын ажлыг баталгаажуулах ажлыг хариуцан ажиллаж байгаа этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна” гэж дүгнэсэн нь үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

        Нэхэмжлэгч “Ш И” СӨХ нь хариуцагч “У Б” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

        Нэхэмжлэгч “Ш И” СӨХ нь “2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 23:00 цагийн үед түүний хариуцдаг 41б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны шит шатаж, гал гарсаны улмаас босоо магистрал шугамууд шатсаны гэм хорын хохиролд хариуцагч “У Б” ТӨХК-аас 21 685 310 төгрөг  шаардсан.

        “У Б” ТӨХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд тус СӨХ-ны хариуцсан 41б, 41в байрны нийт 162 айлын тоолуурыг баталгаажуулан, буцаан тавьж өгөхдөө 41б байрны 4 айлын тоолуурыг сайн бэхлээгүй, эрэг боолтыг нь чангалаагүйгээс тоолуур сул байсан, хэвийн ажиллагааг алдагдуулсанаас гал түймэр гарсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

       Хариуцагч  “Цахилгааны холболтыг сул боосон, дутуу холбосныг нотолсон баримтгүй, цахилгааны аль утаснаас гал гарсан нь тодорхойгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд дүгнээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

        Анхан шатны шүүх “Хариуцагч “У Б” ТӨХК-ийг цахилгааны тоолуурын баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэх үед ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор доголдол үүссэн” гэж дүгнэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйл нь гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бус, харин хүний эд хөрөнгө болон эдийн бус эрх, ашиг сонирхолд учруулсан гэм хорыг арилгахад чиглэсэн байдаг.

        Харин гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсч буй аливаа үүрэг нь гэрээний талуудын харилцан шаардлага байхын зэрэгцээ ажил гүйцэтгэх, ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүний доголдол холбоотойгоор мөн адил гэрээтэй байснаас үл хамааран бусдад учирсан хохирлыг арилгах үүргийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлд тодорхойлжээ.

         Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтаар эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үүргийн зөрчлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм. 

          Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                       Д.БАЙГАЛМАА